1207 онд Ойрадын ноён Хутагу бэхи харъяат ардаа дагуулан ирж Чингис хаанд дагаар орж Их Монгол Улсын бүрэлдэхүүнд оржээ. Чингис хаан өөрийн охин Чэчэйхэнийг Хутагу бэхийн хүү Иналчид, Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг, Өгэдэйн хүү Гүюгт Хутагу бэхийн охин Хаймишийг хатан болгон өгснөөр Ойрадын ноёдуудтай ураг барилдаж, өндөр итгэл хүлээлгэн шадар нөхөд болгон авчээ. Тэгээд Боорчийн харъяанд 4 түмэн болгон захируулснаас үүдэн “Дөрвөн Ойрад” хэмээн нэрлэгдэж, гол овог болох цоросууд монголчуудын дунд ихээхэн нэр хүндийг олж “цагаан яс” хэмээн өргөмжлөгджээ. Эл явдлын дараа Ойрадууд баруун зүгт нүүж Енисей мөрний эх Дэлгэр мөрний сав газраар нутаглаж байгаад 50 гаруй жилийн дараа Завхан, Хүнүй гол, Алтай уулын зүүн бэл хүрч нутаглан Аригбөх, Хайду нарын харъяат болжээ. Тэдний үүсэл гарал нь ийм бөгөөд “Ойрад” гэдэг нь “ойн ард” гэдэг үгнээс гаралтайн дээр тусгайлсан нэгэн овог аймгийн нэр биш олон овог аймгийг нэгтгэсэн холбоот улсын нэр юм.
XIY зууны сүүлчээс ойрадууд Алтан ургийн хаадын мэдлээс гарч тусгаарлахын төлөө тэмцэх болсноор Элбэг хааны үед Монгол орон Баруун ба Зүүн Монгол, Урианхайн гурван хязгаар болж хуваагдан хоорондоо зөрчилдөж эхэлжээ. Ойрадууд “Дөрвөн Ойрадын чуулган” гэдэг эрх барих дээд байгууллага байгуулж даргаар нь Бүүвэй Мирз, Байбагас нар сонгогдов. Ойрадууд Чингис хааны үеэс хүчирхэг байдлаа хадгалсаар ирсэн боловч XY зууны эхэн үед Монгол улсын ноёд язгууртны дотоодын хямралд автан бутран сарнихад хүрчээ. Тэд цорос угсааны хаадуудтай байсан бөгөөд 1400 оны үеэс Зүүн Монголоос тусгаарлан Дөрвөн Ойрадын холбоо байгуулж цорос язгууртай Батула Чинсан, түүний хүү Тогоон тайш, ач хүү Эсэн тайш нар үе улиран захирч байсан бөгөөд эртний Ойрад аймгууд голлон, Барга, Буриад, Түмэд, Баатад аймгууд харъяалагдаж байжээ. Эл нэгдэл нь 1500 оны үед задарч, дахин хоёр дахь Дөрвөн Ойрадын холбоог байгуулж нэгтгэхийг оролдоход бүрэлдэхүүнд нь Цорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нар багтаж эл холбоо нь 1502-1637 оны хооронд оршин тогтнож байсан хэдий ч Эсэн тайшийн хүүхдүүд өөр хоорондоо дайтаж хүч нь сулрах үед Хошууд аймгийн нөлөө ихсэж Ойрадын чуулганаар сонгогддог болжээ.
Хоёр дахь Дөрвөн Ойрадын холбооны үед Түмэдийн Алтан хан, Ордосын Хутагтай сэцэн, Халхын Абтай сайн хан, Засагт хан нартай удаа дараагийн дайн тулаан хийж тэдний хүчин чадал нэлээн доройтжээ. Харин XYII зууны эхэн үед тэд ахин нэгдэж, Халхын баруун Увш тайжийн довтолгооныг сөрж чадсанаар эв нэгдэл нь улам бэхжиж, 1610 оны үед ноёд язгууртнууд санал нэгдэн буддын шарын урсгалыг дэлгэрүүлэн хөгжүүлжээ. Хамтын хүчээр гадаад байдлаа бэхжүүлж, дотооддоо засаг захиргаа эрх зүйн тодорхой хуваарилалтуудыг бий болгож, түүхэнд Дөрвөн Ойрадын холбооны улс гурван удаа зохион байгуулагдаж зарим үед холбооны зарим гишүүн салж гарсан ч оронд нь нөхөн сонгох байдлаар дөрвийн холбооны шинж төрхийг алдахгүй хадгалж байжээ.
1607-1628 оны хооронд Торгууд, Дөрвөд аймгийн нэг хэсэг нь Ижил мөрний зүг нүүж, дараа нь 1637 онд Хошууд аймаг тэргүүтэй хэсэг ойрадууд Хөх нуурт очиж суурьшсанаар “дөрөв”-ийн холбоо задарсан ч сүүлчийн буюу гурав дахь “Дөрвөн Ойрадын холбоо”-г байгуулж чадсан юм. Гурав дахь холбоонд Цорос, Хошууд, Хойд, Дөрвөд нар оролцож 1637-1758 оны хооронд оршин тогтножээ. Энэ удаагийн Дөрвөн Ойрадын холбоонд торгуудын байр суурийг Хойд аймаг эзэлж, Цоросын Эсэн тайшийн хойч үе Эрдэнэбаатар хун тайж, Байбагас баатарын хүү Очирт цэцэн тайж нарын хүчин зүтгэлээр Ойрадын холбоо тэр үеийн Манж Чин улстай эн зэрэгцэхүйц хүчирхэг болжээ. 1644-1697 он буюу Галдан бошигтын үед Дөрвөн Ойрад нь Зүүнгарын хаант улс хэмээн алдаршиж аж ахуй, эдийн засгийн талаар ихэд бэхэжсэн байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах