Монголын бутрал - Халх Монголын үүсэл

XIY зууны хоёрдугаар хагаст Зүүн Монголыг “Дөчин түмэн”, Баруун Монголыг “Дөрвөн түмэн” хэмээгээд нийтэд нь “Дөчин дөрвийн хоёр” хэмээн хураангуйлан нэрлэж байжээ. Юан улс мөхсөний дараа Зүүн Монголыг “Зургаан түмэн”, Баруун Монголыг “Дөрвөн Ойрад” хэмээн нэрлэж нийтэд нь зарим сурвалжид “Арван түмэн” хэмээн тэмдэглэжээ.

Батмөнх Даян (1474-1517) хааны үед “Зургаан түмэн” дотроо Зүүн гурван түмэн, Баруун гурван түмэн гэж хуваагдан, баруун түмнийг “жонон” хэмээх хунтайж захирч байв. Зүүн гурван түмэнд Ордос, Түмэд, Юншөөбү, Баруун гурван түмэнд Цахар, Урианхай, Халх аймгийг хамруулжээ. Халх түмэн нь өмнөд 5, арын 7 буюу нийт 12 отогоос бүрдэж байжээ. Эл үеэс эхлэн Ар Халх, Өвөр Халх хэмээн нэрлэгдэх болсон байна. Арын 7 омогт Жалайр, Бэсүд, Илжгэн, Горлос, Хөхүйд, Хатагин, Урианхай зэрэг отгуудаас гадна янз бүрийн шалтгаанаар тус нутагт сэлгэн суурьшиж халхажсан Тангад, Сартуул, Хэрэйд, Үнэгэд, Хүрээ, Хороо, Цоохор гэх мэт шинээр бүрэлдэн тогтсон отгууд хамаарах болжээ.

 

Батмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайж өөрийн харъяанд байсан Халхын отгуудыг долоон хүүдээ хуваан өгч, Халхын долоон хошууг үүсгэжээ. Эл долоон хошуу нь дотроо баруун, зүүн гар болж хуваагдсан бөгөөд  Баруун гарыг ууган хүү Ашихай, Зүүн гарыг гутгаар хүү Онохуй Үйзэн нар захирч байв. Баруун гар нь Алтай, Хангай нурууны хоорондох нутаг, Зүүн гар нь Хангайн нуруунаас Халх гол хүртэлх нутгийг хамардаг байжээ. Монголчууд буддын шарын урсгалыг албан ёсоор дэлгэрүүлэх үед Гэрсэнзийн гутгаар хүү Онохуй Үйзэн ноёны хүү Абтай нь Очирбат тулгар Түшээт хан, Гэрсэнзийн хоёрдугаар хүү Аминдуралын хүү Шолой нь Махасамади гэгээн Сэцэн хан, Гэрсэнзийн ууган хүү Ашихай дархан нь Эрдэнэбишрэлт Засагт хан цолуудыг буддын шарын урсгалын удирдагчаас авч гурван аймаг болгон тус тус захирчээ. Эл явдал нь засаг захиргааны хамгийн том нэгж болох аймгийг үүсгэжээ.

1691 онд Долоннуурын гэрээгээр Халх Монгол Манжид дагаар ороход манж нар ноёрхлоо бэхжүүлэхийн тулд Халхын хошуудыг дотор нь жижиглэн 43 болгоод дээрх гурван аймагт захируулжээ. Түшээт хан болон Сэцэн хан аймагт тус бүр 11, Засагт хан аймагт 7 хошуу оноожээ. Эдгээр хошууд нь жил бүр нэмэгдэж байжээ. 1725 онд Манж улс Ойрадыг бүрэн эрхшээлдээ оруулахад их хувь нэмэр оруулсан эфү Дашдондогт (эфү гэдэг нь манж гүнжийг хатан болгон авсан монгол ноёдод олгодог цол байв) Түшээт хан аймгаас 19 хошуу таслан өгч Шашин төрд туслагч Сайн ноён хан аймгийг байгуулжээ.

 

Ойрад Монгол эзлэгдсэний дараа Ховдын хязгаар нь Халх Монголд харъяалагдах болов. Ийнхүү Ар Монголын зургаан аймаг, Ховд, Тагна-Урианхай, Хөвсгөл хэмээх гурван хязгаар, бие даасан Дарьганга хошуу бүрдэж, аймаг, хошуу, сум, баг хэмээх нэгжүүд үүсчээ. Хошуу нь сум ба хамжлага гэсэн хоёр хэсэгт хуваагдаж, баг нь 10 гэрээс бүрддэг байв. Манжийн хааны зарлигаар хошуудын захирагч нарт тодорхой тооны айл өрхийг өгч түүнийг “хамжлага ард” хэмээн нэрлэжээ.

 


Тусгай нутаг дэвсгэргүй нэгж бол Шавь аймаг байсан бөгөөд 1639 онд Халхын шашны тэргүүн Анхдугаар Богд Занабазарт таслан харъяалуулсан шавь нарыг манж нар хэвээр нь үлдээж Эрдэнэ Шанзудбагийн яаманд харъяалуулжээ. Богдын Шавь аймаг нь дотроо отогт хуваагдаж байсан бөгөөд нийт шавь нарын тоо 700 хүрвэл Манжийн хаанаас “Хувилсан хутагт” хэмээн нэрлэж, тамга олгож байжээ. Манжийн эрхшээлийн үед Монгол улсад тамгатай хутагт 13 төрсөн бөгөөд аймгийн хэмжээнд томорсон байсан ч харъяалах нутаг дэвсгэргүй байсан учраас Эрдэнэ Шанзудбагийн яаманд шууд захирагддаг байв.

 

 

1655 онд Халх Монголд 8 (Манжийн Эеэр засагч хаан Халхын 7 хошууг 8 болгожээ) хошуу байсан бол 1725 онд 75 (Манжийн Найралт төв хаан 75 хошуу болгожээ), 1911 он гэхэд 123 хошуутай болсон байжээ. Аймаг, хошуудын хил хязгаар нь уртрагийн дагуу хойноос урагш чиглэн байрлаж байв.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах