1225 он гэхэд Хорезм улс мөхөж, Чингис хаан хөвгүүдээ дагуулан Эрчис мөрний эхэнд очиж Их хуралдай хийж эзлэгдсэн газар нутгийг дөрвөн хүүдээ хуваан өгчээ. Зүчид Туркестаныг, Цагаадайд Мавереннахрыг, Өгэдэйд Долоон мөрөн ба Зүүнгарыг, Тулуйд Монголын нутгийг тус тус эзэмшил болгон өгчээ.
ЭЛ ХАНТ УЛС: Монголын Эл хант улс нь 100 орчим жил оршин тогтножээ (Эл хаадын улс гэж ч нэрлэдэг). XIII-XIY зууны үеийн Монголын эзэнт гүрний доторхи дөрвөн ханлиг улсын нэг бөгөөд Персэд төвлөрч одоогийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армен, Азербайджан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байжээ. 1219-1224 онд Чингис хаан Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулах үеэр үндэслэн байгуулагдсан бөгөөд анхны удирдагч нь Чингис хааны ач Хүлэгү хан юм. “Эл хан” гэдэг нь “сайн хан” гэсэн утгатай ажээ.
1255-1256 онд Хүлэгү исламын шашинт бүх орнуудыг нэгтгэх аян дайн хийснийхээ дараа Персэд төвлөн өөрийн улсыг байгуулжээ. Мөнх хааныг нас барсан тухай мэдээ ирэхэд Их хуралдайд оролцохоор Монголыг зорихдоо найман аймгийн Хитбуха жанжинд улсаа даатгаад явжээ. 1260 онд Хитбуха Египетийн мамлюкуудад ялагдсан мэдээг сонсоод Хүлэгү буцаж ирсэн боловч мамлюкууд Зүчийн Алтан ордны улстай холбоотон болсон тул исламын шашинт орнуудыг нэгтгэх аян дайнаа зогсоосон юм. Алтан ордныхон Хүлэгүгийн хаант улсын хойд талаас довтолсон тул Хүлэгү тэдэнтэй дайтахаар очоод ялагдал хүлээжээ.
Хүлэгүгийн үр удам Персийг 80 жил захирахдаа бөө мөргөлтөн байснаа, христосын шашинтан болж, сүүлд нь лалын шашинтай болжээ. Эл хант улс Араб-мамлюкуудыг эзэлж авч чадаагүйгээр барахгүй өөрсдийн эрхшээлд оруулсан байсан Румын султант улс, Армений вант улсуудыг хяналтнаасаа алджээ. Ийнхүү баруун зүг рүү тэлж чадаагүй нь хойд талдаа Алтан ордны улс, зүүн талдаа Цагаадайн ханлиг улсуудтай эв түнжин муутай байснаас болжээ.
Хүлэгү хаанаас хойш Газан хаан Египетийн Сирийг авахын төлөө мамлюкуудтай олон удаа байлдсан ч амжилт олоогүй ажээ. Аргун хаан 1289 онд Францын хаанд захидал илгээж Египетийн эсрэг дайн хийх болсон тухайгаа өгүүлжээ. Эл захидал 1824 онд Францын үндэсний архивын газраас олдсон бол Газан хааны Ромын Пап лам YIII Бонифациод 1302 онд илгээсэн Египетийн эсрэг дайнд хүч хавсрахыг зарлиг болгосон захидал 1921 онд Ватиканы нууц архиваас олджээ. Ийнхүү тэдгээр хангууд бүгд Египетийн эсрэг дайтсан боловч амжилтгүй болжээ. Харин Газаны дүү Өлзийт Каспийн тэнгисийн эргийн Гиланыг эзэлж чаджээ. Өлзийт ханы бунхан нь Перс дэх Эл хаант улсын ноёрхлын үеийн хамгийн алдартай түүхийн дурсгалт газар юм. 1335 онд Хүлэгүгийн удмын хан Абу саид нас барснаар Эл хаант улс задарч эхэлсэн бөгөөд хоорондоо дайсагнагч хэд хэдэн улсуудад хуваагдан өөрсдийгөө Эл хаан болгон зарлаж тус ханлигийг сэргээх гэж оролдож байжээ. 10 жилийн дараа буюу 1345 онд Эл хаант улсын нутаг дэвсгэр дээр Жалайрид, Чобанид, Музаффарид, Инжуйд, Сарбадар, Картид улсууд гарч ирсэн билээ.
Тулуй: Тулуй ойролцоогоор 1187 онд төржээ. Зүрчидийн Алтан улс болон Хорезм руу хийсэн аян дайнаар цэрэг дайны амьдрал нь эхэлжээ. Чингис хааныг нас барсны дараа отгон хүү гал голомт сахих заншлын дагуу хоёр жил төр барьж 1229 онд ах Өгэдэйг их хааны ор суулгажээ. 1232 онд Зүрчидийн Алтан улсад хийж байсан аян дайны үеэр Өгэдэй хааны бие чилээрхсэнд бөө нар “хятад газар нутгийн уул усны эзэд хилэгнэсэн байна, ойр төрлийн Алтан ургийн хүнийг золиослох хэрэгтэй” хэмээжээ. Тулуй өөрийн саналаар усыг ууж, өөрийн амийг золиослон ахынхаа амийг аварсан гэж түүхэнд тэмдэглэгджээ. Тулуйн хатан Сорхагтани бэхи нь Хэрэйдийн Тоорил ханы дүү Жаха Хамбугийн охин бөгөөд 1203 онд ураг барилдаж Тулуйд Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэсэн дөрвөн хөвүүнийг төрүүлж өгчээ. Тэрбээр Чингис хааны хамгийн хайртай дархан бэр байжээ. Сорхагтани Тулуйг 38 насандаа нас барахад бэлэвсрэн хоцорсон бөгөөд Өгэдэй хаанаас зарлиг ирүүлж өөрийн хүү Гүюгийн ивээлд очуулахыг хүссэн боловч өөрийн биеэр хөвгүүдээ өсгөн хүмүүжүүлэх хүсэлтэй байгаагаа уламжилжээ.
Чингис хааны хөвгүүд дундаас Тулуйн үр удам Монголын түүхэнд хамгийн их нөлөөг үзүүлсэн байдаг бөгөөд энэ нь Сорхагтани бэхи хатны алсыг харсан холч ухааны үр дүн хэмээн судлаачид үздэг. Хүү Мөнх нь Монголын эзэнт гүрний 4 дэх хаан болсон бол хүү Хубилай нь бүх хятадыг байлдан дагуулж Юан гүрнийг байгуулан их хаан болж, Хүлэгү нь баруун өмнөд Азийг байлдан дагуулж Хүлэгүгийн хант улс буюу Эл хант улсыг байгуулж, Аригбөх нь Монгол улсын 5 дахь их хаанд өргөмжлөгдөж байжээ. Тулуйгаас хойш Сорхагтани хатны мэдэлд байсан 2000 өрхийг Өгэдэй хаан өөрийн хүү Годанд таслан өгөхөд харъяат ард нь эсэргүүцэн ирж Сорхагтани хатныг ятгахад тэрбээр “... их хаан юу хийхээ сайн мэдэж байгаа, бид зөвхөн түүний зарлигийг дуулгавартай дагах учиртай билээ” гэснийг олон ноёд таашаажээ. Чухам ийм ухаалаг хатан учраас өөрийнхөө хүч чадлаар өөрийн хөвгүүдээ түүхэнд гаргаж чадахаар хүмүүжүүлсэн гэж судлаачид тэмдэглэжээ. Гүюг хаанаас хойшхи 35 хааны 30 гаруй нь Тулуйн удмаас тодорсон юм.
Эх сурвалж: Монгол орны лавлах