Монголын эзэнт гүрэн - Алтан орд

1225 он гэхэд Хорезм улс мөхөж, Чингис хаан хөвгүүдээ дагуулан Эрчис мөрний эхэнд очиж Их хуралдай хийж эзлэгдсэн газар нутгийг дөрвөн хүүдээ хуваан өгчээ. Зүчид Туркестаныг, Цагаадайд Мавереннахрыг, Өгэдэйд Долоон мөрөн ба Зүүнгарыг, Тулуйд Монголын нутгийг тус тус эзэмшил болгон өгчээ.

 

Зүчи:  Чингис хааны ууган хүү Зүчи 1180 онд төржээ. Чингис хаан Зүчийг өөрийн хүү болохыг хүлээн зөвшөөрсөн боловч Зүчийн төрсөн эцэг хэн болох нь эргэлзээтэй байдаг. Сүй тавьсан эхнэр Бөртө Үжин нь олзлогдож хэсэг хугацааны дараа Тэмүжин эргүүлэн авчирсан боловч удалгүй Зүчийг төрүүлсэн ба эл асуудлыг харъяат ард иргэдийн дунд хэлцэхийг хоригложээ.

Зүчи цэргийн гарамгай удирдагч байсан бөгөөд эцгийнхээ хамтаар олон удаагийн байлдаанд оролцож, 1207 онд Сибирийн ойн иргэдийг байлдан эзэлж Их Монгол Улсын хойд хилийг өргөтгөн тэлжээ. Хаан эцгийнхээ зарлигийг хүлээж Хорезм, Мангышлак, Кипчак, Устюртыг эзэгнэн захирч байв. Энэ нь одоогийн Казахстаны баруун, төв, хойд хэсэг, Узбекстаны умард нутгийг хамарсан 2 сая гаруй км.кв нутаг бөгөөд Зүчи хан өөрөө одоогийн Байконурын сансрын буудлаас зүүн зүгт Жезказган хотын ойролцоо Сарысу голын сав нутагт төвлөн сууж байжээ. Эл нутгаар Византи, Францаас Монголын нийслэл Хархорумд очих худалдаачин, элч төлөөлөгчдийн аян зам дайран өнгөрдөг байв. Зүчи хан өөрийн шадаруудын хамтаар ан ав хийх дуртай байсны дээр 1227 оны өвөл хаврын зааг үед одоогийн Жезказган хотын хойно орших газарт ан хийж яваад учир битүүлгээр нас баржээ. (Зарим сурвалжид 1227 оны 7 дугаар сард хүнд өвчин тусч нас барсан гэж тэмдэглэжээ) Чингис хаан ууган хүү Зүчидээ сүрлэг сайхан бунхан бариулсныг ач хүү Бат, түүний үр удмынхан олон зуун жилийн турш тахиж иржээ. Жезказган гэдэг нь “зэсийн дархны газар” гэсэн утгатай үг бөгөөд тус газар нутаг нь  зэсийн арвин нөөцтэй газар ажээ.

 

 

Алтан ордны улс: (Кипчак гэж тэмдэглэсэн нь олон байдаг) Судлаачдын үзсэнээр 1541 онд бичигдсэн оросын нэгэн сурвалжид “Алтан орд” гэдэг нэр томъёо анх тэмдэглэгджээ. 1225 онд Чингис хаан эзэлсэн нутгаа олон хүүхэд дүү нартаа хуваан өгөх үед Зүчид ахмад хүүгийн ёсоор Эрчис мөрнөөс баруун тийш Хорезмоос урагш бүх газар нутаг оногджээ. Алтан ордны улс 250 гаруй жил оршин тогтносон юм. Ази Европ дамнасан эл улсыг түүний хүү Бат 1242 онд байгуулсан юм. Бат хан 1205 онд төрсөн бөгөөд Европ руу хийсэн байлдан дагуулалтыг удирдсан үйл хэргээрээ өрнө дахинд илүү алдаршжээ. Эцэг Зүчийг нас барсны дараа газар нутгийг нь Бат өөрийн ах Ордын хамт хуваан захирчээ. Ах Ордын захирсан Цагаан ордны улс нь Ижил мөрнөөс Балхаш нуур хүртэлх нутгийг хамарч байсан бол Батын захирсан Алтан ордны улс Ижил мөрнөөс баруун тийшээх нутгийг хамарч байв.

 

Бат 1235 онд Өгэдэй хааны зарлиг ёсоор Сүбээдэй жанжны хамт 130 мянган цэрэг захирч Ижил мөрнийг гатлан 1236 онд Булгар, 1237 онд  Коломна, Москва зэрэг хот сууринг эзэлж, 1238 онд Оросын нийслэл Владимир,  улмаар Оросын 14 хотыг эзэлжээ. 1239 онд Киевийг, 1240 онд  гурван замын цэргээр төв Европ руу давшиж, нэг замын цэрэг нь Польшийг, хоёр дахь замын цэрэг нь Карпатын нурууг давж, гурав дахь замын цэрэг нь Дунай мөрний дагуу аялж 1241 оны 4 дүгээр сард гурвуул нэгдэн Унгарыг эрхшээлдээ оруулж, 1242 онд Австри Далмац хүрч Бохемийг эзэлсэн байна. Европыг байлдан дагуулах аян дайны төлөвлөгөөг Сүбээдэй жанжин зохиосон бөгөөд эхлээд тагнуул туршуулууд илгээж байдлыг нэлээд судалсны эцэст Бат удирдан амжилттай хэрэгжүүлж ихээхэн нэр алдрыг олжээ. Монголын өрнөд фронтыг удирдаж байсан Бат хан цэргээ аван яаравчлан буцсаны гол шалтгаан нь их хааны орыг хэн залгамжлах вэ гэдэгтэй холбоотой байв. Сүбээдэй жанжин 1248 онд нас барсан гэдэг. Бат хан Их Монгол Улсын гурав дахь хаан Гүюгтэй ойр байгаагүй бөгөөд Европыг байлдан дагуулах аян дайн нь түр зогсож, Монголын төв хэсгээс ирэх аливаа зүйлд бэлэн байж өөрсдийгөө сахин хамгаалах нь чухал болсон байна. Бат хан нийслэлээ Ижил мөрний доохно орших Сарайд байгуулжээ. Тэрбээр 1255 онд нас барсан бөгөөд түүний үр удам нь 230 гаруй жилийн турш Оросын олон вангуудаар дамжуулан тус улсыг захирчээ.

 

 

1262 он буюу Бэрх Алтан ордыг захирч байх үед Хүлэгүгийн Эл хант улсын нутаг дэвсгэрийн нэг хэсэг рүү оросын кипчакуудаар довтлуулжээ. Бэрх исламын шашинтан байсан бөгөөд Хүлэгү Дундад Азийн соёл иргэншилт хотуудыг сүйтгэсэн хэмээн өширхөж, дээрээс нь араб-мамлюкуудтай холбоотон болж гэрээ байгуулсны дагуу эл довтолгоог хийсэн гэдэг. Хүлэгү уурлан хилэгнэж хойд зүг рүү цэрэг хөдөлгөсөн боловч Бэрх хан түүнийг газар нутгаас нь улам холдуулан хойд зүг рүү гүн оруулж 1263 онд Кавказад хүнд ялагдал хүлээлгэсэн байдаг.

Монголын бүх ханлиг дотор Алтан ордны улс хамгийн удаан оршин тогтносон бөгөөд  эртний Оросын нутгийг ихэд сүйтгэсэн хэдий ч өөрсдийн ноёрхлын үед 150 гаруй үзэсгэлэнт тансаг хотуудыг байгуулж, Номхон далайгаас Газар дундын тэнгис хүртэл асар уудам нутагт чөлөөтэй зорчих зам харилцааг бий болгож, төрийн болон зоос мөнгөний бодлогыг хөгжүүлжээ. Нийслэл Сарай хот нь тэр үеийн Европын хамгийн гол зангилаа газар байсан бөгөөд түүнээс гадна Сарай-Бат, Сарай-Бэрх, Увек, Кафа, Судак зэрэг хотуудыг байгуулж, католик шашны нөлөөгөөр хавчигдан мөхөж байсан Оросын үнэн алдартны шашинг аварч үлдээсэн юм. Шашинтайгаа, нутагтайгаа үлдсэн Орос орон цаашид өөрийн гэсэн хүчирхэг гүрэн болох эхлэл нь Алтан ордны улс, Сарай хотоос эхэлж, 30 гаруй байсан сүм хийд нь 100 гаруй болж олширсон нь томоохон үйл хэрэг байв.

 

 

1395 онд Алтан ордны улс Астрахань, Казань, Крым, Сибирь гэсэн дөрвөн улсад хуваагджээ. 1480-аад онд III Иван Василевич татвар төлөхгүй хэмээн эсэргүүцэн тэмцэж улмаар тэрхүү тэмцэл хүчээ аван өрнөснөөр Орос дахь монголчуудын ноёрхол эцэс болжээ.

 

Эх сурвалж: Монгол орны лавлах