Алтан дээд аялгуу

АЛТАН ДЭЭД АЯЛГУУ: Чингис хааны зарлигаар Аураг ордод Цагаадай, Елюй Чуцай, Долоодой, Шихихутаг, Сорхугтан бэхи нар “Хөх Монголыг төрөөр бадраах хутагтай нэүрит засгийн алтан дээд үнэний аялгуу” хэмээх 3 боть ном бичжээ. Тэдгээр сударыг 1245 онд Дөргөнэ хатан (Туркина) Араб руу явуулснаас хойш яасан нь мэдэгдэхгүй алга болжээ. Хожим 1251 онд Сорхагтани бэхи тэдгээр 3 боть номын гол чанаруудыг түүвэрлэн санаж “Алтан аялгуу” болгож Мөнхийг хаан суухад цээжээр дуудан өгч сэргээжээ. Тийнхүү цээжээр дуудан өгсөн нь амнаас ам дамжин 750 жил цээжлэгдэн ирсэн нь маш сонирхолтой.

ХӨХ НОХОЙ ОВОГТОН: Нүүдлийн соёл иргэншлийн академийн академич, Хөх нохой овогт Журнайн Нүрзэд гэдэг хүн 1958-1962 онд авга ах өвгөн маарамба лам Лэгжингээс нэгэн зүйл хэлмэлийг цээжилж үлдсэн нь энэхүү “Алтан аялгуу” байжээ. Хөх нохой овогтон 15 үе дамжуулан тэрхүү хэлмэлийг цээжилж ирсэн нь гайхамшигтай. Ж.Нүрзэд “Алтан аялгуу”-г орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлэн 2000 онд хэвлүүлсэн бөгөөд судлаачид энэхүү зохиол нь Их Монгол Улсын түүх, төрийн бодлого, хэл соёл, гүн сэтгэлгээний талаар асар баялаг судалгааг хөгжүүлэхэд ихээхэн тус болохуйц бүтээл болохыг тэмдэглэжээ.

Ийнхүү Сорхугтан бэхи хатан нь эр нөхрийнхөө байр суурийг хадгалсан нөлөө бүхий язгууртан  байснаас гадна эрдэмтэн мэргэдтэй суудал зэрэгцсэн ухаалаг сэцэн нэгэн байжээ. Түүний зохиолцсон “Алтан дээд аялгуу” нь мөр толгой холбосон уран, гүн сэтгэлгээ агуулсан оюун билэг төгөлдөр мөртүүдтэй ажээ. Тухайлбал,

Хяруул, гөрөөс идэх заяагаар арслан барс болсон бөгөөтөл

Хүчгэнэ, туулай хөөгөөд цадах юу

Аргаль, янгир идэх заяагаар чоно ирвэс болсон бөгөөтөл

Чогчиго, бохишорго барих юу

Төрөөр иргэнийг бадраах үүрэгтэй бөгөөтөл

Тунбаогоор төрийг бадраагаад хөгжих биш ээ ... /68-р тал/ (Тунбао гэдэг нь Юань улсын үед бутархай мөнгөний үүрэг гүйцэтгэж байсан 1,2,3,5,10-тын зоосон дээр бичигдсэн үг бөгөөд “нэвтрэх эрдэнэ” гэсэн утгатай. Зоос мөнгөөр төрийг бадраах биш иргэний хөгжлөөр төрийг бадраана гэсэн агуулга аж)