ЭРГҮНЭ ХУН буюу ЭРГҮНЭГУН

Домгоор бол, газар дэлхий дээр гайхалтай жигтэй амьтад оршиж, хүн зон агуй ангалд сууж байсан цаг юмсанжээ. Нэгэн залуу анчин шархдуулсан араатныхаа мөрийг хөөсөөр нэгэн гайхамшигтай газарт хүрч иржээ. Анчин уулыг өгсөн оройд нь гартал дундаа нүхтэй нэгэн том хад байж гэнэ. Шархадсан араатны цустай мөр тэр нүх рүү орсон байв. Залуу анчин хадны нүхээр зоригтой орж очиход гайхалтай ертөнц угтан авчээ. Тэрбээр модгүй халзан даваан дээр гарваас өмнө нь их уулсын хормой эмжсэн моддын дунд дуниартсан шар тал цэлийж байжээ. Тэр талын зүүн захыг эмжин нэгэн их мөрөн хад чулуу урсган алдан алсалснаа уулын хөндийгөөр мурилзан зүүн хойш далд оржээ. Эргээр нь үргэхийг мэдэхгүй номхон сарлагийн сүрэг бэлчиж байв гэнэ. Сарлагийн саваг нь энэ дагшин газрыг ариусган арчих мэт газар шүргэж байв гэнэ. Залуу анчин сэтгэлээ барьж чадахгүй “тогоо нэрж” орхив. Одоо овог аймгийнхан нь дайнч догшин хөршөөсөө бэргэхгүй, гэдэс хонхолзон өлсөж зовохоос айхгүй болох нь. Залуу эр нутагтаа буцаж ирээд, энэ бүх үзсэнээ овгийнхондоо ярьж, бүгд тэндээс нүүн мөнөөхөн нууцлаг даваанд хүрч, хадны нүхээр орон, уужим сайхан хөндийд очиж, цаа буга, сарлагийг гаршуулан, амгалан жаргалантай аж төрөн сууж гэнэ ээ.

Өгүүлэгч Хатагин овогт Го.Аким: Энэ бол уран домог юм. Амьд үлдэхийн төлөөх тэмцэлд аль алдаж онохыг хэлж барах вэ. Энэ аятай сайхан билгэ биш биз. Тэр араатныг мөнх тэнгэр түүн рүү явуулсан юм биш биз? Сумыг зайлуулаад, араатныг шархдуулуулсан, тэгээд түүний мөрөөр түүнийг явуулсан юм биш биз? Гэвч домог дотор түүх буй, түүхэнд домог буй. Тийм ээ, энэ бол Нүхэн даваагаар Сэнсийн талд хүн анх очсон тухай домог юм. Гэхдээ тэр хүмүүс хэн байв? Ниндерталууд уу (Neanderthals)? Хомосапиенсууд уу (Homo sapiens)? Эсвэл бүр наашлуулбал Нохос (Nukuz), Хиан (Qyan) нар уу? Сэнсийн тал нь анчин залуугийн овог аймгаа авч очсон тал мөн гэж домогт өгүүлсэн байнам.

Нүхэн давааны талаар хүүрнэсэн эл домог Персийн түүхч Рашид Аддины “Шашдирын чуулган”-д түүх байдлаар буй. “...Өөр аймгууд монгол аймгуудыг дийлж, бүгдийг нь хядахад хоёр эр, хоёр эмээс илүүгүй хүн амь гарсан ажгуу. Энэ хоёр айл дайснаасаа буруулан дутааж, уул, ой модоор хүрээлэгдсэн нэвтрэхүйеэ бэрх газарт очиж, тэр нь аль ч талаас нь орохын аргагүй, ер хад чулуутай ганцхан жимээр л хүрч болох тийм газар байжухуй. Энэ уулсын дотор Эргүнэгун гэдэг өвстэй цээл хөндий байж (Гун гэдэг нь уулын хэжүү, эргүнэ гэдэг нь хэрэм, чингэхлээр Эргүнэгун гэдэг нь хэрэм мэт халил гэсэн утгатай). Тэр хоёрыг Нохос, Хиан гэдэг байсан ажаам. Он цаг улиравч тэд хийгээд тэдний үр сад тэндээ байсаар, өвөр хоорондоо гэрлэсээр үржин өсчүхүй. Төрөл бүр нь өөрийн өвөрмөц нэр, цол бүхий 8 омог болсон авай.

Эдгээр домог цааш салбарлаж, өдгөө монгол аймгууд хэнийгээ ямар салбараас үүссэнийг, тэр нь нэг нэгэнтэйгээ ямар ойрын хамаатайг тогтоож чадсан ажаам. Тэд бол дүрлүгин монголчууд юм. Монгол гэдэг үг нь mong ol “ард үл үлдсэн”, “гэнэн хүн” гэсэн утгатай. Монгол хэлээр хиан [qiyan] гэдэг нь улаанаар эргэлдсэн ус, уулаас доош газарт шуугин бууж буй уруй мэт эрчтэй, түргэн, хүчтэй гэсэн утгатай. Хиан нь эрэлхэг, хатан зоригтой байсан тул энэ үг түүний нэр болжухуй. Хиад гэдэг нь хианы олон тоо юм. Уг гарлаараа түүнд ойрхонуудыг нь эрт дээр цагт хиад гэдэг байсан ажгуу.

“Эргүнэгун” гэдэг өвстэй цээл хөндий нь одоо Сэнсийн тал биш биз? Тоймлон өгүүлбээс Зүүн хойт талаараа Зүүн Соёны хөглөгөр их сарьдаг, баруун, баруун хойт талаараа Тагнын огторгуй сүлбэсэн шовх уулс, өмнө талаараа Их Соёны тэнгэр баганадсан данагар их нуруунд хавчигдсан “алга дарам” шаргал тал буй нь одоогийн Сэнсийн тал! Үнэхээр газар шүүрсэн савагтай том том сарлаг бэлчиж байсан! Өөрөөр хэлбэл Рашид Аддины өгүүлсэн тэр газрын тодорхойлолтод Сэнсийн тал тохирч байна!

Одоогийн Буриадын нутаг дахь Аха нутгийн алдарт Нүхэн даваа... Мөнөөхөн анчны өөр ертөнцөд орж омог аймгаа аварсан нүхт хад... Харин Бөртө Чоно нарын далан адуу, үхрийн ширээр хийсэн хөөргөөр хайлуулан гарч ирсэн хад мөн үү? Эдүгээ хадны нүхний байдлыг дороос нь буюу зүүн өмнө талаас нь үзвэл ханан хаднаа дөрөв таван метрийн өндөрт байх ажээ. Тэр нүхээр тэнгэр цэнхэрлэн харагдана. Нүхэн давааны энэ сэнжит хад монголчуудын “хайлуулсан” хад мөн үү.

“Эргүнэ гунд орсон энэ бүлэг иргэн тэр уулсын дунд, ой модны дотор олшроод, газар нь давчдах болж, энэ хавчиг газраас гарах арга сүвэгчлэхээр хоорондоо зөвлөлджүхүй. Тэдэнд төмөр хайлуулдаг байсан төмрийн уурхай байв. Тэд цуглаж ойгоос гишүү, нүүрс авчран бөөгнүүлээд, дараа нь далан адуу, үхэр төхөөрч арьсыг нь хуулаад, тэр бүх ширээр дарханы хөөрөг хийжүхүй. Хясааны ёроолд мөнөөхөн мөчир, нүүрсийг овоолж, хясааг үйрүүлэн бутлах гэхдээ далан том хөөргөө нэг зэрэг хөөрөгдөж болохуйцаар байрлуулсан ажаам. Чингээд хэмжээлшгүй их төмөр гаргаж, замыг нээгээд, түүгээрээ гадагш гарсан ажгуу. Тэд уйтан давчуу газраас уужим тэнүүн талд гарч иржүхүй.”

Хадны нүхний байдлыг дээд талаас нь үзвэл найман ханатай гэрийн буйрын хэр голчтой том хүнхэрхий аж. Гүнээрээ гурван метр орчим. Хадны нүх тэр хүнхэрийн яг доод амсарт таарч байх ажээ. Морь малтай хүн уг хүнхэр рүү буугаад, тэр нүхээр гараад явчихаж өлхөн болохоор. Гэвч цаад тал нь дөрөв таван метрийн өндөр буух аргагүй эгц хана буй. Тэр үед бууж болдог ч байсан байж магадгүй. Мянга шахам жилд чулуу нурах, хад хагарах, жим балрах гээд юу эс болох вэ. Харин жим балраагүй байна. Бөртэ Чонын гаргасан зам биш гэж үү?

 

Мэргэн гэгээн Лувсандамбийжалцан “Алтан товч” зохиолдоо

Мандал сайвар одогсдын эртний гагц эцэг

Манзушир бодьсадын нигүүлсэхүй салбар

Манлай эрхэм мөнх Бөртэ чоно хэмээгч

Манай энд заларч ирснийг мэдэгтүн

гэж нэгэн сул шүлгийг шигтгээд, “Бөртэ чонын хорин есөний хөвгүүн Батачи хан нь Тан улсын Дэ Цзуны Чжан Юань-ий хоёрдугаар он, улаан барс жил төрөв” гэж буй. Энэ он нь манай тооллын 786 он юм. Батачи хан Бөртэ чонын хорин есний жилд гарсан болохоор 786- гаас 29-ийг хасвал 757 болно. Чингэхлээр Бөртэ чоно 757 оны хүн байна. Жамбалдоржийн “Болор толь” сударт ч Тан улсын үед амьдарч байсан гэж буй. Энэ нь манай тооллын 610-907 онд таарна. Чингэхлээр түүнээс хойш өнгөрсөн 1250 орчим жилд хөрс доош суух ч юм уу, хад нурах ч юм уу, юу эс болох вэ?

Зарим мэргэд Монголын нууц товчоонд нэр дурдагддаг Бөртэ чоно, Гоо маралыг домгийн баатар гэж үзэх нь бий. Тэд бол чоно ч бус, марал буга ч бус, бодитой аж төрж байсан түүхэн хүмүүс мөнөөс мөн. Рашид Аддиныг дахин нэг ишлэе. Тэрбээр, “Түрэгийн үнэн үгтэй түүхчид тэмдэглэхдээ, монгол аймгууд Эргүнэ гунд орсон хоёр хүнээс үүссэн гэнэ. Тэндээс гарч ирсэн тэдний нэг нь аймгийн эзэн, нэр нөлөөтэй цэргийн ноён Бөртэ чоно байж... Бөртэ чоно Гоо марал нэрт их эхнэрээсээ нэгэн хөвүүнтэй, тэр нь хөвүүдийнх нь дотроос хааны зиндаанд хүрсэн хамгийн нэр нөлөө бүхий хүн байвай. Түүнийг Батачи хиан гэмүй” гэжээ. Мөн Чингис хааны ахмад хөвүүн Жочийн 12 дахь үеийн удмын Абалгази хаан өөрийн “Монгол хаадын товчоон”-доо “Эдгээр ард Эргүнэ Хунаас гарахад Батачи нь хорилос овгийнхны Бөртчина...” гэж бичсэн байна. Оросын эрдэмтэн Н.Я.Бичүрин “Энэхүү уулын хавцлыг сэтлэн гарсан овог аймгууд нь Эргүнэ Гунгаас өөрсдийн өвөг дээдсийн хуучин нутгийг тэмцэн одсон бөгөөд тэднийг Бөртэ чоно хаан удирдан явсан байна” гэжээ. Энэ гурваас үзэхэд Бөртэ чоно бол биетэй бодитой түүхэн баатар болохыг илтгэж байна. Жагарын “есөн эрдэнийн нэг” гэж дээдлэгддэг Абул Фазал “Акбарнама” хэмээх түүхэн тэмдэглэлдээ “Эргүнэгунаас монголчууд Юлдүз ханаар удирдуулан гарсан” гэж бичсэн байдаг нь ч Эргүнэгунаас монголчуудын гарсан нь “домог бус түүх” гэдгийг давхар нотолж байна.  

 

Эргүнэгун хаана байгаа тухайтад мэргэдийн санал зөрдөг бөгөөд дөрвөн санал яригддаг.

  • Нэгдэх нь Оросын түүхч Грумм Гржимайло “Эргүнэгун лугаа төсөөтэй газар Дорнод Азид байхгүй, ганц Енисейн эхний гол нь зүг бүрээс өндөр уулаар хүрээлэгдээд, дорно зүгээс хүн явашгүй ой тайгаар бүслэгдсэн, гадагш нэвтрэн гарах ба ороход түмэн бэрхтэй газар тул Эргүнэ гун мөн” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, нэлээд баруугаар Енисейн эх рүү заасан хэрэг юм.
  • Хоёр дахь нь гэвэл Монголын түүхч А.Амар сайд Зүрхийн халуун рашаанд орохоор очоод “Охид, хүүхэд” гэдэг уулыг ойрын уулан дээрээс хараад гайхамшигтай сүрлэг уул болохыг үзэж, нутгийн хамниган өвгөдтэй уулзаж, яагаад тийм нэртэй болсныг асуужээ. Тэгтэл дээр өгүүлсэн “Шашдирын чуулган”-д өгүүлсэнтэй төсөөтэй домгийг хамниганы өвгөд Амар сайдад ярьж өгчээ. Тэрхүү домгийг өгүүлбэл, Эрт нэгэн цагт хамниган үндэстэн бусдад хядагдан алагдаад, ганц нэгэн айл хүмүүс энэхүү ууланд охид хүүхдээ авчирч тавиад, гэр малаа авахаар буцаж явсан нь бас дайснаа алагдсан тул тэрхүү охид хүүхэд нь үхэлгүй хүмүүжиж олон болсоор багталцахгүй болж эргэн тойрон дахь нэгэн төмрийн уурхайт хадыг их түлээ овоолж, галдан хайлгаж урсгаад гарсан хэмээдэг тул үүний учраар “Охид хүүхэд” хэмээн нэршсэн гэдэг. А.Амар сайд цааш нь бичихдээ, “дээр дурдсан Эргиний хун хэмээгч нь эрхбиш үүнийг хэлсэн мэт бөгөөд Эргэний хун хэмээсэн нь лав одоо хүртэл нэрлэгдэн буй Хунгийн голоор тийнхүү нэрийдсэн буй заа” гэжээ. Эл яригдаж буй газрыг заахдаа “Онон, Хэрлэн, Зүрх, Минж зэрэг олон голуудын товчлох Хэнтийн нурууны баруун үргэлжлэл болох “Охид, хүүхэд” хэмээх нэгэн их өндөр уул бий. Энэхүү... уул болбаас олон их нурууны дээр эргэн тойрон хүрээлэгдэн тогтсон нь түүний аль ч талаас хүн гарч ороход бэрх цавчим эгц тийм нэг газар буй бөгөөд нэгэн үүд мэт нам газраар гөрөөчин хүн орж үзвээс, түүний дотор их л уудам зайтай, ихээхэн хот хүрээ багтаж болмоор хэмээх ба түүний ар доороос Хунгийн гол хэмээх их гол урсаж гараад Шаралун гол лугаа нийлж Зүрх гол болон умард тийш урсана” гэжээ. Иймд Амар сайд Эргүнэгунг Хэнтийн нурууны хойт үзүүр рүү, нэлээд зүүгээр заажээ.
  • Гурав дахь нь гэвэл, өнөөгийн Зүүн хойт Хятадад буй Эргүнэ мөрний хавь газар юм. Өвөр Монголын Сайшаал эрдэмтэн “Эргүнэ хун гэдгийг эрдэмтэд “Эргүнэ гол” гэж үздэг. Эргүнэ гол бол Хөлөн нуураас эх авч Хар мөрөнд нийлж бүхий Номхон далайн усан системийн нэгэн гол юм. Нутгийн ардууд “Өргөн гол” гэдэг үгээс үүссэн нэр гэдэг” гээд Элдэндэй эрдэмтний “Хөлөнбуйр аймгийн доторхи зарим монгол түүхэн газрын нэрсийн тухай магадлалт” гэсэн өгүүлэлд “Өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн нутаг дахь Биньчжоу төмөр зам (Харбинаас Манжуур хүрэх) дээр нэгэн “Жалө-мү-дэ” гэдэг галт тэрэгний өртөө буй. Түүнээс баруунш бараг найм, есөн км зайтай арван зургадугаар халааны өртөө гэж байдаг. Энэхүү халааны өртөөнөөс хойгуур, Хайлаар гол зүүнээс баруунш урсаж байна. Голын араар нь уул нуруу үргэлжилсэн довлог газар бий. Түүний дотор нэгэн хорь, гучин метр өндөр цавчим хад буй. Нутгийн ард үүнийг “Эргин хад” гэдэг гэжээ. Энд хятадууд олон улсын зочдыг татах маш том цогцолбор байгуулж байна. Тэр ч байтугай  “Монгол Улсын түүх” номонд Эргүнэ гуныг Аругуны нуруу буюу Эргүнэ мөрнийг гэж бичсэн байдаг.
  • Дөрөв дэх нь Аха нутаг мөн. Буриадын эрдэмтэн П.Б.Коновалов, Буриад улсын Төрийн шагналт зохиолч, хэл бичгийн ухааны доктор Б.С.Дугаров, Н.Г.Доржиев нарын бүрэлдэхүүнтэй эрдэм шинжилгээний анги Аха нутагт очиж үзээд, энэ бол Монголчуудын сууж байсан домогт Эргүнэгун” байж магадгүй гэсэн дүгнэлт хийсэн байна. Гаргасан үндэслэлүүд нь жаахан мөчид боловч энэ газрыг нүдээр үзсэний дараа Монголчуудын авралын орон болсон ариун Эргүнэгун мөн байна гэж хэлэхийг хүслээ.

Нүд үнэнч, чих худалч гэдэг. Гэвч яагаад тэгэж хэлэх гээд байна вэ? ...Бид жимээ түр алдсан ч хазайхгүй явсаар цавчим халилд тулав. Нүдний өмнө цэлсхийсэн нь, Хар, Цагаан Эрхүү уулзалдаад, их уулсын дундуур угалзлан алслаад, Ангар мөрөнтэй тэврэлдэн, их усаа Хойт мөсөн далайд юүлэхээр одож байна. Эрхүү хархүү Ангар бүсгүйд сэтгэлтэй болжээ. Гэтэл Байгаль эцэг Ангар бүсгүйг Эрхүүд өгөхөөс татгалзаж, хилэгнэхдээ бүсгүйн замыг хааж нэгэн том чулууг түүний мөрт чулуудсан гэнэ. Гэвч хайр сэтгэлийг дийлэх хүч хаана байх вэ, Ангар бүсгүй уг чулууг тойрон гарч, Эрхүүтэй нийлэн, умар зүг одсон гэнэ. Эрхүү,  Эргү-нэ гэдгийг монгол бичгээр бичвэл эдгээр үгийн үндэс ав адилхан бичигдэнэ. Хэл шинжлэлийн үүднээс үзэхэд “эрхү” ч гэж, “эргү” ч гэж уншиж болно. Ийнхүү Эргүнэгийн нэрийг өдгөө хоёр Эрхүү хадгалан урсаж байгаа бус уу. Өөрөөр хэлбэл Рашид Аддины өгүүлсэн тэр газрын тодорхойлолтод Сэнсийн тал тохирч байна. Сэнсийн тал нь эргүүлгэн их уулсаараа шашдирын чуулганд бичигдсэн Эргүнэгуныг санагдуулж байна. Энэхүү Сэнсийн талд байсан эртний булшны хэдэн зургийг авч ирээд, археологич Д.Эрдэнэбаатарт үзүүлэхэд “нэг нь яахын аргагүй эртний монгол булш байна” гэж дуу алдсан. Энэ булш ганцаараа бус нь тодорхой. Эртнийх гэхээр хэдий үеийнх вэ? Мөн эргүүлгэн булш хэнийх вэ? гэх мэт олон асуулт үлдэв. Тэр бүхнийг археологийн судалгаагаар л тогтоох нь дамжиггүй.

Рашид Аддин “Монгол хэлээр хиан [qiyan] гэдэг нь улаанаар эргэлдсэн ус, уулаас доош газарт шуугин бууж буй уруй мэт эрчтэй, түргэн, хүчтэй гэсэн утгатай. Хиан нь эрэлхэг, хатан зоригтой байсан тул энэ үг түүний нэр болжухуй” гэснийг дээр дурдсан. Өнөөгийн Аха голыг буриад аялгуугаар Ахайн гэнэ. Х-гийн өмнөх А-г нь авчихвал хаин болно. Хиантай төстэй дуулдаж байна даа. Зөвхөн төстэй дуулдаж байгаа нь шинжлэх ухааны баталгаа болж чадахгүй боловч Х-гийн өмнө эгшиг нэмэгдэх үзэгдэл монгол хэлнээ элбэг тохиолддог гэдгийг санах нь зүйтэй. Ганцхан жишээ дурдахад, Хоо Маралын Хоо-г халх аялгуунд ухаа гэж өдгөө дуудаж байгаа. Өөрөөр хэлбэл, аман аялгуунд Х гийгүүлэгчийн өмнө У эгшиг нэмэгдэж, арынх нь ОО нь АА болчихжээ. Харин дөрвөд, урианхай аялгуунд ХОО гэдгээрээ байгаа. Зарим хүн “хайн” бус “хиан” байна гэж маргаж болох ч ОО нь АА болж байхад ИАН нь АЙН болж болно. 1700 гаруй жилд хэл аялгуунд ямар ч хувирал гарч болох юм. Ер Монголчууд уул усаа хүнээр нэрлэх, уул усныхаа нэрийг хүнд өгөх нь ерийн хэрэг байсан. Тухайлбал, Атилла хааны нэр нь Итил буюу Ижил мөрний нэр гэнэ. Үүнийг Мажарын монголч эрдэмтэн Борбола Обрушинский Улаанбаатар хотод уншсан нэгэн лекцэндээ өгүүлж байсан. Мөн домог ч бай, үнэн ч бай, далан бухын ширэн хөөргөөр хайлуулан шургасан ч бай, дайчин овгоо дагуулсаар хажуугийнх нь тоомоор шүргэн өнгөрсөн ч бай, Бөртэ чоныхны гарч ирсэн гэгдэх морьтой хүн элбэгхэн багтах нүхтэй хясаа нь “Нүхэн даваа” нэртэй болоод энэ Аха нутагт байгаа юм биш үү?

Нүхэн даваа гэдэг нэрийн учрыг тайлсан нэгэн өгүүлбэр “Шашдирын чуулган”-д буйг сийрүүлбээс “...Чамчал (монголоор Цавчаал) гэдэг нь Нүхэн даваа гэсэн үг бөгөөд уул сэтэлж гаргасан гарц” гэжээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, Эрхүү голыг уруудахад Ихгун, Халагун, Харагун нэрт цутгалангууд түүнд шуугин ирж нийлнэ. Эдгээр гун нь Эргүнэгунгийн “гун”-ыг зааж байгаа бус уу. Өдгөө бид Монголчууд гэж дэлхийд нэрээ дуурсгаж яваа нь өвөг дээдсийг маань өвөртөө нуусан Эргүнэгун хэмээх ээлтэй орны ач болой! Соёд зоны маань гал голомтоо сахиж, аж төрөн суугаа энэ газар! Ачтай ээлтэй энэ газрыг Чингисийн алтан ургийнхан мартаагүй байдаг.

“Алунгоогийн эр Добу мэргэн Хианаас, Алунгоо нь Гороласаас гарсан. Дээр өгүүлснээр Чингис хааны уг сурвалж тэдэн рүү эргэж байгаа учир төмөр хайлуулах буюу төмөр дархлахыг умартаж үл болмой. Шинэ он шилжрэн ирэхүйд шөнө нь Чингис хааны ургийнхан дархчуудыг цуглуулж, дарханы хясаа, модны нүүрс авчирч байгаад, хэсэг төмрийг улайсгаснаа дөшин дээр тавиад алхаар сунган давтаж, “уулнаас гарсан”-даа баярлаж байгаагаа илэрхийлдэг заншилтай ажгуу” гэж Рашид Аддин бичжээ. Бид ч умартах учиргүй юм аа.

Бөртэ чоно “хад хайлуулж” Эргүнэгунаас гараад хаашаа эргэсэн бэ? Бурхан халдунд хэрхэн ирсэн бэ? гэсэн хэд хэдэн асуулт гардаг. Монголын нууц товчоонд “Тэнгис гаталж ирэв” гэсэн байгаа. Тэр “тэнгис” хаана байна вэ, гол уу, жинхэнэ тэнгис үү? Номч мэргэн Ринчен багштан Лев Гумилев эрдэмтэнд бичсэн нэгэн захидалдаа Хөвсгөлийн Шишгэд хавьд байх Тэнгис нэрт уулын голыг гэсэн нь бий. Ингэхлээр Нүхэн давааг Бөртэ чонын гарч ирсэн даваа мөн гэж үзвэл тэднийхэн эндээсээ чанх баруун тийш эргэсэн болж таарч байгаа юм. Гэтэл эндээс шууд баруун тийш эргэх ямар ч боломж байхгүй. Хөлгүй шахам анаг ангал тулна. Цагаан Эрхүүг даган явж байгаад нэлээд доогуур баруун тийш эргэх зам олсон байж болох боловч мөрт нь Хөвсгөл нуур, нуурт цутгадаг уулын олон ширүүн голыг гаталж, Тэнгис голд хүрээд гаталсан бол баруун тийш гаталсан байж таарна. Зүүн тийшээ биш!

Монголын нууц товчоонд өгүүлснээр бол тэдний зам зүүн урагш чиглэж, Тэнгис гатлаад Бурхан халдунд ирсэн тухай өгүүлээд байгаа. Мөн өч төчнөөн урсгаад одох уулын ширүүн гол мөрт нь таарч байхад ганц Тэнгис голыг дурдана гэдэг хачирхалтай. Миний бодлоор Эрхүү голыг даган уруудсан биз ээ. Хар, Цагаан Эрхүү нийлээд Эрхүү болон доош урсахад хөндий нь ихээ уужимсана. Ийнхүү Бөртэ чоно гэргий Хоо маралын хамт албат иргэдээ дагуулаад Эрхүү голыг даган уруудаж, Ангар мөрөн хүрчээ. Тэгээд Байгаль нуурыг ямар нэгэн байдлаар гаталсан байна. “Дундад зууны үед монгол хэлт түмнүүд нуурыг Тэнгис, Тэнгис далай гэж нэрлэж байсан, энэ нь яваандаа Байгал гэдэг үгэнд шахагдсан”, “Байгал гэдэг нэр хожуу, XVII зуунаас хойш л үүссэн” гэж Оросын эрдэмтэн С.А.Гурулев бичсэн байна. Мөн “Тэнгис нэрийг хүн [хүннү] нар хэрэглэж байсан, эл үг хүн нарын үгсийн санд орсон байсан” гэж Т.А.Бертагаев бас бичсэн нь бий.

“Эвенк аялгуугаар Байгалийг “Лама” гэдэг, энэ нь мөн тэнгис гэсэн үг” гэж М.Н.Мельхеев эрдэмтэн бас бичсэн байна. Тэр байтугай Монголын нууц товчоог англи хэлээр орчуулсан Игорде Рахвилц нэлээд эргэлзэнгүй боловч Тэнгис гэдгийг Байгаль нуур гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Ишилсү. “Бөртэ чоно, Хоо марал гэсэн домогт дээд өвөг Бурхан халдун ууланд Тэнгис (Байгаль нуур?) гаталж иржээ”. Чингэхлээр Бөртэ чонын үед Байгал нуурыг “Тэнгис” гэж байсан нь тодоос тод байна. Энэ бүхнээс үзэхэд хатагины Ц.Дамдинсүрэн эрдэмтэн Монголын нууц товчоог эртний монгол хэлнээс өнөөгийн монгол хэл рүү хөрвүүлэхдээ тэнгис гэдэг дээр далай гэдэг үгийг нэмж “тэнгис далай” гэсэн нь бас учиртай байна. Ер нь Эргүнэгунаас гарч ирсэн гэгдэх олон овог Байгаль орчмоор нутаглаж байсан тухайтад Монголын нууц товчоо болон Шашдирын чуулганд тов тодорхой өгүүлсэн нь бий. Миний санал бол, Эргүнэгун бол Сэнсийн тал байна, Бөртө чонын хайлуулж гарсан гэх хад нь Нүхэн даваа байна, Тэнгис гэдэг нь Байгаль нуур байна гэсэн гаргалгаа хийж байна. Тийм ээ, Эргүнэгунгийн домог гэдэг нь үнэн түүх байна! “Явсан нохой яс зуудаг” гэдэг, Сэнсийн тал, Нүхэн даваагаар явсан миний зууж ирсэн “яс” ийм болой.

Ашигласан ном зохиол:

  • Рашид Аддин. Шашдирын чуулган. Англи хэлнээс орчуулж, тайлбар зүүлтийг үйлдсэн Хатагин Го.Аким. УБ., 2013.
  • Монголын нууц товчоо. Шинээр хөрвүүлж, тайлбар үйлдсэн доктор, профессор Ш.Чоймаа. УБ., 2011.
  • А.Амар. Монголын товч түүх. УБ., 1989.
  • Р.Сайшаал. Чингис хааны товчоон. Дээд дэвтэр. УБ., 2004.
  • Монгол Улсын түүх. УБ., 2004.
  • А.Б.Иметхенов, Б.Д.Шарастепанов, О.А.Иметхенов. Горная Ока. География Восточного Саяна. Улан-Уде. 2008.
  • С.А.Гурулев. Что в именитвоем, Байкал? Новосибирск. 1982.
  • Чингис, Жочийн удам Абалгази баатар хаан. Монгол төрийн товчоон. УБ., 2007. Хасаг хэлнээс Цэрэндорж монгол бичгээр орчуулж, Н.Нагаанбуу, Б.Элбэгзаяа нар орос үсгээр буулгажээ.
  • Абu-l-Fаzl. Акбаr Nāмā. Calcutta, 1907.
  • Г.Е.Грумм Гржимайло. Западная Монголия и Урянхайскийкрай. Т.III.L Ленинград. 1927.