Засагт хан аймгийн гүн Загдсамбарын хошуу буюу одоогийн Завхан аймгийн Баян-Айраг уулын өвөрт малчин Башлуугийн хүү болон мэндэлжээ. 5 настайдаа Дилов хутагтын Y дүрд өргөмжлөгдөн, хожим улс орны төр болон шашны хэрэгт зүтгэсээр 1916 онд Хатанбаатар вантай нэгдэн баруун өмнө хязгаарын дайн самууныг даралцжээ. Хувьсгалын үйл хэрэгт оролцон Хатанбаатар, Бодоо нартай Орос улсаас тусламж гуйхаар яваад Хиагтын хил дээрээс албан баримт бичиггүй хэмээн буцаагдсан гэдэг. Дилов хутагт гэдэг нь Дүйнхор бурханы 84 шидтэний нэг бөгөөд эхний 4 дүр нь Энэтхэгт 988-1069 онуудад амьдарч байжээ. Харин Y дахь дүр нь Монголд тодорсон нь Башлуугийн Жамсранжав байсан юм.
1930 онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” гэгчид холбогдон баривчлагдсан ч хэрэг үл нотлогдсон тул тэнсэн өгч суллажээ. Жилийн дараа ДЯ-наас Банчин богд, Гоминданы хятадууд, Өвөрмонголд нэвтэрсэн япончуудын хэргийг судлуулахаар туршуул болгон Хятад руу явуулжээ. Ийнхүү 1931.02.26-нд эх нутгаа орхин гарахад “Дилов хутагт оргожээ” хэмээх цуурхал дэгдсэн байна. 1932 оны 6-р сард Бээжин хотод Банчин богдод мөргөөд улмаар хамтдаа Нанжин хотноо Халхын тухай хуралд оролцжээ.
Дилов хутагт Өвөрмонголд байхдаа Баруун Сөнөдийн Дэмчигдонров нь япончуудтай холбоотой болохыг тогтоожээ. Ийнхүү хилийн цаана оноосон үүргийг биелүүлж явтал түүнтэй харилцаж мэдээ дамжуулж байсан хамтрагч нар нь 1937-1939 онд бүгд хэлмэгдэж хороогдсон тул өөрийн хэргийг гэрчлэх хүнгүй болж Монголд буцах ямар ч боломжгүй болжээ. Түүнээс хойш нуугдаж амьдарсаар 1949 оны 2-р сард Америкийн Монголч эрдэмтэн профессор Латтиморын тусламжтайгаар АНУ-д ирж Балтимори дахь Жонс Хопкенсын ИС-ийн Монгол судлалын танхимд ажиллах болов.
Тухайн үед АНУ-д монгол цустай иргэд байсан боловч бүгд Халимаг, Өвөрмонголоос ирсэн хүмүүс байжээ. Дилов хутагтыг Гадаад Монгол иргэн гэдгээр нь ихэд онцолж хүндэлдэг байв. 1951 онд Вашингтоны ИС-ийн Алс Дорнодын тэнхимийн урилгаар тус сургуульд зочилж Монголч эрдэмтэн Николас Поппе, Паул Кирхофф нарын багш, Висконсины ИС-д багшилж байсан Роберт Миллер нарын доктор, оюутнуудтай уулзсан гэдэг. Дилов хутагт бол маш эрдэм боловсролтой, цэцэн цэлмэг, эелдэг зөөлөн, сайхан хүн байсан тухай түүнтэй уулзсан Америкийн эрдэмтэд тэмдэглэн үлдээжээ.
1950-1952 онд тэндэхийн халимагуудтай хамтран Нью Жерси мужид Буддын шашны анхны сүмийг байгуулахад ширээт ламаар нь залагджээ. Мөн тэрбээр Чан Кайши-гийн зөвлөх байсан ба 1960 онд Чан Кайши-гийн ЗГ-тай зөвлөлдсөний үндсэн дээр “Монгол Улс бусад тусгаар тогтносон улс гүрнүүдийн адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн нь хутагтын өөрийнх нь түүх намтар, бүтээсэн үйл хэргийн тэмдэглэлд үлдсэн баримт бөгөөд эх орныхоо төлөө хийсэн сүүлчийн гавъяа ажээ.
Дилов хутагт нь Монголын их хутагтуудын хамгийн сүүлчийн хутагт байсан бөгөөд эх орондоо буцаж очихыг ихэд хүсдэг байжээ. Хутагт 1965.04.07-нд 82 насандаа Нью-Йорк хотод таалал төгссөн ба чандарынх нь нэг хэсгийг Энэтхэгт, нөгөө хэсгийг түүний гэрээс ёсоор төрсөн эх орон Монгол оронд аятай цаг ирэхэд аваачиж оршуулахаар тогтсон гэдэг. Тэрбээр Лхас хотод 3 жил амьдрахдаа XIY Далай ламын гэрийн багш байсан тул хожим Дилов хутагтыг таалал төгсөхөд Далай лам очиж буяны ном хуржээ. 1990.05.18-нд БНМАУ-ын Дээд шүүхийн 4-р тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавын хэргийг цагаатгажээ.