Монгол - Японы харилцаа (1945-1970 он)

 

БНМАУ-аас Дэлхийн II дайны дараа 1946 оны 10-р сар, 1947 оны 5-р сард маршал Чойбалсангийн нэрээр “Алс Дорнодын комисс”-т хандан Японы талаар 2 удаа гомдол гаргажээ. Японы түрэмгийллийн хохирлыг 80 сая доллараар үнэлэн төлөхийг шаардсан. Алс Дорнодын комисс гэдэг нь холбоотон гүрнүүдийн зүгээс эзлэгдсэн Японд явуулах бодлогыг зөвшилцөх комисс бөгөөд Вашингтонд төвтэйгөөр 1946-1952 онд ажиллаж байгаад ЗХУ-АНУ-ын харилцааны асуудлаас болж тарсан комисс юм. ГХЯ-ны архивын баримтаас үзэхэд, БНМАУ-ын дайны төлбөртэй холбогдуулан гаргасан 1946.05.30-ны өдрийн баримтанд “Японы эзэрхэг түрэмгийчүүдээс БНМАУ-д зөвхөн 1935-1937 онд учруулсан хохирол 11.390.490 төгрөг 81 мөнгө болно” гэжээ. Мөн тус улсын хил хамгаалах ангиудад учруулсан бүх хохирол 83.893.249 төгрөг болно гэсэн баримт ч байдаг байна. Маршал Чойбалсангийн гомдлын хариуд Японы тал Монголд байгаа өөрийн олзлогдсон хоригдлуудыг нэн яаралтай суллахыг шаардсан. Мөн БНМАУ-ын тусгаар тогтнол хүлээн зөвшөөрөгдөөгүй, одоо болтол Хятадын нэг хэсэг гэж ойлгогддог болохыг сануулжээ.

1955 онд ЗХУ, АНУ хоёр нийт 18 орныг харилцан зөвшөөрч НҮБ-д элсүүлэхээр хэлэлцжээ. ЗХУ-ын зүгээс Албани, Болгар, Румын, Унгар, Монгол гэсэн 5 орныг дэвшүүлсэн. Гэвч Тайванийн төлөөлөгч Зэнь Янфу (Zen Yan-fu) индэр дээрээс “Гадаад Монгол бол Хятадын салшгүй хэсэг мөн”, “Зөвлөлтөд булаагдсан Хятадын нутаг”, “Хятад, Солонгос хоёрыг түрэмгийлж байхын тулд Зөвлөлт Оросын хуурамчаар тусгаарласан улс” гэх зэргээр хашгирчээ. Мөн тэрбээр Монголыг “Солонгосын дайнд цэрэг илгээсэн” хэмээн гүтгэжээ. Хятад вето тавих эрхтэй байсан ба бусад 16 орныг 1955.12.14-нд НҮБ-д элсэхэд дэмжээд, харин Монголыг хаалганы гадна үлдээхэд ЗХУ-ын зүгээс Японыг эсэргүүцэж НҮБ-ын гадна үлдээсэн юм. Ийнхүү 1955 онд Монгол, Япон хоёр хоёулаа НҮБ-д элсэж чадаагүй түүхтэй.

ЗХУКН-ын ХХ их хурал 1956 онд хаалттай хуралдахад Хрущёв сталинизмыг шүүмшилсэн илтгэл тавьж, тэрхүү илтгэлийн орчуулгыг Польшийн Коммунист намын удирдагчид ил болгосноор дэлхий нийтэд цацагдаж, ЗХУ-ын гадаад дотоод бодлогод ихээхэн өөрчлөлт явагджээ. 1956.12.19-ний Москвагийн тунхаглалд “Дайны байдлыг зогсоож, ЗХУ-Японы хооронд дипломат болон консулын харилцаа тогтоох, Энхтайвны гэрээнд гарын үсэг зурсны дараа ЗХУ нь Шикотан арал ба Хабомай гольтригийг Японд шилжүүлэх боломжийг авч үзэхэд бэлэн ...” хэмээн мэдэгдсэн. 1957.12.09-нд Токио хотноо ЗХУ-Японы худалдааны гэрээнд гарын үсэг зуралцаж, 1958 онд Находка ба Японы хооронд тогтмол ачааны усан онгоц зорчих болсноор хоёр улсын харилцаанд эерэг уур амьсгал орж 1959 онд Япон улс НҮБ-ын гишүүн болсон юм. ЗХУ-Японы харилцаа наашилснаар Монгол-Японы харилцаа ч зөөлөрч Зөвлөлт-Монголын хамтарсан мэдэгдэлд “ЗХУ ба Японы хооронд дипломат харилцаа тогтоосон явдлыг БНМАУ-ын Засгийн газар эерэгээр үнэлж байгаа ба БНМАУ ба Японы харилцааг хэвийн болгохын тулд Японтой хэлэлцээр хийхэд Монголын тал бэлэн” хэмээжээ. Эл мэдэгдэлд Японы тал хариу өгөөгүй ч 1961 онд НҮБ-д БНМАУ-ыг элсэхэд Япон дэмжсэн юм.

1956 оны 4-р сард Японы сэтгүүлч Кэн Имиро Монголд ирж Цэдэнбал даргатай уулзсан бол түүний дараахан Азийн орнуудтай эв санаагаа нэгтгэх Японы хорооны 12 төлөөлөгч Монголд айлчилсан. Дараа нь эрдэмтэн Ц.Дамдинсүрэн Хирошимад болсон Олон улсын Энхтайвны бага хуралд оролцож, тэр тухай ном хүртэл хэвлүүлсэн. Японы Засгийн газар БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох тал дээр яараагүй боловч эхэлж санаачилга гарган 1959 онд Токиод болсон Олон улсын яармагт Монголын төлөөлөгчдийг урьсан. Японы Марубини корпорацийн охин компанийн захирал Итогийн урилга байсан ба Монголын төлөөлөгчид 5-р сард очжээ. Төлөөлөгчдийн ахлагч О.Дорж нь Ю.Цэдэнбал даргын охин дүүгийн нөхөр байсан ба тэр цагаас эхлэн Японд Монголыг төлөөлөх гол хүн болжээ. Төлөөлөгчид Хонконгоор дамжин явахдаа виз хүлээж 15 хоног саатсан бөгөөд Монголын паспортыг хүлээн зөвшөөрөхгүйгээр “цагаан хуудас”-аар хил гарахыг зөвшөөрсөн байдаг. Төлөөлөгчид худалдаа үйлдвэрийн компаниудтай уулзаж, Монголоос юуг сонирхож буйг судлах, Монголын мал, махан бүтээгдэхүүнийг Японд оруулахыг хориглосон хуулийг өөрчлөх арга саам хайх зэрэг даалгавар авчээ. О.Доржийн тайланд “Японы маш олон пүүс компани Монголын төлөөлөгчидтэй уулзах хүсэлттэй байсан ба нэг компанид 2-5 минутын цаг олгож уулзсан. Энэ байдлаар уулзалт бүтэн 4 өдөр үргэлжилсэн” гэжээ. Төлөөлөгчид Сига ноолуурын үйлдвэрийг үзэхэд тэнд УБ хотын төв түүхий эдийн баазад багласан монгол ямааны ноолуур 20 боодол байсан байна. “Сига үйлдвэрийн захирал Лондонгоос Сиднейд ачигдсан байсныг худалдан авсан хэмээсэн ба Монголоос ноолуур авдаг ЗХУ, эсвэл аль нэг социалист орон цааш нь англичуудад худалдсан байх, Монголын тал Сига үйлдвэртэй хамтран ажиллаж туршилтаар 6 тн ноолуурын гэрээ байгууллаа” хэмээн илтгэжээ. Монголын тал Ёкохама компаниас автомашины дугуй худалдан авсан. Ийнхүү эхэлсэн харилцааны үр дүнд 1959 онд Монгол-Японы хооронд ачаа бараа зөөвөрлөх, нэвтрүүлэх хоёр талын гэрээнд гарын үсэг зуржээ. 1961 оны Токиогийн Олон улсын худалдааны яармагт мөн адил төлөөлөгчдийг О.Дорж ахалжээ.

1961 онд Японы ГХЯ-ны ажилтан Ханада, дипломатч Сакияама нар НҮБ-ын шугамаар БНМАУ-д ирж байсан ба хожим Ханада Монгол Улсад элчингээр ирсэн юм. Хоёр төлөөлөгчийг Монголын тал жуулчны шугамаар хүлээн авч хоёр талын харилцаанд ямар нэгэн ахиц гаргах яриа, алхам хийгээгүй ажээ. Тийм учраас Японы ГХЯ энэ асуудлыг орхисон бөгөөд асуудал хариуцсан дарга нар байнга өөрчлөгдөж, сүүлдээ Монголыг сонирхох хүнгүй болсон байв. Монгол хэлний мэргэжилтэн Сакияама Монголын асуудлыг ганцаараа хариуцаж байгаад удалгүй Тайландад дипломат ажилтнаар томилогдон оджээ. Оронд нь Токиогийн Гадаад хэлний сургуулийн монгол хэлний багш М.Ханада ажиллах болсон.

Хоёр тал амандаа ус балгасан мэт дуугүй байсаар 1965 онтой золгожээ. НҮБ-ын ивээл дор УБ хотод Олон улсын эмэгтэйчүүдийн семинар уулзалт зохион байгуулагдсан нь Монголд анх удаа болж буй олон улсын арга хэмжээ байв. Жилийн дараа 1966 онд Дэлхийн оюутан залуучуудын чуулга уулзалт УБ хотод болсон. Эдгээрийг далимдуулан Японы ГХЯ-наас өөрийн ажилтан, монгол хэлтэй нөгөө хоёр залуу мэргэжилтнийг Монгол руу явуулсан. Хоёр мэргэжилтнээс гадна 1965 оны 8-р сарын 4-нд олон улсын эмэгтэйчүүдийн семинарт оролцохоор Японоос ирсэн төлөөлөгч хатагтай Киношитад туслах, Монголд олзлогдсон япон цэргүүдийн талаар мэдээ цуглуулах, оршуулсан газрыг эргэж байдал ямар байгааг олж мэдэх, цаашлаад Японы талаархи Монголын байр суурь, бодлогыг тандах, Монголын бие даасан байдал ба олон улсад эзэлж буй байр суурийг мэдэх зорилготой байжээ.

Өмнө нь 1961 онд ирэхдээ япон цэргийн булш эргэх хүсэлтийг хэд хэдэн удаа тавихад амжилт олоогүй тул 1965 онд ирэхдээ ч найдлага тавиагүй байна. Гэтэл 8-р сарын 16-нд үдээс хойш Монголын ГЯЯ-наас хатагтай Нямжав зочид буудалд нь машинтай ирж тэднийг аваад, хатагтай Киношитаг бас тосоод япон цэргийн булшин дээр хүргэж өгчээ. Хотын захиргаа болон МУЗН булшийг тохижуулах талаар анхаарсан нь илт мэдэгдэж байжээ. Мөн энэ томилолтын үеэр Энхтайван найрамдлын байгууллагуудын төв хорооны дарга Адилбиштэй уулзсан ба “Монголын тал дипломат харилцаа тогтоохыг сонирхдог юм байна” гэсэн ойлголтыг авсан ажээ.

Эх сурвалж: Өдрийн сонин. 2021. 12 сар