Жозеф Флетчер нь 1934 онд Хойд Каролина мужийн Ралэйф хотноо мэндэлжээ. Массачусетс мужийн Гронтон хэмээх хувийн дунд сургуулийг төгсөөд Харвардын их сургуульд суралцаж, 1957 онд бакалаврын зэрэг хүртсэн байна. Зэрэг цолны сургалтаа Харвардын сургуульд үргэлжлүүлж Алс Дорнодын хэлнүүдийн тэнхимд докторын зэрэг хамгаалсан нь 1965 он бөгөөд Эрдэнийн эрхийг судалж диссартациа бичжээ. Гротонд сурагч байхдаа латин, грек, франц хэлэнд төгсөрсөн бол Харвардад сурч байхдаа болон судалгааны ажил хийж байхдаа монгол, хятад, манж, төвд, перс, түрэг, араб, орос, япон, герман хэлэнд нэвтэрчээ. Харвардад нэрт профессор Франсис Вүүдмэн Кливезтэй ойр байж шавилан суралцсан нь эрдэм шинжилгээний ажилд нь ихээхэн тус хүргэжээ. Кливезийг дагаж 1966-1972 онд туслахаар нь ажиллаад 1972 онд Төв Азийн түүхийн профессор болж жинхэлжээ. Удалгүй Кливезийг тэтгэвэрт гарахад нь Дотоод Ази, Алтай судлал, Монгол хэл түүхийн бүх хичээлийг нь өвлөн авчээ.
Жозеф Флетчер дэлхийн хэмжээний эрдэмтэн байж АНУ-ын муж хотын их дээд сургууль, Ази, Европын эрдмийн хүрээлэнд илтгэл яриа хийж явснаас гадна ЗХУ, БНХАУ, Өмнөд Монголд айлчилж, судлаачидтай саналаа солилцож байжээ. Монголын түүхтэй холбоотой хамгийн чухал бүтээл нь “Кембрижийн Дотоод Азийн түүх” юм. Кливезээс хойш Харвард дахь Монгол судлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж, монгол хэл, түүх, манж хэлний хичээлийг эрчимтэй зааж байжээ. Профессор ид 49 насандаа 1983 оны 6 сарын 14-нд хавдрын улмаас насан өөд болсон ба энэ нь Харвард төдийгүй дэлхийн Монгол судлалд томоохон гарз тохиосон юм. Тус сургуулийн архивт Жозеф Флетчерийн үлдээсэн гар бичмэл, өгүүлэл, нийтлэл, захидал зэрэг нөр их өв 43 бүтэн хайрцаг, 3 хагас хайрцаг, хоёр бичлэг бүхий дамар, хоёр микрофильм, нэг хайрцаг дүүрэн хуурцаг, хоёр тусгай хавтас материал хадгалагдан үлджээ.
Монгол судлаачийн хувьд Монголын түүхтэй холбоотой хичээлийнх нь хэвлэгдээгүй лекцүүд нь нэн сонирхолтой. Тухайлбал, 1977-1978 оны хичээлийн жилд заасан “Цогцлон нийлсэн түүх: Дотоод Ази 1200 оноос өнөөг хүртэл” хэмээх хичээлийн 200 хуудас лекц, Брауны их сургуульд уншсан лекц, “Оттоманы эзэнт гүрэн дэх Түрэг-Монгол уламжлал” хэмээх хичээлийн зарим тэмдэглэл, Монголчуудын гарал хичээлийн бүрэн бус материал зэрэг нь Монгол судлалд эдүгээ ч үнэ цэнэтэй.