Монголчууд эртнээс нааш таван төрлийн малыг жилийн дөрвөн улиралд хариулахдаа байгаль ертөнцийн элдэв үзэгдэл, хүрээлэн буй орчин, од гариг, ургамал, амьтны талаар нэлээд практик мэдлэгтэй болжээ. Эртний монгол малчид ургамал, ногооны ашиг шим, мал амьтны зан төрхөөс эхлээд цаг агаар, байгаль орчны тухай бодит мэдлэгийг хуримтлуулж амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн билээ. Тухайлбал, цагаан идээ бэлтгэх, эсгий хийх, арьс шир элдэж боловсруулах үйлдвэрлэлийн явцад хими биологийн мэдлэг ухаан, өвөрмөц технологийг бий болгожээ. Малчид айраг, тараг хийхдээ бичил биетний хүчээр исэлт явагддаг билогийн нарийн үйл явцыг амьдралд чадамгай ашиглаж иржээ. Хүн амьтныг эмчлэх мэдлэг ухаан ч нэн эртнээс монголчуудын дунд хөгжсөн. Энэ бүхний үр дүнд монголчууд хүрээлэн буй байгаль, оршин буй нийгмээ таньж мэдэхийг эрмэлзсэн мэдлэг ухааны төрөл зүйлийг хөгжүүлжээ.
Монголчууд эрдэс бодисыг олборлох, ашилах талаар эрт үеэс тодорхой мэдлэг хуримтлуулсан байжээ. Үүнийг хүрэл төмөр зэвсгийн үеийн археологийн олдворууд нотолно. Монголд төмрийн дарханы ажил эрчимтэй хөгжиж, ширэм, хүрэл төмөр эдлэл цутгах дарханы газар ажиллаж, зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж хийж байсныг Хархорум зэрэг хотоос олдсон археологийн олдвор харуулдаг.
Өргөн уудам тал нутагт мал маллах, мал сүргээ эрж хайх, нүүж суух, аян жин тээх зэрэг ажилд газарзүйн мэдлэг, чиг баримжаа шаардагдаж байсантай холбогдон монголчуудын дунд газарзүйн мэдлэг ухаан нэн эртнээс хөгжиж иржээ. Нутаг болгон уул, ус дов толгод бүр өөрийн нэртэй байв. МНТ-нд Монголоос гадна Төв, Өмнөд, Дундад Ази болон Европын улс орон, газар нутаг, хот балгадын олон арван нэр тэмдэглэгдсэн нь тэр үеийн монголчуудын газарзүйн мэдлэг нэлээд өндөр түвшинд байсныг гэрчилнэ. XIII зууны эцэст хамаарах “Цагаан түүх” хэмээх сурвалж бичигт Энэтхэг, Төвд, Хятад, Кашмир, Сартуул, Балба, Солонгос зэрэг Азийн орны нэрсээс гадна сав шим ертөнц анх үүсч хөгжсөн тухай буддын сургаалийг товч өгүүлсэн байдаг. Чингис хаан болон түүний дараах хаадын байлдан дагууллын үр дүнд Ази, Европын олон орнуудын газарзүйн талаархи монголчуудын мэдлэг их өргөжжээ.
Монголчууд удам угсаагаа сайн мэддэг, үр хүүхэддээ удам угсааг нь танилцуулж сургадаг эртний заншилтай учраас Монголын зарим овгийн салаа салбарын нэр, удам угсааг тодорхой тогтоох боломжтой байдаг. Бичиг үсэг бий болсны дараа түүхийн аман уламжлалын үндсэн дээр Монголын түүх бичлэг үүсчээ. МНТ бол монголчуудын түүхэн мэдлэгийн уламжлал төдийгүй тухайн үеийн түүхийн ухааны хөгжлийн төвшинг илтгэн харуулсан гайхамшигт дурсгал бичиг юм.
Монголын түүхч Болд чинсан болон бусад түүхчидтэй хамтран Персийн түүхч Рашид-Аддины зохиосон “Судрын чуулган” зохиолд Чингисийн алтан ургийн түүхийг өгүүлсэн. Алтан дэвтэр болон Монголын бусад түүхийн бүтээлүүд орсон буюу ашигласан байна.
Монгол хэлээр, монгол бичгээр он дараалан бичсэн монгол, түрэг аймгуудын түүх болон монголчуудын эртний үлгэр, домгийн тухай олон тооны тэмдэглэл Перст сууж байсан монгол хаадын ордонд хадгалагдаж байжээ. Монголын эзэнт гүрний үед эзлэгдсэн орны эрдэмтэд болон монгол түүхчдийг дайчлан байлдан дагууллын түүх, монгол хаадын түүхийг зохиох ажил эрчимжсэн бөгөөд энэ ажлын гол төв нь Хятад, Перс дэх Монгол хаадын орд юм. Хубилай хааны зарлигаар 1264 онд нийслэл Ханбалигт улсын судар зохиох хүрээлэн байгуулагджээ. Түүнд монгол, хятад, перс, төвд зэрэг олон үндэстний түүхчид ажилладаг байжээ. Уг хүрээлэн Монголын болон Хятадын хаад, ноёд түшмэдийн намтар түүхийг зохиох ажлыг эрхэлж байв.
XIII зууны үеэс уламжлагдан ирсэн Монголын түүхийн зохиолын нэг бол Хубилай хааны үед зохиосон “Цагаан түүх” билээ. Түүнд “Номын засаг”, “Хааны засаг” хэмээх хоёр ёсны тухай онолыг Монгол гүрний төрийн бодлогын үндэс болгон нотлоход чиглэгдсэн байна.
Ёс заншил: Монголчууд удам судраа сайтар мэдэж, угийн бичгийг хөтлөн хойч үедээ уламжлуулсаар иржээ. Энэхүү угийн бичгийг гэрийн үеийн бичмэл, гэрийн түүх, гэрийн цадиг гэх мэтээр янз бүр нэрлэж ирсэн агаад Монголын хамгийн эртний угийн бичиг нь “Монголын нууц товчоо” юм. Тэрчлэн хутагт хувилгаадын олон дүрийг үе дараалуулан бичсэн хутагт хувилгаадын уг эх гэдэг “угийн бичмэлүүд” байдаг. Монголчууд ураг төрлийн баялаг нэрстэй. Тухайлбал, авга, нагац, ач, зээ гэх мэт ерөнхий нэр, төрсөн эцэг эх гэх мэт тухайлсан нэр гэж ангилдаг. Түүнчлэн тухайн ураг, элгэн садны хүмүүсийг хүндэтгэн нэрлэсэн хүндэтгэл нэр байдаг. Өрх гэр бүлийн ёс заншилд гал голомтоо амьдралын үндэс, хамгийн нандин зүйл хэмээн эрхэмлэх, монгол гэрийн дотор хүмүүсийн суух суудлын жаяг дэг, өрх тусгаарлах заншил, сүй тавих болон хримлах ёс, талийгаачийг оршуулах зан үйл, хүүхэд тогтдоггүйтэй холбоотой заншил, үрчлэх ёс, хүүхдийн даахь үргээх, хүүхдийн угаалга хийх зэрэг арвин ёс заншил багтдаг. Мэндлэх ёс нарийн дэг журамтай. Ахмад хүний амар мэндийг эхлэн эрэх, эрдэмтэн мэргэд, алдар цуутан, баатар цолтныг эгэл хүн эхэлж амар амгаланг эрнэ. Монгол хүн амар мэндээ цаг улирлын байдлаас хамаарч хэлэлцдэг. Хөдөлмөрийг ерөөж мэндчилэх ёс бий.
Нүүдлийн мал аж ахуйгаас үүдэн гарсан монголчуудын ёс заншлыг цагаан идээ боловсруулах, сааль авах, малын үс ноосыг авч ашиглах, арьс ширийг боловсруулах, махыг хүнсэнд хэрэглэх зэрэг малын ашиг шимийг ашиглах үйлтэй холбогдсон ёс заншил малыг өсгөж үржүүлэх, төл бойжуулах, мал хөнгөлөх, хариулах, нутаг бэлчээр сонгох, оторлох, зүслэх тамгалах, имнэх зэрэг мал маллах үйлтэй холбогдсон ёс заншил, малыг эдэлгээнд сургахтай холбогдсон ёс заншил гэж ангилж болно.
Нүүдлийн мал аж ахуй нь малчин-мал-байгаль (бэлчээр, ус)-ийн гурамсан тогтолцооны хэлхээ болж байдагтай уялдан монголчуудын ёс заншилд байгаль орчны холбогдолтой зан үйл хүндтэй байр эзэлнэ. Монголын эртний овог аймгууд уугуул нутаг, угаасан усаа шүтэн биширч, таван тансаг идээнийхээ дээжийг сүслэн өргөж ирсэн уламжлалтай. Монголчууд цаг агаарын байдлыг мал сүрэг, ан амьтан, шувуу, ургамал, нар сар, од, салхи, цас бороо зэргээр холбогдуулан шинжиж аж ахуй, амьдралаа зохицуулдаг.