Монголын хуучин чулуун зэвсгийн дурсгалуудыг дэлхий дахинаа нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн дурсгалуудтай адилтган үзэж болно. Монгол нутгаас олдсон чулуун зэвсгийн үеийн хад болон агуйн хананд дүрслэгдсэн зургуудыг дүрсэлсэн байдлаас шалтгаалан зосон ба сийлмэл зураг хэмээн ангилдаг.
Нэг. Зосон зураг ба түүнийг үндсэн хоёр төрөлд хуваадаг.
- Бодит байдлаар дүрсэлсэн зосон зураг. Энэ төрлийн зосон зураг Монгол Улсын нутагт ганцхан Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуйгаас олдсон. Аргаль, янгир, арслан, заан, тэмээн хяруул, тэмээ, үхэр зэрэг амьтдыг бодит байдлаар, шилмүүст мод янз бүрийн олон зэрэгцээ толбууд дүрсэлсэн байдаг.
- Зураасан тэмдэгийн зосон зураг. Увс аймгийн Зураагийн улаан хадны зосон зураг нь неолитийн үед хамаарах ба гол илэрхийлэх шинж нь “х” маягийн солбисон хоёр зураасан тэмдэг, ганц ба хэд хэдэн эгнээ босоо зураасан тэмдгүүд, дугуй, гурвалжин хэлбэрийн тэмдгүүд юм. Мөн Өвөрхангай аймгийн Дэлгэрэх сумын Цоорхойн агуй, Уянга сумын Шурангийн улаан хад, Арвайхээр хотоос баруун урагш 32 км зайд орших Баглуур хад, Төв аймгийн Зуунмод, Дундговь аймгийн Гэр чулуу, Архангай аймгийн Жаргалант сумын Улиастын гол, Дулааны үзүүр, Хэнтий аймгийн Биндэр сумын Бичигт хад, Баянхонгор аймгийн Баянлиг сумын Цагаан агуй, Баян-Өндөр сумын Саальтын агуй, Цагаан магнайн агуйгаас тус тус олдоод байна. Цагаан агуйд 700000 жилийн тэртээгээс эхлэн олон мянган жилийн турш хүн сууж байсны ул мөр, чулуун зэвсгүүд бүхий доод палеолитын олон соёлт давхарга олдсон юм.
Хоёр. Хадны сийлмэл зураг. Монгол орон хадны сийлмэл зургийн дурсгалаар нэн баялаг. Сийлмэл зураг нь бусад төрлийн зургаасаа илүү сайн хадгалагдан үлдсэн байдаг нь дүрсэлсэн аргатай нь холбоотой. Хадны сийлмэл зургийг дүрсэлсэн арга барилаар нь хоёр хувааж үзнэ.
- Бодит байдлаар дүрсэлсэн.
- Загварчлан дүрсэлсэн.
Хуучин чулуун зэвсгийн үеийн хадны сийлмэл зургуудад Ховд аймгийн Манхан сумын Ишгэн толгой, Буянт сумын Чандмань хар үзүүр, Увс аймгийн Сагил сумын Хад үзүүр, Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад, Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын Цаган салаа, Бага Ойгор зэрэг газраас олдсон бөгөөд тэдгээр зургийг бодит байдлаар дүрсэлжээ. Тухайлбал,
- Ишгэн толгойн хадны зураг. Ишгэн толгойн хаднаа үхэр, адуу, буга, янгир, тэмээ зэрэг амьтдын дүрсийг хадны толион дээр гол төлөв ганц нэгээр толгойг дуртай зүг рүүгээ харуулан урласан бөгөөд зургийн сийлбэрийн өнгө хадны байгалийн өнгөнөөс бараг ялгарахгүй болж зөвхөн гараар тэмтэрэхэд сийлбэртэй болох нь мэдэгдэх төдий байгаа юм. Ишгэн толгойн хаднаа нийт 150 дүрс сийлснээс хүн 1, адуу 18, үхэр 13, буга, хандгай гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргаль 11, могой 5, бар 3, тэмдэг дүрс 9 чухам ямар амьтан болох нь тодорхой танигдахгүй амьтдын дүрс 53 байна. Ишгэн толгойн хаднаа амьтны биеийн ерөнхий тэгийг хөвөөлөн цохиж, зөвхөн толгойн хэсгийг бүх талбайгаар хонхойлон дүрсэлсэн нь Монголын чулуун зэвсгийн урлагийн нэгэн онцлог арга юм.
- Хад үзүүрийн хадны зураг. Увс аймгийн Сагил сумын нутагт тулгын гурван чулуу мэт байрласан хар бараан өнгийн хадтай гурван уул байдгийг Баруун, Зүүн, Дунд Турга гэдэг. Хад үзүүрийн чанх урд ба баруун урд талын хаданд янгир, буга, үхэр, адуу, чоно, хүн зэрэг 100 гаруй дүрсийг хонхойлон цохиж сийлсэн бөгөөд дүрслэлийн арга барил төдийгүй он цагийн хувьд өөр өөр үед холбогдох нь илэрхий. Буга, үхрийн хэвлий доор зориуд зууван хонхор гаргаж дүрслэх нь хуучин чулуун зэвсгийн үеийн хадны зургийн тогтвортой нэг шинж юм.
- Бага Ойгор - Цагаан салаагийн зураг. Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт Цагаан салаа, Бага Ойгор голын савд олон мянган хадны зураг байдаг бөгөөд үүний дотор хуучин чулуун зэвсгийн үед холбогдох зураг ч байна. Жишээ нь: Бага Ойгорын хаднаа өөд өөдөөсөө харсан 2 арслан зааны дүрсийг гадна талаар нь хөвөөлөн цохиж хошууг дээш өлийлгөн богино хөлтэй, уртлаг биетэй дүрсэлжээ. Баруун талын арслан зааны доор дугуй дүрс цохиж гаргаад дээшээ нь хоёр сөртөн гаргажээ.
Дунд чулуун зэвсгийн үе нь хуучин чулуун зэвсгийн үеийг бодвол харьцангуй богино хугацааг эзэлдэг бөгөөд тэр үеийн чулуун зэвсэг нь олон талаараа түүний дараах шинэ чулуун зэвсгийн үеийн олдвортой ижил байдаг тул хооронд нь ялгаж тогтооход нэлээд төвөгтэй байдаг. Үүний нэгэн адил энэ үеийн хадны зургийг түүний өмнө ба дараах үеийн зургуудаас ялган салгахад бэрхтэй. Харин дунд ба шинэ чулуун зэвсгийн үед холбогдох хадны зургийг тухайн зургуудын сэдэв, зохиомж, дотоод харьцаа, он цаг, хийсэн арга барил, маяг зэргийг анхааран үзэж он цагийг нь тогтоосон.
- Можоогийн хадны зураг. Увс аймгийн Сагил сумын Түргэний нурууны ар биеийн салбар ууланд байх Можоогийн хад нь ногоон саарал, саарал өнгийн хадтай бөгөөд тэнд аргаль, янгир, тэмээ, хүн, нохой, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн хэдэн зуун зурагтай. Можоогийн хадны зургийн дотроос хамгийн том тэгш талбай бүхий баруун тийш харсан хэвтээ хаданд 4х 8 хэмжээтэй арав гаруй том үхэр, тэдний зай завсарт хожим хорь гаруй янгир, нохой зэрэг амьтныг дүрсэлсэн зураг байдаг. Энд гол төлөв данхар том эвэртэй эр үхрийг бодит байдлаар дүрслэхдээ түүний эвэр, эр хүйсийг цохон дүрсэлжээ. Мөн үхрийг хүн хөтлөөд явж буй зургаас үзэхэд энэ зургийг зурах үед үхрийг гаршуулсан байжээ гэж үзэх үндэстэй юм.