МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, академич Ж.Болдбаатар: Хүн төрөлхтний хоёр дахь мянганы түүхэнд дэлхий ертөнцийн амьдралыг монголчууд голчлон тодорхойлж хосгүй ул мөр үлдээсэн. Монголчуудын хувьд дундад зуун бол 700 орчим жилийг хамарсан бөгөөд төр ёсны хувьд мандаж, буурч явсан түүхийн он жилүүд байсан. Монголчууд дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд хүндэтгэн үзэх хөгжил дэвшлийг авчирсан гэдэг нь түүхийн судалгаа, нийгмийн хөгжлийн явцад улам тодорсоор байна.
Нэгдүгээрт: 1189 онд Есүхэй баатрын хөвгүүн Тэмүжин Хамаг Монголын нэгдлийг дахин сэргээж, хан сэнтийд сууснаар Чингис хэмээх алдрыг олсон ба “Толгойлогчийн эзэмшил” буюу “Chiefdom”-ын төлөв байдлаас гарч төр ёсны чамбай бүрдлийг олж чадсан юм. Тэрбээр язгуурын монголчуудыг нэгтгэхдээ цэцтэй үг, ончтой санаа, төрийн мяндсан ухаан, ухаалаг менежментээрээ бусдаас гойд ялгарсан.
Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага 32 удаагийн тулалдаан хийж, Монгол угсааны нийт 81 ханлиг, аймгийг араасаа дагуулж их үйл хэргийг эхлүүлсэн. 1206 оны Улаан барс жилийн намар Онон мөрний эхэнд Монгол язгууртан дээдсийн “Их хуралдай” хуралдаж орь залуу наснаасаа эхлэн 20 гаруй жил оройлон манлайлсаар 45 насанд хүрсэн Тэмүжинг шинэ тулгар нэгдсэн Монгол Улсын хаан ширээнд нэгэн дуугаар өргөмжилсөн. Энэ тухай МНТ-нд “…эсгий туургатан улс энх шударга болж, Барс жил Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад, Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв” хэмээжээ. Ийнхүү Монгол угсааны олон ханлиг, аймгуудыг нэгтгэсэн Их Монгол Улс Ази тивд гал голомтоо бадраасан юм. ИМУ-ын төрийн шинж чанарыг олон улсын эрдэмтэд хоёр бүлэг болгон хэлэлцдэг.
Өвөр Азийн бүс нутгийн түүхэнд болсон эргэлтийн шинжтэй үйл явдал болж, нэгдэн нягтарсан эсгий туургатнууд анх удаа нийтлэг нэг нэртэй болж, үндэстний хувьд омогшин өөрсдийгөө монголчууд хэмээн бахархах болсон. ИМУ цаашид улам дэвшин дээшлэх үү, эсвэл тэгсхийгээд бууран доройтох уу гэдэг анхаарлын төв болсон. Чингис хааны үр ач нар улс орны хил хязгаарыг тэлж, өрсөн ирэх аюулаас урьтан дорно, өрнө зүгт дайн хийж Наполеон Бонапарт, Адольф Гитлер, Александр Македонский нарын эзэлсэн газар нутгийг нийлүүлснээс илүү 7 сая 770 мянган ам дөрвөлжин талбайгаар нутаг дэвсгэрээ тэлж, хүн амын ихээр төвлөрсөн Хятад, Араб, Европын орнуудыг Монголын Эзэнт Гүрэнд нэгтгэжээ. Ингэснээр,
Монголчууд бусад орнуудыг учир шалтгаангүйгээр дайран давшилж, түрэмгийлэн эзэлж байсан гэх үзлийг эдүгээ судлаачид улам бүр няцаасаар байна. Монголчууд хэрвээ зөвхөн түрэмгийлэгчид байсан бол ийм том ялалтанд хүрэхгүй байх байсан. Чингис хаан аюулыг сөрөн давахын тулд дайн тулаан хийхээс аргагүй болж байсан ба Дундад Азийн зарим түүхчдийн бичдэг шиг хүн ардыг сая саяар нь алж талж байгаагүй. Тухайн үеийн ямар ч хотод нэг сая хүн ам байгаагүй бөгөөд тэднийг алж талсан ул мөр эдүгээ алга байна. Харин археологийн ховор нандин олдвор олдсоор байна.
Чингис хаан дэлхийн түүхэнд байгуулсан гавъяаныхаа төлөө судлаачид, зохиолчид, сэтгүүлчдийн анхаарлыг сүүлийн 850 шахам жилийн турш татаж байгаа бөгөөд өөр ямар ч улс төрч ийм амжилтанд хүрч чадаагүй гэж хэлж болно.
ХУБИЛАЙ ХААН: Монголын Эзэнт Гүрэнд нэрээ мөнхөлсөн дараагийн хүн бол Чингис хааны ач Хубилай бөгөөд судлаачид түүнийг эерэг, сөрөг янз бүрээр үнэлж ирсэн. Зарим судлаачид хууль бусаар хаан суусан, нийслэлийг Хятад руу шилжүүлсэн, эх нутгаа хөсөр хаясан гэх мэтээр зэмлэн буруутгаж байхад нөгөө хэсэг нь тэр цагийн эрдэм боловсролыг сайтар эзэмшиж, төрийн хэргийг эрдэм соёлоор тохинуулан жолоодож, хууль цааз, ёс журамыг шинэчлэн тогтоосноороо “сэцэн хаан” хэмээн алдаршсан гэж үздэг.
Хархорумд нийслэлээ хэвээр хадгалж дорно дахиныг захирсан бол ямар сөрөг үр дагавар гарах байсан бэ? Тухайн үеийн 100 сая орчим хятадуудаас багаар бодоход 2-3 сая хүн Хархорум болон Монгол нутагт ирж суурьших байсан байх. Харин монголчууд нэг сая хүрэхгүй хүн амтай байсан. Хубилай хаан “уусах” аюулаас аварсан гэж хэлж болно. Шанду хот, Бээжинд төвлөн сууснаар Монгол ба Хятадын эртний хилийн зааг дээр “төрийн төв”-ийг байрлуулсан холч бодлого барьсан. Академич Ш.Нацагдорж “Эзэлсэн газар нутгаа бүрэн эрхэндээ оруулж ард олон болон олон улсын дунд эзлэх байр суурь, эрх нөлөөгөөрөө Хубилайтай тэнцэх эзэн хаан ертөнцийн түүхэнд урьд, хожид гараагүй”, “Хубилай хаан нүүдлийн соёл ба суурин соёлыг зохицуулах, тэдгээрийн тэнцвэрийг олох, Монголыг монгол хэвээр нь үлдээхийг чармайж Монголын соёл иргэншлийг уусан алга болохоос аварсан” гэж тэмдэглэсэн.
Америкийн нэрт эрдэмтэн Морис Россаби: “Хубилай хааны ололт, амжилтыг үгүйсгэх аргагүй, түүний олж авсан амжилт бүтээл нь түүнд өнө мөнхөд үргэлжлэх алдар цууг авчирсан... Хубилай хаан бол монгол хүнээрээ үлдэж, хэзээ ч төрөлх араншингаа орхиогүй юм” гэжээ.
Хоёрдугаарт: МЭГ байгуулагдсанаар өрнө, дорныг мянга мянган сэжмээр холбож дэлхийн “эдийн засгийн амьдрал”-д хүчирхэг түлхэц үзүүлж чөлөөт худалдааны асар өргөн уудам бүсийг бүрдүүлсэн. Монголчуудын эдийн засгийн гүн ухаан, менежмент нь дэлхий дахинд “арилжаа наймаа хийвэл эвлэрнэ, татгалзвал дайтна”, “нэгдсэн мөнгөн тэмдэгт болон эдийн засгийн давуу эрх”, “чөлөөт худалдааны бүс”, “өртөө улаа ба мэдээ мэдээлэл”, “цэргийн буухиа зам” хэмээх үнэхээр шинэлэг ойлголтуудыг бий болгож хэрэгжүүлсэн.
Чингис хааныг хоёр дахь мянган жилийн манлай хүнээр тодруулахдаа “Вашингтон пост” сонин: “... Үүнийг дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно. Тэд интернет бүтээгдэхээс тэртээ 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон. Чингис хаан хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан...” хэмээн тодорхойлжээ. Мөн цааш нь “Монголчуудаар дамжин Европт хар тахал тархаж, энэ өвчнөөр Европын хүн амын гуравны нэг нь устаж ажиллах хүчний үнэ цэнийг өсгөсөн, энэ нь улмаар феодалын нийгмийн тогтолцооны үндэс суурийг халж, капитализмыг үүсгэн төрүүлэхэд хүргэсэн байна” гэсэн анхаарал татам дүгнэлт хийсэн.
Үүнээс үзэхэд, монголчууд “эх дэлхий - бидний нэгэн гэр орон” гэсэн одоогийн эерэг үзлийн эхийг тавьсан, Европын дундад зуун, хамжлагын харилцаанд хүчирхэг лугшилтыг өгч, үлэмж дэвшлийг тээж ирсэн капиталист харилцаанд шилжих агшинг мэдрүүлж хурдасгаж өгчээ. Солонгосын судлаач, нэрт нийтлэлч Ким Жон Рэ “Мянган жилийн түүхэн хүн” номондоо: “Чингис хаанаас авсан европчуудын цочрол түүхийн хүрдийг эргүүлэх хэмжээний цочрол болсон. ... МЭГ-ний ололт амжилтын үндэс нь “нарийн мэргэжлийн баг бүрдүүлж, цэргийн олон талт стратегийн нээлттэй бодлого явуулж, технологи, мэдээллийн сүлжээгээр ноёлж, улс орноо инженерчилсэн зохион байгуулалтад оруулж чадсан явдал” хэмээн үзэж, энэ нь эдүгээ АНУ дэлхийн эдийн засгийг залан чиглүүлж байгаатай агуулгаараа адил төстэй юм” гэж тэмдэглэжээ.
Нүүдлийн мал аж ахуй нь Монголын Эзэнт Гүрний үед нарийн мэргэшсэн тогтолцоо болон бүрэлдэн хөгжсөн. Бэлчээрийн мал аж ахуйг эрхлэх талаар дэлхийн эдийн засгийн түүхэнд бие даасан өвөрмөц арга ухаан, технологи, соёлыг бий болгосон юм. Монголчуудын бэлчээрийн мал аж ахуй нь өвсний соргог, усны тунгалаг, уулын нөмөр бараадаж, цаг улирлын аясаар нутаг солих “хаваржаа – зуслан – намаржаа – өвөлжөө” гэсэн нүүдлийн амьдралын нэгэн бүхэл бүтэн эргэлтийг буй болгосон. Өөрөөр хэлбэл, “нүүдэллэхүй” хэмээх үйлдвэрлэлийн бие даасан технологийг боловсруулсан” хэмээн зарим судлаачид үзжээ.
Гуравдугаарт: Монголчууд өрнө ба дорнын соёлыг олон янзын шижмээр холбож, өнөөгийн дэлхий дахины соёлын нийтлэг эхийг тавьсан. МЭГ бол Евразийн хувьд “соёлыг түгээгч” байсан ба Өрнөдөд хэвлэх машин, луужин, сампин, дарь зэргийг нэвтрүүлсэн бол Дорно дахинд ган төмөр, шил, паалан, цайран шил зэргийг анх таниулжээ. Мөн Ази, Европын улс түмнүүд улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын өдий төдий мэдлэг, туршлагыг бие биендээ хүртээх боломжийг нээсэн юм.
Монголчууд түүх, утга зохиолын хосгүй гайхамшигт дурсгалт бичиг “Монголын Нууц товчоо”-г бүтээсэн ба Оросын нэрт эрдэмтэн Б.Я.Владимирцов: “Дундад зууны үеийн нэг ч үндэстэн, Монголын адилаар түүхчдийн анхаарлыг татсангүй”, “Нууц товчоо” шиг жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй” хэмээгээд уг бүтээлийг “тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн” гэж үнэлжээ.
XIV зууны эхээр бичигдсэн Рашид Аддины нэрээр алдаршсан “Судрын чуулган”-ыг Оросын дорно дахины их бичгийн хүн В.В.Бартольд “энэхүү гайхамшигт туурвил бол аугаа их түүхийн нэвтэрхий толь бөгөөд ийм дурсгалыг дундад зууны үеийн Ази, Европын нэг ч ард түмэн үлдээгээгүй юм” гэж үнэлсэн байдаг. Эл “Сударын чуулган”-ыг Перс дэх Монголын захирагч Газан хааны удирдлага дор Персийн захирагчийн ордонд сууж байсан Монголын их хааны бие төлөөлөгч Болд чинсаны шууд оролцоотойгоор “Алтан дэвтэр” хэмээх эртний түүхэн сурвалж дээр тулгуурлан туурвижээ. Түүнчлэн монгол эрдэмтэн гүүш нар “Ганжуур”, “Данжуур” хэмээх Энэтхэгийн хөлгөн их судрыг монгол хэлнээ хөрвүүлж, дорно дахинд түгээсэн анхдагчдын нэг юм.
Монголчууд Хубилай хааны зарлигаар 1287 онд XIII зууны дорно дахинд хамгийн том бөгөөд анхны “Улсын хөвгүүдийн сургууль”-ийг байгуулсан юм. Германы нэрт монголч эрдэмтэн Хайсиг “Билгийн далай – Эзэн хааны академи” гэж нэрлэсэн байна. Хубилай хааны ивээл дор Монголын од зүйн мэдлэгээс улбаалж Араб, Хятад, Энэтхэгийн дэвшилтэт аргыг хэрэглэн одон орны судлалыг хөгжүүлж тухайн үеийн дэлхий дахины одон орон судлалаас илүү өндөр түвшинд хүргэж байжээ. Дундад зууны үеийн монгол эрдэмтэн Тогтох Ляо (Кидан гүрэн), Цзин улс (Зүрчидийн алтан улс), Сүн улс (Хятад) зэрэг гурван улсын түүхийг найруулан зохиосон нь дэлхийн түүх судлалын эрдэнэсийн санд зүй ёсоор орж, олон үндэстний хэлээр орчуулагджээ.
Монголчууд дундад зууны үед худам, дөрвөлжин, тод, соёмбо, али гали, вагиндра зэрэг зургаан тооны үсэг бичгийг зохион хэрэглэсэн. Хожим Монголын бичгийн хүн Дашням гүн Засаг ноёныхоо хэлсэн ярьсныг морины давхиан дунд тэмдэглэж чаддаг гаргуун бичээч байсан ба “би муухай бичиж чадахгүй, алдаатай бичиж чадахгүй, удаан бичиж чадахгүй” гэж хэлсэн хууч яриа бий.
Бурханы шашин ИМУ, МЭГ-ний хувьд төрийн шашин болж байсан. “Харьцангуйн онол”-оороо алдаршсан суут эрдэмтэн Эйнштейн: “Бүх шашны дотроос шинжлэх ухааны гэгдэх цорын ганц шашин бол буддизм” хэмээжээ. Монголын 300 гаруй эрдэмтэн лам нар буддын их, бага 10 ухааны салбарт билэг оюунаа сорьж, олон зуун бүтээл туурвисан нь он цагийн уртад ч үнэ цэнээ алдаагүй байна.
Монголчууд шүлэг, дуу хөгжмийн сэтгэлгээнд бусад улс үндэстний урлаг уран сайхны соёлд үл давтагдах шинжтэй ая данг бий болгож ирсэн. Эзэнт гүрний үед эдгээр соёл улам гүнзгийрэн хөгжиж, өрнө, дорнын олон соёлтой найрсан баяжиж, шинэ өнгө аяс, утга агуулгыг илэрхийлэх болсон.
Монгол түмэн иргэний болон төрийн баяр цэнгэл, найр наадам тэмдэглэж үлгэр тууль ярих, тоглож наадах, шүлэглэх, уран үгээр цэц хэлцэх, ая дангийн донж маягийг олж чаддаг нь байгаль дэлхий, нүүдлийн амьдрал ахуйн онцлогоос үүдэлтэй юм. Тухайлбал, ардын уртын дуу нь говь талын зэрэглээ, хөвч хангайн сүрийг хөглөж, монгол хүний тал шигээ уужим талбиун сэтгэлийг илэрхийлдэг. Үүнийг дуурсган амилуулагч нь монгол хүний цээл хоолой, монгол үндэсний хөгжим морин хуурын увидас юм. Монголчуудын хөгжмийн үндсэн сэтгэлгээ нь байгаль – цаг уур, аж төрөх нөхцөлөөс шалтгаалж нутаг нутгийн хөг аялгуутай байдаг нь угсаатан хоорондын ялгагдах онцлогтой холбоотой байдаг.
Монголчууд дундад зууны үеэс Леонардо да Винчи, Х.Рембрантын зургаас үл дутах гайхамшгийг бүтээсэн уран авъяас, билгийн мэлмийтэй ард түмэн. Монголын дүрслэх урлаг Эзэнт гүрний үед Ази, Европын орнуудын урчуудын арга барил, бүтээл туурвилаар баяжин хөгжсөн. Тухайлбал, XVII зууны үед Өндөр гэгээн Занабазарын урласан бүтээлүүдийг өрнө, дорнын соёлт орнууд өндрөөр үнэлэн, дэлхийн хэмжээний соёл урлагийн ховор нандин дурсгалд оруулж, бүртгэн хамгаалж байна. Энэ бол монгол хүний дэлхийн урлагийн эрдэнэсийн санд оруулсан бодит хувь нэмэр юм.
Францын нэрт урлаг судлаач Нийл Бегин: “Занабазар бол Дорно дахины дүрслэх урлагийн аугаа их мастер” хэмээн үнэлжээ. Өндөр гэгээн эрхий хурууны өндөгний хэртэй эрдэнийн чулуун дээр 16 Найдан (бурхан) сийлж, марзан Шарав “Монголын нэг өдөр” зургийг бүтээж, мөн ердийн чихрийн цаасны хэмжээний цаасан дээр 800 зааныг нүд, хумс, тавхайтай нь дүрслэн зурж, монгол хэл бичгийн Шагж их багш “Ногоон дарь эхийн тууж”-ийг мухар сөөм буюу 5-6 см хэмжээний 12 хуудсан дээр багтаан хялгасаар бичсэнийг үеийн үед дамжин өгүүлж, тэдний ухаан чадлыг биширч байдаг.
Чингис хааны үеийн монголчуудын хурд дэлхийн хөгжилд хүчирхэг түлхэц үзүүлснийг дурдахгүй байж болохгүй. Одоогийн интернетийн хурдтай зүйрлэхүйц байсан бөгөөд мөн сэтгэлгээний хурд, далайц, монгол хүний шаламгай байдал, монгол морины хурдыг тухайн үеийн дэлхий дахин гүйцэж чадаагүй юм. Зарим судлаачид “хөгжлийн сурвалжийг XIII-XIV зууны Монголын хурдаас хайх хэрэгтэй” гэж бичиж байна. Ийнхүү монголчууд дундад зууны хүн төрөлхтний төр ёс, эдийн засаг, соёлын хөгжилд баларшгүй ул мөрөө үлдээж, бичиг соёл, эд өлгийн үнэт зүйлсийг тээж ирсэн юм.
Чингис хаан хөвгүүдээ хүчирхэг болгохын тулд эзэнт гүрэн болон цэрэг армийнхаа хэсгээс гэрээслэн үлдээдэг байв. Хубилай хааны үед Чингис хааны ач хөвгүүд газар нутгийг 4 бие даасан хаант улсад хуваан захирчээ. Цагаадайн хаант улс, Хүлэгү хааны захирдаг Ил хаант улс, Бэрх хааны Алтан орд, Хубилай хааны ивээлд орших Юан гүрэн юм. Монголын хаад болон жанжид Ази, Европын дөрөвний хагасыг эзэлсэн хэдий ч морьт армийнхаа багагүй хэсгийг алджээ. Хятад улс Монголын эрхшээлд зуу гаруй жил, харин Орос улс 200 гаруй жилийн турш захирагдсан байдаг. Монголчууд хэрцгий зан авираасаа болж сүйрсэн гэдэг. Монголчуудын эзлэн түрэмгийллийн няцашгүй давуу байдал нь аажмаар суларч Монголын ноёрхолд байсан Евроазид урьд өмнө нь байгаагүй худалдааны болон гадаад харилцааны шинэ боломж арга замууд гэнэт гарч ирсэн билээ.
Чингис хааны дөрвөн хөвгүүнээс хамгийн чадвартай нь Өгөөдэй байсан хэдий ч түүний дүү Тулуй эр зоригоороо ахаасаа илүү байжээ. Өгөөдэй хааны удирдлаган дор монголчууд алс Өрнөдийг туулан, Оросын ихэнх хэсгийг Монголын харъяанд оруулсан юм. Тэрээр хаанчлалынхаа эхний хэдэн жилд Ойрхи Дорнодын мусальманчуудын тусгаар тогтнолыг устгаж, Солонгосыг эрхэндээ оруулж улмаар монголчуудын байлдан дагуулалтын хамгийн чухал хэсэг болох Хятадын умард нутгийг эзлэн авчээ. 1236 онд түүний дайчид умардыг хөндлөн туулж баруун нутгийг чиглэн явахад Өгөөдэй хаан Монголын нийслэл Хархорум хотын үзэсгэлэнт орд харшийг захиран үлджээ. Их хаан нүүдэлчин соёлоо удалгүй суурин иргэншлээр сольсон. Түүний цэргүүд тив алгасан дайтаж байх зуур Өгөөдэй хаан шинэ ордондоо тухлан төрийн хэрэгт анхаарч байсан хэдий ч бор дарсанд оржээ. Түүний ууган ахын хүү, агуу удирдагч Бат Монголын хүчирхэг армийг хөдөлгөн баруун зүгийг чиглэн явж Польш болон Унгарын христ шашинтай ард түмнийг эзлэн авчээ. Өгөөдэй хаан насан эцэслэснээр 1241 онд Веннд цохилт өгч байсан монголчуудын дайралт түр зогссон юм.
Хүчирхэг хоёр бэлэвсэн хатад Өгөөдэй хааны дараа дараагийн хаан ширээг өөрсдийн үр хүүхдүүдээр залгамжлуулахын тулд Гүюгийн хаанчлалаас (1246-1248) өмнө болон хойш бүтэн 8 жилийн турш засаглалыг гартаа авах гэж тэмцсэн юм. Алтан ургийн хаан Гүюг үеэл ах Батын зөвлөснөөр баруун зүгт аян дайн хийхээр мордсон боловч зам зууртаа насан эцэслэжээ. Бат Өгөөдэйн үр удмыг хаан ширээнд суулгахаас татгалзсан тул хаан ширээ Тулуйн үр удамд нээлттэй болж Тулуйн ахмад хөвгүүн Мөнх 1251 онд ор залгажээ. Агуу жанжин, өөрчлөн байгуулагч Мөнх хаан Монголын хаан ширээний төлөөх үймээн самууныг дарсан юм. Түүний удирдлаган дор худалдаа наймаа хөгжин цэцэглэж, бүсгүй хүн толгойдоо алт эрдэнэс дүүрэн чимэглэл зүүж хаант улсын нутгаар эрхэмсэг төгс алхдаг болжээ. Мөнх хаан өөрийн ах Хүлэгүг Азийн баруун зүгт Халифын вант улсад довтлуулахаар илгээжээ. Мөн ах нарын нэг Хубилай нь монгол цэргүүдийг толгойлон Хятадын соёл иргэншлийн сүүлчийн цайз хэрэм болох Өмнөд Сүн улсыг эзлэхээр морджээ. 1259 онд Мөнх хаан өвчний улмаас таалал төгсжээ.
Ил хаант улс: Зүүн Өмнөд Азид хийсэн дайны дараа Хүлэгү Ил хаант улсыг байгуулж, Мөнх хаанд үнэнч хэвээр үлджээ. Тэрээр Марагхад байдаг ордноосоо өөрийн нутаг дэвсгэрээ тэлж Пакистанаас Турк хүртэл ноёрхлоо тогтоосон юм. Хүлэгү хааны ач хүү Газан (1295-1304) Ил хаант улсыг удирдаж байхдаа Хятадын их хаадтай харилцаагаа тасалж байжээ. Түүний дараа залгамжилсан Абу Сайд 1335 онд нас барахад Ил хаант улсын гүнж нар 1353 он хүртэл тус тусдаа тархай бутархай эзэнт улсыг удирдаж байв.
XIII зууны үед Ариун газарт Загалмайтны аян дайнуудыг эхлүүлээд байсан Европын христос шашинтнуудад мусальманчууд заналхийлж эхэлсний хариуд дорно зүгийн христүүд монголчуудтай нэгдэж мусальманчуудын эсрэг босчээ. Монголчууд Европ руу уулгалан довтолж байсан тэр үед Христын ертөнцөд Ариун Ромын эзэнт гүрний хаад болон Ромын пап лам нарын хооронд ширүүн тэмцэл өрнөж байв.
Алтан орд: Волга мөрний эрэг дээрх нийслэл хот Сарайгаас Батийн үе залгамжлагчид хааны өргөөний өнгөөр нэрлэгдсэн Алтан ордны улсыг удирдан захирдаг байлаа. Орос улсын гүнж нар алба гувчуур өргөн барьж Сарай улсад зохих ёсоор үнэлэгдсэний дараа эрх мэдлээ хадгалан үлддэг байжээ. 1440-өөд оноос Алтан ураг задарч 1502 он гэхэд Казан, Астрахан, Кримиа зэрэг хэд хэдэн хаант улс болон хуваагдав. 1783 онд бүрэн бутарсны дараа зөвхөн түрэг буюу татар үндэстэнтэй гэрлэн амьдарч байсан Монголын сүүлчийн иргэдийн цайз хэрмийг Катарина хатан Крымд нэгтгэн барьж байлаа.
Цагаадайн төрт улс: Байгаль нуурын эрэг хавиар нутаглах улсыг Чингис хааны 2 дахь хөвгүүн Цагаадай хаанчилдаг байсан боловч Перс болон Хятадтай харьцуулахад хөгжил буурай байсан учир илүү их хариуцлагатайгаар төрийг удирддаг байлаа. Гэвч монголчуудын зүүн хэсгийн бөө мөргөлтнүүд болон баруун этгээдийн исламын шашинтнуудын хооронд үүссэн дотоодын зөрчил тэмцлийн улмаас тэд хагаран бутарчээ. 1281 онд Аннамын хаан монгол цэргүүдийг өөрийн нутгаар дамжин өнгөрөхийг татгалзсан учир түүний хаант улс нь Зүүн Өмнөд Азийн орнууд руу өдөөсөн монголчуудын аян дайны талбар болж ихээхэн хохирол амсчээ. Гэвч монгол цэргүүд ой ширэнгэ бүхий байгалийн нөхцөлд дасаагүй байсан юм. Өгөөдэй хааны өргөөний нэгэн гишүүн болох Харду нь Цагаадайн хаант төрд нүүдлийн уламжлалт ёс заншилт цайз хэрмийг үндэслэн байгуулжээ.
Их юань гүрэн: Хятадын таамаглалд итгэж буй монголчуудын бодлоор бол өвөөгийнхөө хаан ширээг залгамжилсан Хубилай хаан нь хамгийн агуу хаан байсан ажээ. Юан гүрнийг үндэслэн байгуулагчийн хувьд тэрбээр Хятадын агуу хаадын нэг байсан бөгөөд түүнээс өмнө байсан Барбарианчуудын адилаар хятадын соёл иргэншилд сэтгэл татагдан, энэ улсын үнэнч хамгаалагч болжээ. Хубилай хаан нийслэл Дайду хотоосоо Гранд сувгийг өргөжүүлэх ажлыг удирдаж, өртөөний тогтолцоог хөгжүүлэн, Хятадын ноёрхлыг халж, тэдний урлаг соёл, шинжлэх ухааныг хөхүүлэн дэмжсэн. Түүний энэхүү бахдам ололт нь 370 жилийн турш задарч бутарсан Хятадыг нэгтгэсэн явдал юм.
1235 онд Өгөөдэй хааны эхлүүлсэн өмнөдийн эзэнт гүрнийг байлдан дагуулах их аянд монголчууд 40 гаруй жилийг зарцуулжээ. 1276 онд нийслэл Ханой хот /Хангзой/ Хубилай хааны цэргүүдэд бууж өгсөн ба сүүлчийн эзэн хаан нь 3 жилийн дараа насан эцэслэв.
Хубилай хаан Янцийн хөндийгөөс Дайду хотынхоо шинэ нийслэл хүртэл цагаан будаа тээвэрлэхийн тулд Гранд сувгийг өргөтгөх ажилд 3 сая иргэнийг томилжээ. Мөн худалдааг сайжруулах зорилгоор Дайду хотоос эзэнт гүрний алс зайд орших хотуудыг холбосон шинэ зам тавьжээ.
1270 онд Энэтхэг болон Цейлоны олон жижиг хаант улс болон ванлигууд Хубилай хааны усан флотын жанждын шаардсан алба гувчуурыг төлж, ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүйгээр Монголын эрхшээлд оров.
Хятадыг эзлэх урт удаан байлдан дагуулалтын үед монголчууд Янций голын эрэг дээр усан цэргийн тулаан хийхэд суралцсан боловч энэхүү оролдлого нь үр дүнгээ өгөөгүй юм. Хубилай хааны тэнгисийн флот 1274 болон 1281 онуудад Япон улс руу довтолж байжээ. 1295 онд Монголын мянган хөлөг онгоц Японы эзэн хааныг хүчээр дарж, эрхшээлдээ оруулахаар Хятадыг орхин гарсан боловч халуун чийглэг орны цаг агаар монголчуудад сүйрлийг авчирч асар их хохирол амссанаар эргэж ирсэн юм. Хубилай хаан Зүүн Өмнөд Азийн хаант улс болон Японыг эзлэн түрэмгийлэх бүтэлгүй оролдлогоороо улсын сан хөмрөгөө үрэн таран хийж, цэргүүдийнхээ амийг бүрэлгэсэн юм. Хубилай хааныг 79 насандаа таалал төгссөнөөс хойш түүний үр удам 74 жилийн турш Хятадыг захирсан төдийгүй бусад хаант төр улсыг өөрийн хяналтандаа авсан боловч удалгүй замхран алга болов. Монголчууд Хятадын нутагт хүн хүчээ төвлөрүүлэн төрийг бат бөх барьж байснаар тэдний хүн амд уусч алга болоогүй юм. 1368 онд тариачдын арми асар их хүчээр монголчуудын ноёрхлыг буулган авснаар олонхи нь Монгол нутагтаа эргэн ирсэн юм.
Марко Поло: 1275 онд Хубилай хааны Шанду хотын зуны нийслэлд аав болон авга ахын хамт хүрэлцэн ирсэн Марко Поло хааны гадаад албанд 17 жилийн зүтгэсэн юм. Итгэмжит төлөөлөгчийн хувьд тэрбээр Бурма (Бирм) болон Юннанд айлчилсан байж болохыг саяхан илэрсэн хоёр ч монгол олдвор нотлон харуулжээ. 1292 онд Марко Поло монгол гүнжийг Ил хаант улс дахь Персийн хаантай гэрлүүлэхээр 4 усан онгоц дүүрэн бараа ачиж Хятадаас явжээ. Тэгээд Констанинполь хүртэл хуурай газраар явсаар эцэст нь 1295 онд Венецид иржээ.
Эх сурвалж: