1745 онд Галданцэрэн хаан тахлаар нас барахад дахин хаан ширээний тэмцэл өрнөж Уламбаяр хатан, Цэвээндоржнамжил нарын оролцоотой аллагууд өрнөсөн.
1749 оны өвөл Галданцэрэнгийн шивэгчний хүү Лхамдаржаа гэгч хаан ширээг булаан авсан байдаг. Дөрвөдийн гурван Цэрэн гэгдэх Цэрэн, Цэрэн увш, Цэрэнмөнх нарын олон ноёд Лхамдаржааг дэмжин дагаж байжээ.
Гэвч 1752 оны өвлийн сүүл сарын 27-нд Амарсанаа Лхамдаржааг алаад их Цэрэндондовын омбол Даваачийг хаан суудалд суулгасан. Гэвч 1753 онд дөрвөдийн гурван Цэрэн болон Даш, Сайнбилэг нарын ноёд бага Цэрэндондовын омбол Нэмэхжаргалыг хаан суудалд залж Зүүнгарын улс нь хоёр хаантай болсон. Даваач Нэмэхжаргалтай тулалдаж ялагдаад зугтаж явахад нь Амарсанаа Нэмэхжаргалыг арга хэрэглэн хуурч алаад Даваачид хаан ширээг нь буцааж өгсөн. Даваач өөрийг нь удаа дараа довтолсон дөрвөдүүдэд хариуг нь барьж эхэлмэгц гурван Цэрэнгээр удирдуулсан Дөрвөдийн 3700 өрхийн 17000 гаруй хүн, 300 лам 1753 оны өвөл Эрчис голын саваас Улаан даваа, Үенчээр дамжин зугтаж 19 хоног цасан шуурган дундуур зүтгэсээр Буданч нутагт хүрээд элч илгээн Манжид дагаар оржээ. Манж нар тэднийг түр хугацаанд Заг, Байдрагт нутаглуулан 13000 хониор тусалсан байна.
1754 оноос тэднийг 13 хошуунд хуваан Дөрвөдийн чуулганыг байгуулж Цэрэн нарт хэргэм зэрэг олгон өндөр шан өгчээ. Тэр онд дөрвөдүүдийг буцааж аваачих гэж довтолсон Захчины хөгшин Мамуд Манжид цохиулан олзлогдоод дагаар орсон бол дараа жил нь Ил тарвагатай, Бор талыг өөрт нь өгнө гэж амалсандаа хүрээгүй Даваачтай тангараг тасарсан Амарсанаа хойдуудыг дагуулан ирж Манжид дагаар оржээ.
1755 онд Манж, Халх, Өвөрлөгч нарын нэгдсэн хүчээр өөлд, захчин, дөрвөдүүд Зүүнгарын хаант улсыг довтлон мөхөөсөн. Дайны дараа Дөрвөдийн чуулган Эрчис голын сав руу нүүсэн ч Амарсанаа нарын бослого тэмцлээс дайжин буцаж нүүжээ. Цэрэнгийн гуйснаар тэдний оролцоо гавъяаг үнэлэн Манжийн Тэнгэр тэтгэгч хаан зарлиг гаргаад Улаанхөмд (Улаангом) суурьшуулж нутагшуулсан түүхтэй.
Манжийг эцсээ хүртэл эсэргүүцсэн Ойрадуудын бослого 1758 онд бүрэн дарагдаж тэр үед 650000 хүн амын 450000 нь хядуулж, амьд үлдсэн нь олзлогдож, уул хадаар зугтаан өөр улсуудад дүрвэн гарцгаасан. Зүүнгарын нутаг тийнхүү эзэнгүйрч хоосорсон байхад 1771 онд Ижил мөрнөөс нүүдэллэн ирсэн Увш хааны торгуудуудыг байрлуулсан гэдэг.
Өөрсдийгөө “ойрадууд” гэж нэрлэн “халхууд” гэж хагарал гаргадаг хүмүүс минь нэгэн цагт өвөг дээдэс тань халхуудын хамтаар ойрад түмнээ цус урсган дарж явсан гэдгийг битгий март. Бид нар нэг монголчууд, түүх түүхээрээ л үлдэнэ.