Монгол - Америкийн харилцаа (1900-1925 он)

 

Нийслэл Хүрээний зүүн дэнжийг монголчууд “Американ дэнж” хэмээсэн ба Орос-Америкийн “Стукен и Ко”, “Mongolian Trading Company”, “Andersen, Meyer & Co” компаний салбарууд байрлаж байсантай холбоотой юм. Эдгээр компаниуд Шанхай хотод төлөөлөгчийн газартай Америкийн томоохон монополь синдикатуудтай холбоотой байжээ. Тухайлбал, “Mongolian Trading Co” компани нь “Standard Oil Co” компанитай, “Andersen, Meyer & Co” компани нь Америкийн “General Electric” корпораци,  “International Corporation” хэмээх санхүүгийн томоохон нийгэмлэгтэй түншийн холбоотой байсан гэдэг. Мөн эдгээр компаниуд Тяньжин, Бээжин, Хаалган (Жанчхүү), Кантон, Харбин, Хонконг зэрэг хотуудад салбартай байв. 1915 онд Хаалган, Долоннуур зэрэг нь нээлттэй хот болсноор Монголтой харилцах эрмэлзэлтэй болсон ба үүнийг Богд хаант Монгол Улсын Засгийн газар дэмжиж байсан юм.  

Д.КОЛТМАНЫ ХЭРЭГ: 1916 онд Хаалган хотод “Mongolian Trading Co” компани байгуулагдаж Их Хүрээ – Хаалган хотын хооронд өргөн хүрээтэй жин тээх болсон. Команий захирал Чарльз Д.Колтман (1891 – 1922) эцгийн хамтаар Хятадад ирсэн ба түүний эцэг Роберт Колтман (1862 – 1931) нь Филадельфид Жефферсоны Анагаах ухааны коллеж төгсөж, 1886 оноос Бээжингийн Тунь Вень коллежийн анатомийн профессор, 1898 оноос Бээжингийн Эзэн хааны Их сургуульд мэс заслын профессор, “Standard Oil Co” компаний Тяньжин дахь зөвлөх, Бээжин дэх төлөөлөгчөөр давхар ажиллаж байжээ. Чарльз Колтман Америкийн Байгалийн түүхийн музейн ЭША Р.Ч.Эндрюсийн сайн найз нь байсан гэдэг.

Хүрээ ба Хаалган хотын хооронд банкны гүйлгээ байхгүй байсан учир их хэмжээний цэвэр мөнгөн зооснуудыг машинаар зөөвөрлөх шаардлага гардаг байжээ. 1916 онд Чарльз Колтман Хүрээ рүү 10 мянган америк доллар зөөж байсан бол 1923 он гэхэд Консулын газрын гэрчилгээтэй Америкийн компаниуд 790 мянган америк долларын өртөг бүхий мөнгөн зоосыг Нийслэл Хүрээ рүү зөөвөрлөжээ. Гэвч Хятадын Засгийн газар 1922 оны сүүлчээр цэвэр мөнгөний урсгал дээр хориг тавьсан учир Америкийн худалдаачид хэлэлцээр хийхээр болж, Чарльз Колтман консул Сокобинтой тохиролцсоноор 35 мянган америк доллартай тэнцэх цэвэр мөнгийг дипломатын дархан эрхийг ашиглан Хятадын гаальд шалгуулахгүйгээр авч явах үед гаалийнхан гал нээж Колтман шархдаж, консул Сокобин суманд оногдолгүй өнгөрчээ. Колтман Бээжингийн эмнэлэгт ирээд 1922 оны 12-р сарын 15-нд шархаа даалгүй нас барснаар энэ хэрэг явдал томоохон шуугиан болсон ба Бээжин дэх элчин сайд Я.Шурман Хятадын Засгийн газарт эсэргүүцлийн нот бичиг явуулжээ. АНУ-ын төрийн департмент Хятадын Засгийн газар уучлал гуйж, Боксерын протоколд заасан дагуу хохирлыг барагдуулахгүй тохиолдолд АНУ дараагийн шийдвэртэй алхамыг хийх болно хэмээн мэдэгджээ.  Энэхүү Колтманы хэрэг нь Хүрээ – Хаалганы худалдаанд маш том хохирол учруулсан байна.

ХУДАЛДААНЫ ХЭМЖЭЭ: Дани – Германы еврей гаралтай Вильгелм Мейер (1860 – 1935), И.Андерсен, Адолф Петерсон нар хамтран 1905 оны 3 сард Шанхайд бүртгүүлсэн “Andersen, Meyer & Co” компаний салбараа Нийслэл Хүрээнд байгуулж, төлөөлөгчөөр нь Шведийн христ номлогч, Монгол төрийн гүн Ф.А.Ларсон ажиллахаар болжээ. Тус компани 1916 онд АНУ-д бүртгэгдэж, 1920 онд Нью-Йорк хотод салбараа нээж, 1934 онд “General Electric” корпорацитай нэгдэж АНУ-ын 8 том гигантын нэг болсон ба Вильгелм Мейерийг “China’s Great Dane” хэмээн нэрлэх болжээ. 1919 он хүртэл “Andersen, Meyer & Co” компани 3 сая америк долларын өртөг бүхий ноос, сая ширхэг тарваганы арьсыг АНУ-д экспортолсон байна. Тус пүүсийн Монголтой хийсэн худалдаа 1915 – 1920 оны хооронд эрс өссөн учир АНУ-ын Засгийн газрын анхааралд өртөж АНУ-ын Худалдааны яамнаас Монголын тухай статистик мэдээг 1918 оноос тусад нь гаргах болжээ.

Тяньжинд суугаа АНУ-ын Консулын газар Монголын худалдааны эргэлт, ач холбогдол нэмэгдсээр байгааг тэмдэглэсэн 514 хуудас тайланг 1920 оны 11-р сард гаргасан бөгөөд үүнд “Монголтой худалдааг тухайлан хөгжүүлэх, Монголд гадаад бүтээгдэхүүн борлуулах зах зээл буй болгох талаар тусгайлан арга хэмжээ авах тухай тэмдэглэж, Америкийн зөвхөн нэг пүүс 1919 онд 3 сая долларын хонины арьс Монголоос гаргасныг дурджээ. Монгол – Америкийн шууд ба шууд бус худалдаа 1 сая орчим тэел (Хятадын мөнгөний жин 1 тэел буюу лан = 37.42 грамм = 1.333 унци алт буюу 9.286 мөнгөн зоос) болж байна. Үүнээс Хүрээ, Улиастай дахь шууд хөрөнгө оруулалт буюу газар, барилга, агуулах зэрэгт хагас сая тэел зарцуулсан. Монголд Америкаас цахилгаан машин, автомашин, керосин, шатахуун, лаазалсан хүнс, чихэр, тамхи, гэр ахуйн металл хэрэглэл, хөвөн, сэлбэг зэргийг оруулж байна. Иймд Америктай холбоотой худалдааны бараа товар, хөрөнгийг хамгаалах арга хэмжээг үзэгдэхүйц хэмжээнд авахгүй бол ямар нэгэн гэнэтийн явдал тохиолдоход худалдааны эргэлт буурч тасалдан Япон, Британи улс худалдаанд Америкаас илүү ашиг олно” гэж анхааруулжээ. Мөн Бээжин дэх АНУ-ын худалдааны яамны атташе Ж.Арнольд Хятадын худалдаан дахь Хаалган – Хүрээний чиглэлд ач холбогдол өгөхийг мөн сануулжээ. Тэрбээр 1917 оноос эхлэн Нийслэл Хүрээнд АНУ өөрийн Консулын газрыг яаралтай нээх хэрэгтэй саналыг нэг биш удаа тавьж байжээ. Гэвч түүний дараахан Сюй Шю Чжень, Барон Унгерний өдүүлсэн дайн самууны үед Өрнөдийн пүүсүүд нэлээд хохирол амссан юм.  

Р.Ч.ЭНДРЮСИЙН ЗАХИДАЛ: Мөн АНУ-ын худалдаачдаас гадна шинжлэх ухааны судалгаа шинжилгээнийхэн Монголыг онцгойлон сонирхож эхэлсэн байв. Байгалийн түүхийн музейн “Төв Азийг судлах шинжилгээний анги”-ийн ахлагч, профессор Рой Чепмэн Эндрюс (1884 – 1970) тэргүүтэй судлаачид 1919 оны намар Хүрээнд анх удаа хүрэлцэн иржээ. Тэд нар Хүрээ – Хаалганы хооронд авто хөсгийн үйлчилгээ эрхэлж эхлээд байсан “Mongolian Trading Co” компаний туслалцааг авч иржээ. Зочдын хамтаар Бээжин дэх АНУ-ын цэргийн атташе, хошууч А.М.Гуптил, ЭСЯ-ны нарийн бичгийн даргын туслах, хятад хэлний мэргэжилтэн Эрнест Б.Прайс нар ирсэн байв. Тэд Эрхүү дэх АНУ-ын консултай холбоо тогтоохоор явж байсан тухай, Хүрээн дэх Оросын консул А.Орлов Америкийн судалгааны багийн Хүрээн дэх ажлын төлөвлөгөөний талаар Монголын Засгийн газраас мэдээлэл шаардаж байсныг Эндрюс өөрийн тэмдэглэлдээ бичсэн байна. Шинжилгээний ангийнхныг Ларсон гүн зуучлан Богд хаанд бараалхуулжээ. Богд хаан судлаачдын зорилгыг сонирхон газарч, хэлмарч, унаа хөсөг зэргээр туслах амлалт өгчээ. Богд гэгээн Эндрюсийн автомашиныг ихэд сонирхож байсан учир Ф.А.Ларсон “Модель Т Фордс” загварын машиныг түүнд бэлэг болгон өргөн барьсан гэдэг. Р.Ч.Эндрюс 1921 онд хэвлүүлсэн нийтлэлдээ “Богд гэгээн болон монголчуудын талаар эерэг сэтгэгдэл бичсэнээс гадна АНУ нь Монголд хөрөнгө оруулалт хийх, Монгол нь түүхий эдийн эх булаг болох”-ыг тэмдэглэжээ. Р.Ч.Эндрюсийн анги Монголд 5 удаа ирж судалгаа хийхдээ Монголын говиос 100 сая жилийн өмнөх үед хамаарах эртний үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөг зэрэг олдворыг их хэмжээгээр илрүүлсэн нь тухайн үедээ дэлхий дахинд томоохон шуугиан дэгдээсэн юм.

Р.Ч.Эндрюс Монголын Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн гишүүн, профессор Ж.Цэвээнтэй олон удаа захидлаар харилцсан баримт улсын архивт бий. “... Манай шинжилгээний ангийн тухай тархсан шүүмжлэл Монголын Засгийн газраас гараагүй гэдгийг баттай мэдэж байна. Таны болон танай Засгийн газрын тухайд би туйлын сайхан сэтгэл өвөрлөж явдаг. Би хамаг амалсан бүхнээ биелүүлэх эрмэлзэлтэй байгаа бөгөөд цуглуулга, номыг бэлэн болмогц Хүрээ рүү явуулна гэдгийг амлаж байна...” гэсэн байв. Эндрюсийн шинжилгээний ангийг тагнуул, туршуул гэж шүүмжилж байсанд монголчууд холбогдолгүй, харин Зөвлөлт Орос Улсын явуулж буй ажиллагаа хэмээн ойлгож байсан хэрэг юм. Р.Ч.Эндрюсийн судалгаа – шинжилгээний ангийн ажлыг анхнаас нь Бээжин дэх АНУ-ын элчин сайд, доктор Паул С.Рейнш, Тяньжин дахь Ерөнхий консул Чарльз Д.Тенни, консул С.Ж.Фуллер, Шанхай дахь Ерөнхий консул Е.С.Куннингхем, худалдааны атташе Х.Арнольд нар онцгой анхаарч бүхий л талаар дэмжин тусалж байжээ. Эдгээр консулууд Гадаад Монголын нийслэл Хүрээнд АНУ-ын Консулын газар нээхийн чухлыг Вашингтонд нэг биш удаа уламжилсаар байжээ.

АНХНЫ АЛБАН ЁСНЫ УУЛЗАЛТ: 1915 оны “Хиагтын гурван улсын гэрээ”-гээр Монголын тусгаар тогтнолыг хязгаарлаж Хятадын харъяат бөгөөд Оросын хамгаалал дор автономит улс болгосон боловч Европт дэлхийн I дайн эхэлснээр Хаант Оросын нөлөө Монголд мэдэгдэхүйц буурчээ. Энэ завшааныг хятадууд ашиглахыг санаархсан ээдрээтэй цаг үед Жалханз хутагт Дамдинбазар, Дилав хутагт Жамсранжав нарын нөлөө бүхий ноёд АНУ-ыг түшиглэх санааг гаргаж Богд хааны дэмжлэгийг авчээ. Гэвч Цогт гүн Бадамжав зэрэг зарим ноёд АНУ хол оршдог, Японоос тусламж авах нь дээр гэж үзсэн ч япончууд Солонгосыг эзэлсэн нь тус санааг орхиход хүргэжээ. Жалханз хутагт Ф.А.Ларсонтай уулзах үед “АНУ баян, хүчирхэг, бага буурай улс орнуудыг дэмжин тэтгэх сонирхолтой, хэрвээ АНУ Монголыг дэмжвэл Хятадын Засгийн газар төдийлөн эсэргүүцэж чадахгүй ...” хэмээн ярилцаж байжээ. Ийнхүү 1919 оны өвөл Жалханз хутагт “Andersen, Meyer & Co” компаний машинаар Бээжинд нууцаар ирж АНУ-ын хэргийг түр хамаарагч Чарльз Д.Теннитэй уулзаж Богд хааны захидлыг дамжуулжээ. Захидалд “АНУ-ын Засгийн газрыг Хүрээнд Консулын газраа хурдан нээвэл улс төр, худалдааны хамтын ажиллагаа ихэд хөгжинө. Тус захидлыг Орос, Хятадын Засгийн газраас нууж явуулсан” гэдгийг ч дурджээ. Эл уулзалт нь Монгол – Америкийн харилцааны түүхэнд анхны албан ёсны яриа хэлэлцээ байжээ. 

Түүний дараа 1920 оны 4-р сард АНУ-ын консул Чарльз Х.Эберхардт Нийслэл Хүрээний байдалтай танилцахаар нууцаар ирж нөлөө бүхий ноёд, хутагтуудтай уулзсан нь АНУ-ын дипломат албаны шугамаар Монголд ирсэн анхны түшмэл болсон юм. Тухайн өдрийн шөнө нь Жалханз хутагт, Дилав хутагт нар Гадаад Монголын автономит эрхийг сэргээх шаардлага бүхий агуулгатай бичгийг эхийг боловсруулж Богд хаанаар тамга даруулан Америкийн консулын буудалласан газарт өөрийн биеэр хүргэж өгчээ. Тус бичигт “... АНУ Монголыг өөрийн шууд хамгаалалд авах, Хятадын Засгийн газарт сануулга өгөх, өөр бусад зохимжтой аргаар Монголын асуудалд анхаарал хандуулж одоогийн хүнд байдлаас монголчуудыг ангижруулж өгөх ...” хүсэлтүүдийг бичсэн байна. Тус уулзалт болон бичгийн бүх орчуулгыг Ларсон гүн гүйцэтгэжээ. Мөн Хүрээн дэх “Mongolian Trading Co” компанийг төлөөлөн А.М.Гуптилл, “Andersen, Meyer & Co” компанийг төлөөлөн Ф.А.Ларсон нар өөрсдийн санал, байр суурийг илэрхийлсэн албан захидлыг хамтатган консул Эберхардтад гардуулжээ.

А.М.Гуптилл “... Монголд үйл ажиллагаа явуулж буй тус хоёр компани Хаалганаас ажлаа явуулдаг, саяхан Хиагтад салбараа нээсэн, удахгүй Алтай хотод нээнэ, Монгол дахь АНУ-ын худалдаа жилд 2 сая ам доллараар өсч байна. Монголын газар нутагт АНУ-ын уул уурхайн синдикатууд үйл ажиллагаа явуулах өргөн боломж байна. “Монголор” пүүсийн захирал Барон Фиттингхофф ямар ч дэмжлэг туслалцаагүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Большевикуудын нөлөө орж ирж байна, АНУ-ын Консулын газрыг нээх, “Int’l Banking Corporation” –ын салбарыг Хүрээнд нээх”-ийн чухлыг дурджээ.  Харин Ф.А.Ларсон эдгээр санаануудаас гадна “... Монголын улс төрийн нөхцөл байдал дахь гадаад иргэдийн эрх ашгийг хамгаалах, өсөн нэмэгдэж буй худалдаа, эдийн засгийн байдлыг дэмжин хөгжүүлэх нь чухал ...” байгааг онцлон тэмдэглэжээ. Ч.Эберхардт Монголын талын бичиг захидлыг Вашингтонд яаралтай хүргүүлж, дагалдах тайланг илгээсэн байдаг. Тайландаа “Монголчууд сүлд хийморь, тэмцэх чадвараа алдсан үндэстэн угсаатан огтхон ч биш, тэд ямар ч түрэмгийлэгчийн балмад үйлдлийн эсрэг зэвсэг барин тэмцэх чадвартай, Монголын автономит эрхийг сэргээхийн төлөө Оростой хамтарсны адил бусад улс үндэстэнтэй хоршин ажиллахад бэлэн, монголчуудын баатарлаг зориг, цэцэн мэргэнийг үзэж гайхсан ...” хэмээн тэмдэглэжээ.

Монгол – Америкийн 3 дахь албан ёсны уулзалт 1920 оны зун байсан бөгөөд Жалханз хутагт, Дилав хутагт нар тэргүүлэн олон ноёдууд Бээжин рүү явжээ. Ларсон гүн мөн адил уулзалтанд хэлмэрчээр оролцжээ. АНУ-ын Хятад дахь консулууд Монголын саналыг Засгийн газартаа уламжлахыг амласан байна. Мөн Монголын төлөөлөгчид Хятадын Ерөнхийлөгч, албаны бусад хүмүүстэй уулзсан боловч үр дүнд хүрээгүй байна. Дилав хутагт “төлөөлөгчдийн олонхи нь Хятадын талыг баримтлагчид учраас үр дүнд хүрсэнгүй” хэмээн дүгнэжээ. Энэ үеэр Жалханз хутагт Дамдинбазар XIII Далай ламын бие төлөөлөгчөөр дамжуулан Их Британид захидал явуулж байсан мэдээ бий. Мөн Дилав хутагт “АНУ хэрвээ дэмжлэг үзүүлэхгүй гэвэл ЗОУ-аас тусламж хүсэх санаа бодолтой ноёд буй, үүнийг Богд гэгээн дэмжиж байгаа тухай” дурдсан байдаг.

В.ВИЛЬСОНЫ ТУНХАГ: АНУ-ын ерөнхийлөгч В.Вильсон 1918 оны 1-р сард конгресст “Энхтайваны нөхцөл байдлын тухай 14 зүйл” саналаа илтгэж байжээ. Саналын үндсэн агуулга нь “Олон улсын далай тэнгист хөлөг онгоцнуудын чөлөөтэй зорчих эрхийг хангах, үнэ тарифын саадыг арилгах, чөлөөт худалдааг хөгжүүлэх, зэвсэглэлийг хорогдуулах, колоничлолын асуудлыг алагчлалгүйгээр зохицуулах, Европын орнуудын хил хязгаарыг тодорхой болгох, бага буурай ба их гүрнүүд хоорондын тэгш эрх, улс төрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх” тухай байсан. Энэ үед Европт дэлхийн I дайн Антантын ялалтаар дуусаж, Версальд найрамдлын гэрээ байгуулагдаж, Парист энх тайвны бага хурлууд болсон юм. В.Вильсон “14 зүйл энхтайвны тунхаг” хэмээн нэрлэгдсэн энэхүү санаачилгынхаа төлөө 1919 онд дэлхийн энхтайвны салбарт “Нобелийн шагнал” хүртсэн. Тэрбээр докторын зэрэгтэй АНУ-ын цор ганц ерөнхийлөгч байсан юм. Гэвч томоохон колони эзэмшигч гүрнүүд болох Их Британи, Франц, Япон зэрэг орнууд Парисын бага хурлууд дээр “колонийн асуудал”-ыг авч хэлэлцэхийг хүсэхгүй байсан юм. В.Вильсоны энэ санаачилгын тухай Монголын дээдсийн хүрээнийхэн Ларсон гүнээр дамжуулан сонсож мэдсэн байсан учраас тийнхүү удаа дараалан АНУ-аас дэмжлэг авах тухай шаргуу хүссээр байсан ажээ. Харбинд хэвлэгдэж байсан “Вестник Азий” сэтгүүлд Ерөнхий сайд Т.Намнансүрэнтэй уулзаж ярилцсан дорно дахин судлаач М.Воллосович “Вильсоны саналын дагуу бусдын хараат бус, өөрийн тусгай эрхтэй улс болох хүслээ АНУ-ын талд мэдүүлж, Монголын асуудлыг АНУ-ын Конгрессоор хэлэлцүүлэх талаар Ерөнхий сайд хэлж байсан” тухай бичсэн байжээ.

КОНСУЛЫН ГАЗАР: Консулууд, худалдааны төлөөлөгчид “Монголын улс төрийн одоогийн байдал нь Орос, Хятад, Японы улс төрийн тоглоом болж тун ээдрээтэй байдалд орсон тул Хаалганд Консулын газар нээснээс Хүрээнд нээх нь АНУ-ын эрх ашигт илүү нийцнэ” гэж Вашингтонд илэрхийлцгээж байжээ. Төв Азийн судалгаа шинжилгээний ангийнхан ч тайлан, нийтлэлдээ “Монголыг дэмжсэн дээрх үзэл санал”-ын агуулгууд бичиж байжээ. Бээжин дэх АНУ-ын Худалдааны яамны комиссар А.В.Феррин “Монголчууд америкчуудтай маш элэгсэг найрсаг харьцдаг хэрнээ Орос, Японоос ихэд болгоомжилдог. Хүрээнд АНУ консулын газраа нээвэл энэ гайхамшигт орны ирээдүйн хөгжилд үлэмж их нөлөө үзүүлнэ” хэмээн онцолжээ. Энэ үгийг хожим 2012 онд АНУ-ын Элчин сайд Жонатан Эдлтон “Төрийн департментэд илгээсэн нэн чухал хүчин зүйлийг А.В..Феррин онцлон хэлсэн” хэмээн нийтэлж байжээ.

АНУ-ын Төрийн департментэд энэ асуудал нэг бус удаа ноцтой яригдсан боловч АНУ албан ёсны хариу өгөөгүй нь “Нээлттэй хаалганы бодлого”-ын хүрээнд Хятадын бүрэн бүтэн байдал, газар нутгийн асуудалд байр сууриа үргэлжлүүлж байсныг харуулахаас гадна энэ бүс нутаг дахь Орос, Хятад, Японы ил далд элдэв гэрээ хэлэлцээрт АНУ орооцолдохгүй байх, Монголын хэт алслагдсан байдал, зах зээлийн багтаамж жижиг гэх мэт олон асуудал байснаар тайлбарлагддаг. АНУ консул Ч.Эберхардтын илтгэлийг үндэслэн Хаалган ч бай, Хүрээ ч бай адилхан Хятадын нутаг дотор учраас Азийн төв болон хойд хэсгийн олон улсын байдлыг ажиглах цонх нь Хаалган байж болно гэж үзээд 1920 оны 4-р сарын 17-нд Хаалганд Консулын газар нээж дэд консулаар Пол Ж.Жеймсоныг томилох шийдвэр гаргажээ. Гэвч Төрийн департментын Консулын Товчоо 1920.11.15-нд асуудлыг дахин хэлэлцээд Хятадын зүүн өмнөдийн Шаньтоу хотноо дэд консулаар ажиллаж байсан Самуэл Сокобиныг Хаалганд дэд консулаар томилж, тэрбээр 1921 оны 2-р сард Хятадын ГЯЯ-наас үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл (exequatur) хүлээн авчээ. Эл шийдвэр 2021 оны 4-р сарын 1-нд хэрэгжиж Гадаад Монголыг тусгайлан хариуцсан АНУ-ын анхны суурин Консулын газар албан ёсоор Хаалган хотноо нээгджээ. Гол зорилго нь Монгол-Америк хоорондын худалдаа арилжааг өргөтгөх байсан бөгөөд улс төрийн асуудлыг хойш тавьжээ. АНУ Монголыг Дундад улстай хэл амаа ололцсоны дараа л тусгаар тогтнолын асуудлыг хэлэлцэх бодлого баримталжээ. Японы тал Сокобинд зөвшөөрөл олгохгүй байх талаар Хятадын Засгийн газарт шахалт үзүүлж байсан нь цаагуураа АНУ-ын бодлогыг эсэргүүцэж байсантай холбоотой.

С.СОКОБИНЫ ИЛТГЭЛ:  АНУ-ын Засгийн газар дэд консул Сокобиноос нүдээр харсан илтгэл (eyewitness report) тайлан хүлээж байсан учир тэрбээр Бээжин дэх ЭСЯ, Цэргийн дэд атташе Уоллес С.Филионоос Барон Унгерн, атаман Семёнов, Хятадын цэргийн ухралт, Манжуур дахь Цагаан Оросын талаар 12 багц тагнуулын мэдээлэл авчээ. Харбинаар дайрч Тяньжинд очиж Ерөнхий консул С.Фуллертай уулзан Монголтой худалдаа хийдэг 6 пүүсийн төлөөлөгчидтэй уулзахад “Standard Oil Cо” компаний Хүрээнд лаа, гэрлийн тос, шатахуун борлуулж олсон 30 мянган америк доллар, “Eitington – Schild Co” компаний 85500 ширхэг тарваганы арьс, 11000 хэрэмний арьс Хүрээнд үлдсэн ба пүүсийн төлөөлөгч амь үрэгдсэн тухай, “Andersen Meyer & Co” компани их хэмжээний ноос, ангын үс үлдсэн, “Brenner Brothers” пүүсийн 45 мянган америк долларын үл хөдлөх хөрөнгө, арьс шир, ангын үс зэргээ алдсан тухай тэмдэглэж авчээ. С.Сокобин 5-р сарын 6-нд Харбинд ирж “Mongolian Trading Co” компаний ажилтан С.Х.Маклаухэлмтэй уулзахад 4 сард Хүрээнээс орос бус гадаадынхантай хамт гарч явсан, Барон Унгерний цэргийн эрхтэн америкчууд болон төвийг сахисан гадаадынханд 3 машин гаргаж өгсөн тухай ярьжээ. С.Сокобин эдгээр судалгааг 4 сарын хугацаанд хийж бэлтгэл хангаад Ардын засаг тогтсоны дараа машинаар говь цөлийг хоёр өдөрт туулж Ф.А.Ларсоны хамтаар 1921 оны 8-р сарын 18-нд Нийслэл Хүрээнд анх хүрэлцэн ирсэн байна.  Тэрбээр Ардын Засгийн газрын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн тэргүүн сайд Д.Бодоо, Дотоод хэргийн сайд Да лам Пунцагдорж, Хэмжээт эрхт хаан Богд Жавзундамба хутагт зэрэг өндөр албаны хүмүүстэй уулзсан байна. Д.Бодоо сайд АНУ-ын Гадаад хэргийн Төрийн нарийн бичгийн даргын нэр дээр нот бичиг үйлдэн консул С.Сокобинд гардуулсан ба “... Монголын ард түмэн туйлын гашуун зовлонг туулж одоо нэгэнт Хятадын харгис цэрэг ба Оросын муу хулгай Барон Унгерны зандалчин цэргийн хорлолоос ангижирч, Богд эзнээ хаан ширээнээ эргүүлэн залж, ардын эрхтэй Засгийн газар байгуулан улсын дотоод хэргийг сайжруулан засаж, гадаадтай найрамдахыг эрмэлзэж бүхий элдэв учрыг сая нэгэнт тунхагласан зарласан тул ... Одоо тусгайлан илтгэх нь манай Богд хаан ба Засгийн газартай эртхэнээ гэрээ байгуулан, элчин сайд суулгаж, худалдаа арилжааг улмаар бадруулан хоёр этгээдийн ашиг тусыг хөгжүүлэхийг хүсч байгаа тул эрхэм сайд Та толилж даруй баяртай хариу хүртээх ажааму” гэжээ.  С.Сокобин консул мөн Богд хаанд бараалхсанд АНУ-ын Засгийн газарт тусгай бичиг гардуулахыг дайсан ба “... Богд миний бие хүн амьтан бүхний сайн сайхан, энхтайван, найрамдал нөхөрлөлийг эрхэмлэдэг... АНУ Монголын тусгаар тогтнолыг Хятадын талаар хүлээлгэн зөвшөөрүүлэхэд зуучлан дөхөмийг үзүүлмүү” хэмээн хүсчээ. Эдгээр бүх уулзалтанд Ф.А.Ларсон гүн орчуулагчаар оролцжээ.

Консул С.Сокобин илтгэлдээ “Большевикуудын гол зорилго нь Монголын олон ардыг чөлөөлөхөд байсангүй, харин өөрийгөө Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх, худалдааны харилцааг өргөтгөх, хувьсгалын эсэргүү Цагаан оросуудыг эргүлэн авах тухай Хятадын Засгийн газартай хэлэлцээ хийхэд Монголоор дэнчин тавьж ашиглах явдал байв” гэж Монгол – Оросын харилцааны тухай дүгнэн бичсэн байна. Консул Хүрээнээс эргэн ирж Вашингтон руу илтгэх хуудас явуулсан боловч Монголын талын хүсэлтэнд албан ёсны хариу өгөөгүй ба харин Хятад, Орос, Алс Дорнодын БНУ-тай Монгол улс ямар чиглэлээр хэрхэн харилцаж буй талаар тодорхой мэдээлж байх заавар өгчээ.  Энэ үед Бээжинд шинээр томилогдон ирсэн Элчин сайд Яков Г.Шурман ЭСЯ-ныхаа хүлээн авалтан дээр “АНУ нь Дундад улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг таслан хуваахыг үл хүлээмой” хэмээн мэдэгджээ. Үүнээс үзэхэд Вашингтон шийдвэр гаргахдаа Бээжингээс ирсэн мэдээлэлд илүү тулгуурлаж байсан нь мэдэгддэг.

Б.З.ШУМЯЦКИЙН МЭДЭГДЭЛ: Зөвлөлт Орос Улс консул С.Сокобины Хүрээнд ирсэн ажлын талаар мэдээлэлтэй байсан ба Алс Дорнод дахь Сибирийн аюулгүй байдлыг хангах үүднээс 1920 оны 4-р сард Алс Дорнодын БНУ-ыг байгуулжээ. Тус улсын анхны ГЯЯ-ны сайд Б.З.Шумяцкий дараагийн томилогдсон сайд И.Л.Юринд ажлаа өгөөд 1921 оноос эхлэн ЗОУ-ын Гадаад Хэргийн Ардын Комиссариатын Сибирь ба Монголын асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч, Коментерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрыг удирдахаар болж С.Сокобинтой холбоотой мэдээллийг Москвад дамжуулж байжээ. Тэрбээр 1921 оны 9-р сарын 22-нд Г.В.Чичеринд илгээсэн цахилгаан утсанд “Нийслэл Хүрээнд ирсэн Америк консул Монголын Засгийн газрыг улс орноос нь салгаж хөндийрүүлэх, манай нөлөөг устгах зорилгоор ноёд, лам нарыг нэгтгэн нягтруулахын тулд сар гаруй чармайн ажиллаж байна. Монгол, Хятадын харилцаанд Америк зуучлагч болохын тулд “эдийн засгийн тусламж үзүүлнэ” гэж амлаж байна. Богд гэгээнээр дамжуулан Монголын Засгийн газарт нөлөөлөхийг оролдож байна. Феодал – теократ этгээдээс голлон бүрэлдсэн олон нийтийн зүтгэлтнүүдийн зөвлөгөөн гэгчийг зарлан хуралдуулж, америкчууд түүнд тулгуурлан ажиллахыг хүсч байна” гэжээ. Б.З.Шумяцкий 1921 оны 11-р сарын 2-нд В.И.Ленинд захидал илгээж “Нийслэл Хүрээнд сүүлийн үед америк, япончууд үзэгдэх болж, хөрөнгө мөнгө, бараа товараар далимдуулан Монголд “найрамдал”-ыг тулган хүлээлгэх гэж хичээж байна. Богд гэгээн хүртэл Америк консулын ятгасан үгэнд “төрийн хэргийг манай Засгийн газартай ярилцана уу” гэж бичгээр хариу өгсөн байна. Ардын хувьсгалт нам нь өөрийгөө Коментернийн гишүүн гэж үзээгүй юм гэхэд юу ч атугай “Коментернийн үнэнч нөхөр” гэж үздэг юм” хэмээн мэдэгджээ. Яг үнэндээ С.Сокобины Хүрээн дэх томилолт Шумяцкийн дүгнэсэн шиг зорилготой байгаагүй юм.

Москвад Монгол – Зөвлөлтийн хооронд бие биенээ харилцан хүлээн зөвшөөрөх тухайд нууц хэлэлцээ явагдаж байгаа бөгөөд большевикууд Гадаад Монгол дахь хуучин Оросын бүх өмч, хөрөнгийг өөрийн мэдэлд авах асуудал ярьж байна. Тийм учраас “Монголор” пүүсийг өөрийн улсын “Peking Mongolor Co”-д лизингээр худалдан авахын чухлыг анхааруулжээ. С.Сокобин “Peking Mongolor Co” компаний нэрийн өмнөөс Сангийн яамны удирдлагатай “Монголд алт олборлох концессын шинэ хэлэлцээр” эхлүүлж, үүнд С.Данзан сайд ач холбогдол өгч байсан боловч орос зөвлөх Бутин саад учруулж байжээ.

МОНГОЛЫН МЭДЭГДЭЛ: Америкийн судлаач, дипломатч Алиса Кемпи “Төрийн департмент шуурхай хариу өгч, АНУ-аас Монголын Ардын Засгийн газрыг эртхэн хүлээн зөвшөөрөх боломжийг алдсан” гэж дүгнэсэн. МАН-ын Төв хорооны төв хэвлэл “Уриа” сонины 1922 оны 11-15 дугааруудад “Монгол – Америк хоёр улсын тухай” нэртэй томоохон нийтлэл цувралаар гарсан бөгөөд түүнд “... Америк улс шударга, манай улсаас алслан орших тул биднийг яавч эзэрхийлэхгүй гэж таамаглан ярилцаа хэлэлцээ үүсгэхийг хичээсэн нь үнэн хэрэгтээ ноцтой төөрөгдөл байжээ. Хүчирхэг, эзэрхэг улсууд бага буурай улсын хүнд хэцүү байдлыг ухварлаж тусалж дэмжиж байсан удаагүй. Монгол оронд хамгийн хүнд үе тохиолдоход Монголын зүтгэлтнүүд тусламж гуйж энэ орны төлөөлөгчдөд хандсан боловч ямар ч дэмжлэг үзүүлээгүйгээр үл барам хариу өгөөгүй ... 1921 оны эцсээр Вашингтоны хурал дээр Монгол, Манж газрын баялаг, уурхай болон ашиг хөрөнгийн зүйлийг олон гүрнээр эрхлүүлэн зохицуулбал зохино гэж заасан явдал үүнийг давхар гэрчлэв. Америкийн түрэмгий бодлогыг энд тайлбарласан явдал нь энэ том улстай ямар ч харилцаа тогтоохгүй гэсэн хэрэг биш бөгөөд Америк улс Монголын талаар хоцрогдсон үзэл бодлоо өөрчлөх юм бол ердийн харилцаа тогтоож болох байна. Ийм ч учраас Америкийн консулыг Нийслэл Хүрээнд ирэхийг зөвшөөрч хүлээн авсан...” хэмээн өгүүлжээ. С.Сокобин 1922 оны 1, 2-р сард Вашингтоны заавар ёсоор дахин Нийслэл Хүрээнд ирж судалгааны ажлаа Ларсонгүйгээр үргэлжлүүлж Ардын Засгийн газрын өмнө нь уулзаж байсан удирдлагуудтай дахин уулзаж тэдний байдлыг тандан мэдэх, большевик Оросын ивээл дор Монголын Засгийн газрын гадаад, дотоод бодлогын чиг хандлага, Монгол дахь Оросын нөлөө хэр байгааг мэдэх зорилготой байжээ. Америк консул Төрийн департментэд уламжлахдаа “Оросын нөлөө Монголд улам лавширсан, тэдний дэмжлэгийг авсан залуу хувьсгалчид Богд гэгээн, хутагт, ноёдтойгоо тулж Ерөнхий сайд Д.Бодоо, Дотоод яамны сайд Да лам Пунцагдорж нарыг огцруулж, засгийн эрхийг өөрсдийн гартаа оруулжээ. ЗОУ Монголыг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн боловч өөрийгөө Хятадаар зөвшөөрүүлэхийн тулд өөрийн цэргийг Монголоос татан гаргаж Монголыг Хятадад эргүүлэн өгөх тухай хоёр нүүрт бодлого явуулж байна” гэжээ.

БОЛЬШЕВИКУУДЫН ГАРТ: С.Сокобин 1922 оны 5 сард “Mongolian trading Co” компаний Хүрээн дэх салбарын төлөөлөгч Роберт Н.Уилльямсийн хүсэлтээр 3 дахь удаагаа Монголд ирсэн ба түүнчлэн Цагаан ордны удирдлага, үйлдвэр худалдааны хүрээнийхэн уул уурхай, худалдааны талаар мэдээлэл авахыг хүссэн байжээ.  “Mongolian trading Co” компаний нэгэн чех ажилтанг Бээжинд ажлаар очоод байхад нь улс төрийн хэрэгт холбогдуулсан учир Монголд буцаж ирэхээс татгалзсан байна. Үүнтэй холбогдуулан Монголын тал Н.Уилльямсийг тэр хэрэгт барьцаалан хорьжээ. Америк консул өөрийн иргэний эрх ашгийг хамгаалах зорилгоор 2 долоо хоногийн турш Цэргийн яамны сайд Д.Сүхбаатартай 3 удаа уулзсан боловч суллуулж чадаагүй ажээ. С.Сокобин үүнийг большевикуудын явуулга гэж үзээд Хаалган руу буцжээ.

С.Сокобин 1922 оны 7-р сард Нийслэл Хүрээнд 4 дэх удаагаа ирэхэд Монголын хувьсгалчдын дотор зөрчилдөөн гарч 13 өндөр албан тушаалтныг аль хэдийнэ “хувьсгалын эсэргүү хэрэг”-т буруутган цаазалсан байжээ. ЗОУ-ын талыг баримталсан залуу хувьсгалчид хуучин цагийн сурвалжит язгууртан, хутагт нарын Дундад улстай зөвшилцөн тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх гэсэн үзэл санааг нь ЗОУ-ын эсрэг явуулга, хувьсгалын эсэргүү гэж үзэж хэлмэгдүүлсэн байв.

С.Сокобин 1922 оны намар 5 дахь удаагаа Нийслэл Хүрээнд ирэхэд нь түүнийг “хувьсгалын эсэргүү” нартай хуйвалдан сүлбэлдсэн хэмээн хардаж энэ тухай өөрсдийн төв хэвлэлүүдээр буруутган бичиж улмаар “итгэж үл болох этгээд” хэмээн үзэж, түүнийг дахин Хүрээнд ирвэл аюулгүй байдлыг нь хангаж чадахгүй гээд ер нь АНУ-аас ирсэн ямар ч хүнд итгэж болохгүй гэж албан ёсоор зарлажээ. Энэ нь мөн ЗОУ-ын большевикуудын ээлжит явуулга байсан бөгөөд Вашингтоноос 1922 оны 12-р сарын 4-нд С.Сокобинд ирсэн мэдэгдэлд “Монгол улс большевикуудын хяналтанд орчихсон бол дахин тийшээ явахгүй байх, Хаалган хотоос ажиглалтаа үргэлжлүүлэх”-ийг анхааруулжээ.

С.Сокобин 1923 онд Америкт илгээсэн илтгэлдээ Цэргийн яамны сайд Д.Сүхбаатар хэрхэн таалал төгссөн тухай бичээд түүнийг Монголын большевикуудын дотроос хамгийн гарамгай нь бөгөөд маш эрч хүчтэй нь байсан, тэр ямар ч боловсролгүй, харин их үндэсний үзэлтэй, Хятадыг таалдаггүй нэгэн байсан гэж мэдээлжээ.

1923 оны 7-р сард Бээжин дэх АНУ-ын ЭСЯ-ны Цэргийн атташе, дэслэгч хурандаа Жозеф Бернард (1877-1945), туслах, хятад хэлний мэргэжилтэн, ахмад В.Вудбриж нар ан ав хийхээр Нийслэл Хүрээнд 2 долоо хоногийн хугацаагаар Р.Ч.Эндрюсийн хамтаар иржээ. Тэд нар С.Сокобинд мэдээлэхдээ “Засгийн газар нь ерөнхийдөө улс орноо удирдаж буй нэртэй боловч Оросын консул Любарский гол шийдвэр гаргагч юм байна. Тэр консул Нийслэлд сайн зэвсэглэсэн, дэг журамтай цэргээр хамгаалуулдаг. Энэ жил сар гаруйн хугацаанд Хүрээ хийдийн 50 гаруй лам нар баривчлагдсан байна. Жалханз хутагт Дамдинбазар нас барсан, Богд хаан өөрөө олон лам нарыг халсан. Хятадуудыг ч нутагт нь буцаасан” гэж хэлсэн ажээ.

1924 оны эхээр консул С.Сокобин удирдлагадаа хоёр ч удаа дэлгэрэнгүй мэдээлэл илгээхдээ “Монголын Засгийн газар тоглоомын шинжтэй болж байгаа учир нь залуу хувьсгалчдын тусгаар тогтнолын тухай мөрөөдлийг нь хөөргөдөж, Монголын Засгийн газрын жинхэнэ бодлого, чухал хэргүүдийг орос зөвлөхүүд, Оросын консул чиглүүлэн залж байна. Хятадын Засгийн газар Монголд нөлөөгөө эргэн сэргээж чадахгүй, учир нь Монголын цэрэг цөөн боловч Оросын тусламжгүйгээр Хятадын ямар ч түрэлтийг няцааж чадахаар болсон. Хятадууд Оростой тусгай хэлэлцээр хийж Монголын тухай тохиролцохоос өөр арга байхгүй. Харин Оросын хувьд Хятадтай харилцах харилцаагаа Монголтой харилцахаас илүүд үздэг тул Оросууд ч мөн нэгэн адил хэлэлцээр хийхээс буцахгүй байх” гэж бичиж байжээ.  

Эмхэтгэсэн Ч.Буянбадрах