Франс Август Ларсон: ... Нэгэн удаа би сайхан хурдан морь унаад Монголын талаар давхиж явтал бөгтийгөөд аргал түүж яваа нэг ядарсан өрөвдмөөр эмгэнтэй тааралдсан. Эмгэн намайг харангуутаа нуруугаа тэгшлэн хатан лугаа сүрлэг ихэмсэг харцаар над руу харж “За харь нутгийн хүү хаанаас хаа хүрч явна даа. Аль нутгийн хүү вэ. Аян замдаа сайн явж байна уу” гэж мэндчиллээ. Зорьсон газар, төрсөн нутгаа хэлээд амар мэндийг нь асуухад, “Монгол нутагт төрөх аз чамд дутсан ч амьд яваа насандаа энэ нутгийн хөрс шороон дээр хөлөө тавих завшааныг бурхан чамд заяажээ” гэж хэлсэн юм. Энэ бол Монгол хүн эх орноороо ихэд бахархдаг жишээ юм ... хэмээн Шведийн иргэн Франс Август Ларсон “өөрийн дурсамж тэмдэглэл”-дээ бичсэн байдаг.
Тэрбээр эгэл харц ард, чинээлэг язгууртнууд, баян худалдаачид, төрийн сайд түшмэд, хутагт хувилгаад, гадаадын элчин консул, YIII Богд хаан, Хятадын ерөнхийлөгч зэрэг олон хүнтэй харилцаж, заримтай нь дотно нөхөрлөж явсан түүхтэй Монгол төрийн ГҮН цолтон юм.
БАГА, ЗАЛУУ НАС: Ф.А.Ларсон хэмээх түүхэн хүн Шведийн Вестмэнланд мужийн Тильберга дүүрэг дэх Хэллби эдлэнд жижиг газар түрээслэн амь зуудаг ядуу тарчиг айлын 11 дэх буюу отгон хүүхэд болж 1870 оны 4-р сарын 2-нд төржээ. 3 настайдаа эцгээсээ, 9 настайдаа эхээсээ хагацаж, 17 нас хүртэл газрын эзний туслах, цэцэрлэгч, малчин, адуу маллагч гэх мэт эдлэнгийн элдэв хар бор ажлыг хийж байгаад Стокгольм хот руу явж уран барилгачны ажил хийж байхдаа “Шведийн шашин дэлгэрүүлэгчийн газар”-т очдог байжээ. Улмаар Америкийн “Христийн нийгэмлэг”-т ажилласнаар хорвоо ертөнцтэй танилцах өвөрмөц амьдралын зам нь нээгдэж 23-хан настайдаа Хойд Хятад, Гадаад Монголд хөл тавих санамсаргүй боломжтой учирчээ. Ларсоны хувьд Монгол дахь анхны христ номлогчдын нэг байсан бөгөөд Ази руу явахын өмнө библийн зургаан 7 хоногийн тусгай курст суралцсан байжээ. 1893 онд Тянжин боомтод далайгаар ирж Шанхай, Бээжингээр дамжин Баотоу хүртэл явганаар аялж хүрсэн гэдэг. Мөн тэр жилдээ буюу 1893 онд Их Хүрээнд хөл тавьсан ба амьдралынхаа 46 жилийг Монгол болон Хойд Хятадад өнгөрүүлсэн юм. Бээжинд байхдаа “Британи болон хилийн чанад дахь библийн нийгэмлэг”-ийн салбарыг байгуулах санаачилга гаргаж , улмаар тэр нийгэмлэгт 12 жил ажиллажээ.
БИБЛИЙН НОМЛОГЧ: Ф.А.Ларсон Өвөр Монголын Ордосын Баотоу хошууны Дэмчигноров ван (Ордосын хунтайж Дэ ван)-гийнд амьдарч монгол хэл заалгаж байгаад 1893 онд Өргөө хотод иржээ. Өргөө хотод жил орчим амьдраад Өвөр Монголд буцаж Хаалган (Жанчхүү) хотод суурьшсан байна. 1897 онд Нью-Йоркоос ирсэн христийн номлогч Мари Рожерстай гэр бүл болж, Хаалган хотод орон гэрээ төвхнүүлжээ. Эхнэрийн хамтаар 12 жилийн турш библийн судрыг монголчуудад тарааж, “Швед-англи-монгол” хэлний толь бичиг хүртэл зохиож байжээ. Хятад дахь “Библийн нийгэмлэг”-ийн төлөөлөгч гэгээн Бондфиелдтэй уулзаж Монголд төлөөлөгчийн газар нээхийг санал болгосноор Лондонгоос нээх зөвшөөрөл ирж, 1902 онд эхнэрийн хамтаар 10 тэмээнд шашны номоо ачиж, уналгын морьд, 4 монгол жинчний хамтаар замд таарсан малчдад тараасаар бүтэн 12 жилийг өнгөрүүлсэн байдаг. Ийнхүү библи тарааж явахдаа Монголын ихэс дээдэстэй танилцаж Чин ван Ханддорж, ГЯЯ-ны сайд Б.Цэрэндорж, YIII Богд Жавзундамба хутагттай ойр дотно харилцаатай болж Монголын ард түмний ёс заншлаас багагүй суралцжээ.
ЗӨВЛӨХ, БИЕ ТӨЛӨӨЛӨГЧ: 1894 онд Богд гэгээнд бараалхаж, дотно итгэлт анд нь болж олон бэлэг сэлт хүртэж байсан гэдэг. Монгол орны улс төрийн тайван байдалд ямар нэгэн бэрхшээл, үл ойлголцох байдал тохиолдоход Богд хаан өөрийн бие төлөөлөгчөөр Ларсонг Бээжинд илгээдэг байсан. 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараа Хятадын ерөнхийлөгч Ян Шикайгийн хүсэлтээр “Монголын асуудлыг хариуцсан зөвлөх”-өөр томилогдон Бээжинд очиж суусан. Хэд хэдэн удаа Богд хааны бие төлөөлөгч болж Хятадтай хурцадсан асуудлуудыг аль болох Монголын талд шийдвэрлүүлэхэд хүчин зүтгэж, Ар Монголын тусгаар улсын асуудал, Өвөр Монголын хил орчмын мөргөлдөөнийг эвээр зохицуулах гэж оролдсон ч амжилт олоогүй юм. Хятадын ерөнхийлөгч Монголтой холбогдсон асуудалд үгийг нь үл тоомсорлодог байсан тул “хоосон нэр зүүж суух шаардлагагүй” гэж үзээд “үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх” хүсэлт гаргахад Ян Шикай ерөнхийлөгч 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний 36 мянган ам доллараар урамшуулсан гэдэг. Монгол Хятадын хоорондох хурцадмал байдлыг намжаахын төлөө чармайн зүтгэсэн учраас Монголын талаас Богд хааны зарлигаар 1919 оны 12-р сарын 30-нд “Гүн” цол олгож, “Эрдэнийн очир” одонгоор шагнажээ. Тэр цагаас эхлэн “Ла гүн” хэмээн алдаршиж, монголчуудын хүндэтгэлийг улам ихээр хүлээх болсон гэдэг.
АЛБАН ЁСНЫ ОРЧУУЛАГЧ: Ларсон гүн монгол, хятад, англи хэлийг сайтар сурсан байсан учраас Хаалган болон Бээжинд ажиллаж байсан Америкийн албаны хүмүүсийг Монголд ирж Засгийн газрын түшмэдтэй уулзаж ярилцахад нь орчуулга хийдэг байжээ. Монголын тусгаар улс байх улс төрийн байр суурь, Монголд Америкийн консулын газар болон худалдааны төлөөлөгчийн газруудыг нээх тухай асуудал, эрдэмтэн судлаачдын албан уулзалтууд, Монгол-Орос-Хятадтай холбоотой төр, засгийн хэмжээний олон нууц хэлэлцээрүүдийн үндсэн орчуулагчаар ажиллажээ. 1919 оны 11-р сард Монголын автономит статусын асуудлаар Хятадтай яриа хэлэлцээр хийхээр Бээжинд очсон Жалханз хутагт АНУ-ын хэргийг түр хамаарагч Теннитэй нууц уулзалт хийхэд нь Ларсон хэлмэрчээр ажилласан. Энэ нь Монгол-Америкийн төр засгийн хэмжээний анхны уулзалт байсан гэж үздэг. Мөн Монголын Засгийн газар болон АНУ-ын тусгай үүрэг гүйцэтгэгч консул Эберхарт нар Их Хүрээнд Монголын худалдааны хэлэлцээрийг хийхэд зөвлөхөөр ажилласан байна.
ХУДАЛДААЧИН: Жинчдийн худалдааны гол уулзвар болсон Хаалган (Жанчхүү хот) хотод зорчин явах европчууд, америкчуудтай байнга уулзаж мэдээлэл солилцож байсан бөгөөд Шведийн судлаач Свен Хедин, Герберт Гувер нартай таарч танилцжээ. Хаалган хотноо “уралдааны морь үржүүлгийн газар” байгуулж Бээжин, Шанхай, Тяньжины морин тойруулгад нийлүүлж, 1917 онд Америк – Данийн хамтарсан “Andersen, Meyer & Co” компаний хувьцаа эзэмшигч, менежерээр ажиллаж 1919 онд 3 сая америк долларын ноос, тарваганы арьс экспортолж, Америкаас цахилгаан машин, автомашин, керосин, шатахуун, лаазалсан хүнс, чихэр, тамхи, гэр ахуйн металл хэрэглэл, хөвөн, сэлбэг зэргийг оруулж ирдэг байв. Ларсон гүн 1923 онд Их Хүрээ болон Хаалган хотод салбартай “Ларсон энд Ко” нэрийн хувийн компани байгуулж Монгол-Орос-Хятад гурван улс дамнасан арьс шир, ноос ноолуур, агт морь, хөсөг ачлаганы худалдаачин хийжээ. Мөн Богд хаанд “Т” загварын форд машинтай болоход нь тусалсан гэдэг.
ХЭЛМЭРЧ: Бээжин дэх Английн консул У.Кемпбэллийн 1902 онд санаачилсан судалгааны экспедициийн аялал, 1923 онд Америкийн судлаач Р.Ч.Эндрюсийн судалгааны баг, 1927 онд Свен Хедин ба Ларсоны хамтарсан томоохон экспедицийн аялалд зөвлөгч, газарч, хэлмэрч, ачаа хөсөг, уналгын морь, тэмээ, хоол хүнсний хангамж зэргийг хариуцан ажилласан байдаг. 300 хүртэл тэмээ, 26 майхан, 65 хүний хоол хүнс гэх мэт нэлээд томоохон бэлтгэл ажлуудыг хангаж байжээ. Р.Ч.Эндрюсийн судалгааны баг Монголд судалгаа хийх зөвшөөрөлтэй холбоотой Засгийн газрын түвшний харилцаанд зуучлагчаар оролцож албан ёсоор Монголын төрөөс зөвшөөрөл авч байжээ. Мөн Ларсон гүн Нью-Йоркийн “Байгалийн түүхийн музей”-н хүндэт гишүүнээр 1923.11.23-нд сонгогджээ.
Тэрбээр Норвеги, Дани, Британи, Финлянд, АНУ, Орос, Сибирь, Манжуур, Япон орноор нэг бус удаа галт тэрэг, далайн тээврээр зорчсон бол Соёоны уулсаас Өргөө хүртэл, Хиагтаас Өргөө хүртэл, Өргөөгөөс Хаалган хүртэл, говиос баруун тийш ихэвчлэн морь, тэмээ, мөн машинаар олон удаа аялсан гэдэг. Мөн Ларсон гүн Монгол, Орос, Хятад дахь хувьсгал, үймээн самуун, япончуудын түрэмгийллийн үед шахагдаж хавчигдсан олон гадаад, дотоод иргэдэд тусалж, амь насыг нь аврахын тулд яриа тохиролцоо хийж явсан хүнлэг нэгэн эрхэм байжээ.
НУТАГ БУЦСАН НЬ: Япончууд 1939 онд Хятадыг түрэмгийлснээр Ларсон гүн байгуулсан бүхнээ орхиход хүрч, Америкт буй эхнэр дээрээ ирж, улмаар Швед эх орондоо “булганы аж ахуй” эрхэлжээ. Дэлхийн II дайн эхэлснээр аж ахуй нь явуургүй болсноор Америк руу буцсан. Эхнэр нь 1950 онд нас барсан учраас өөрийн төрөлх эх орон Шведдээ эргэн ирж Монгол, Хятадад өнгөрүүлсэн 46 жилийн амьдралын дурсамжаа бичиж ном болгон хэвлүүлсэн. Ларсон гүний гүйцэтгэсэн үүргийг үнэлж Шведийн хаанаас Васагийн хүндэт одонгоор мөн шагнажээ. Ф.А.Ларсон 1957 онд 87 насандаа таалал төгссөн юм.
Ф.А.Ларсон гүн Монголын тухай хэд хэдэн ном бичсэн бөгөөд анхны ном нь “Монгол ба монголчуудын дундах миний амьдрал” нэрээр 1929 онд хэвлэгдсэн бөгөөд олон хэл дээр орчуулагдан улмаар Туркийн сургуулиудад хүртэл сурах бичиг болон хэрэглэгджээ. Хожим зээ хүү Роберт Симзмэн, зээ охин Барбараа Симзмэн нар өвөөгийнхөө 46 жилийн амьдралтай холбоотой Монгол оронд Д.Ариунаа захиралтай “Бүүжим экспедишн” аяллын компаниар дамжин ирж 2007.07.18-30-нд Ларсон гүний амьдралд холбогдох түүхэн газруудаар аялжээ.
Ф.А.Ларсон гүн болон түүнтэй харилцаатай байсан бүхий л хүмүүсийн захидал тэмдэглэлээс үзэхэд Ларсон гүн монголчуудад маш элэгтэй, тэднийг үнэлж хүндэлдэг, тухайн үеийн америкчууд Монгол улс болон монголчуудын талаархи дүгнэлт, сэтгэгдэл нэлээд эерэг хандлагатай байсан нь нотлогддог.
Ф.А.ЛАРСОН ГҮНИЙ ӨӨРИЙН ДУРСАМЖ ТЭМДЭГЛЭЛДЭЭ БИЧСЭН ЯРИАНААС СИЙРҮҮЛЭХЭД, ...“Библийн нийгэмлэг” 1900 оны Хятадын Цинхайн хувьсгалын үймээнээр сүйдэж, шашны номлогч Америк, Шведийн харъяат 23 иргэнийг Хятадаас яаралтай оргуулж говийг гатлан монгол нөхдийн тусламжтайгаар Сибирьт хүргэж үхлийн аюулаас аварсан. Тэндээс гэр орон руугаа буцах зардалгүй байсан тул хилийн ойролцоох Хиагт хотоос 100 бээрийн зайтай Ерөө голын хөвөөнд нээгдсэн алтны шинэ уурхайд хэлмэрч хийх, байшин барих, зам засах зэрэг төрөл бүрийн ажил хийж, өдөр бүр мориор ажилдаа очдог байв. Алтны судалтай шороог усаар зайлж алттай элсийг тунгаан зууханд хайлуулан гулдмай цутгана. Тэрхүү алтан гулдмайг сард 2 удаа чаргаар зөөж Хиагтын банкинд тушаагаад уурхайдаа буцаж ирдэг байв. Алт зөөж явсан болохоор маш сонор сэрэмжтэй, үргэлж буу хэрэглэх бэлэн байдалтай явдаг байсан. Ийнхүү 4 сар зогсоо зайгүй ажилласны эцэст гэр бүлийн хамт 3-р зэргийн суудлаар Сибирээр дамжин Орос, Финлянд, Швед улмаар АНУ-ын Нью-Йорк мужийн Албани дүүрэгт хүрэх замын зардалтай болсон.
Хэдэн сарын дараа найз Арнольдоос 200 доллар зээлж Монгол руу явахыг хүсэхэд найз нь мөнгөнд санаа зоволгүйгээр Монголоос сонин хачин зүйл олбол явуулж байгаарай хэмээн захисан. Жилийн дараа Монголын сурвалжит язгууртан ламын эдэлж байсан эртний сийлбэрийг түүхэн тайлбарынх нь хамтаар илгээсэнд Арнольд “үүнээс илүү яаж баярлах билээ” гэсэн хариу ирүүлсэн ба Арнольдыг нас барсны дараа гэрийнхэн нь тэрхүү сийлбэрийг Нью-Йорк хотын музейд бэлэглэсэн байсан.
Арнольдоос зээлсэн мөнгөний ачаар жилийн дараа Хиагтад буцаж ирээд алтны уурхайн эзэн Вон Гроттой уулзаж ажил асуухад эсрэгээрээ хийх ажил хүлээж байсан юм. Их Хүрээнээс Хаалган, улмаар Бээжин хүртэл төмөр зам барихаар ирсэн Оливекрон, Лагерхольм хэмээх хоёр швед инженерт хэлмэрчээр ажилласан. Хоёр инженерийн хамт тэмээн жингээр явж төмөр зам барих ажилд оролцохоор байв. Гэвч Орос Япон хоёр дайтахаар бэлтгэж эхэлсэнтэй холбоотойгоор энэ ажил бүтэлгүйтэж зогссон тул Британи дахь шашны нийгэмлэгийн төлөөлөгчөөр Монголд ажиллахаар болсон.
Бээжинд "Монголын асуудал хариуцсан зөвлөх"-өөр ажиллаж эхэлсэн даруйд тэнд улс төрийн зөвлөхөөр ажилладаг доктор Моррисонтой зөвлөлдөж Бээжин дэх Хятадын Засгийн газарт Монголд болон хил орчмын нутгаар арилжаа наймаа хийх 7 зах байгуулах, тухайлбал Манжуурт 3, Өргөө, Улиастай, Хаалган, Саяанд нэг нэг зах байгуулах тухай санал гаргасан. Хятадын тал Манжуурт 1, бусад газруудад нэжгээд зах байгуулахыг зөвшөөрч зах нээгдсэнээр монголчуудын гар дээр эргэлдэх бэлэн мөнгө өмнөхөөс хамаагүй дээрдэж эхэлсэн. Үүнд Оросын тал ихэд дургүй байсан бөгөөд энэ үйл ажиллагааг зогсоохыг Хятадын Засгийн газарт шаардсанаар Бээжин дэх ажлаасаа халагдахаас өөр аргагүй болсон. Хятадын ерөнхийлөгч “Чин Хо” шагнал олгоод 36 мянган долларыг шагналд дагалдуулсан юм.
1917 онд Америк – Данийн худалдааны газрын “Андерсон Мэйерс ба түншүүд” компанийг Монголд төлөөлөн ажиллах менежер болж хувь эзэмшигч болсон. 1923 онд Хаалган болон Их Хүрээнд салбартай “Ф.А.Ларсон энд Ко” нэртэй хувийн компаниа байгуулж Бээжин, Шанхай, Тянжины морин тойруулганд зориулж уралдааны морь үржүүлж эхэлсэн. “Өртөөний алба” татан буугдахад Их Хүрээнээс говиор дамжуулан оросуудын ачаа барааг тээдэг нэгэн монгол лам надад 300 адуугаа худалдаж авахыг санал болгосон. Хэсэг хугацааны дараа нөгөөх монгол ламын хүссэнээр дахин 200 адууг нэг дор худалдан авсан. Монголчууд надад ихэд итгэдэг байсан учраас үнэтэй цайтай зүйлээ хадгалуулах, дээрэмчдээс зугтаж хамгаалуулах, хүүхдээ хүртэл даатгаж үлдээх, ийш тийш хүргүүлэх зэргээр ойр дотно харилцдаг байсан билээ.
1924 оны өвөл Шведийн нэрт тойрон аялагч Свен Хэдин Бээжинд хүрэлцэн ирсэн юм. Түүний хэлмэрч болж машинаар Монголын говийг туулж Өргөө хүрээд цааш Байгаль нуурын ойролцоох Верхниудинск өртөөнөөс галт тэргэнд суулгахаар болж аян замд гарсан. Замд явах зуурт томоохон “судалгааны экспедицийн аялал” хийх төслийн санааг ярилцаж тохирсон билээ. 1927 онд Свен Хедин ба Ларсоны хамтарсан томоохон экспедиц АНУ-ын Бендикс хэмээх чинээлэг баяны ивээн тэтгэснээр бэлтгэл хангагдсан бөгөөд 300 тэмээ, 26 майхан, багийн гишүүд болох 65 хүний бүтэн жилийн хоол хүнсийг хангах ажлыг зохион байгуулжээ.
Бээжин дэх Английн консул У.Кемпбэллийн санаачилсан экспедиц Ларсоны удирдлага дор 1902 онд судалгааны аялал хийсэн бол 1923 онд АНУ-ын судлаач Р.Ч.Эндрюсийн багт хөлсөөр ажилласан. Багийн ахлагч Р.Ч.Эндрюс нь Нью-Йоркийн “Байгалийн түүхийн музей”-н ЭША бөгөөд аяллын бэлтгэл ажилд уналга, хөсгийг зэхүүлсэн.
Нэгэн өдөр Барон Унгерний дэргэд байсан хоёр орос цэрэг Харбинд хоригдож байгаад оргон зайлж намайг зорьж ирэв. Барон Унгерн Хүрээ рүү довтлохоосоо өмнө Дорнод Монголд маш их хэмжээний алт эрдэнэс нууж булсан. Тэрийг эрж олоод Монголын Засгийн газарт 40%, Оросын Засгийн газарт 40%, үлдсэн 20%-ийг нь надтай хувааж авах тухай санал хэлэв. Энэ ажиллагааг хийхийн тулд эхлээд Хүрээ (УБ хот) рүү, Өргөө хотоос цааш Москва руу мэдэгдэж зөвшөөрөл авах учиртай, тэгснээр нэлээд цаг хугацаа орно гэтэл 2 орос цэрэг зөвшөөрч Бээжинд үлдсэн боловч нэлээд хугацааны дараа Хүрээн дэх Монголын Засгийн газраас хариу иртэл нэг нь нас барчихсан, нөгөө нь хаягаа үлдээлгүй Парис явчихсан байсан.
1929 онд Шведэд очих үедээ томоохон үйлдвэрлэгч болох Ивар Крюгертэй уулзаж Хятадад хөрөнгө оруулалт хийх санал тавьсан ба Хятадын Засгийн газраас зөвшөөрөл авч Нанжин, Үрэмчийг Оросын Новосибирсктэй холбосон төмөр замын сүлжээ байгуулах ажилд ханцуй шамлан орсон боловч харамсалтай нь 1932 онд Крюгер нас барсан учир тус төсөл хэрэгжих боломжгүй болсон.
Зүүн хойд Хятадын нутагт япончууд түйвээж байх цаг зуурт Хөлөнбуйрын баян чинээлэг 5 гэр бүлийн хүсэлтээр тэдний захидлыг тээж “Хөлөнбуйрын монголчуудын зөвлөх” гэсэн нэгэн орос хүн над дээр ирж япончууд Монголыг халдан довтолсны дараа тэдгээр өвөрлөгч ноёд нутагтаа амьдрах аргагүй болоод байна, Монгол төрийн гүн та тусалж гэр орон, мал сүргээ авч Монголд очиж болох эсэхийг асууж өгнө үү гэж хүссэн. Яаравчлан хөдөлж Дэ вантай уулзахаар ирсэн боловч Японы генерал тэдгээр ноёдыг буудаж хороогоод хамаг эд хөрөнгийг нь хураасан тухай мэдэгдсэн. Төд удалгүй Дэ ван шөнө дөлөөр 30 бээр зайтай холоос намайг зорин ирж "япончууд чамайг нэлээд асууж лавласан, барихаар зэхэж байх шиг байна, хурдан зугтсан нь дээр" гэв. Ачаа тээшээ цэгцлэн Хаалган руу ирж 7 хоног шалгуулан саатсан ч галт тэргэнд сууж амжсан. Дэ ван аргагүй шахалтаар япончуудын барлаг болж зүтгээд хожим нь Хүрээнээс хувьсгалт улаан цэрэг Дэ вангийн эзгүй хойгуур ирж гэр өргөөг нь шатааж, эхнэр хүүхдийг нь баривчлан, эд хөрөнгийг нь хураасан. Дэ ван баруун тийш дутаасан ч баригдан Хүрээ рүү хүргэгдсэн гэж сонссон.
Япончуудаас зугтаж эх орондоо буцахаас өөр аргагүй болохдоо их хэмжээний ачаа бараа, ажилчид бүхий 4 салбараа хааж, цалин хөлс, гэнэт халагдсаны тэтгэмж олгож багагүй санхүүгийн алдагдал хүлээсэн. Монголчууд гар дээрээ бэлэн мөнгөгүй тул эд бараагаа зарж борлуулах бус үнэгүй тараагаад хэдхэн өдөрт 360 сайн морьд, байшин сууцаа зарж борлуулах хэрэгтэй болсон. Хөлөнбуйр дахь япон цэргүүдээс зугтаж Японы худалдаачдын хөлөг онгоцонд сууж далайд гарснаас хойш 10 хоногийн дараа намайг баривчлахаар эрчимтэй хайсан тухай мэдээ сонссон.
Ийнхүү Калифорнид байдаг гэрийнхэн дээрээ ирж, дараа нь Швед рүү очиж хамаатны хүнтэйгээ хамтран булганы аж ахуй байгуулсан. Дэлхийн II дайны улмаас аж ахуй маань олигтой явсангүй. Америкийн Алабамад 1500 доллараар жижиг газар авч үхэр, гахай, тахианы аж ахуй эрхэлж байгаад ажиллагаа ихтэйд нь түүртээд зарж орхисон. Энэ үед би 70 нас хүрсэн байлаа, 1950 онд эхнэр маань ч өөд болж цаашид тиймэрхүү аж ахуй эрхлэхэд бие маань дийлэхгүй байсан юм. Зүгээр байсангүй түүний дараа 2-3 өрөөтэй жижиг байшин барьж угсрахад бэлэн болгоод зардаг ажил хийдэг болсон. Өөрийн төрөлх эх орон Шведдээ эргэн ирж Монгол, Хятадад өнгөрүүлсэн 46 жилийн амьдралын дурсамжаа бичиж ном болгон хэвлүүлсэн.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах