Симуков буюу Шар Дамдинсүрэн

 

Ардчиллын удирдагч С.Зоригийн өвөө, монголчуудад “Шар Дамдинсүрэн” хэмээн алдаршсан А.Д.Симуков орчин цагийн Монголын анхны газрын зургийг зохиосон бөгөөд “Симуковын ногоон карт” хэмээн алдаршсан. Тэрбээр 1902 онд Петрбург хотноо мэндэлсэн ба багаасаа газарзүй, байгаль экологи сонирхож, 12-13 насандаа планшетын энгийн зураглал үйлдчихдэг, ургамлын хатаамал, шавьж цуглуулга хийх арга техникийг сурчихсан, амьдарч байгаа орчныхоо бүх шувуудыг таньж мэддэг байв.

1923 онд нэрт аялагч судлаач П.К.Козловын “Монгол-Түвдийн хээрийн хайгуулын анги”-д элсэх өргөдөл гаргаж, хэдэн зуун хүнээс 3-хан хүн тэнцсэний нэг нь Симуков байсан гэдэг. 1923.09.26-ны өдөр П.К.Козловын удирдсан Оросын газарзүйн нийгэмлэгийн хээрийн судалгааны анги Монгол Улсын нутагт хөл тавихад Симуков 21 настай байжээ. Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэвээний Жамсрангийн урилгаар 1927 онд Симуков Судар бичгийн хүрээлэнгийн музей, зурагзүйн тасгийн даргаар томилогдож, хамгийн түрүүнд Богд хааны ордонг “музей” болгох ажлаар гараагаа эхэлжээ.

1927-1939 оны хооронд А.Д.Симуков хээрийн шинжилгээний 15 ангийг удирдан Монголын нутгаар 70 мянган км замыг туулж, Хангай-говийн физик газарзүйн судалгааг хийж байгалийн үндсэн бүсүүд, хэвтээ босоо шугамын хуваарилалтыг тодорхойлон, бүс тус бүрийн үндсэн ургамал амьтныг цогц байдлаар илрүүлэн ургамал болоод хөхтөн амьтны тархацын газрын зургийг анх гаргасан байна.

Тэрбээр монгол хэлийг сайн сурснаас гадна тайван амгалан зантай, нийцтэй, алиа хошин зантай байсан нь нутгийн ард түмний дэмжлэгийг төвөггүй олж, улмаар найз нөхөд болцгоодог байв. Улаанбаатарт байх гэрээр нь хөдөөний найз нар нь байнга зочилж “шар Дамдинсүрэн, өндөр Дамдинсүрэн” гэж хүндэлдэг байжээ. 1928 оны хавар төрсөн хүүдээ “Алтай” гэсэн нэр өгсөн бол охиндоо “Говь” гэдэг нэр өгье гэтэл эхнэрийнхээ саналаар ээжийнхээ дурсгалыг хүндэтгэж Наталъя нэр өгсөн гэдэг.

1934 онд “БНМАУ-ын газарзүйн атлас” бүтээлээ орос, монгол хэлээр эмхэтгэж байгалийн шинж, засаг захиргааны байгуулал, угсаатны зүй, хүн амын нягтрал, таван хошуу малын байдал гэх мэт олон агуулгыг багтаасан нь Монгол судлалын түүхэнд энэ төрлийн анхны бүтээл болсон аж.

1935 онд Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор БНМАУ-ын Засгийн газраас “Алтан гадас” одонгоор шагнасан байдаг. Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн урдуур 5 орчим жилийн хугацаанд морь тэмээ унаж аялан хилийн овоо босгож, шон тэмдэг тавьж газрын зураг дээр өнгө өнгөөр тэмдэглэж явахдаа наранд халж, хүйтэнд хөрч, шуурганд нүдүүлж байж Монголын хилийг шинэчлэн зураглаж өгсөн гавъяаных нь төлөө “Алтан гадас”одонг Маршал Чойбалсан энгэрт нь зүүж өгчээ.

1939 онд 37 настай А.Д.Симуковыг Зөвлөлтийн Дотоод хэргийн газраас “гадаадын тагнуулын байгууллагад элссэн” гэх шалтгаанаар УБ-т дайчлан баривчилж гэм бурууг нь шууд нотлох зүйл олоогүй хэрнээ хорьсоор байв. 1940 онд УБ-аас Сибирийн хорих лагерьт хүргүүлж, 1941 онд Печорын хорих лагерьт шилжүүлжээ. Түүнийг 1942 оны 4-р сарын 15-нд хоригдож байхдаа “зүрхний өвчнөөр нас барсан” хэмээн мэдэгдсэн байдаг. 1956 онд “хэргийг бүрэлдэхүүнгүй” хэмээн үзэж А.Д.Симуковыг бүрэн цагаатгасан байна. Түүний Монголын талаар гаргасан маш олон бүтээл нь архивт үлдээгүй ба өнөө хэр олдоогүй гэдэг.

Д.Симуков эхнэрийн хамтаар Монголд амьдарч байхдаа 2 охинтой болсон ба түүний бага охин С.Доржпалам (С.Зоригийн ээж)-ыг 1 настай байхад нь баривчлагджээ. Хожим эхнэр нь нутаг буцахдаа бага охиноо Цэнд хэмээх эмэгтэйд үлдээгээд буцсан ажээ.