Чингис хаан өөрийн охидоо бусад улс аймагт бэр болгож, ялагдсан овог аймгийн охидоос хөвгүүддээ хатан буулгаж ураг барилдах замаар гадаад дотоод зөрчилдөөнийг шийдвэрлэжээ. Энэ нь төрийн бат найдвартай оршин тогтнох алтан аргамжаа болсон гэдэг. Бэр болгосон охиддоо “бэхи” цол олгодог учраас түүхэнд Хожин бэхи, Алага бэхи, Алалтун бэхи, Чэчэйхэн бэхи, Толой бэхи нар тодрон гарсан түүхтэй. “Лу Алтан товч”-д өгүүлэхдээ “Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх 4 хөвгүүн, Алага, Алалтун, Чэчэйхэн хэмээх 3 гүнж төрсөн бөлгөө” хэмээсэн байдаг бол Өвөрмонголын эрдэмтэн Сайшаалт “Чингис хааны товчоон” номондоо “Хожин, Алага, Алалтун, Чэчэйхэн, Түмэлүн нарын 5 охинтой” гээд Толой бэхийг ор тас орхисон байдаг. Чингис хаан чухам хэдэн охинтой байсныг бид сайн мэдэхгүй үлджээ.
Хэрэйдийн Жаха Хамбугийн охин Сорхагтани-ийг Тулуй хүүдээ, Мэргидийн Худу-гийн охин Дөргөнэ-г Өгөөдэй хүүдээ авч өгч ураг барилдан ялсан ба ялагдсан хүмүүсийн хооронд өс санах, яс үндэс, ураг төрлөөр гадуурхах зөрчлүүдийг үгүй хийж, Монгол гэдэг нэг л үндэстэн байх ёстой гэсэн үзэл санааг төлөвшүүлжээ. Аль нэг овог аймгийн удирдагч нар Чингис хааны хүргэн болно гэдэг ихээхэн нэр хүндтэйгээс гадна бага хатан авах эрхгүй, хааны охиныг гомдоох аваас цаазлуулах тавилантай байсан нь ертөнцийн талыг эрхшээж байсан их хааны сүр хүч байсан аж.
Чингис хааны охидууд Монгол нутгаа тойрон халхлах хуяг бамбай мэт амьдарч, Онгуд, Харлаг, Ойрад, Уйгар улсыг захирч улсынхаа хил хязгаарыг 4 талаас нь хамгаалж байжээ.
Чингис хаан эмэгтэйчүүдийг худалдаж, наймаалцахыг хуулиар хориглосон нь гэрлэлттэй холбоотой овгийн заншлыг халах анхны чухал алхам болсон ба улмаар эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг өөрчилж чадсан байдаг. Харь улсад очсон бэхи нар тухайн улс орныг захирдаг байснаар Европ, Азийг холбосон Торгоны зам нэг үе Чингис хааны охидын тааллаар байсан түүхтэй. Чингис хааны охидоос Алага бэхи, Алалтун бэхи, Түмэлүн нар өөрийн биеэр цэрэг удирдан эрмэг хурц морин дэл дээр ирт сэлэм далайж харь улсыг төвхнүүлж явснаараа алдартай. Харин Чэчэйхэн бэхи, Толой бэхи нар ордны хатан хүний ухаанд бусдаасаа илүү суралцаж, язгууртан бүсгүй хүний байр суурийг сахидаг байжээ.
Хожин бэхи: Ууган охин бөгөөд Ихирэс овгийн Буту ханд бэр болон очжээ. Чингис хаан бэр болгон өгөхдөө “Хатан хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр, удаах эр нь ариун нэр, түүний дараах нь авсан эр болно” Алтан төрийг хатуужин дагавал ариун нэр болно, ариун нэрийг бэхэлбэл авсан эр үл холдоно” гэж сургажээ.
Түмэлүн хатан: Чингис хааны охидоос харь оронд очилгүй өөрийн хайр сэтгэлээр эр нөхрөө сонгосон ганц хүн нь Түмэлүн охин бөгөөд түүнийг бэхи гэж дууддаггүй учир энэ ажээ. Түмэлүнийг Салжиуд аймгийн удирдагч хатнаа болгохоор Чингис хаанд 100 агт бэлэглэхээр тогтсон боловч Түмэлүн хаан эцгийнхээ шадар залуу баатар Тогочуртай хайр сэтгэлийн холбоотой байснаар Чингис хаан яах ч аргагүй буулт хийж Салжиуд аймгийн удирдагчийг хоосон буцаасан түүх байдаг ажээ. Хожим 1221 онд Түмэлүн нөхрийнхөө хамтаар Персийн эсрэг дайнд оролцож явахдаа эр нөхрөө алдсан бөгөөд өс авахын тулд өөрөө цэргээ удирдан Персийн Нишапур хотыг үнсэн товрог болгож байжээ.
Чэчэйхэн бэхи: Чэчэйхэн бэхийг Ойрадын Худага бэхийн хүү Иналчид өгч мордуулахдаа “эрт босч, орой хэвт, өдөр шөнө ялгалгүй нэгэн сэтгэлээр хатууж, амны ухаан билгийг тогтоо, эс сурсан мууг энд орхиод од, Ойрад иргэнээ сэлбэн холбож соёрхогтун” хэмээн сургажээ.
Толой бэхи: Харлагийн Арслан хааны гэргий болж Кидан улсад очсон ба түүний гоо үзэмжийн талаар мэр сэр бичигдэн үлдсэн байдаг. Түүхч Ш.Насанбатын “Харлаг улсыг захирагч Толой бэхиг шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв” хэмээн тэмдэглэжээ. Тэрбээр харсан бүхний өөдөөс олзуурхан хардаггүй, эр нөхрөө хүндлэн, чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, ухаалгаар аливааг сэтгэн бодол болон суух нь олонтаа нэгэн байжээ.
Алага бэхи: Онгуд аймагт бэр болсон Алага бэхи хятадын суурин иргэншилд монгол удирдлагыг хэрэгжүүлсэн Боржигон аймгийн анхны хүн болжээ. Төрийн хэрэг захирах чадвартай, цэргийн эрдэмд суралцсан гүнж байсан ба “Монгол-Татарын бүрэн тэмдэглэл”-д түүний тухай “Өдөр бүр ном уншиж, хэдэн зуун эмэгтэйчүүдээр сувилуулна. Аливаа дайн гарах ба цавчих алалдах явдлыг өөрийн биеэр шийдвэрлэдэг” хэмээн бичсэн байдаг. Тийм учраас “Төр захирагч гүнж” хэмээн алдаршжээ. Чингис хаан 1207 онд Онгуд аймагт өгөхдөө “Харайхад минь хөл болж, хазайхад минь түшиг болж, халтирахад минь тах болж, халамж тус хүргэхээ хайрт Алага минь мэдтүгэй” хэмээн сургаж мордуулжээ. Чингис хаан говийн өмнө орших хаант улсууд руу хаяагаа тэлэх хүнд хүчир үйлстээ Алага бэхи гүнжээрээ туслуулсан байдаг. Монгол цэргийг бүх саад тотгороос гэтэлгэж чадсан гавъяатай Алага бэхи Онгудыг захирах болсноор монгол цэргийг хоол хүнс, сэлгээний морьдоор хангадаг байв. Өмнө зүгийн овог аймгийн халдлагаас эцгийнхээ улсыг хамгаалж улмаар монгол үндэстэн тал нутгаа өргөжүүлэн тэлэх их байлдан дагуулалтын анхны алхамыг хийсэн хатан гэж үздэг. Онгуд улсад цэрэг удирдан хүчээ авч байх үед эр нөхөр Алахуш Тегиний өмнөх эхнэрүүд нь түүнд өширхөж төр самууруулах үймээн дэгдээснээр эр нөхөр нь алагдаж, улмаар Алага бэхи хэсэг албатаа аван зугтжээ. Тариачин хятадтай цус сэлбэсэн түрэг овогтнууд ийнхүү Чингис хааны эсрэг аймшиггүйгээр тэрсэлж орхисон аж. Алага бэхи хаан эцгээсээ цэргийн дэмжлэг авснаар самууныг дарсан ч Чингис хааны их цэрэг орвонгоор нь хүйс тэмтрэхэд бэлэн байсныг Алага бэхи зогсоож уурлаж дүрэлзсэн хаан эцгээр уясаан сэнхрүүлж чадсан байдаг. Хэрвээ түүний оронд Түмэлүн хатан байсан бол онгуд нар газрын хөрснөөс арчигдах байсан хэмээн түүхчид тэмдэглэжээ.
Алалтун бэхи: Түүнийг ахан дүүсийнхээ гарт амь үрэгдсэн гэдэг. 1207 онд Уйгарын Идүүд хаан Чингис хаантай ураг барилдахаар шийдэж элч илгээхдээ “Үүл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хааны нэр алдрыг сонсоод маш их баясав” гэсэн үг дайж Чингис хааны Алалтун гүнжийг хатнаа болгож авахаар болжээ. Хар булган дах, цагаан морь тэргүүтнийг бэлэг болгон барьж “Чингис хаан соёрхвоос алтан бүсийг чинь горхиноос барьж ариун дээлийг чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн болж хүчээ өгье” хэмээжээ. Чингис хаан хариуд нь “чамд охиноо өгье, миний тавдугаар хөвүүн болтугай” хэмээжээ. Торгоны замыг хяналтандаа байлгаж байсан Идүүд хаан Чингис хаанд авдар авдраар алт мөнгө, сувд тана, хоргой хээт оёмол торго авчирч охиныг нь хатан буулгажээ. Хожим Алалтун бэхийн чармайлтаар Торгоны замд бүрэн хяналт тавих болж, өөрсөддөө маш их хэрэгтэй байсан худалдааны бааз суурийг бий болгосон төдийгүй хятадад орж гарч буй худалдаанд хяналт тавих давуу талыг олж авсан байна. Алалтун бэхи Иракийн мал аж ахуй, мөн Сибирт байсан Чэчэйхэн бэхи дүүгээсээ ангийн арьс үснээс хувь хүртэж, Хятадын торгоны үйлдвэрлэлийн талыг эзэмшиж, өөрийн эзэмшлийн Уйгарын баянбүрдээс ундран гарах дарсыг тэдэнд нийлүүлдэг байжээ.
Чингис хааны охидын тухай түүх сударт өгүүлэхдээ “Чингис хааны охид байгаагүй бол Монголын эзэнт гүрэн оршин тогтнож чадахгүй байх байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Чингис хааныг нас барсны дараа тэдгээр бэхи нарт аюул учирсан байдаг. Өгөөдэйн их хатан Дөргөнэ-гийн талыг баримтлагчид Чингис хааны охидын нутаг руу довтолж, хаан язгуурт эмэгтэйчүүд рүү дайн өдөөжээ. Тэд нар Алалтун бэхи-д “Өгөөдэй ахыгаа хорлосон” хэмээн ял тулгаж цаазалснаас хойш тэдний үеэлүүд буюу Чингис хааны ач нар их хааны үлдээсэн тэнцвэртэй эрх мэдлийн тогтолцоог эвдэж хааны язгууртан охид руу удаа дараа довтолсон тухай тэмдэглэгдсэн байдаг. Алалтун бэхи-гийн залгамжлагч Нэгүдэй нь хоёр жилийн дараа амь үрэгдэж, түүний дараа Чэчэйхэн бэхи амь үрэгдэж, дараагийн жил нь Ойрад түмний охид бүсгүйчүүдийг хүчирхийлэн эрхэндээ оруулжээ. Энэ нь Чингис хааны язгуур угсаат охид бүсгүйчүүдийн эсрэг аян дайн байсан бөгөөд Чингис хааныг нас барснаас хойш 10 хүрэхгүй жилийн дотор өрнөсөн хэмээн тэмдэглэгдэн үлджээ.
Эмхэтгэсэн Ч.Буянбадрах