1225 он гэхэд Хорезм улс мөхөж, Чингис хаан хөвгүүдээ дагуулан Эрчис мөрний эхэнд очиж Их хуралдай хийж эзлэгдсэн газар нутгийг дөрвөн хүүдээ хуваан өгчээ. Зүчид Туркестаныг, Цагаадайд Мавереннахрыг, Өгэдэйд Долоон мөрөн ба Зүүнгарыг, Тулуйд Монголын нутгийг тус тус эзэмшил болгон өгчээ.
Өгэдэй хаан ба түүний шинэчлэл: Чингис хаан Хорезмээс буцаж ирснийхээ дараа Их хуралдайг хуралдуулж өөрийн хаан ширээнд хэнийг суулгах талаар хэлэлцүүлэхэд хуралдай дээр Зүчээс эхэлж үг асууснаас болж Цагаадай эсэргүүцэн Зүчийг элдвээр хэлэн зөрчилджээ. Чингис хаан санаа ихэд зовнин Зүчи, Цагаадай хоёрыг зэмлэсний дараа тэд үг нийлж Өгэдэйг өргөмжлөхөөр шийджээ. Чингис хааны гуравдугаар хүү Өгэдэй 1186-1241 оны хооронд амьдарч байсан бөгөөд 1211 онд Чингис хаан Алтан улсыг довтлохдоо Өгэдэйг дагуулан явснаар цэрэг дайны амьдрал нь эхэлжээ. Хорезмын дайнд Зүчи, Цагаадай, Боорчи нарын хамтаар Хорезмын шахын эх Турхан хатны сууж байсан Ургенч хотыг эзлэхээр явж, 1221 онд түүний хүү Желал Ад Динийг Инд голын эрэг дээр бут цохиж, 1225 онд Тангудыг байлдан эзлэх дайнд ч мөн адил оролцжээ. 1227 онд Чингис хааныг нас барсны дараа 2 жил Тулуй төрийн хэргийг хамаарч байгаад 1229 онд Их хуралдай зарлан хуралдуулж хааны гэрээслэл ёсоор Өгэдэйг их сууринд суулгажээ. Тус хуралдайгаар Зүрчидийн Алтан улсыг бүрэн мөхөөх, Монголын элчийг алсан Коре улсыг дайлаар мордох, Хорезмын үлдэгдлийг устгах, Кипчакуудыг номхотгон баруун хилийн байдлыг түвшитгэх зорилтуудыг тавьжээ. Өгэдэй хаан 13 жил төрийн эрх барихдаа хууль дүрмүүдийг Их хуралдайгаар хэлэлцүүлж, төрийн зохион байгуулалтыг сайжруулж, улсын өртөөг өргөтгөн байгуулж, албан татварын тухай хууль гаргаж, дорно зүг рүү хийсэн дайныг үргэлжлүүлж 1234 онд Зүрчидийн Алтан улсыг эзэлж, Коре буюу одоогийн Солонгосыг байлдан дагуулжээ.
1235 оноос улсын нийслэл Хархорумыг өргөтгөн байгуулж, хааны ордыг байгуулан, худаг ус гаргах ажлыг эрчимтэй зохион байгуулжээ. Өгэдэй хааны үед төмөрлөгийн үйлдвэрлэл хөгжиж, дайн байлдааны зэр зэвсэг ихээр үйлдвэрлэжээ. 1235 онд зарлиг гаргаж ууган ах Зүчийн хүү Батад баруун тийш хийх аян дайныг даалгав. Өгэдэй хааны зарлигийн дагуу эхэлсэн газар нутгаа тэлэх аян дайн нь монголчуудын түүхэнд Ази, Европын өргөн уудам газар нутгийг хамарсан их дайн байсан бөгөөд эл дайныг хоёр тийш нэгэн зэрэг хийсэн анхны улс болоод зогсохгүй аль алинд нь ялалт байгуулсан юм.
Дайнд тамирдсан Сүн улс 1238 онд найрамдлын гэрээ байгуулах санал тавьж, гэрээний үр дүнд Сүн улс Их Монгол Улсад 200 000 лан мөнгө, 200 000 хуй торго төлөх үүрэг хүлээжээ. Улс гэр нь хүчирхэгжихийн хэрээр гадаад дотоод харилцаа, худалдаа наймаа өргөжин тэлж, нааш цааш бичиг захидал илгээх, хэл хүргэх гээд элч нарын ажил үүрэг ихэссэн учраас Өгэдэй хаан 1235 онд өртөөний албыг өргөтгөн шинэчилж, нийслэл Хархорумаас баруун зүг Цагаадайн улсаар дайруулан Батын Алтан ордны улс хүртэл, зүүн урагш Бээжинг өнгөртөл олон суурь өртөө байгуулжээ. Бусад хан хөвгүүд бүрээс нэг нэг төлөөлөгч ирүүлэн нийт улс орон даяар томилж явуулан газар хэмжүүлж өртөөг байгуулах газруудыг тогтоолгож байжээ. Тухайн үед Персээс өртөөгөөр гарсан элч долоо хоногийн дотор Хархорумд ирдэг байсан гэнэ. Чухам тэр үеэс “гэрэгэ”-н үүрэг ихсэж алтан, мөнгөн, модон, төмөр гэрэгэ бий болжээ. Гэрэгэ-ний нүүрэн ба ар талыг янз бүрийн хээ хуараар чимэглэж, дээд хэсэгт нь дугуй сэнж гарган доод талд нь монгол үсгээр “Тэнгэрээс соёрхсон Чингис хааны зарлиг, Түргэн”, “Мөхөс өөрийн бие явсан адил зохисыг үзэн шийтгэсүгэй”, “Мөнх тэнгэрийн хүчин доор хэн эс биширвээс алагдахуй” гэх мэт бичээстэй байжээ. Монгол бичгээр “гэрэгэ” гэж бичдэг бөгөөд үндсэн санаа нь “гэрчилэх” гэсэн утгатай болов уу гэж эрдэмтэд үздэг.
Өгэдэй хаан 1241 оны 12 дугаар сарын 11-нд нас барсныг архи хэт их ууснаас болсон, цөөнгүй эх сурвалжид түүнийг Дөргөнэ хатан Фатима хэмээх перс эмэгтэйгээр дамжуулан хорлосон, Өгэдэй хаан ан ав хийж явахдаа араб худалдаачин Абдурхман гэгчтэй шөнөжин архидаж хоноод маргааш үүрээр нас барсан ба Абдурхман нь Дөргөнэ хатны нууц амраг байсан гэх мэт тэмдэглэлүүд үлдсэн байдаг.
Эх сурвалж: Монгол орны лавлах