Монгол хэмээх нэрний учир

Монгол гэх нэр түүхэнд YII зуунаас орж ирсэн гэж түүхчид нэгэн зэрэг хүлээн зөвшөөрдөг.  Нэг аймаг, нэг төрөл угсаа, нутаг дэвсгэрийн нэршлээс үүдэлтэй гэж үздэг. Гурван голын сав нутаг, түүний дотор Онон голын сав бол Монгол төрийн өлгий голомт газар. Тэр нутгийн хүмүүс өөрсдийгөө “ононголынхон” гэж нэрийдэж, тэрхүү нэршил сондгойрон цойлж, эхний задгай үе болох “он” нь цаг хугацааны урсгалд гээгдэж, арын “он” нь урдаа “м” авиа авч “мон” болоод “монголынхон”, улмаар “монгол” болсон гэж үзэх эрдэмтэд бий. Зарим эрдэмтэд Хэрлэн, Онон Туул голын савыг “олонгол” гэдэг байсан. Монголчууд нутаг орных нь нэрээр бие биенээ дууддаг заншил дагуу “олон голынхон” гэж дуудах явцад хэлзүйн жам ёсоор гээгдэх авиа нь гээгдэж, нэмэгдэх авиа нь нэмэгдэж “монгол” болсон гэж үзэх нь ч бий. Тэгэхээр монголчуудын түүхийн эхлэл цэг нь Онон голыг шууд зааж байгаа бөгөөд өтгөс буурлууд маань “Онон хатан ижий” хэмээн өргөмжилж ирсэн.

Нэрт математикч А.Т.Фоменко “монгол” нэрийг “Мегалион” буюу “Аугаа” хэмээх грек үгнээс гаралтай гэв. Могольон гэх угсаатан өнөөгийн Хойд Америк, Канадад суух 184 индиан угсаат овог аймгийн дотор байдаг аж. Тэдний дунд монгол, дравид, сүмэр, майяа-гийн адил хүмүүс бий. Тэдний дотор нэгэн сүрт шувууг эртнээс нааш шүтэж ирсэн ба тэр дүрс Лу. Алтантовчийн сударт байдаг шувууны дүрстэй ижил ажээ. Монголын газар нутагт байх хадны сүг зургуудад тэрхүү шувууны дүрсүүд цөөнгүй байдаг байна.

Хятадын түүхийн эх сурвалжид “монгол” гэдэг үгтэй адил аялгуу ханз үсэг Тан (618-907) улсын үед “Мэн-у”, “Мэн-ва”, “Мэн-гу”, “Мэн-гу-лин”, “Мэн-гу-зи” гэсэн янз бүрийн хэлбэрээр бичигдсэн хэмээн тэмдэглэжээ.  Эдгээрийг махчилан орчуулахад “хуучин бүдүүлгүүд”, “хэдийнээс мунгинагсад” хэмээх утгыг агуулдаг байна. Хуучин Тан-шу сударт “Их Шивэйн олон аймгуудын бүрэлдэхүүнд багтдаг Хянганы уулсын зүүн талаар нутагтай  Мэн-у нь Шивэйн аймгуудын зонхилох овог  мөн” гэж тэмдэглэсэн байжээ. Ийнхүү Мэн-у, Мэн-гу нь явсаар “монгол” болсон гэх таамаглалыг мөн дэвшүүлжээ. Нэрт түүхч Г.Сүхбаатар “Монгол гэдэг нэр нь Тоба улсын хаанд баригдсан Мугулюй хэмээх хүний нэрний үндэс байж болох юм” хэмээн үзсэн бөгөөд энэ таамгийг цааш нь судлаагүй байна.

Ихэнх судлаачид Монголын овог аймгуудын нэрний гарал нь нутаглаж байсан гол ус, уул нурууны нэрнээс мөшгөн хайх нь зөв гэж үздэг. Тухайлбал, Улх голоос олхонуд, Салж голоос салжиуд, Сяньби уулнаас сяньбичүүд үүссэн гэдэг. Үүнээс үндэслэн “мон” гэдэг язгууртай уул усыг судлаачид нэлээд хайжээ. Өвөр нутагт байх Муна уул, Хэнтийд байх Моен гол зэргийг хамааруулан судалж болно гэж үзжээ.

Мөн “Мон” хэмээх аймаг олон овог аймгуудыг нэгтгэхэд их үүрэг гүйцэтгэсэн учир “гол аймаг улс” гэсэн утгаар “Монгол” хэмээх нэр үүссэн гэж үзэх судлаачид бас байдаг байна. Энэ тухай Рашпунцагийн “Болор эрхи” зохиолд дурджээ.

Түүхч Нагаанбуу “монгол” гэдэг нь “мөнх гал” гэсэн үгнээс үүдэлтэй хэмээсэн бол түүхч Элдэнтэй, Ардаажав нар “мөнка-тэнгри-гал” гэсэн үгсийн дунд үеүд нь он удаан жилийн явцад гээгдэж улмаар “мөн-гал”, эцэст нь “монгол” болсон.  Энэ нь “мөнхрөх” гэсэн утгатай гэж тайлбарлажээ. Өвөрмонголын түүхч Гаваа “монгол” гэдэг нь мөнх тэнгэрийн “мөнх”, овог аймгуудын бэлэг дэмбэрэл болсон “гал тулгын” гал хэмээх үгний нийлэмж буюу “мөнхгал” гэсэн утгаас үүдэн “монгол” болсон хэмээн үзжээ. Монгол хэмээх нэр нь монголчуудын өвөг дээдэс болох Хабул, Амбагай хааны үед “Хамаг Монгол” хэмээн жинхэнэ ханлиг улсын нэр болсон байна.

***
Ганцхан авиазүйн тэмдэглэлээс болж  “монгол” гэдэг нэрийг “тэнэг, мулгуу, бүдүүлэг” гэж ойлгох болсон бололтой. Монголчуудын захиргаанд байсан Уйгарын түрэг бичээч, туслахууд Монгол эздэдээ зориулан монгол хэлээр гаргасан зарлиг, бичгийн эх зэрэгт Mongγol гэж дандаа зөв бичиж ирсэн хэрнээ өөрийнхөө хэлээр эздийнхээ нэрийг бичихдээ Moγul (=Moγol) гэж яагаад бичдэг байсан нь ойлгомжгүй. Түрэг хэлний “мунхаг, мулгуу” гэсэн утга бүхий muŋγul хэмээх үг нь уйгар бичгээр бол Mongγul гэсэнтэй яг адил бичигддэг (Гүюг хааны тамганы бичээс дээрхтэй адил) байна. Үүнээс харахад Монгол хааны эрхэн дор ажиллаж байсан бичээч нар түрэг хэлээр “мунхаг” хэмээх үг хэрэглэх нь зориудаар доромжилсон хэрэг мэт байжээ.

“Монгол” хэмээх үг түрэг хийгээд перс, энэтхэг, араб зэрэг олон хэлэнд Могол, Мугал, Могул болон хэвшсэн байсан. Нэрт монголч эрдэмтэн Игорь де Рахевилз “Ази болон Европ дахь Монголчуудын нэр” өгүүлэлдээ “XII-XIII зуунд Төв болон Өрнөд Ази, мөн Европод монголчуудыг Tatar (Tartar) эсвэл Mogol (Moγol)хэмээн нэрлэдэг хувилбар л байсан.  Mongol (Mongγol) хэмээх үг хааяа тааралддаг. Түрэг, перс, Монголтой ойр харилцаатай бусад үндэстнүүд ч бүгд Монголыг “n” үсэггүй бичсэн байдаг. Цагаадайн түрэг хэлэнд Moγul, перс хэлэнд Moγōl (Muγūl мөн Moγāl), араб хэлэнд харин Mughūl (перс шиг), индустанд Mugh(a)l, армени хэлэнд Muγal, сири хэлэнд Muglaye буюу Mugal-ын авиа тонгорсон хэлбэр, грек хэлэнд харин Moυγούλιοι (Muγul-аас үүдэлтэй) хэлбэр тус тус тохиолдоно. Энэ бүх хэлбэр дэх эгшгийн хувирлыг хялбархан тайлбарлаж болох ч мөнөөх л “n” үсэг алга байна.

Mongγol хэмээх нэр Уйгарт Moγul болсон, түүнээс шалтгаалан Афганистан дахь монголчууд Moghol нар болсон, Энэтхэг дэх алдарт хаад Mughal хэмээгдэх болсон аж.  Эдгээрээс үзэх юм бол “монгол” гэдэг үгний “нг” авиаг түрэг хэлээр бичихдээ ганцхан авиан тэмдэглэлийг өөрчилж бичсэнээс үүдэн уйгар хэлний “тэнэг мунхаг” гэдэгтэй адилхан болсон бололтой. Бараг “монгол” гэснээс “Могул” гэдгээрэ явж байсан бол тэр “тэнэг мангар” гэсэн утгууд гарч ирэхгүй байсан биз ээ.

Дэлхийн түүх бичлэгт Чингис хааныг Genghis khan хэмээн бичсэн нь маш түгээмэл байдаг. Түүнийг дагаж бид Чингис хаанаа “Гэнгис хан” гэж хэзээ ч бичиж дууддаггүй. Монгол хэл бичиг дэх “хан”, “хаан” хоёрт агуулгын хийгээд бичлэгийн ихээхэн ялгаа бий.

Дундад Ази, Иран, Энэтхэгт тархсан монголчуудыг нэрийдэх Могол, Мугал, Могул гэх зэргээр бичиж дуудахгүйгээр Монгол хэмээн дуудаж бичиж байх нь зөв юм. Бусад нутагт байсан монголчууд болох Алтан орд, Ил хаад, Цагаадайн улсынхнаас ялгахын тулд “Энэтхэг дэх Их Монголчууд” (Great Mughals) гэх нь зөв болох юм. Ил хаад, Алтан ордныхон зэрэг өөр бус нутагт очсон монголчууд улс орноо нэрийдэхдээ Монгол хэмээх нэр огт оруулаагүй, зөвхөн Энэтхэгт очсон монголчууд л Бабур хааны 1526 онд үндэслэсэн улс гүрний нэрийг Их Могол буюу Их Монгол хэмээн нэрлэсэн байдаг онцлогтой.

Сүүл үед зарим судлаачид Хятадад байсан Их Юань гүрнийг “Юань” гэх харь хэлний дуудлагаар нь биш, анхлан Хубилай хааны болгоосон “Хөх” хэмээх үндсэн утгаар нь буюу Хятад дахь “Их Монголын Хөх гүрэн” хэмээн дуудаж хэвших тухай санал бодол гаргаж буй нь дээрхтэй мөн адил агуулгатай юм.

М.Саруул-Эрдэнэ