Тоорой бандийн үеэс өмнө 1600 оны сүүл үед Халхын Заябандид Лувсанпэрэнлэй “сайн эрс”-ийг цуглуулан хуарагнуулж хооллож ундлан ажил даалгадаг байжээ. Манж, хятад руу урсаж буй үнэт эрдэнэс, адуу малыг Монголын хилийг давахаас нь өмнө нууцаар авчруулдаг байжээ. Заябандид тэднийг “Төрийн сайн эрс” хэмээн нэрлэж, тэдний хүчээр монголын баялгийг хэсэг зуур ч гэсэн хамгаалж чаддаг байсан түүхтэй. Тоорой банди хэмээн алдаршсан Нанзад нь 1834 онд одоогийн Дарьгангын “Бударын чулуу” хэмээх газар мэндэлж, бага балчир насандаа эцгээс өнчрөн эхийн хамтаар тун тарчигхан амьдарч байхдаа “Бургасан дуган”-д шавилан сууж байсан боловч лам багшийнхаа хатуу занг үл тэвчин дуганаасаа оргожээ. Тоорой банди хожим “төрийн бөөс” хэмээх хочтойгоор алдаршиж 1860 оны дунд үед Цахар найман хошуунд төдийгүй Халх даяар нэрд гарсан шилийн сайн эр болжээ. Хошуу нутгийнхаа ард олонтой олсон олзоо хуваан, харийн худалдаачид, ноёд түшмэдийн эсрэг тэмцжээ.
Тоорой банди баяд ноёдын адуунаас авсан малаа үгээгүй ядуу хүмүүст тарааж явахдаа адуугаа таниад ирсэн эзэнд нь “Тоорой бандиас авсан” гэж хэлж байгаарай гэдэг байжээ. Хэрвээ адуучин нь адуугаа буцаагаад аваад явсан байвал нөгөө ноёд түшмэлийн адуунаас шилж байгаад 20, 30-аар нь аваад явчихдаг байжээ. Түүнээс хойш өөрийн алдсан морио таниад “Тоорой өгсөн” гэж сонсвол буцааж авдаггүй байжээ. Сэцэн хан аймгийн нутагт бүгэж байхад нь 800 орчим цэрэг дайчлан хайгаад олоогүй гэдэг. Ядуу ардууд түүний үйл хэргийг хүндэтгэн үнэнчээр нууж чаддаг байв. Тоорой хэмээх нэр нь говийнхон “эр зоригийн мод” хэмээдэг тоорой модны нэр болов уу, харин банди хэмээх нь түүнийг хийдэд шавилан сууж байсан учир ийнхүү нэрийдсэн болов уу, хэмээн судлаачид үздэг. Мөн Тоорой биш “Торой” гэдэг байсан гэж ч ярьдаг. Ер нь бол жижгэвтэр биетэй хүн байсан бөгөөд зугтаад алга болохоороо маш хурдан шаламгай байсан гэнэ. Торолзож бөртөлзсөөр алга болдог байсан учраас “торойх бөртийх” гэдэг үгнээс үүдэлтэйгээр “Торой” банди ч гэж нэрлэж байсан гэдэг. Бас зарим сурвалжид, ядуу ардаас гаралтай ч амьдрал тэмцлээрээ шалгаран “торойж” Халх 4 аймаг, шавь 5 аймаг, Ар, Өвөрлөгч 49 хошуунд нэр алдраа цуурайтуулсан хүн учраас торойж гарч ирсэн гэдэг утгаар “Торой банди” болсон гэж тайлбарлах нь ч бий. “Торойтон” гэх 70 гаруй хүн нэгдсэн сайн эрсийн хөдөлгөөн байсан ч гэдэг. Тоорой бандийн эцэг Данзан гэж бяр чадалтай бөх хүн байсан ба хошуу наадамдаа хэдэн ч удаа түрүүлж байжээ. Эцэг нь өвөрлөгч хошуудын нутагт жин тээж яваад Тоорой бандийг 9 настай байхад нь хорлогдон нас барсан гэх яриа байдаг. Эх Дулам нь удганы эрдэм чадалтай хүн байсан гэх агаад далны ясаар мэргэ төлөг буулгадаг байжээ.
Тоорой банди өөрийн хувь заяаг асуухаар Говийн мэргэн хутагтынхыг зорьжээ. Хүрэлцэн очиход ноён хутагт “шагайт чөмөг” зооглон сууж байжээ. Тоорой банди мэнд амрыг нь асуутал, хутагт үг ч хүлээлгүйгээр шагайт чөмөгнийхөө шагайг мултлан нэг хоёр орхитол “морь” буужээ. Хутагт тэр шагайгаа морь буусан чигээр нь Тооройд үг хэлэлгүй өгөөд уншлага уншиж гарчээ. Тоорой түүнийг нь аваад “чиний амьдрал морин дэл дээр юм байна, морьтой нөхөрлө, морь чиний хань” гэсэн айлтгал болохыг ухаараад буцсан гэдэг. Тоорой банди Монголын их баялаг сүргийг харийн хил давуулахаас өмнө “шомбодож” нутгийн ядуу олонд тараадаг байсан учраас ард олны дунд “Тоорой бандийг байхад торгоны сайныг өмслөө, Тоорой бандиас хойш тостой даавуу ч олсонгүй, гэрийн хаяанд суугаад гэзгийг минь илдэгсэн, хажууд минь түшиж суугаад хацрыг минь илдэгсэн, Гуна гүнжийн нуруунд гундаа нь үгүй Тоорой, гучин хоёр хошуундаа баригдаа нь үгүй Тоорой, Цантын цагаан нуруунд цантаа нь үгүй Тоорой, Цахар найман хошуунд баригдаа нь үгүй Тоорой доо” хэмээн ардын дуунд мөнхрүүлэн дуулдаг байжээ. Тоорой бандийн хөшөөг 1999 онд Ганга нуурын зүүн хойно байрлах Гангын цагаан овоон дээр уран барималч Ж.Дүүрэнтөгс урлан босгожээ. Хөшөөний урд байх аяны тогоонд ирсэн гийчид цай чанаад, цайныхаа дээжээс Тоорой бандийн гартаа барьсан аяганд нь хийж өгч хамт үдэллэх ёсыг бодож бүтээсэн байна.
1791 онд Халх журам хуулинд “суурин иргэд Манж, Хятад худалдаачдын бие, хөрөнгөнд халдсан этгээдийн гарыг мухарлах, цөлөх, есөн эрүү тулгах, цаазын ял оноох” тухай заалтууд оруулж байсан гэдэг. Үүнээс үзвэл, Монголын газар нутагт Тоорой бандиас өмнө манж, хятад, монгол ноёдыг “айлгадаг” шилийн сайн эрс байсан нь тодорхой байдаг. Баруун хязгаарт нум сум чадамгай хэрэглэдэг Лхан хар Бадарч, Засагт хан аймгаас гаралтай Тогос Чүлтэм, Алтайн нурууны Ганган Төгс, Дөрвөд далай ханы Архаг Жума гэх мэт түүхт эрс олон байжээ. Тэд Манжийн дарлал, Хятадын мөнгө хүүлэл, дотоодын феодал ноёдын алба татвар зэргийг эсэргүүцэн ардын төлөө босон тэмцэж, өргөсөн тангарагтай, андын журамтай явсан ажээ. 1715 оноос манж нар Зүүнгарын хаант улсыг эзлэх бодлогоо эрчимжүүлэн Халхын нутгийг түшиц газар болгон цэргийн хүнс, уналга унаа, цэрэг эрс дайчлах ажлыг хийж эхэлсэн ба чанга цааз тогтоон цэрэг дайнд мордохоос дургүйцэх, заасан хугацаанаас хождуулах аваас хошуу ноёдын цалин пүнлүүг хасах, албат иргэд, адуу малыг хураах, эхнэр хүүхдийг цөлөх, ноёд энгийн ард алин боловч саад учруулсан бол цаазаар авах хүртэл шийтгэл ноогдуулж эхэлсэн байна. Халхын ноёд манжийн бодлогыг нэлээд эсэргүүцдэг байсан жишээ олон байдаг ба 1730-аад оны сүүлээр Сэцэн хан аймагт Манжийн эсрэг гарсан хөдөлгөөн бий. Тус аймгийн нутгаас 3000 цэрэг татагдсаны 1800 нь гэдрэг буцаж эсэргүүцжээ. Манжийн цэргийн хүнсийг замаас нь булаах дээрэмдэх үзэгдэл нэлээд гардаг байв. Үүний нэг жишээ нь Халхын Засагт хан Цэвээнжавын ард Жав, Боролдой нарын удирдлагад хэдэн зуун хүн нэгдэн манж цэргийн мал, будааг булаан авсан учир Хятадын хязгаар нутагт цөлөгдөж байсан байна. Эдгээрээс үзвэл, шилийн сайн эрс төрөн гарах үндэс нь Манжийн бодлоготой шууд холбоотой байжээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах