1582 онд Зүрчидийн Никан Вайлан ноён цэрэглэж, Гүрэ хэмээх газарт Нурхачи баатарын эцэг Тагши баатар, өвөг эцэг Гиёоганга нарыг алжээ. 1583 онд Нурхачи баатар (1575-1626) ойр орчмын Зүрчид овог аймгуудыг нэгтгэж эхлээд 1584 онд цэрэглэн хөдөлж өвөг эцэг болон эцгийнхээ өшөөг авахаар Никан Вайлан ноёныг Түлүн гэдэг газарт довтолж цохижээ. Никан Вайлан ноён Эрхүн руу зугтаасанд 1587 онд Нурхачи баатар дахин түүнийг довтолж цохилт өгчээ.
1593 онд Монгол угсааны Ехэ аймаг ба Хорчин аймаг, Зүрчидийн Хада, Ула, Хойфа, Сибэ, Жүсэри, Ниен зэрэг 9 аймгийн холбоо нэгдсэн хүчээр Нурхачи баатарыг довтолсон боловч Гүрэ-гийн тулалдаанд тэд бүгдээрээ Нурхачи баатарт ялагдсан байна. Хорчины Онгудай, Мангус, Минган нарын ноёд Зүрчидийн Хада аймагтай хамтран Нурхачи баатарыг довтлоод ялагдсаныхаа дараа Зүрчидийн Нурхачи баатарт элч илгээн буруугаа хүлээж найрамдалт харилцаа тогтоосон байна. 1599-1618 онд Нурхачи баатар Зүрчидийн овог аймгуудыг нэгтгэх аян дайн хийж, Хада, Хойфа, Ула, Ехэ зэрэг аймгуудыг нэгтгэжээ. Нурхачи баатарын зарлигаар 1599 онд Эрдэнэ багш, Дахай заргач нар “монгол бичиг” дээр үндэслэн “манж бичиг”-ийг зохиож хэрэглэх болжээ.
1605-1606 онд өвөр Халхын Баяагуд аймгийн ноён Энхэ Дара таван отогийн Халхын элчийг томилон Нурхачи баатарын ордонд бараалхаж “Хүндлэлт хаан” хэмээн өргөмжилж байв. 1608 онд Нурхачи баатарын ахмад хөвгүүн Чойлон 5000 цэрэг дайчлан “Ула, Ехэ аймгийг өмгөөлөв” хэмээн довтлохоор зэхэж байсанд олон монгол аймгууд Хорчинд элч зарж цэргийн тусламж гуйжээ. Хорчин аймаг Лигдэн хааны зарлиггүйгээр дураар цэрэг хөдөлгөж үл болох тул тусалж чадахгүй гээд элчийг буцаажээ.
Төд удалгүй Лигдэн хааны зарлигаар Хорчины Онгудай баатар, хөвгүүн Уба тайж нар цэрэг дайчлан манж-зүрчидийн цэргийг цохиж ухраажээ. Зүрчидийн нэгэн салбар монгол угсааны Ехэ аймаг Нурхачи баатарын довтолгоонд өртөж арга буюу Лигдэн хаанаас тусламж хүссэнд Онгудай баатар, Уба тайж нар Нурхачи баатарын цэргийг дайлж хиа Буянтыг алсан байна.
Зүрчидийн Нурхачи баатар монгол аймгуудтай байлдаж амжилт олохгүйгээ мэдмэгцээ уран арга хэрэглэж “ураг барилдах” замд шилжсэн байдаг. Ляодунгийн газарт өөрийн байр суурийг бэхжүүлэхийн тулд Мин улсыг дайлахаар хүчээ төвлөрүүлж, Лигдэн хаан болон монгол аймгуудтай илт дайсагнахаа больж ар талын аюулгүй байдлаа хангахад анхаарч эхэлжээ. Монголчуудын өдөөн хатгалга, халдлага довтолгоонд Нурхачи баатар хүлцэнгүй хандаж, “ураг бололцох” замаар хил залгаа орших Хорчин, Өвөр халхын таван отогийн ноёд, тайж нартай найртай харилцаж ойртсоор байлаа. Хорчин болон Өвөр халх нь манжийн олон аймагтай хамгийн ойр оршиж байсан тул Манж гүрнийг үндэслэгч Нурхачи баатар монгол аймгуудтай ургийн холбоо байгуулахдаа, эн тэргүүнд эдгээр олон аймгаас эхэлсэн байна. 1612 онд тэрбээр хамгийн түрүүнд хорчин аймгийн Мянганы охиныг бага хатан болгон буулгажээ. Үүний дараа түүний хөвгүүд нь монгол язгууртны охидыг хатнаар буулган авах болжээ. Тухайлбал, 1614 онд хоёрдугаар хөвгүүн Дайшин монголын Жаруд аймгийн Жүглэнийг хатнаа болгосон бол дөрөвдүгээр хөвгүүн Абахай хунтайж нь Хорчин аймгийн язгууртан Мингусын охиныг, тавдугаар хөвгүүн Мангалдай нь Жаруд аймгийн Нэйжийн охин дүүг авсан бол 1615 онд Нурхачи баатар өөрөө Хорчины Хонгур тайжийн охиныг хатан болгож авсан байна. Монгол аймгийн ноёд ч бас манж-зүрчидээс хатан буулгаж авсанаар тэдний хооронд ураг төрлийн бат холбоо тогтов. Улмаар Нурхачи баатар монгол аймгуудтай байгуулсан ургийн холбоонд дулдуйдан зах хязгаарын монгол аймгуудад хяналт тавих, дарамт шахалт үзүүлж эхэлжээ.
Түүнчлэн монгол ноёдод өндөр цол хэргэм, бэлэг шан харамгүй хайрлаж, өөртөө татах бодлого явуулж, эхэндээ монгол ноёдтой эрх тэгш харилцаж,цэрэг-улс төрийн холбоог зорилго болгож байснаа удалгүй хөрш зэргэлдээ монгол аймгуудыг захирах бодлогод шилжсэн байна. 1616 онд Нурхачи баатар Зүрчидийн гурван том аймгийг нэгтгээд өөрийгөө “хаан” өргөмжилж, Умардын Алтан улсыг тунхаглажээ. Нурхачи баатар манж аймгуудыг 1616 онд нэгтгээд Монголын Лигдэн хаанд захидал илгээж, нийтийн дайсан Мин улсын эсрэг хамтарч дайтахыг санал болгосон байна. 1618 онд Мин улс зүрчидийн эсрэг тэмцэхдээ Солонгосоос 13000 цэргийн туслалцаа авч дайтсан боловч Нурхачи баатарт ялагджээ.
1619 онд Нурхачи баатар Мин улсын хязгаарт хийх довтолгооноо өргөтгөж Тиелин давааг эзлэн авахаар ирсэнд Мин улс хүчин мөхөсдөж Монголын Лигдэн хаанаас тусламж хүсэв. Лигдэн хаан зарлиг гарган Өвөр халхын Хонгирадын Зайсай ноён, Жарудын Бага дархан, Сабун, Хорчины Минган тайжи ба түүний хөвгүүн Сангаржай тайжи нараас нэгэн түм илүү морьт цэрэг дайчлан Тиелин давааг довтолж эзэлсэн боловч Нурхачи баатарт ялагдаж олон ноёд олзлогдсон байна. 1619 онд Нурхачи баатар Мин улсын жанжин Янь Хао, Пи Жоу Бо нарын их цэргийг бутниргэж, цаашлан өмнөд Манжуур дахь Телин, Кайюмань, Шэньян, Ляоян хотуудыг эзэлж авчээ.
Зүрчидийн Нурхачи баатар бүх Манжуурт байр сууриа бэхжүүлснийхээ дараа Мин улсын түүхий эдийн түшиц газар, барааны борлуулалтын зах зээлболсон Солонгосыг дайлжээ. Мин улсын олборлосон цагаан мөнгөөр япон, солонгос барааг сольж авдаг байсан бөгөөд зүрчидүүд нутагтаа ургуулж, хураасан хүн орхоодойн ургамлыг Солонгос, Нангиадад цагаан мөнгөөр арилжиж, тэрхүү цагаан мөнгөөрөө Монгол ноёдыг шагнаж, монголчуудаас цэрэг гаргуулан эргээд Мин улсыг довтолж эзэлсэн нь Мин улсын цагаан мөнгөөр өөрсдийг нь эзэлсэн хэрэг болсон юм. Нурхачи баатар Солонгосыг эзэлснийхээ дараа Нангиад орныг байлдан дагуулах аян дайнаа эхлүүлсэн бөгөөд өөрийн баруун жигүүрт байгаа монгол аймаг, ханлигуудыг өөртөө татахыг хичээж, тэр дундаа Лигдэн хааныг өөрийн гол холбоотноо болгохыг санаархаж эхлэв. Манж-зүрчидийн Умардын Алтан улс, Монгол улс хоёрын хооронд болсон анхны тулалдаанд Нурхачи баатар ялснаар монгол аймгуудыг өөртөө татах боломжийг нэмэгдүүлсэн байна.
Улмаар Мин улсыг эрхшээлдээ оруулахын тулд эхлээд Монголын Лигдэн хааны хүчийг сулруулж ар талаа бэхжүүлэх хэрэгтэй болсон байна. Лигдэн хааны мэдэлд буй хүчирхэг Цахар аймаг, Өвөр Халх, Хорчин, Харчин, Найман, Аохан, Баарин зэрэг олон монгол аймгууд байсан ба ургийн холбоондоо дулдуйдан айлган сүрдүүлэх, аргадан татах замаар Лигдэн хааны хүчийг сулруулж эхэлжээ. Лигдэн хаан Мин улсыг удаа дараа довтлох үед Мин улсаас Лигдэн хаанд алт мөнгө ихийг хахуульдсан тул дахин байлдахсонирхолгүй байсан бөгөөд Нурхачиөөртэй нь тэгш зиндаанд харилцдагт дургүйцэж, хамтрахаас татгалздаг байв. 1619 оны 11-р сарын эцсээр Лигдэн хаанэлч Хангал Байху-гаар дамжуулан Нурхачи баатарт бичиг өргөжээ. Тус бичигт, “Би бол баатар агуу суут эзэн Чингис хааны удам Лигдэн баатар Чингис хаан бөгөөд дөчин түмэн Монголын эзэн билээ. Нурхачи чи болбаас усны гурван түмэн Зүрчидийн эзэн билээ. Хэрвээ, чи миний өмнөөс довтлох гэж байгаа бол сайтар бодтугай. Чи нангиад оронд гай гамшиг их тарибай. Мин хийгээд бидний хоёр улс дайсан улсууд бүлгээ. Бид чамайг үхэр жилээс эхлэн Мин улсыг нэг бус удаа дайлсныг мэднэ. Энэ жилийн зун би өөрөө Мин улсын Гуаннины эсрэг цэрэглэж хотыг эзлэн авч тэнд хураасан албыг хураамжилан авсан болой. Хэрбээ чиний цэрэг Гуанниныг дайлах хэмээвэл би номхотгон дарна. Монгол улс эртнээс Мин улстай өшөөтэй болохоос зүрчид нартай өшөө атаа үгүй. Бид тасарсан элчин харилцаагаа сэргээх буй за”... хэмээгээд Лигдэн хаан цааш нь Зайсай тэргүүтэй Хорчин, Өвөр халхын ноёдыг ямар ч болзолгүйгээр суллах, түүний эзлэн буй Гуаннан хотод цэрэглэхээ татгалзахыг шаардсан байна. Нурхачи баатар энэхүү захидалд эгдүүцэж, монгол элчийг барьж хориод, 1620 онд хариу элч илгээхдээ “Та юуны учир өөрийгөө манай улсаас дээш дөчин түмэн улс хэмээн өргөмжилнөм бэ. Мин улс Даду (Их нийслэл)-ийг авах үед танай дөчин түмэн Монголчууд бүрнээ бутниргүүлж, дөнгөж зургаан түмэн хүн амь золин гарсныг бид сонссон билээ. Тэд зургаан түмэн ч танд бүгд бүрэн захирагдаагүй болой... “Лигдэн дөчин түмэн Монголын эзэн хэмээн бардамнав ч, түүний мэдэл өчүүхэн, Цахарын эзэн төдийгөөс үл хэтрэх биш үү. Минчүүд биднээс айхын учир та бүгдийг бэлэг мөнгөөр өөртөө татаж байна. Та болон бид хэл яриа өмнөө боловч эмгэнэлийн хувцас өмсөх ёс журам бидэнд нэгэн адил болой. Минчүүд бидний заналт дайсан болой. Эзэн хаан Тэнгэр газрын өршөөл хүртэж, тэдний эсрэг дайтаж, хотыг нь нурааж, хүн ардыг нь устгав. Тэнгэр газарт ивээгдсэн эзэн хаантай хамтаар гүнзгий заналт дайсан минчүүдийг дайлах хэтийн санаа өвөрлөе гэхсэн. Тийм үг хэл илүү чухаг бус гэж үү” гээд Цахар нь Мингийн дайнд ялагдаж байсныг дурьдаад, Мин улсын эсрэг Зүрчид, Монгол нар холбоотон болж тэмцэхийг санал болгоод хоригдож буй зарим ноёдыг сулласан ч Зайсай ноёныг түмэн талаар сольж авсугай гэж элч илгээв. Лигдэн хаан хилэгнэж, зүрчидийн элчийг хорьсонд Нурхачи баатарын ордонд манж-зүрчидийн элчийг хороосон тухай худал цуу үг хүрч, Лигдэн хааны элч Хангалбайхуг хороожээ. Ийнхүү Умардын Алтан улс ба Монгол улс хоёрын хооронд ноцтой зөрчил бий болов.
Манж-зүрчид нар хүчирхэгжсэнтэй холбогдуулан, Мин улсын эрх баригчид зөвлөлдөхөд “Зүрчид нар эртнээс залихай хүмүүс тул яаж ч мэднэ, харин умардын монголчууд болбаас довтолж эд агуурс булаахаас өөр үгүй, хэлсэндээ хүрдэг хүмүүс тул Монголтой холбоотон болох нь зөв” гэж тогтсон байна. 1619 онд Лигдэн хаан нангиадын Мин улстай цэргийн холбоотны гэрээ байгуулж, Мин улсаас авах шан харамж 4000 лан цагаан мөнгийг 20000 лан цагаан мөнгө болгожээ. Монголчууд нангиадыг үзэн ядах үзэл санааг сэдрээсэн Лигдэн хааны энэ үйл ажиллагааг Өвөр нутгийн монгол ноёд дургүйцэн хүлээн авч Лигдэн хаанаас нүүр буруулан Нурхачи баатарыг түших болжээ.
1619 оны 11 дүгээр сард Нурхачи баатарын элч Эсэнгэ, Хурц нар Өвөр халхын ноёдтой Хянганы Сэтэрхэй гэдэг газарт цагаан морь, хар үхэр алж тахилга үйлдэн харилцан найрамдаж, Цахар ба Мин улстай тэмцэхээр болжээ. 1621 оны 3 дугаар сард Нурхачи баатар Мүгдэн хот, Ляо Ян хотыг довтолж эзлээд нийслэлээ болгов. 1621 оны 11 дүгээр сард Өвөр халхын Хурбүси, Мангула тайж нар харъяат 600 өрхөө дагуулж, 1622 оны 2 дугаар сард Цахарын зүүн гурван түмний захирагч Сирхунаг ноён Үжээд ба Урудын Өлзийт тайжийн харъяат 3000 өрхийг дагуулж тус тус Манж-Зүрчидийн Умардын Алтан улсад дагаар оров. Лигдэн хааны бодлогод дургүйцсэн Үзэмчин, Сөнөд, Хуучид, Абага нарын аймгууд элсэн говийг гаталж, Халхын Сэцэн хан Шолойн нутагт нүүж ирэв. 1623 оны 5 дугаар сард Лигдэн хаан Жаруд аймгийн Сабун ноёныг “Умардын Алтан улстай далдуур харилцав” хэмээн довтолсонд Сабун ноён хөрш Хорчины нутаг руу дүрвэж очсонд ялт хүмүүнийг орогнуулсан ял нөмрөхөөс эмээсэн Хорчины Уба тайжи Умардын Алтан улсад дагаар оров. Мөн Лигдэн хааны авга ах Дайчин тайж Шинэ мянган отогийг авч Уба ноёны хамгаалалтанд оржээ. Өвөр халхын ноёд тайж нар Лигдэн хааны шийтгэлээс айж Манж-зүрчид руу очиж чадахгүй байгаагаа мэдэгдэж, Нурхачи баатартэлч илгээж байв. 1623 оны 5 дугаар сард Абахай хунтайж, Дэглэй тэргүүтэй зүрчидийн 3000 цэрэг Жарудын Ананд тайжийг бут цохиж аймаг олныг нь хураан авчээ. 1623 онд Нурхачи Хорчины Уба тайжид элч илгээн 1624 онд тангараг өргүүлж холбоотноо болгов.
Лигдэн хаан “энх төрөөр нэгтгэх бодлого” нь амжилтгүй болмогц “дайчин төрөөр нэгтгэх бодлого”-д шилжиж, 1625 оны 4 дүгээр сард Хорчин аймагт довтолж Зүрх хотыг бүсэлсэнд Хорчины Уба тайж Умардын Алтан улсад элч илгээн тусламж хүссэнээр Нурхачи баатар цэрэглэж, өөрийн гурав дөрөвдүгээр бэйл Мангудай, Абахай хунтайж нарыг 5000 шилдэг морин цэргийн хамт илгээгээд өөрөө гэдрэг буцжээ. Лигдэн хаан манж-зүрчидийн цэрэг айсуйг мэдээд бүслэлтээ зогсоож гэдрэг буцсан байна. Энэ үед Өвөр халхын Баяагудын ноён Энхдар албат нараа дагуулан Умардын Алтан улсад дагаар оржээ. 1625 онд Хорчины Уба тайж, зүрчидийн Нурхачи хаанд бараалхан 9 цагаан бэлэг сэлтийг өргөж давхар ураг барилджээ. Манж ба Цахар хоёрын хооронд болсон анхны зэвсэгт мөргөлдөөнд Манж нар дарамгайлж Нурхачи баатар Өмнөд Монгол руу цэрэглэх орох зоримог шийдвэр гаргажээ.
1626 онд Манж-зүрчидийн их цэрэг Монголын нутагт цөмөрч “Улаат элчийг уулгалав” гэж шалтаглан Жаруд, Баарин аймгийг довтолж хүн малыг олзолж авчээ. 1626 оны 5 дугаар сард “Хүндлэлт хаан Нурхачи баатар 10000 цэргээр найман замаар довтолж, Хатун гол (Шар мөрөн)-ийг гаталж Баарин аймгийг довтолж Нанну тайжийг хороон Баарин, Аухан, Найман, Ар хорчин, Оннигуд, Хишигтэн аймгуудын нутгийг эзлэн авч, намар 10 дугаар сард Жаруд аймгийг довтолж Бага Дархан тэргүүтэй 14 тайжийг талаад буцжээ.1626 онд Нурхачи баатар Мин улсын жанжин Юан Чонгхуантай байлдаж байгаад үхэр бууны суманд шархдаж, 2 хоногийн дараа 1626 оны 9 дүгээр сарын 30-нд Дэ Аман гэдэг жижиг хотод 68 насандаа тэнгэрт хальжээ.
Эх сурвалж: Бодонгуд М.Дөш (Facebook: Хүннү-Сяньби, Монгол-Түрүг түүхийн бүлгэм)