Төрийн ёслол хүндэтгэлийн ордон: Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд орон даяар төр ёсны их баяр ёслол болгон тэмдэглэх ажлын хүрээнд “Чингис хааны дурсгалын болон төрийн ёслол хүндэтгэлийн өргөө” байгуулагдсан юм. 2005 оны 9 дүгээр сард Ерөнхий сайд Ц.Элбэгдорж эртний заншлын дагуу шав тавих ёслолыг үйлджээ. Тус өргөөг барих газарт 88 төрлийн эд зүйлсийг бумбанд хийж лусын эзэнд өргөл болгож оршоожээ. Энэхүү 88 эд зүйлийн дотор Дэлүүн болдог, Хажуу булаг, Онон гол, Гурван нуур, Бүрги эрэг, Бурхан халдун уул, Хэрлэн гол, Хар зүрхний Хөх нуур, Онон мөрний Цагаан нуур, Хөдөө арал, Орхон гол, Хөвсгөл нуур, Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуур, Чингис уул, Хатан Туул зэрэг Чингис хааны хүүхэд ахуйгаас насан эцэс хүртэлх түүхэнд холбогдох бүх дурсгалт газрын хөрс шороо, ус нуур булгийн дээжүүд, Их Аураг орд ба Хархорум хот, Дэлгэр мөрний хөвөөн дэх Мөнх хааны ордны тууринаас олдсон дурсгалт зүйлс орсон байна.
Хөшөө баримлын эх загварыг Урлагийн гавъяат зүтгэлтэн Л.Болд зохиож, Монголын урчуудын эвлэлийн холбооны уран бүтээлчдийн хамт урлан бүтээжээ. Цогцолборын нүүрэн хэсэгт Их эзэн Чингис хаан, баруун хэсэгт Өгөдэй хаан, зүүн хэсэгт Юань гүрний үндэслэгч Хубилай хааны хөшөөг байрлуулжээ. Чингис хааны хөшөөний зүүн урд талд Их Монгол улсын Зүүн түмний захирагч Го ван Мухулай, баруун талд нь Баруун түмний захирагч Хүлэг Боорчи нарын морьт хөшөөг байрлуулжээ. Багана бүхий галерейн баруун хэсэгт “Монгол угсаатны төр улсууд”, зүүн хэсэгт “Их Монгол улс-эзэн гүрэн” хэмээх шилэн зургийг бүтээсэн. Шилэн зургийн хэмжээ тус бүр 18.2 х 7.2 метр хэмжээтэй бөгөөд шилэн урлагийн орчин үеийн технологиор бүтээсэн. Цогцолборын нэгдүгээр давхарт вестибюль, хоёрдугаар давхарт үзэсгэлэнгийн танхим, гуравдугаар давхарт Төрийн ёслол хүндэтгэлийн их танхим болон Төрийн Есөн хөлт цагаан сүлдийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Энэ танхимд гадаад орны төр засгийн тэргүүн нар, дипломат төлөөлөгчид Монгол улсын төр засгийн тэргүүн нарт бараалхах ёслол, гадаад орнуудын элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ өргөн барих ёслол, Монгол улсын Ерөнхийлөгч нар ард түмэндээ хандан айлтгал хийх, Төрийн дээд шагнал, одон медаль, цол хэргэм, зэрэг дэв соёрхон хүртээх ёслол, Цагаан сарын шинийн нэгний Есөн хөлт цагаан сүлдэнд хүндэтгэл үзүүлэх ёслол, Гадаадын зочид, жуулчдад хүндэтгэл үзүүлэх, Төрийн хан хуур цэнгүүлэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэр: Өргөөний голд тэг дөрвөлжин тавцан суурин дээр төрийн ган тулгыг байрлуулж, баруун зүүн жигүүрт тус тус зочин гийчин тухлан суух алт мөнгөөр чимэглэсэн сэнтийт суудал байрладаг. Гэрийн нийт тойрог ханыг хатуу хүрэн зандан модоор мөнхийн бэлгэдэл түмэн насан хээг битүү сийлж урласан нь монгол төр түмэн үүрд цэцэглэн бадрахын бэлгэ тэмдэг болгосон байна.
Төрийн ордон: Анх БНМАУ-ын Засгийн газар нь 1930 онд одоогийн МУБИС-ийн төв байрны доод хоёр давхарт байрлаж байв. Өнөөг хүртэл хэд хэдэн удаагийн өргөтгөлөөр одоогийн ордон бий болсон юм. Төрийн ордон бариулах ажлыг 1947 онд эхлүүлэн 1951 онд ашиглалтанд оруулсан нь Монгол түмний шүтээн болж, европ болон дорно дахины барилга архитектурын шийдлийг хосолсон томоохон цогцолборийн төрхийг хадгалжээ. Ерөнхий сайд Х.Чойбалсангийн нэгдүгээр орлогч Ч.Сүрэнжав ЗХУ-д очиж одоогийн төрийн ордны анхны зураг төслийг авчирсан бөгөөд “Засгийн газрын ордон бариулах комисс”-ын даргаар ажиллажээ. Төслийн зарим өөрчлөлтийг монгол инженер Б.Мотоо, уран барималч Д.Чоймбол нараар хийлгэж, барилгын суурийн баруун хэсгийг 1947 оны 4 дүгээр сард японы олзлогсдын 300 цэрэг гүйцэтгэж байгаад үлдсэн суурь болон барилгын ажлыг орос, хятад, монголын хоригдол, хөлсний ажилчин нийлсэн 1200 хүн гүйцэтгэж, сантехникийн мэргэжилтнээр Федеренко, цахилгааны мэргэжилтнээр Чембелюк нарын зөвлөлт хүмүүс ажиллажээ. Уран барималчин Д.Чоймбол ордны барилгын зураг, баримал чимэглэлийг хийж хожим төрийн шагнал хүртжээ.
Төрийн ордны өргөтгөлийг 1957 онд эхлүүлж зураг төслийг Болгарын архитекторч Аксина, Петров, Геригоров нар гүйцэтгэж, барилгын инженерээр Кого ажиллажээ. Өргөтгөлийн цахилгааныг Чехословак, телефон холбоог ЗХУ, радио холбоо, нийт засал чимэглэлийг БНХАУ, хөшиг болон ханын чимэглэлийг БНАГУ-ын мэргэжилтнүүд, барилгын ажлыг хурандаа Д.Бямбаа даргатай барилгын цэргийн нэгдүгээр батальоны 1000 орчим цэрэг ажиллаж 1961 онд дуусгажээ. Ордны хоёр дахь өргөтгөл 1981 онд хийгдсэн бөгөөд зураг төслийг архитекторч Г.Лувсандорж хийжээ. Энэ удаагийн өргөтгөлийг монгол мэргэжилтнүүд өөрсдөө гардан удирдаж төмөр бетон суурилуулт хийж, 150 хүний хоргодох байр, 1000-500 килограмм даацтай цахилгаан шатнуудыг суурилуулж, холбоо, цахилгаан, сантехник, салхижуулалт, халаалтын системийг шинэчилжээ. Ордны цэвэр усны нөөцөнд зориулан худаг, цахилгааны бэлтгэл тэжээлийн болон аваарын зориулалттай станцуудыг суурилуулсан байна. Ордны доторхи үйлчилгээний цэгүүдийг нэмж, ордны гадна талаар усны хамгаалалтуудыг хийж, явган замын хавтангуудыг шинэчилж, Их танхимыг 1200 хүний суудалтай болгон томсгож, шинээр туслах танхимуудыг байгуулж, радио холбооны шинэ төхөөрөмж суурилуулан соронзон бичлэг хийх, дэлхийн 12 хэлээр шууд орчуулга хийх чадвартай өрөө танхимуудыг байгуулжээ. Төрийн ордны Соёмбот танхимын 3 өрөөг байгуулж, таазны чимэглэл урлалыг гоёмсгоор хийлгэжээ. Ордон нийтдээ 35804 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Эдүгээ төрийн ордонд 491 ажлын өрөө, 536 хаалга, 932 цонх байдаг бөгөөд сантехникийн шугам сүлжээний нийт урт нь 30 километр ажээ.
Төрийн ордонд 1200 хүний суудалтай Их танхим, Улсын их хурлын нэгдсэн хуралдааны, олонхи цөөнхийн бүлгийн хуралдааны, Засгийн газрын хуралдааны, Үндсэн хуулийн цэцийн, ердийн хуралдааны, ёслол хүндэтгэлийн, хүлээн авалтын, уулзалтын гээд арав гаруй том танхим байдаг. Мөн 100 хүний суудалтай зоогийн газар, номын сан, уншлагын танхим, хэвлэх үйлдвэр, биеийн тамир чийрэгжүүлэлтийн танхим, худалдааны цэгүүд, угаалга, хими цэвэрлэгээ, оёдолчин, үсчин, цайны газар, цэцгийн хүлэмж, эмийн сан, банкны тооцооны төв, холбооны газар зэрэг үйлчилгээний зориулалттай 40 гаруй өрөө тасалгаа бий. Монгол улсын Ерөнхийлөгч, түүний Тамгын газар, Улсын их хурал, түүний Тамгын газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн албаны зөвлөл, Улс төрийн цагаатгалыг зохион байгуулах улсын комисс, Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төр засгийн үйлчилгээ аж ахуйг хариуцсан газрын төв аппарат, Төрийн ёслол үйлчилгээ, харуул хамгаалалтын албаныхан байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Ордонд нийт 1000 шахам хүн ажилладаг.
Төрийн ордонд урлагийн ховор нандин бүтээлүүд болох 100 шахам уран зураг, 10 гаруй уран баримал, сийлбэр, туурган хивс, торго болон арьсан урлалын бүтээлүүд тавигджээ. Эдгээрийн дотор Чингис хааны гантиг чулуун цээж баримал, Есөн хөлт цагаан тугны чимэглэл, Хүннүгийн үеийн хээ бүхий ширмэл ширдэг, Ардын зураач Н.Чүлтэмийн “Талын айл”, О.Цэвэгжавын “Гүүн зэл дээр”, М.Цэмбэлдоржийн “Отгонтэнгэр”, Б.Гомбосүрэн Д.Цэрэнпил нарын бүтээсэн “Эх орон” сэдэвт 20 метр урт туурган хивс, залуу уран бүтээлч Н.Лхагвасүрэнгийн “Төрийн долоон эрдэнэ” хэмээх түүх уламжлалын сэдэвт 17 метр урт монгол зураг зэрэг гайхамшигт бүтээлүүд бий. УИХ-ын танхим дахь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын сэнтий суудал нь үндэсний уран гоё сийлбэртэй байдгаас гадна төр засгийн тэргүүн нарт гадаадын төр засгийн байгууллага, хүмүүсээс бэлэглэсэн 70 гаруй үзмэр бүхий үзэсгэлэнг байгуулжээ. Төрийн ордны дундах чөлөөнд Эзэн Чингис хааны суумал хөшөө бүхий төрийн хүндэтгэлийн 10 ханатай өргөө гэр байрладаг.
Бунхант индэр: Төрийн ордны цогцолбор барилгын нэг хэсэг нь бунхант индэр байсан бөгөөд 1954 онд баригджээ. Архитекторч Б.Чимэдийн зохиосон “Маршал Х.Чойбалсангийн мавзолейн эскиз” төлөвлөгөөг баталж, 14.3 метр урт, 13.8 метр өргөнтэйгөөр бариулжээ. Дотор талын ханыг жижиг чулуугаар хийж, гадна талыг цагаан гантигаар бүрсэн байна. Энэ ажилд Москва хотын метроны зохион бүтээгч Ю.Н.Петрович оролцжээ. Бунхант индрийн барилгын ажлыг Улсын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн удирдлаган доор цэргийн барилгачид гүйцэтгэсэн байна. 1954 оны 6 дугаар сарын 29-ний тогтоолоор “Сүхбаатар, Чойбалсангийн бунхант индэр” гэж нэрлэхээр шийдвэрлэж 7 дугаар сарын 8-нд нээх ёслол хийжээ. 2005 онд Бунхант индэрийг буулган Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын шарилыг “Алтан өлгий”-д шилжүүлсэн билээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах