Монголын нууц товчоон: Бээжинд ажиллаж амьдарч байсан Оросын үнэн алдартны шашны төлөөлөгч, хятад судлаач Палладий Кафаров гэгч Манжийн хааны номын санд хадгалагдаж байсан нэгэн нууцлаг сударыг санаандгүй олж үзээд хааны ордны хүмүүст авилгал өгөн байж тэрхүү судрыг сэм хуулбарлан авчээ. Тэдний хуйвалдаан нь Монголын түүхийн хамгийн гайхамшигт эх сурвалжийг хүн төрөлхтний өмнө дэлгэн тавихад хүргэжээ.
Хятад галигаар бичигдсэн боловч монголоор хүүрнэх “Юан Чао Би Ши” гэгдэх “Монголын нууц товчоо” байсан юм. Кафаров тэрхүү гайхамшигт олзоо хятад галигаас нь орос хэлэнд хөрвүүлэн 1866 онд хэвлүүлжээ. Түүний туурвисан дэвтэр нь эдүгээ ОХУ-ын ШУА-ын харъяа Дорно дахины хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарт хадгалагдаж байна. Анх хятад үсгээр бичигдсэн үү, уйгаржин монгол бичгээр бичигдсэн үү гэдэг нь тодорхойгүй хэвээр үлджээ. Өнөөг хүртэл МНТ-ны хуучин монгол үсгээр бичигдсэн эх гарч ирээгүй юм. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул хятад үсгээр монгол хэл дээр зохиосон эсвэл уйгаржин монгол үсгээр зохиогоод хожим нь хятад үсгээр сийрүүлсэн ч байж болох талтай хэмээн эрдэмтэд үздэг ажээ.
Кафаров хятад судлаач эрдэмтэн учраас өөрийн бичиж байсан орчуулга ба хятад эхийн бодит хуулбарыг монголч эрдэмтэн А.Н.Позднеевт өгчээ. А.Н.Позднеев шүүмж бичин 1883 онд товхимолоор хэвлэснээс гадна 1897 онд “Монголын утга зохиолын түүх” нэрээр нийтэлжээ. Автономит Засгийн үед Цэнд гүн, хятадын эрдэмтэн Ей Дэ Хуйн хэвлүүлсэн эхийг баримталж монгол үсгээр сийрүүлэн бичсэн ба монгол хэл дээр орчуулжээ. Хожим академич Ц.Дамдинсүрэн ЗХУ-ын ШУА-ын Дорно дахины хүрээлэнд очиж Цэнд гүний эхийг орос эхтэй нь нийлүүлээд орчин цагийн монгол хэлэнд буулгаж хуучин монгол үсгээр 1947 онд хэвлүүлсэн байна. МНТ нь 1950-иад оноос эхлэн англи, хятад, япон зэрэг олон орны хэл дээр хэвлэгдэн гарчээ.
МНТ нь XIII зууны Монголын түүхэн үйл явдлыг бичсэн төдийгүй тухайн цагийн ардын дуу, цэцэн үг, шүлэглэлийг өргөнөөр илэрхийлсэн утга зохиол, соёлын хосгүй үнэт бүтээл юм. Уг зохиолын бүлэг бүрд шүлэглэсэн яриа, хүүрнэсэн үг байхаас гадна монгол хэлний үг найруулах, холбох арга, үргэлжилсэн үгийн зохиолын бүхий л жишээг бүрэн гаргасан байдаг. Монголчууд оюуны соёлтой ард түмэн тул МНТ бичигдсэн тухайн үед олон ном зохиол байсан нь дамжиггүй юм. Харамсалтай нь өнөө үед монголын хуучны уран зохиолын оргил хэмээгдэх МНТ, Гэсэр, Жангараас бусад нь уламжлагдан ирж чадалгүй сүйтгэгдэн үгүй болжээ. “Ямар ч нүүдэлчид монголчууд шиг ийм гайхалтай түүхийг үлдээж чадаагүй юм” хэмээн алдарт монголч эрдэмтэн В.А.Владимирцов өөрийн бүтээлдээ бичсэн байдаг.
2004 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч монголын их хаадын угсаа гарал, монголчуудын үндэсний түүх, хэл бичиг соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, он цаг тооллын бичиг болох МНТ-г айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залан дээдэлж байх, бүх шатны боловсролын байгууллагын суралцагсдад үе шаттайгаар судлуулахыг нийт эрдэмтэн судлаач багш нарт уриалсан юм. Мөн шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн эрдэнийн чулуун шигтгээтэй хосгүй нэг хувь МНТ-г урлан бүтээж Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залахыг зарлигдсан дагуу Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн баяраар уг бүтээлийг урласан билээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах