Монголчууд мянга гаруй жилийн түүхтэй үсэг бичиг, бичгийн дурсгалтай билээ. Хүннү, Сяньби, Жужан, Тобачууд хятад ханз үсэгт тулгуурласан үсгээр өөр өөрийн хэл аялгууг тэмдэглэж байсан тухай түүхэн сурвалж бичгүүдэд мэдээлсэн байдаг. Гэвч тэдний хэрэглэж байсан бичиг үсгийн дурсгал эдүгээ үлдсэнгүй. Харин IX-XII зууны үед монгол газар цэцэглэн хөгжиж байсан киданчуудын үсэг бичгийн дурсгал уламжлан үлдсэн бөгөөд тэдгээр дурсгалуудыг тайлан унших оролдлого XX зууны дунд үеэс эхэлсэн. Одоогийн байдлаар 26000 гаруй тэмдэгт бүхий кидан бичгийн дурсгалууд үлдсэн бөгөөд тэдгээрийг уншиж тайлах талаар Франц, Унгар, Япон, Орос, Америк, Хятадын эрдэмтэд харилцан адилгүй өөр өөр аргазүйгээр судалсаар иржээ. Манай эриний YIII-IX зууны үед хүчирхэгжин тогтсон Уйгарын хаант улсын хэрэглэж байсан үсгийг монголчууд авч хэл аялгуундаа тохируулан зассаар XII-XIII зууны үе болж ирэхэд боловсронгуй бичгийн хэлтэй болж, тэр нь яваандаа нийт монголчуудын үндэсний бичиг болж, эдүгээ хүртэл хэрэглэгдсээр байгаа. Монгол бичгийн хэлний дурсгалуудыг бичиж тэмдэглэсэн үсэг бичгийнх нь ялгаагаар уйгаржин монгол бичгийн, дөрвөлжин бичгийн, хятад ханз үсгийн, араб үсгийн гэх мэтээр ангилж болохоос гадна бүтээсэн арга хэлбэрээр нь хөшөө чулууны бичээс (Inscription), барын ном (Xylograph), гар бичмэлийн зүйл (Manuscript), гэрэгэ, тамганы бичиг хэмээн ялгаж үздэг билээ. XYI-XYII зуунаас хойшхи бичиг дурсгалын зүйлийг монгол бичгийн хэлний дурсгал гэж үздэг. Учир нь, тэр үеэс эхлэн бичгийн хэл нь биеэ даасан тиг зурлага, сайтар хэвшсэн бичлэгийн дүрэм, арвин баялаг үгийн сан, тансаг сайхан хэл найруулга бүхий боловсронгуй болж, хэвшин тогтсон бөгөөд түүнийг “сонгодог монгол бичгийн хэл” хэмээн нэрлэдэг. Одоогоор 20 шахам хөшөө чулуу, агуйн ханын бичээс уламжлан үлдсэн бөгөөд тэдгээрийн олонх нь БНХАУ-ын Өвөрмонгол, Ганьсу, Хэнан, Юнань мужуудад байгаа бөгөөд цөөн зарим дурсгал Санкт Петербург, Улаанбаатарын музейнүүдэд хадгалагдаж байна.
Хасарын хүү Есүнхэ ноёны 335 алд газар харвасан тухай “Чингисийн чулууны бичиг”-ийг XIX зууны эхээр Оросын эрдэмтэн Я.Шмидт, Д.Банзаров, А.М.Позднеев нар анх уншиж судалжээ.
XX зууны дундуур Индүү ван, Чан-Йин-Жүй, Жигүндэй, Аруг вангийн хөшөөний бичээсүүдийн дардас, гэрэл зургийн эхийг олж судалсан нь монгол бичгийн дурсгалуудын эх бичгийн судлалд цоо шинэ эргэлт болсон билээ. 1980, 90-ээд оны үед Ганьсу мужийн Дунхуаны агуй, Ордосын Аржайн агуйн ханан бичээсүүд болон Хэнан мужийн Шаолин сүмээс хэд хэдэн шинэ зарлиг олдсоныг Хятад, Японы эрдэмтэд судалсан нь монгол бичгийн дурсгалын судалгаанд үнэтэй хувь нэмэр болсон. XIII-XY зууны үед уйгаржин монгол үсгээр бичсэн 100 гаруй ном судар, захидал бичиг эдүгээ Парис, Берлин, Ватикан, Будапешт, Истанбул, Техеран, Ардабил (Иран), Санкт Петербург, Москва, Киото, Бээжин зэрэг хотын номын сан, архивын газруудад хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийн ихэнх нь Турфан, Дунхуаны агуй, Хархот, Олон сүмээс олдсон байна. Тэдгээр дотор “Тахимдуу бичиг”, “Бурхан багшийн 12 зохионгуй”, “Бодичаръяа Аватарагийн тайлбар” зэрэг 30 гаруй барын ном, Персийн төрийг үе залгамжлан барьж байсан монгол хаадаас Францын вангууд болон Ромын пап ламд илгээсэн захидлууд, “Эрдэнийн сан субашид”-ийн төвд-монгол хадмал эх, Сулхарнайн тууж, Алтан ордны үйсэн дээрх бичиг зэрэг 70 гаруй гар бичмэл, дурсгалууд багтаж байна. Их Монгол улсын гуравдугаар хаан Гүюг-ээс Ромын пап ламд илгээсэн захидал, түүнд дарсан тамганы дардас чухал бичгийн дурсгал төдийгүй их эзэн Чингис хааны төрийн тамганы төсөөллийг бий болгосон юм.
Юан гүрний үед Пагва ламын зохиосон Дөрвөлжин үсгийн дурсгал эдүгээ 80 гаруй үлджээ. Хад чулуунд сийлсэн 20 гаруй бичээс, барын болон гар бичмэл 20 орчим, гэрэгэ бичиг 10 гаруй бий. Эдгээр дурсгалын тал хувь нь Хубилай, Өлзийт, Хайсанхүлэг, Буянт, Гэгээн, Есөнтөмөр, Тогоонтөмөр хааны үед хамаарах зарлиг бичгүүд юм. Оросын эрдэмтэн А.Позднеев “Монголын утга зохиолын түүхийн лекцүүд” хэмээх бүтээлийнхээ нэг ботийг дөрвөлжин үсгийн дурсгалын судалгаанд зориулжээ. XX зууны эхээр Финлянд, Францын эрдэмтэд, 1940-өөд оны үед Польшийн эрдэмтэн М.Левицкий, Германы эрдэмтэн Э.Хэниш, Оросын эрдэмтэн Н.Поппе, Унгарын эрдэмтэн Л.Лигети нар, 1990-ээд оны үед Төвдийн үндэсний архив, Хэнан мужийн Шаолин сүм, Хархот, Монголын зарим нутгаас олдсон дөрвөлжин бичгийн шинэ дурсгалуудыг Япон, Хятад, Монголын эрдэмтэд судалж, нэлээд олон бүтээл туурвижээ.
Араб үсгээр тэмдэглэсэн монгол хэлний дурсгалууд дотор Перс зүгийн эрдэмтэд монгол хэлний үг авиаг араб үсгээр тэмдэглэх тогтолцоог бүрдүүлэн монгол-перс, перс-монгол, араб-монгол толь бичгүүд зохион хэрэглэж байсныг гэрчлэх 10 орчим том жижиг толь бичгүүд монгол хэлний үнэтэй чухал дурсгал болж байна. Хамгийн том толь нь XII зууны Персийн эрдэмтэн Абул-Касим Махмуд Бин Омар ал-Замахшарийн зохиосон Мукаддимат ал-Адао хэмээх араб-перс толийн ард нэмж хийсэн монгол хадмал орчуулга юм. Эдүгээ Узбек улсын Ташкент хотын Алишер Навойн музейд хадгалагдаж буй тэрхүү толь бичиг нь 3500 орчим толгой үг болон олон арван холбоо үг, хэлц хэллэгийг багтаажээ. Бас нэг томоохон дурсгал нь Йемен улсын Аден хотноо хадгалагдаж байгаа араб, перс, түрэг, грек, армян, монгол зургаан хэлний толь бичиг юм. “Хааны толь” хэмээн алдаршсан тус толь бичигт 800 гаруй монгол үг бий. Эдгээр дурсгалыг анх Оросын эрдэмтэд эхлэн судалсан бөгөөд хожим Франц, Унгар, Герман, Америк, Японы эрдэмтэдийн судалгааны бүтээлүүд гарчээ.
Хятад, ханз үсгээр тэмдэглэсэн монгол дурсгалууд дотор хамгийн том нь “Монголын нууц товчоо” хэмээн алдаршсан хааны ордны түүхэн сурвалж бичиг юм. Юан гүрний дараа Мин гүрний үед ч монгол хэл урьдын адил ихээхэн нөлөөтэй байсан учир хятад бичгийн хүмүүс монгол хэлний үг авиаг ханз үсгээр авиачлан буулгах арга замыг боловсруулан монгол хэл сургах гарын авлага, толь бичгүүдийг эмхлэн гаргаж байжээ. Монголын нууц товчоо нь эхлээд уйгаржин монгол бичгээр бичигдсэн ба дараа нь Юан гүрний үед дөрвөлжин үсгээр хөрвүүлэгдсэн юм. Эдгээр эхүүдийг хятад, ханз үсгээр авиачлан буулгаж, монгол хэл сургах гарын авлага болгон хэрэглэж байжээ. Харамсалтай нь анхны монгол бичгийн эх, дараа нь дөрвөлжин үсгээр буулгасан эхийн аль нь ч үлдээгүй учир хожим хятад ханз үсгээр буулгасан эх нь эдүгээ “Монголын нууц товчоо”-ны цорын ганц эх болоод байгаа юм. Мөн хятад ханз үсгийн монгол дурсгалд “Хятад-Монголын харилцааны бичиг” буюу Мин улсын үеийн 12 захидал бичиг, “Хуа-й-й-юү”, “Дан-тан-куан-й-юу”, “Лоу-лон-сай-лио”, “Жи-юан-й-юу”, “Дентан-бижиу” зэрэг хятад-монгол, монгол-хятад толь бичгүүд үлдсэн нь дундад үеийн монгол хэлний судлалд чухал хэрэглэгдэхүүн болсоор байна.