Италийн нэрт аялагч Марко Поло нь 1254-1324 оны хооронд амьдарч байсан ба дэлхийн бөмбөрцгийн зүүн хагасын амьдралыг өөрийн нүдээр үзэж, Европ тивийнхэнд монголчуудын тухай тодорхой мэдээллийг хүргэсэн хүн билээ. Марко Поло аав, авга ах нарын хамт 1260-аад онд Узбекстанд ирж суурьшжээ. Дараа нь Их хаан Хубилайн нутаглаж байсан Хятадын Шанду мужид ирэхийн тулд “Торгоны зам”-ыг даган Түвдийн хойд элсэн цөл Самаркандаар дамжин Монголын их тал нутгаар дайран явжээ. Тэднийг Хубилай хаан элэгсэг дотноор хүлээн авсан гэдэг. Хожим 1269 онд нутагтаа харьсан боловч 2 жилийн дараа 1271 онд Марко Поло аав ах нараа даган дахин Хубилай хааныг зорьж, одоогийн Шинжаан Уйгарын автономит улсын нутгаар дамжин говийн элсэн цөлийг тэмээгээр туулан Хубилай хааны ордонд 1275 онд хүрч ирснээр Монголын элсэн цөлийг туулсан анхны европчууд болсон юм. Тэд Х Георгий Пап ламын захидал, бэлэг сэлтийг авч иржээ. Марко Поло Хубилай хааны дэргэд дипломат албаны төлөөлөгч болж 17 жил төрийн албанд зүтгэсэн бөгөөд Монголын эзэнт гүрний өнцөг бүрт үйл хэргээ явуулдаг байжээ. 1282-1285 оны хооронд Марко Поло Янчу хотын захирагчаар ажиллаж байх үед түүний эцэг, авга ах хоёр нь Хубилай хааны цэргийн зөвлөхүүдээр ажиллаж байсан байна. Тэд Хубилай хааныг насан өндөр болохын хэрээр эзэнт гүрний хүчирхэг байдлыг хадгалах асуудалд санаа тавьж, улмаар 1292 онд Персийн хаанд хатнаар очиж буй монгол гүнжийг дагалдан явжээ. Дайн дажны улмаас газраар явах аюултай байсан тул усан замыг сонгож Перс рүү явсан ба 14 усан онгоц, 600 цэрэгтэй хөдөлж Хятадын далайн эрэг, Никобарын арлуудыг дамжин 1294 онд Хорезмд хүрчээ. Харин Персийн хаан урд жил нь насан эцэслэсэн тул монгол гүнж түүний хүүтэй гэрлэсэн байна. Гүнжийг хүргэсний дараа Полочууд өөрсдийн төрсөн хот Венецэд 1295 он буюу 24 жилийн дараа хувцсаараа дүүрэн оёж нуусан алт эрдэнэстэй эргэж очсон гэдэг.
1298 онд Венец, Генуя хоёрын хооронд дайн эхэлж, усан онгоцны ахмадаар ажиллаж байсан Марко Поло Хорватын нэгэн эрэг дээр баригдан шоронд хоригджээ. Шоронд байх хугацаандаа хамт хоригдож байсан Рустачино хэмээх нэгэн залуу зохиолчид өөрийн намтар түүхийг ярьж өгч цагийг өнгөрүүлдэг байжээ. Нөгөөх залуу цаасан дээр тэмдэглэн авснаа хожим сийрүүлэн хэвлүүлснээр Марко Пологийн тэмдэглэл өнөө үед улиран иржээ. Марко Поло 1299 онд шоронгоос суллагдан Венецдээ эргэж очоод гэр бүлтэй болж улмаар 3 охин төрүүлж 70 нас хүртлээ сайхан амьдарчээ.
Марко Пологийн аяллын ном нь Livre de Merveilles du Monde нэртэйгээр анх Францад хэвлэгдэн гарсан ба удаан хугацааны туршид зүүн Азийн орнуудын газар зүйн эх ном байсаар байжээ. Мөн энэ ном нь Кристофер Колумбид Ази руу экспедици хийх санааг төрүүлсэн гэдэг ба тэрбээр 1492 онд Пологийн заасан замаар Азийг зорьжээ. Ингэснээр тэр Европоос дан усан замаар Африк тивийг тойрон Азид хүрэх санааг гаргасныг 1497-1498 онд Васко Да Гамма хэрэгжүүлсэн билээ.
Эх сурвалж: Монгол орны лавлах