Дэлхий даяар тархан амьдарч байгаа монголчууд, тэр дундаа буриад зон олныг нэгтгэсэн нэгэн наадам бол “Алтаргана” юм. Тус наадамд ОХУ-ын буриад монголчууд, Өвөрмонголын буриад баргууд, ойрд монголчууд, Шинжаан, Шинхээнийхэн, Халимаг монгол, Тува монголчуудаас эхлээд Афганистаны Хазаар монголчууд, Австрали, Франц улсуудад суурьшсан буриад монголчууд, АНУ-ын халимаг монголчууд цөмөөрөө ирж оролцдог өргөн дэлгэр наадам болжээ.
1994 оны 6 дугаар сарын 1-нээс 13-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Дадал сумын Дэлүүнболдог Баян-Овоо уулын энгэр дээр анхны “Алтаргана” наадам болжээ. Тухайн үеийн Хэнтий аймгийн Засаг дарга Балдандорж, аймгийн соёлын хэлтсийн дарга Дуламжав, Хан хэнтий чуулгын дарга Мөнхжаргал нар анхлан санаачилжээ. Түүний дараагаар Хэнтий аймгийн Батширээт, Дорнод аймгийн Дашбалбар сумдаар дамжин таван удаа нээгдсэн “Алтаргана” наадам 2002 онд ОХУ-ын Агад, 2006 онд Буриадын Улаан-Үд, 2009 онд ОХУ-ын Эрхүүд, 2010 онд Улаанбаатарт, 2012 онд ОХУ-ын Өвөр байгалийн Агын тойрогт, 2014 оны наадам дахин Хэнтийн аймгийн Дэлүүнболдогт болсон ажээ.
Дэлхийн талыг дагуулж, Хамаг Монголыг нэгтгэн хаан ширээнд сууж байсан Чингис хааны өсөж төрсөн нутаг, гал голомтоо бадраасан уугуул нутагт хөл тавьж, унасан шороо, уусан усыг нь нүдээрээ үзэж, гар хүрч мэдрэх гэсэн хүсэлтэй хүмүүс дэлхийгээр дүүрэн байгаа ажээ. Наадам зохион байгуулагдах тусам урьд урьдынхаас илүү олон жуулчин гийчин, монгол үндэстэн цугладаг болжээ. Наадмын үеэр хэл соёл, ёс заншил нэгтэй монгол үндэстний онцлогийг жинхэнэ утгаар нь харж, сонсож, мэдрэхээс гадна хойч үедээ агуу соёлоо монгол уламжлалаар нь өвлүүлэн үлдээхэд ихээхэн ач тустай. Алтаргана гэдэг нь халх дуудлагаар Алтанхаргана цэцгийн нэр бөгөөд уг цэцэг нь айл гэрийг хэрүүл тэмцэл, хэл амнаас хамгаалдаг гэж бэлгэшээн гэрийнхээ тотгоны дээд талын униндаа хавчуулдаг уламжлалт заншил байжээ.