Богд хаант Монгол улс - Төрийн бэлгэдэл

Аливаа улс гүрний тусгаар тогтнолын эрхэм бэлгэдэл нь Улсын сүлд, тамга, туг, далбаа байдаг билээ. Энэхүү уламжлалын дагуу 1911 онд тусгаар тогтнолоо зарласан Олноо Өргөгдсөн Монгол Улсын хамгийн түрүүнд шийдвэрлэсэн чухал зүйл нь дэлхийн нийтийн жишгийн дагуу "Төрийн далбаа"-тай болсон явдал юм. Богд Хаант Монгол Улс бие даасан, туурга тусгаар улс гэдгээ гадаадын улс гүрнүүдэд нотлон харуулахын тулд төрийн сүлд, дуулал, тамга, одон, мөнгөн дэвсгэрт зэрэг олон зүйлийг шинээр үйлдсэн түүхтэй.

VIII Богд хааны зарлигаар Монгол төрийн далбаа нь төр, шашныг ариунаар мандуулах утга санааг илэрхийлсэн өнгө, хэлбэр, хэмжээ, бэлгэдлийн зүйлсийг агуулснаараа онцлог. Энэ үед хааны ордон, төрийн яам, зэрэг газрын дээр хийсгэх далбааг гурван ам буюу 3x1 харьцаатай (нэг ам нь 70x70см) босоо дөрвөлжин хэлбэртэй байхаар зааж, шар торгоор урлаж, дээд доод болон ишний талыг улаан торгоор хөвөөлдөг байжээ. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын дараа Богд хаант Монгол Улс байгуулагдаж, төрийн ёс дэг, ёслолыг цэгцэлж, үндэсний уламжлалт соёлыг тусгасан төрийн бэлгэдлийг хэрэглэх тухай зарлиг гарснаар энэ далбааг бүтээсэн байна.

Богд Хаант Монгол улсын Төрийн сүлд нь “Соёмбо” үсэг байсан билээ. Санскрит хэлний “соёонбозод” буюу төвдөөр “Аранзүн нанваа”, монголоор “өөрөө тодорсон гэгээн” хэмээсэн утгатай соёмбо үсгийн цагаан толгойг 1686 онд Өндөр гэгээн Занабазар зохиож, тэрхүү цагаан толгойн хамгийн эхэнд байх толгой үсгийг "сүлд шүтээн" болгосон хэмээдэг. Шашин төрийг хослон баригч Богд хаан Монгол Улсын сүлд ямар байвал зохих тухайд хан, ван, бээс, гүн, засаг, хамба, шанзудба, да лам нарын санал бодлыг сонсож Анхдугаар Богдын зохиосон соёмбын титэм үсгэнд эзэн Чингисийн үеэс шүтэж ирсэн нар, сар, галын дүрсийг зохируулан Олноо Өргөгдсөн Богд хаант Монгол Улсын сүлд бүтээх санал дэвшүүлээд түүнийг хэдэнтээ чуулан сайтар хэлэлцсэн ажээ. Энэ бүхний эцэст Богд хаант Монгол Улсын төрийн хуулиар улсын тамга, туг далбаанд хэрэглэх сүлд тэмдгийг тогтооход соёмбо үсэг нь сүлд болсон бөгөөд энэ тухай “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т “Тамгын төвийн үсэг соёмбын Э-бам, зүүн баруун этгээдэд монгол үсэг сийлэх, төрийн далбааны дундад мөн үсгийг хийх тухай” заасан байна. Ийнхүү соёмбо, Э-бам үсэг нь улсын сүлд болсон түүхтэй бөгөөд арга билгийг хослон төр улс, үндэс язгуурын шашнаа ариунаар мандуулах үзэл санааны бэлгэдэл болжээ. Түүнчлэн эл соёмбо, Э-бам үсгийг туг далбаанд болон шүтээн болгон хэрэглэхдээ хүрээ гуу, бадамтай үйлдэх болсон байна.

“1911 онд соёмбыг Монгол Улсын төрийн сүлд, далбаанд оруулах талаарх саналыг Хүрээний номтой багш, Бойдагийн лам Наваан-Юндэн санаачилсныг Богд хаан таалсан гэж Шашны их сургуулийн багш, доктор Ш.Сонинбаяр гуай хуучилдаг юм” хэмээн шинжлэх ухааны доктор О.Батсайхан өгүүлсэн байдаг. Улс үндэсний төрийн тусгаар тогтнолын бэлгэдэл нь "төрийн туг далбаа" юм. Монгол төрийн түүхэнд "есөн хөлт цагаан", "харлаг сүлд" нэртэй хялгасан туг хэрэглэгдсээр ирсэн бөгөөд харин далбааг төрийн туг болгон хэрэглэсэн нь 1911 оноос эхтэй ажээ. Чингэхдээ төрийн далбааг орчин цагийн олон улсын төрийн үндсэн хэлбэр болох далбааны маягаар үйлдсэн байна. Энэ тухай албан баримтанд “Олон улс дор цөм өөр өөрийн далбаа бий, бидний Монгол болбоос өөртөө эзэрхэх эрх хэмжээ бүхий нь мөн тусгайлан далбаа байгуулж тусгаар эрх бүхийг илэрхийлбэл зохимой” гэжээ. Ингээд Монгол Улсын тусгаар тогтнохын илэрхийлэл болсон төрийн далбаа, цэргийн туг, далбааг бүтээж тэдгээрийн өнгө зүс, хэлбэр хэмжээ, дагалдах бэлгэдлийн зүйлс (сүлд, үсэг бичиг)-ийг тогтоосон байна. Түүнээс улсын далбааг 3 ам  (нэг нь 70 х 70 см), гал дэвсгэр нь шар, ишний эсрэг талд “ум а хум” гэсэн үсэгтэй 3 улаан хэлтэй, дундаа гуутай бадамлянхуа бүхий “соёмбо”, “Э бам” үсгийг сайн сайхныг бэлгэдсэн ном (ламааданномбо, санжаадансүрэн, лүймүддонжи) зэрэг барласан дэвсгэр дээр урлан хийсэн байна. мөн тус далбааг тэр үеийн төрийн гол баярын өдрүүдэд айл өрх, орд сүм , яам тамгын газар мандуулж байхаар тогтоосон ажээ. Олноо Өргөгдсөн Монгол Улсын төрийн далбааг урлан бүтээхэд Да лам Цэрэнчимэд ихээхэн үүрэгтэй оролцсон гэдэг бөгөөд уг далбааны гол дахь соёмбо тэмдэг нь 1921 оны ардын хувьсгалын үеэр төрийн сүлд далбаанд ч залгамжлагдан ирсэн түүхтэй. Олноо Өргөгдсөн Монгол Улсын Төрийн далбааны үүх түүхийн талаар угсаатны зүйч, эрдэмтэн Х.Нямбуу, эрдэмтэн зохиолч Л.Түдэв, зохиолч Д.Нацагдорж, доктор О.Батсайхан нар тусгайлан судалж бичсэн байдаг. Богд хаант Монгол улсын Төрийн далбааг 2004 оны 5 дугаар сарын 5-нд Засгийн газрын 108-р тогтоолоор “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд одоогоор Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт хадгалагддаг.

Богд хаант Монгол улсын Төрийн дуулал: Богд Хаант Монгол Улсын үед “Зуун лангийн жороо луус” хэмээх ардын дуу төрийн дуулал байсан түүхтэй. Тухайн үед Ерөнхий сайд Т.Намнансүрэн Оросоос буу, зэвсэг авчирхаар очихдоо, ёслол хүндэтгэлийн үед үлээвэр хөгжим тоглуулдаг болохыг анх харжээ. Түүнд энэ хөгжмийн дугаралт өвөрмөц сайхан санагдсан тул хэдэн үлээвэр хөгжмийг зэвсгийн хамт эх орондоо авчирчээ. Үүний дараа орос мэргэжилтэн Монголд ирж Богд хааны торгон цэргээс 10 хүн сонгон, тэрхүү хөгжмийн зэмсгээр хэрхэн тоглохыг заасан ажээ. Үүний зэрэгцээ оросын хайгуулын баг Монголд ирээд Богдын ногоон ордонд зочлон Цагаан хааны төрийн сүлд дууллыг хөгжимдөн малгайгаа авч хүндэтгэл үзүүлжээ. Богд хаан тэр дууллыг хоёр удаа дахиулан дуулуулаад, өөрөө ч гэсэн тэднийг дуурайн хүндэтгэл үзүүлсэн түүхтэй. Үүнээс хойш Богд хаан төрийн сүлд дуулалтай болохоор шийдэж оросуудад хүсэлт тавьжээ. Оросын элчээр дамжуулан Марийнский буюу өдгөөгийн ОХУ-ын төв театрын нэгдүгээр хийлч А.Кадлецид “Монгол улсын Төрийн дуулал” зохиохыг үүрэг болгожээ. Түүнд тухайн үеийн Дорно дахин судлалын хүрээлэнгээс нэг дууны аялгуу өгсөн нь “Зуун лангийн жороо луус” байжээ. Улмаар энэ нь 1915 онд Богд Хаант Монгол Улсын Төрийн дуулал болжээ.

 

Богд хаант Монгол улсын Төрийн одон: Эрдэнийн очир одон нь Богд хаант Монгол улсын анхны одон байсан ба Богд хаан зарлиг гарган 1913 онд бүтээлгэж гурван зэрэгтэйгээр олгох журам гаргаж байжээ. I зэргийн Чингис хааны одонг гадаад орны хаан, агь нарт олгох, II зэргийн одон нь Автай сайн хааны, III зэргийн одон нь Занабазарын гэж нэрлэгддэг байсан бөгөөд тэдгээрийг дотоодын ноёд ихэст олгохоор заажээ.

Богд хаант Монгол улсын Төрийн цол хэргэм: Монгол улс Манж Чин улсын харъяанд байх үед хэтэрхий дөрвөн хэргэм хэмээх ван, бэйл, бэйс, гүн хэргэмийг Чин улсын төлөө зүтгэсэн этгээдэд шагнадаг байжээ. Богд хаант засгийн үед Чин гүрний хэтэрхий дөрвөн хэргэмийг залгамжлан хэрэглэжээ.

Ван гэдэг нь хятадаар “хан” гэсэн утгатай үг бөгөөд эртний хятадын улсуудад их хаадыг хуанди бага хаадыг ван гэж нэрлэдэг байжээ. Монголын нууц товчоонд Хэрэйдийн Тоорил ханд Алтан улсын хаан ван цол олгосноор ван хан гэж алдаршсан гэж өгүүлдэг билээ. Ван цол нь хятадын төрийн бодлогын нэг хэсэг бөгөөд хуанди бол тэнгэрийн хүү, тэнгэрийн доорхи бүхэн түүний эзэмшил гэдэг үзлийг илэрхийлэн хөрш орнуудын хаадад ван цол олгодог байсан байна. Манж Чин улсын үе болон Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол юм. Ван хүн гурван нүдтэй тогосын отго малгайдаа зүүдэг байсан. 1912 онд Манж Чин улс мөхөхөд энэ цолыг хэрэглэхээ байсан боловч Богд хаант Монгол улсын үед 1924 он хүртэл хэрэглэж байгаад Ардын хувьсгалын дараа язгууртнуудын цол хэргэмийг устгах үед хэрэглэхээ больжээ.

Чин ван: Манж Чин улсын үеийн ноёдын нэгдүгээр зэргийн вангийн хэргэм юм. Малгайн оройд улаан өнгөтэй эрдэнийн чулуун жинс зүүж, жинсний сууринд хоёр зэрэг алтан луу ороож, дунд нь арван ширхэг тана эрдэнэ шигтгэнэ. Чин ван 2000 лан мөнгө, 25 зах торгоны пүнлүү авна. Манжийн хуулинд зааснаар 60 хамжлага захирах эрхтэй байжээ.

Жүн ван: Манж Чин улсын үеийн ноёдын хоёрдугаар зэргийн цол юм. Малгайн оройд улаан эрдэнийн чулуун жинс тогтоож, дунд нь 3 тана шигтгэнэ. 1500 лан мөнгө, 20 зах торгоны пүнлүү авна. Хуулиар 50 хамжлага захирах эрхтэй байв.