Шинэ цагийн монгол орны шинжлэх ухааны ууган газар Судар бичгийн хүрээлэнг
санаачлан байгуулагчдын нэг, анхны эрхэлсэн сайд Онход овогт С.Жамъян гүний
мэндэлсний 150 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Тэрбээр 1864 оны намар
одоогийн Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт Баянбулган гэдэг газар
мэндэлжээ. С.Жамъян хуучин бичгийн хүмүүсийн уламжлалаар гэрийн багшаар бичиг
үсэг заалгаж 1880-аад оны үеэс хошууныхаа тамгын газар дагалдан бичээч, бичгийн
эх зохиогчоор ажиллах болжээ. Тийнхүү бага залуу наснаасаа бичиг хэргийн үйлд
мэргэшин, дадлагажсан тэрбээр 1915 онд Богд хааны сангийн хэрэг эрхлэх яаманд
няраваар ажиллах болж хичээнгүй зүтгэлт чанараараа данс эрхэлсэн түшмэл, дэд
сайд хүртэл дэвшин хүндлэгджээ. Түүний зэрэгцээ дахин тунхагласан Монгол орны тухайд
хууль дүрмийг боловсруулан зохиох, хэвлэн түгээх ажлыг цаг алдалгүй шуурхайлан
хийж энэхүү үйл хэрэгт идэвхийлэн оролцсон С.Жамъянгийн гавьяаг үнэлэн “Улсад
туслагч гүн” цол шагнасан байна. Ийнхүү тэрбээр олон түмэнд “Жамъян гүн” хэмээн
хүндлэгдэх болжээ.
1921 онд ардын түр Засгийн газрыг 5 яамтай эмхлэн байгуулахад С.Жамъян
Сангийн яамны тэргүүн сайд хамаарсан дэд сайдаар, улмаар мөн оны 11 сард Судар
бичгийн хүрээлэн байгуулахад эрхэлсэн сайдаар томилогдож 1930 онд таалал төгсөх
хүртлээ ажиллажээ. Тухайн үеийн манай өтгөс бичгийн хүмүүс шинэ Монгол орондоо энэхүү
шинжлэх ухааны байгууллагаа хэрхэн үүсгэж байсан талаар эрдэмтэн Б.Ренчиний тэмдэглэлд,
“тэр шинээр байгуулах эрдэм ухааны газрын дүрэм төслийг боловсруулахад
Монголынхоо байдал, хүн хүчний тэр үеийн хэр хэмжээнд тохируулан зохиох үес
Жамъян гуай, Цэвээн гуай хоёр хүчин хавсарч зохиогоод улмаар зохих дээд газар
батлуулахдаа яаж нэрлэхийг нь сайн тулгарахгүй байсанд хуучны бичиг судар
зэргийг дор бүрнээ нягтлан шүүж үзээд гадаад баруун далайн зарим оронд бичиг
зохиол зэргийг судалдаг эрдэмтний газар байдаг нь монголоор Судар бичгийн
хүрээлэн гэж нэрлэгдэх тул энэ нэрээр нэрийдэж эрхлэх зүйлийг нь боловсруулан
хэвлүүлсэн түүхтэй. Харин 1930-аад оны үед Судар бичгийн хүрээлэн гэдэг нэрийг
өөрчлөн бас улс ардын аж ахуй, соёлын шаардлагад зохицуулан дүрмийг өөрчлөх үед
Ж.Цэвээн профессор Хвольсоны нэгэн товхимлыг монгол болгон орчуулахдаа “Шинжлэх
ухааны ашиг тус” хэмээн буулгасныг үлгэр авч Шинжлэх ухааны хүрээлэн гэж
өөрчлөн зохих дээд газраар батлуулан хэрэглэсэн билээ” хэмээн өгүүлжээ.
1924
онд хэвлэн нийтэлсэн “Монгол улсын Судар бичгийн хүрээлэнгийн эрхлэх үйлдвэрийн
товчоо” хэмээх бодлогын баримт бичигт “Монгол улсад мөнхүү энэ мэт шинжлэх
ухааны гол газар эрхбиш байгуулбаас зохино. Ийнхүү үйлдэхэд шалгадаг мэргэн
арга, зорилго хоёрыг хамт хэрэглэж юмыг урьдаар угтан мэдэж чадагч шинжлэх
ухаанд шүтэхээс өөр мөр үгүй буюу” хэмээн шинэ тутам байгуулагдсан улс оронд
шинжлэх ухааны хэрэгцээ, ач холбогдол их болохыг онцлон тэмдэглэжээ. Ингээд
юуны өмнө хийх ажлуудад монгол хэлний ёс дүрмийг зохиох ба үсгийг шинжлэн
илтгэж дэлгэрэнгүй дэвтэр үйлдэх ба бас олон сургуульд үзэх монгол хэлний тольт
зохиох ба үсгийг зөв ёсоор бичсэн толь үйлдэх, монгол хэлний утгыг тодорхойлсон
дэлгэрэнгүй тайлбар толь бичиг зохиох, монгол бичиг зохиолын зүйл хэрхэн дэлгэрсээр ирсний түүхийг зохиох, гадаад
хэлнээс монгол бичиг хэлэнд орчуулахад хэрэгтэй шинэ нэр, томъёоны толь бичиг
үйлдэх, монгол хэлний зохиол зүйлээс шилж сонгодог сайныг нь монгол ба гадаадын
хэл дээр хэвлэн тархаах зэрэг ажлыг эрхэмлэн үзжээ. Манай ахмад эрдэмтэд үндэсний
хэв бичгээ ингэж эрхэмлэн үзэж ирсэний учир нь С.Жамъян гүний хэлсэнээр “монгол
үсгийг төсөөлөн мэдэхгүй болбоос гадаад улсад эзлэгдэх төдийгүй бас ч нэгэн
зүйлийн хэрэг дутагдах буй за” хэмээн үзэж байсантай холбоотой.
Жамъян гүн
сургууль соёлын газар тун цөөн байсан тухайн цагт эрдэм боловсролыг эрхэм
болгон олон ардыг түүний дотор хүүхэд багачуудыг бичиг үсэгт сургахад ихэд анхаарч монгол
бичиг үсэгт суралцах хэд хэдэн бүтээл туурвижээ. Тухайлбал, анх сурах хөвүүдийн
оюуны амыг нээх тодорхой толь хэмээгдэх оршив. Монгол үсгийн ёсыг өчүүхэн төдий
товчлон гаргасан байдал, анх сурах хөвүүд охидыг удирдан сурах бичиг зэрэг
бүтээлийг дурдаж болно. Эдгээр бүтээлээ туурвихдаа тэрбээр “нэг хүн эрдмийг
судалбаас түмэн хүнийг засаж чадна. Түмэн хүн эрдэм сурбаас дэлхий дахиныг
засахад юун зовох” гэсэн бодлын үүднээс хандаж байсан нь илэрдэг. Угтаа тухайн
үед буюу 1923 онд боловсруулсан Эдийн засгийн үндсэн бодлого хэмээх баримт
бичигт “Улс эрдэм мөхөс болбоос ажил үйлдвэр нь бүдүүлэг, эд хөрөнгө ба сүр хүч
буурай.” Хэрэв эрдэм дэлгэрсэн болвоос элдэв зүйлийн боловсон арга хэрэглэж эл
хөрөнгө зузаан, сүр хүч их болно. Герман улсын ард нэг түмэн эр эм хүн дотроос
дөрөвхөн нь бичиг үл мэдэх, Англи улс дотор нэг түмэн хүний арваад хүн бичиг үл
мэдэх.... бөгөөд эрдэм соёлоор баялаг нь эд хөрөнгө, чадал хүчээр баялаг ажгуу.
Учир иймд эдийн засгийг үүрд бат нот, арвин зузаан болгос хэмээбээс ард түмнийг
эрхбиш ерийн үсэг бичиг, утга уянга ба ашиг тус бүхий эрдмүүдэд сургахыг урьтал
болговол зохино” хэмээж заан тэмдэглэсэн нь эдүгээ ч учир холбогдлоо алдаагүй
хэвээр байгааг дахин сануулах үүднээс эшлэн танилцуулж байна.
Судар бичгийн
хүрээлэнгийн эрхэлсэн сайдаар ажиллаж байхдаа Жамъян гүн Монголын түүх, хэл
бичиг, соёлд холбогдох олон тооны судар номыг сурвалжлан цуглуулсныг эдүгээ
Үндэсний номын сан хийгээд Хэл зохиолын хүрээлэнгийн Дуун ухааны сан хөмрөгт
эрхэмлэн хадгалж байна. Тухайлбал, 1926 онд сурвалжлан явсаар Хан Хэнтий уулын
аймгийн харъяат Дарь тайжаас XVII зууны үед Лувсанданзан гүүшийн туурвисан
“Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх
оршив” нэрт Монголын түүхэн сурвалж бичгийг олж ирсэн нь эдүгээ Үндэсний номын
сангийн үнэт ховор номын хөмрөгт хадгалагдаж байна. Энэ түүхэн зохиол нь
Монголын нууц товчоо бүтээлийн 282 зүйлээс 233 зүйлийн бараг тэр хэвээр нь
агуулсан төдийгүй эртний монгол уран зохиолын олон тооны домог, туужийг тээж
ирсэн зохиол юм. Иймээс ЮНЕСКО олон улсын баримтат өвдөө бүртгэн авсан байна.
Түүнчлэн 1924 онд Цахарын шашныг бадруулагч сүм тайж тахиж байсан Данжуур судрыг
226 боть бүрнээр нь Хошой чин ван Наянттай 9 зүйл бүхий гэрээ бичиг үйлдсэний
үндсэн дээр Судар бичгийн хүрээлэнд үүрд эрдэнэчлэн хадгалуулсан гавьяа
байгуулжээ. Энэхүү гэрээ бичигт зааснаар “Энэ Данжуур номыг үүрд Их хүрээний
Ардыг гэгээрүүлэх яамны Судар бичгийн хүрээлэнд хичээнгүйлэн хурааж тахиж, огт
бусад хүний дураар тахиж, огт бусад хүний дураар зээлж, гадагш гаргаж үзэх ба
бас бус газарт нүүлгэж хурааж үл болно” хэмээн заасан байна.
Орчин цагийн
Шинжлэх ухааны анхны газрыг удирдан ажиллаж, номын сан, музей, түүх судлах
тусгай газар зэргийг санаачлан байгуулж, Монголын соёлын үнэт ховор ном
эрдэнийг сурвалжлан цуглуулж, ардыг гэгээрүүлэх, бичиг үйлсэд сургах үйлсэд
хувь нэмрээ оруулан зүтгэсэн их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч С.Жамъяны
мэндэлсний 150 жилийн ойг тохиолдуулан түүний алдар гавъяа, бүтээл туурвилыг
судлан шинжилсэн эрдэм шинжилгээний хэд хэдэн бүтээлийг хэвлүүлсний зэрэгцээ
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, түүний харъяа хүрээлэнгүүд – хэл зохиолын
хүрээлэн, түүхийн хүрээлэн, Монгол судлалыг дэмжих сан, Үндэсний номын сан,
Үндэсний архивын газар, Дорнод аймгийн нутгийн зөвлөл зэрэг байгууллагууд
хамтран эрдэм шинжилгээний хурлыг 11-р сард зохион байгуулах гэж байна.
Эх сурвалж: Монгол орны лавлах