XX зууны эхэн үед Монгол улсын музей нь шинжлэх ухааны төв болох Судар бичгийн хүрээлэнгийн харъяанд байгуулагдсан түүхтэй. Тус хүрээлэнд ажиллаж байсан судлаачид 1921-1923 онд музей байгуулахад шаардагдах бэлтгэл ажилд анхаарч Монгол орны байгаль, түүх, соёлын дурсгалт зүйлийг цуглуулах, бүртгэл тодорхойлолт бичих ажлыг гүйцэтгэж байсан нь өнөөгийн музейн үүсэл хөгжлийн эхлэл болжээ. 1923 оны намар Судар бичгийн хүрээлэнгийн шийдвэрээр цугларсан үзмэрүүдийг ашиглан албан ёсоор музей нээж даргаар нь О.Жамьян гүнийг томилжээ.
Музейн үзмэр сан олон арга замаар бүрэлдэж байсны нэгэнд манай оронд ажиллаж байсан Орос-Зөвлөлтийн болон Америкийн хайгуул шинжилгээний ангийнхны олдвор цуглуулгууд багтах юм. Анхны музейн нээлтийн өмнө П.К. Козловын эртний судлалын зүйлсээр байгуулсан үзэсгэлэн нь цуглуулгын баяжилтанд үнэтэй хувь нэмэр болохын зэрэгцээ музейн үзэсгэлэнг байгуулж дэглэх арга барилын хувьд ч үлгэр жишээ болсон байна. Эл үзэсгэлэнг монголчууд ихэд сонирхон үзэж байсан бөгөөд нэг жилийн дараа алдарт жуулчин Рой Эндрюсаар удирдуулсан Америкийн байгалийн түүхийн музейн экспедицийнхний олдвороор нэмэн баяжуулжээ.
VIII Богд Жибзундамба таалал төгссөний дараа түүний ордонд байсан янз бүрийн үзмэрийн зүйлсийг Судар бичгийн хүрээлэнд хүлээн авсан нь музейн үзмэр санг бүрдүүлэхэд нэгэн чухал эх сурвалж болжээ. Музейн тухай өгүүлэл эх баримтаас үзэхэд Ардыг Гэгээрүүлэх Яамны сайд О.Жамъянгийн улсын анхдугаар их хурлын 1924 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанд тавьсан илтгэлд “Монгол газар орны байгаль бодисыг хурааж нэгэн газар эмхлэн дэлгэж музей хэмээх үзмэр байгуулж олон ардад нүдэн үзэж танихуйд бэлтгэн... ургамлын зүйл ба чулууны зүйлийг хураасаар ирлээ. Амьтны зүйл төдий л олонгүй... урьд галавын матар зөгий мэт амьтны өндөг ба дүрс, жич орос эрдэмтэн Козловоос хүрээлэнд өгсөн ургамал, эрвээхэйн зүйл, бас Богд хааны ордноос ирсэн зургийн зүйл, чулуун аягууд ба адгуусан амьтны биес цугларсаар буй...” хэмээн тэмдэглэсэн байдаг.
Засгийн газрын 1926 оны тогтоолоор улсын музейг Богд хааны өвлийн ордонд өргөтгөн байгуулах шийдвэр гаргасны дагуу тус ордоны өнгө будаг өрөө тасалгааг музейн зохион байгуулалтад тохируулан засаж үзмэрээ төрөлжүүлэн ангилж дэлгэн тавьсан байна. Музейг шинэчлэн байгуулсны дараа түүний эрхлэгчээр тухайн үед Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн В.И. Лисовский ажиллах болжээ. Монголын анхны музей 200 гаруй үзмэртэй нээгдэж байв. Эл үзмэрүүд нь шинжлэх ухаан, соёл урлагийн хувьд үнэ цэнэтэй төдийгүй, үндэсний түүх, соёл, байгалийн өвөрмөц дурсгалууд байснаараа ард олны таашаалд нийцэж, музейг сонирхон үзэгчдийн тоо жил ирэх тутам нэмэгдсээр иржээ. Музей байгуулагдсан эхний жилүүдэд ард нийтэд үнэгүй үзүүлдэг байсан бол 1928 оноос бага хэмжээний төлбөр авдаг болсон ажээ. Улаанбаатарт улсын музейн үүсэл тавигдсантай бараг нэгэн зэрэг Улиастай, Ховд хотод музей байгуулагдаж байжээ.
Музейн үзмэр сан хөмрөгийг баяжуулахад 1926-1940 онуудад орон нутгийн захиргаа, эвлэлийн байгууллагууд идэвхтэй оролцож түүх соёлын дурсгалт ховор чухал зүйлсийг Намын төв хороо, Засгийн газар, Шинжлэх ухааны хүрээлэнгийн нэр дээр ирүүлж байсныг тухай бүрд нь тогтоол гаргаж, музейд шилжүүлж байсан учир музейн сан хөмрөг улам бүр нэмэгдсээр байжээ.
Музейг байгуулах, цуглуулгыг эрдэм шинжилгээний үндэстэй болгон бэхжүүлэхэд тухайн үед Зөвлөлтийн шинжлэх ухааны академиас Монгол оронд ажиллаж байсан мэргэжилтнүүд чухал хувь нэмэр оруулсан юм. 1926 оноос музейн ажлыг Зөвлөлтийн эрдэмтэн В.И.Лисовский хавсран гүйцэтгэж байв. 1927 онд В.И.Лисовский нутаг буцах болж А.Д. Симуковыг томилж ажиллуулжээ. Мөн 1927 оноос музейд албан ёсоор орон тооны ажилчид батлан өгч ажиллуулах болсон байна. Н. Дэндэвийг Судар бичгийн хүрээлэнгийн орон тоонд байлгаж улсын музейн ажлыг хавсарган гүйцэлдүүлж байсны дээр 1930 онд дарга хавсарсан орон тоо 1, орлогч буюу нарийн бичгийн дарга 1, сэлбэн засагч 1, харгалзагч 4, бүгд 8 орон тоотой болсон байв. 1931 оны 8 дугаар сараас зөвлөлтийн мэргэжилтэн Нина Тубянская музейн даргаар томилогдон үзмэрийн бүртгэл, данс хөтлөх үзмэрт монгол, орос нэр оноох зэрэг ажлуудыг нэвтрүүлжээ. Музейн орон тоо, зохион байгуулалтын хувьд 1939 он гэхэд нэлээд бэхжиж, музейн дарга, даргын орлогч бөгөөд нарийн бичгийн дарга, бүртгэгч, музей тайлбарлагч, музейн засагч, комендант, цэвэрлэгч, гал командын дарга, энгийн манаач гэсэн орон тоотой болсон байлаа.
Улсын музей үзмэрээ 1940-1941 онд дахин шинэчилж, түүх байгалийн үзмэрийн тогтолцоо, дэс дарааллыг нэлээд өөрчлөн, шинэ олборыг нэмэн засаж байрлуулсан нь тус музей хоёр дахь удаагийн үзмэр шинэчлэлтээрээ түүх, угсаатны зүй, урлаг, байгалийн дурсгалт зүйлсийн чиглэлээр олдвороо улам баяжуулах, орон нутаг судлалаар нэлээд өргөн цар хүрээтэй ажиллах зорилт дэвшүүлсэн хэмээн үзэх үндэстэй. Иймээс 1940 оноос “Орон нутаг судлах музей” гэж нэрлэгдэх болсон байна.
1940-1960 оны үед музейн цуглуулгад Шинжлэх ухааны хүрээлэн ихэд анхаарч ялангуяа байгалийн тасгийн үзмэрийг баяжуулахад тооны болон чанарын өөрчлөлт хийжээ. Үүний зэрэгцээ 1946-1949 оны үеэс говь нутагт зөвлөлтийн эрдэмтэн И.А. Ефримовын шинжилгээний ангийнханы хийсэн хайгуулын үр дүнд тус музейн эртний амьтадын хэсэгт нэн ховор сонин олдворууд нэмэгдэж үлэмжхэн баяжсанд музейг шинээр зохион байгуулж тохижуулах шаардлагатай болсон юм.
Намын төв хороо, Сайд нарын зөвлөл, 1954 онд Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн эрдэм шинжилгээнй ажлын байдал ба түүний сайжруулах зорилтын тухай илтгэлийг авч хэлэлцээд (464 /46-р тогтоол гарган ) “... Энгельсийн гудамжинд баригдаж байгаа шинэ байшинд түүхийн төв музей байгуулсугай” гэж зааснаар Богдын ордонд байсан музейг нүүлгэн шинэ байшинд зохион байгуулж дэлгэх бэлтгэл ажил эхэлсэн юм. Нэр заасан байшин нь техникумын зориулалттай учир музейд тохируулан засах, будаг чимэглэлийг шинэчлэх, зохицсон шинэ тоног төхөөрөмж бэлтгэх, үзмэр үзүүллэгийн төсөл төлөвлөгөө боловсруулах, музейг зохион байгуулж дэглэх мэргэжлийн хүнийг гадаадад явуулж дадлага хийлгэх, музей байгуулахад эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтан нарыг татан оролцуулах зэрэг ажил өрнөсөн байна. Барилгыг музейд нийцүүлэн барьж дуусгах үзмэр бэлтгэх тоноглох, тайлбар судалгааг боловсруулах, шинэ тоноглол, стенд – дэлгэц бэлтгэх ажлыг 1954-1956 оны үед зэрэгцүүлэн хийж амжилттай дуусган 1956 оны дундуур музейг нээж олон түмэнд үзүүлж эхэлжээ. Орчин цагийн зарчмаар шинэ барилгад үзүүллэгээ шинэчлэн дэглэсэн тус музейг “Улсын Төв Музей” гэж нэрлэх болсон байна.
Улсын төв музей 1956 оноос үндсэн тасаг, хэсгийнхээ үзмэр үзүүллэгт байнга нэмэлт шинэчлэлт хийж шинэ шинэ арга барилыг нэвтрүүлсээр иржээ. Үүнд; онцлог хэлбэрийн ханын самбар, хорго жааз, тавиур зэргийг шинэ зураг төслөөр хийх, байгалийн үзмэр олдворыг орчин нөхцөлтэй нь харуулах, уран зураг, газрын зураг, гэрэл зураг зэрэг холбогдох материалаар нь баяжуулж утга агуулга, учир холбогдолыг нь гүнзгийрүүлэн үзүүлэх болсон нь үзэгчдийн мэдлэг боловсролд төдийгүй, музейн үзүүллэгийг дэглэх соёлд бүтээлчээр нөлөөлсөн дэвшил байжээ. Улсын Төв Музей гэж нэрлэгдэх болсноор Монгол улсын тэргүүлэх музей болж хэд хэдэн музейг шууд харъяалахын зэрэгцээ хотын ОНС-ын музей, кабинетыг арга зүйн болон практик ажлын чиглэлээр удирдах үүргийг хавсран гүйцэтгэх болсон байна.
1960-1990-ээд оны хооронд Богдын ордон музей, Шашны түүх, урлагийн Чойжин–сүм музей, Эрдэнэ-зуу, Амарбаясгалант зэрэг түүх уран барилгын тусгай дурсгалын музей-үзмэрийн газрууд Улсын төв музейн салбарууд болон ажилласан түүхтэй. 1966-1973 онуудад бүх аймгийн ОНС жижиг кабинет музейнүүдийг түүх, байгаль, урлаг, угсаатны зүйн булан хэсэгтэйгээр өргөтгөж шинэчлэн байгуулах ажилд улсын төв музейн гүйцэтгэсэн үүрэг асар их юм.
Музейн дэргэд 1966 онд үзмэр шинэтгэх лаборатори багуулагдсан ба үүнээс өмнө амьтны чихмэл дүрс, засал хийх групп ажилласнаар орон нутгийн музейнүүдэд амьтан ургамлын олдвор зүйлийг хийж жинхэнэ биет туслалцааг үзүүлж байжээ. Тус музей 1950-аад оны сүүлчээс хөдөө орон нутгаар нүүдлийн үзмэр үзэсгэлэн зохион байгуулж сурталчилгааны ажил эрхлэх төдийгүй орон нутгийн ард иргэдэд уулзалт үдэшлэг, лекц яриа болон олон талт соёл гэгээрлийн үйл ажиллагаануудыг 1934 оноос эхлүүлсэн түүхэн баримт бий. Улсын төв музейгээс “Музей судлал” нэртэй цуврал товхимолыг 1968, 1975, 1977 онуудад нийтлүүлж, Монгол Улсын музей судлалын талаар зарим өгүүлэл хэвлэгдэж байв.
1990-ээд оноос Монгол улс нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоонд шилжсэнтэй холбогдон тухайн үеийн Соёл Урлагийн хорооноос Улсын Төв музейг Монголын Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей болгон шинэчлэн зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ нь тухайн үед:
Ингээд 1991 оны эцсээр Улсын төв музей татан буугдаж, үзмэрийн түүх угсаатны зүйн хэсэг нь хуучнаар Хувьсгалын музейн байранд шилжиж, Монголын Үндэсний түүхийн музейг байгуулах, 1992 оноос Улсын Төв музейн байранд Байгалийн түүхийн музейг дангаар байрлуулах болжээ.
Эх сурвалж: ШУА Түүхийн хүрээлэнгийн судалгааны материал