Чин ван Ханддорж

Мижиддоржийн Ханддорж нь Монгол улсын Гадаад Харилцааны Яамны анхны сайд бөгөөд 1869 онд одоогийн Булган аймгийн нутагт угсаа залгамжилсан хошууны ноён Цэрэндоржийн ач хүү болон мэндэлжээ. Эцэг Мижиддорж нь Тэргүүн зэргийн тайж байсан бөгөөд бага балчир байхад нь нас баржээ. Ханддорж монгол, манж, хятад хэл бичиг заалган хожим орос хэл сурчээ. 1892 онд хошуу засаг, хошой чин вангийн найм дахь үеийг залгамжлан улсын хэмжээний төрийн хэрэгт оролцож, Улиастайн жанжнаар удаа дараалан томилогдож, 1897-1900 онд Халхын Түшээт хан аймгийн жанжин болж, улмаар Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очин ажиллаж байхдаа монголын талаар явуулж буй бодлогыг таньж, манжийг эсэргүүцэх үзэл санаа төлөвшин бүрэлджээ.

Ханддоржийн өвөг эцэг Цэрэндорж нь өөрийн нутагт олноор ирж суурьшсан хятадуудыг эсэргүүцэн хөөж байсны улмаас аймгийн чуулганы даргаас огцроод байж байтал Чин ван Ханддорж Төвдийн Далай ламыг Нийслэл Хүрээнд хүлээн авч өвөлжүүлсэн нь Манжийн дургүйцлийг улам хүргэжээ. Манжийн хаан Ханддоржийн хүү Данзанжамцыг хааны ордны ёс алдсан гэдэг нэрийдлээр Бээжинд аваачин цаазалж толгойг нь тавган дээр тавин үзүүлсэнд маш их уй гашууд автан отго жинстэй малгайгаа авч чулуудан “манж хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган давуулж Ар Халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” гэсэн андгай тавьж, хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн гэдэг. Тэр цагаас эхлэн Манжийн эсрэг тууштай тэмцэн алба залгуулахыг цааргалж, Манж амбанаас Монголын байгалийн баялгийн мэдээг 18 үзүүлэлтээр гаргуулж авахад нь ихэнхэд нь “байхгүй” гэж хариулан хэдэрлэжээ.

1911 оны зун Богдын зарлигаар Даншиг өргөх нэрийдлээр ноёдын чуулганыг нууцаар зохион байгуулан даргалж, Манжийн “шинэ засгийн бодлого” нэрэн дор Монгол нутагт газар тариалангийн газрыг ихээр хагалж, хятад иргэнийг олноор суулган Монголын хүн амыг уусгах гэсэн далд санааг тайлбарлан түүнийг эсэргүүцэхийг уриалжээ. Дараагаар нь Манж улсаас тусгаарлах тухай хэлэлцэж, эл хэрэгтээ Хаант Оросоос тусламж гуйхаар Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан гүн нар нууцаар мордож, тэдний тухай Халх даяар төдийгүй Бээжинд хүртэл сонсогдож, манж нар тагнуул туршуулаа Петрбург руу илгээж, Монгол дахь манж амбаны газарт цахилгаан ирүүлж хэн хэн явсныг илрүүлэн баривчлахыг тушаажээ. Ханддорж нар Их Хүрээнээс шөнөөр гарч, хүн амьтны хөлөөс дайжиж, уулын хавцал, ой модон дундуур хээр гадаа хоноглон явсаар Оросын Дээд Үд хотноо хүрч, галт тэргээр Пертбургт иржээ.

8 дугаар сарын 15-нд Орос улсын гадаад хэргийн сайд, сайд нарын зөвлөлийн дарга зэрэг өндөр албан тушаалтан хүмүүстэй уулзсанаар Оросын засгийн газар алс дорнодын асуудлаар онцгой зөвлөлгөөн хийж “Монголын эрмэлзлэлийг дипломат аргаар дэмжих” гэсэн шийдвэр гаргаснаас бус төдийлөн дорвитой дэмжлэг өгөөгүй ч Бээжингээс явуулж буй аливаа хүчирхийллээс өмгөөлж хамгаалахаа амлажээ. Чин ван Ханддоржийг Оросоос буцаж ирэхэд Бээжингээс ажлаар дуудсан боловч “өвчтэй” хэмээн цааргалж яваагүй ажээ. Удалгүй хятадад гарсан хувьсгал Манжийн ноёрхлыг унагаасныг далимдуулан “энэ завшааныг ашиглан тусгаар тогтнолоо зарлах нь зөв” хэмээн Богд гэгээнд айлтгал өргөжээ. Богд хаан түүнийг бүрнээ дэмжиж “Халхын хүрээний Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар”-ыг байгуулж бүрэлдэхүүнд нь Ханддорж ванг зөвлөх түшмэлээр томилж, дараа нь Олноо өргөгдсөн Монгол улс байгуулагдахад Ханддоржид үе улиран Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийн яамны тэргүүн сайдын албанд томилжээ.

Ханддорж ван бодсоноо шулуухан хэлчихдэг шударга нэгэн байсан бөгөөд Нийслэл Хүрээнээс гарч яваад аймагтаа очиж цэрэг элсүүлээд Их Хүрээнд эргэн ирж ямар ч цус асгаруулалгүйгээр хэдхэн цагийн дотор манж хятадын цэргийг буулган авсан бөгөөд тэрбээр манж цэргүүдийг унтаж байхад нь зэр зэвсгийг нь хураан гар мухар болгожээ. Хожим Да лам Бадамдорж Чин ван Ханддоржийг Оросын талыг хэтэрхий барьж байна хэмээн Богд хаанд хэд хэдэн удаа айлтгал өргөсөн учраас 1915 оны гурван улсын хэлэлцээрт оролцуулаагүй ажээ. Чин ван Ханддорж 1915 онд дөнгөж 46 насандаа маш харамсалтайгаар хорлогдон нас барсан юм. Тэрбээр анхны бага сургуулийг Гадаад хэргийн яамны дэргэд байгуулж Оросын эрдэмтэн В.Котвичийг урьж багшлуулснаас гадна 1913 онд Петрбургээс орос хэвлэлийн машин авчирч хэвлэх үйлдвэр байгуулж, Нийслэл хүрээнд 80 тохой Мэгжиджанрайсиг бурхан залах ажлыг тэргүүлэн удирджээ. Өөрийн нутаг Вангийн хүрээнд 3 давхар асар дээвэртэй, 64 хаалгатай, 64 баганатай цогчин дуган байгуулсан нь 10 мянган лам орохоор багтаамжтай Халхад хамгийн томд орох үзэмж төгс барилга болжээ. Өөрийн хөрөнгөөр Нийслэл Хүрээнд байшин бариулж 1913-1915 онд сууж байсан бөгөөд эдүгээ “Ханддоржийн өргөө” хэмээн алдаршжээ. Ардын засгийн эхний жилүүдэд хичээнгүй сайд Цэрэндорж 1922 он хүртэл сууж байгаад 1923 онд тус байшинг Судар бичгийн хүрээлэнд шилжүүлжээ. 1941-1948 онд түүх, соёлын өвийн бүртгэлийн үеэр улсын хоёрдугаар зэргийн тусгай хамгаалалтанд авч 1973, 1991 онуудад сэргээн засварлажээ. 7.5 х 16 метр хэмжээтэй, тоосго модон ханатай, модон дээвэртэй 2 давхар байшингийн нэгдүгээр давхар нь тоосгон ханатай өвөл суухад зориулагдсан, хоёрдугаар давхар нь эргэн тойрон цонхтой, гонхон маягийн бөгөөд зун суухад зориулагджээ.

Чин ван Ханддоржийн мэндэлсэн газар болох Ханжаргалант хайрханы өвөрт дурсгалд нь  зориулан гэрэлт хөшөөг босгожээ. Эрдэнэт хотоос Бугат сум орох замд 2 метр өндөр бөөрөнхий боржин чулуун дээр Чин ван Ханддорж тухайн үеийн гадаад хэргийн яамны дэд сайдын хамт тангараг өргөхдөө хэлсэн үгийг сийрүүлэн бичжээ. Тус тангараг нь “Шашин төрийн төлөө зүтгэхэд хялбарыг эрэхгүй, бэрхээс зайлахгүй, эдүгээгийн төрийн төлөө энэхүү батлан тогтоосон тангараг сахилгыг нүдний цөцгий, зүрхний тольт мэт хичээнгүйлэн хайрлана” хэмээсэн байдаг.

Эх сурвалж: Монгол орны лавлах

 

 

Чин ван Ханддоржийн зохиосон Ардын дуу "Ай Нанаа"-гийн түүх: Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу хэмээн ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн эмгэнэлийн дуу ажээ. “Ай Нанаа”-г үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Эрдэнэ дайчин хошой чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж язгууртан гэр бүлд төрж өссөн бөгөөд хятад, манж, орос хэл бичигт гаргууд нэгэн байжээ. Монголд тариа тарьж, алт олборлох зарлигийг зөрчдөг чин ван Ханддорж XIII Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь Манжийн хааны дургүйцлийг улам бадраажээ. Ханддоржийн хүү Данзанжамцыг Баруунзууд ном үзэхээр явах замд нь “Хааны ордны ёс алдсан” гэсэн шалтгаанаар манжууд Бээжинд зэрлэгээр цаазалж, толгойг нь цар тавган дээр тавин хадгаар бүтээж аавд нь барьсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрбээр толгой гудайн сөгдөлгүй “Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо хагацаагүй цагт болно хө” гээд “Манж, хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж, Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж, хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг.

 

Чин ван Ханддорж нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ

“Зүүн уулын зэрэглээ байнаа хө, ай Нанаа минь ээ

Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө

Зүүд нойрон дундаа хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ

Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө

Урд уулын зэрэглээ байна аа хө, ай Нанаа минь ээ

Угтаад очсон чинь үгүй л байна аа хө

Унтах нойрондоо хоёулаа байна аа хө, ай Нанаа минь ээ

Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө” хэмээн дуулжээ.

Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дууддаг байжээ. Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх, харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавьсан ажээ.