Архангай - Цахир сум

Цахир сумын нутаг нь хуучнаар Далай Чойнхор вангийн хошуу. 1931 онд  Чандмань-Өлзийт, Далайн хошуунаас байгуулагдсан ба 1966 онд татан буугдаж Тариат, Хангай суманд нийлүүлсэн. Хожим 1991 онд  дахин байгуулагдсан.

Улаанбаатар хотоос 699 км, аймгийн төвөөс 245 км зайд байрладаг.  Монгол улсын төв хэсгийн уулын, цармын, ой хээрийн тайганцар ой хосолсон сэрүүн бүсэд оршдог. Далайн түвшнээс дээш 1800-2200 метр өргөгдсөн. Архангай аймгийн баруун захад буюу Хангайн ноён нурууны салбар уулс Тарвагатайн нурууны өвөр хэсэг болох үзэсгэлэнт Хойд Тэрхийн үржил шимт хөндий дагуу баруунаас зүүн тийш 160 гаруй км сунаж тогтсон 3363 кв.км нутаг дэвсгэртэй.

Нутгийн засаг захиргааны бүтцийн хувьд Цахир, Баянгол, Хан-Уул  хэмээх 4 багтай, 709 өрхийн 2352 хүн амтай,  97771 тоо толгой малтай.  

Нутгийн ихэнх хэсгээр Хангайн нурууны гол хэсэг, Тарвагатай нурууны залгаа Зүрхийн Хунх, Загастайн гялгар, Очирхайрхан, Хүрэмт, Марз хайрхан, Хөх уул, Туулай уул, Хутаг-Өндөр, Биндэръяа Аръяа уул, Бумбат, Малгайт, Хангинах, Тэнгэр царам, Даргай гэх мэт 60 гаруй сүрлэг уулсаар хүрээлэгдсэн өндөрлөг газар юм. Цахир сум аймгийн баруун захад орших ба хойд талаараа Хөвсгөл, урд талаараа Баянхонгор, баруун талаараа  Завхан аймгуудтай хиллэх бөгөөд аймаг дотроо зүүн хойд талаараа Тариат сум, зүүн өмнөд талаараа Хангай сумтай хиллэнэ. Хойд Тэрх голын хөндийн жижиг нууруудтай. Сумын төв нь Авгалдай хэмээх газар бөгөөд аймгийн төвөөс баруун хойш 230 км зайтай оршдог.