Баян-Өлгий аймгийн Бугат сум нь 1959 онд “Жаргалын зам” нэгдэл нэртэй байгуулагдсан. Хатуу, Улаантолгой, Сумын төв, Бугат гэсэн 4 багтай, 869 өрх бүхий 3251 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас дөрөвдүгээрт ордог ба газар нутгийн хэмжээ 204910 га газар. Өлгий сумыг мах махан болон сүүн бүтээгдэхүүнүүнээр хангах зорилгоор байгуулагдсан сум юм.
Газарзүйн байршил: Баян-Өлгий аймгийн Бугат сум Монгол Улсын баруун хязгаар Монгол Алтайн нурууны салбар улсаар хүрээлэгдсэн, Улаанбаатар хотоос 1617 км, аймгийн төвөөс 5 км зайд байрладаг. Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц, Толбо, Сагсай, Улаанхус сумтай хиллэдэг.
Газарзүйн онцлог: Далайн түвшнээс дээш 2300-3700 м өндөр өргөгдсөн уулархаг нутагт оршдог. Сумын нутаг физик газарзүйн хувиарлалтаар бүхэлдээ Алтайн уулархаг мужид хамаарагдана. Газар хөдлөлтийн эрчим 7 балл. Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.
Цаг уур: Хуурай, сэрүүн зунтай, хахир өвөлтэй. 1 дүгээр сарын дундаж температур -25-30С, жилийн дундаж салхины хурд 4-9 м/c, жилийн хур тунадасны хэмжээ 81.3 мм. Нийт газар нутгийн хэмжээ 215002 га.