Буянт сум нь Ардын хувьсгалын өмнө Алтайн Урианхай 7 хошууны нэг Урианхайн зүүн гарын Амбаны хошууны Сагсайн Түмт, Оорцог урианхай, Гонзгой зэрэг 6 суманд харъяалагдаж байжээ. 1925 оноос Алтайн урианхайн аймгийн Итгэмжит гүний хошууны Жаргалант-Сагсай сум, 1929 оноос Чандмань уулын аймгийн Алтайн хошууны “Нар мандах” сум байгаад 1931 оноос Ховд аймагт харъяалагджээ. 1934 онд татан буугдаж Жаргалант-Сагсай сумтай нэгтгэжээ. 1940 онд Баян-Өлгий аймаг байгуулагдсны дараа БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1941 оны 81 дүгээр, Аймгийн яамны тэргүүлэгчдийн 1942 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 6 дугаар хурлын тогтоолыг үндэслэн 1942 оны 3 дугаар сарын 10- нд сумын багуудаас сонгогдсон 21 төлөөлөгчдийн хурлаас Буянт нэртэй шинэ сумыг байгуулж, төвийг нь өмнө Хөлцөөт голын Монтрог хөх толгойн хажууд суурьшуулжээ.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Цээхээ, Ж.Дампил, Б.Батаа, Ардын жүжигчин Б.Дамчаа, Р.Самжид, Гавьяат тээвэрчин М.Дондог. Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Ёолк нар тус сумын бахархал юм.