Баян-Өлгий аймгийн Булган сум нь 1938 онд Ховд аймгийн Хужирт сум нэртэй байгуулагдсан. Хуучнаар Ховдын хязгаарын Урианхай, Дархан бэйсийн хошуу. улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт, Сөнхөл, Улаанхус гэсэн 7 багтай. 1126 өрхөд 5164 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас эхнээсээ тавдугаарт, газар нутгийнр хэмжээгээр тавдугаарт ордог. Хүн ам хамгийн бага нягтралтай.
Газарзүйн байршил: Баян-Өлгий аймгийн хамгийн урд захад хойноос урагш сунаж тогтсон байрлалтай, баруун талаараа 150 км БНХАУ-тай хиллэдэг, урд хэсгээрээ Ховд аймгийн Булган, Үенч, зүүн талаараа Мөнххайрхан, зүүн хойд талаараа өөрийн аймгийн Дэлүүн сумтай тус тус хиллэдэг. Улаанбаатар хотоос 2000 км, Баян-Өлгий аймгаас 300 км алслагдсан.
Газарзүйн онцлог: Далайн түвшнээс дээш 1500-4362 метр өргөгдсөн. Физик газарзүйн хувьд Алтайн нурууны ноёлох өндөрлөг Мөнххайрханы баруун талын өндөр уулын бүсэд оршдог. Булган гол нь сумын хойт хилээс эх авч олон жижиг голуудаар тэжээгдэн нутгийн дундуур 130 км урсч Ховд аймгийн Булган сумын нутаг руу нэвтэрч урсдаг. Газар хөдлөлтийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь эгц хажуут өндөр уултай. Булган голд 15 гол (жижиг ) цутгадаг. Голын тохойгоос усалгаатай хадлан авдаг. Ямаа, сарлаг үржүүлэх, усалгаатай газар тариалан эрхлэх боломжтой.
Цаг уур: Хуурай сэрүүн зунтай, өвөл нь 10-40 см цас унадаг. Зарим тохиолдолд 10-80 см цас унах нь бий. Жилийн хур тунадасны нийлбэр 200-400 мм. Хахир өвлөөс шалтгаалан Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумдын нутгаар малаа оторлуулж өвөлжүүлдэг. Нэгдүгээр сарын дундаж температур -25,90 С, долдугаар сарын дундаж температур + 21.6 0 Нийт газар нутгийн хэмжээ 497700 га.
Мал сүргийн бүтэц сумын хэмжээнд 81075 толгой малтайгаас 520 тэмээ 3942 адуу, 6929 үхэр, 19395 хонь, 50289 ямаа байна. Сумын хэмжээнд нийт 81 мянган мал тоолуулснаас ноолуурын чиглэлийн “уулын бор” үүлдрийн эрлийз ямаа 50200 толгой тоологдсон нь нийт малын 62 хувийг эзэлж байна.
Газар тариалан: Сумын хэмжээнд нийт 69 га талбайд газар тариалан эрхэлдэг. Үүнээс 40 хувьд нь улаан буудай, 50 хувьд бусад таримал тариалж, төмс 65 тн, хүнсний ногоо 32 тн, улаан буудай 5 тн, малын тэжээлийн ургамал 83 тн тус тус хураан авч байна. Булган голын сав газраас усалгаатай хадлан жилд 3300 тонн, гар тэжээл 500 тонн бэлтгэдэг. Бага зэрэг төмс хүнсний ногоог айл өрх, хоршоод өөрсдөө тариалдаг. Усалгаатай хадлангийн талбайг нэмэгдүүлэх, хүнсний ногоо малын тэжээлийн ургамал тариалах зорилго тавьж байна.
Шашин, сүм хийд: Будда 1, Ислам 1, Христ 1 сүм үйл ажиллагаа явуулдаг. XX зууны эхэн үед Булган сумын Шүвтэрийн сууринд (N 460 47’ 20’’, E910 18’17.6’’) Үнэн алдартны сүм байсан бөгөөд улаан хувьсгалаас дүрвэсэн оросууд амьдардаг байжээ. Төмрийн хүдрийн ихээхэн нөөцтэй. Оросууд ч энд төмөр хайлуулж байсан бий.