1911 оноос өмнө буюу Манжийн ноёрхлын үед одоогийн Цэнгэл сумын цагаан, улаан (мончаг), хар гэсэн 3 соёны тува үндэстнүүд Ховдын хязгаарын 7 хошуу урианхайн цэрэг, хамжлага байсан бол казах өрхүүд Шерүүчийн үкердад харъяалагджээ. Манж чин улсын ноёрхлыг түлхэн унагаасны дараа Алтайн урианхай, Шерүүчи укердагийн айл өрхүүд 1912 оноос Богд хаант Монголын тулгар төрд багтан орсны дотор одоогийн Цэнгэл сумын иргэдийн өвөг дээдэс байв.
1921 оноос Тувагийн 3 соёныг 3 сум, Казакын үкэрда нарт харъяалах айл өрхүүдийг 1923 оноос Шыбарайгыр, Шерүүчи гэсэн 2 хошуу болгосноос одоогийн Цэнгэл сумын нутагт амьдарч байсан Казах иргэд Шерүүчи хошуунд харъяалагджээ. 1926 онд тува 3 хошуу нийлэн Цэнгэл хайрхан сум болж, Чандмань уул аймагт 1930 онд Шерүүчи хошууны харъяа Бахат, Санрау, Хурман сумд байгуулагдан мөн аймагт харъяалагдсан байна. Эдгээр Санрау, Хурман сумдын ардуудын ихэнх нь одоогийн Цэнгэл нутагт амьдарч байв.
1938 онд овог, отгийн нэрээр байгуулагдсан сумд газар усны нэрээр нэрлэгдэх болж Цэнгэлхайрхан, Цагаан гол сум байгуулагдан Ховд аймагт, 1940 оны 8 дугаар сараас Баян-Өлгий аймагт харъялагджээ. 1952 оны 10 дугаар сард Цэнгэлхайрхан сумын нэрийг Цэнгэл болгожээ. 1963 онд Цэнгэл Цагаан гол сумдыг нэгтгэн Цэнгэл сум хэмээн нэрлэж, сумын төвийг Хөшөөт гэж тогтоосон байна.