Дорнод - Чулуунхороот сум

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1956 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 197 дугаар тогтоолд: “...Чойбалсан аймгийн Дашбалбар сумын нутагт мал үржүүлэх ажил голлон эрхэлсэн Чулуунхороот гэдэг нэртэй сангийн аж ахуйг 1956 онд байгуулсугай” гэж зааснаар Дашбалбар сумын 4-р багийн Чулуунхороотын уурхайг татан буугдахад байшин барилгыг нь түшиглүүлэн САА-г байгуулсан байна. 1956 онд САА-н даргаар Б.Нядаа томилогдож, хүн эмнэлгийн салбар (их эмч нь Э.Энхээ), мал эмнэлгийн салбар (их эмч нь У.Лигаа), бага сургууль (захирал нь Ё.Дорж) байгуулагдаж, САА-н агротехникчээр Ц.Жигмид, зоотехникчээр Ө.Содном нар ажиллаж эхэлсэн байна. Чулуунхороотын САА хэмээн байгуулагдсан бөгөөд 1959 онд засаг захиргааны зохион байгуулалтаар сумыг шинээр байгуулж Чулуунхороот гэж нэрлэн, САА-г Эрээнцав гэж нэрлэхээр тогтжээ.



Шинээр байгуулагдсан сумын даргаар Б.Аюур, нарийн бичгийн даргаар Б.Цэрэнпүрэв нар сонгогджээ. САА-н үйлдвэрлэлийн хүрээг өргөжүүлж үр тариа, мал аж ахуйг хослуулан эрхлүүлэх зорилгоор Сайд нарын Зөвлөлийн 1961 оны 2-р сарын 15-ны өдрийн 61-р тогтоолоор сумын төвийг Эрээнцавын нутагт нүүлгэжээ. 1970-аад онд ЗХУ-ын хүч хөрөнгөөр сум, САА-н төвийг орчин үеийн барилгаар тохижуулсан юм.



Сумын нутаг дэвсгэр 65393 га, үүнээс бэлчээрийн газар 418411 га, хадлангийн талбай 18183 га, тариалангийн газар 2651 га байна. Төв нь УБ хотоос 885 км, Чойбалсан хотоос 240 км алслагдсан Эрээнцав суурин. ОХУ-аас эрчим хучээр хангагддаг. Нутаг нь талархаг гадаргатай. Дэлтийн нуруу, Хөх уул (1045 м), Хайлан (952 м), Үүлэн хаан (822 м), Шаварт (905 м) гэх мэт уулстай. 1-р сарын дундаж температур - 22°-23°С, 7-р сард +19°-21°С, жилд дунджаар 260-400 мм хур тунадас унадаг. Улз, Дөч, Ямалх гэх мэт гол, Галуут, Жирмийн цагаан, Шаварт, Монгол цагаан, Бүс гэх мэт нуур тойромтой. Газрын гадарга нь нимгэн хар хүрэн нугархаг, карбонатлаг хүрэн, карбонатлаг хар шороон, нугын хүрэн хөрс зонхилдог. Газар тариаланд тохиромжтой нутаг нэлээд бий. Улз, Дөчийн голын хөвөөгөөр татмын хөрстэй. Үетэн, алаг өвс, зүр өвс, хиаг, хялгана, харгана, жижиг бутлаг үетэн, улалж, дэрс зонхилсон хээрийн ургамалтай. Улз голын сав дагуу шинээр ургаж буй бургасан шугуй, төгөл элбэгтэй.


Бор гөрөөс, заарт харх, чоно, үнэг, хярс, мануул, тарвага гэх мэт ан амьтантай. Хээрийн ба усны шувуутай. Хөх уул, Үүлэн хаан, Баян хан, Цагаан чулуут, Дэлгэр булгийн овоо гэх мэт тахилгат уул овоотой. 1960-1970 онуудад газар тариалан эрчимтэй хөгжүүлж, хонийг Байгаль нуурын цаадах үүлдрийн хуцаар эрлийзжүүлсэн.



1980-аад оноос улсын фондын өвс хаддаг хэд хэдэн механикжсан салаа ажиллаж улсад олон мянган тонн өвс тушааж байв. 1990-ээд оноос САА татан буугдаж, өмч хувьчлалаар хэд хэдэн аж ахуйн нэгж болон задарч үндсэн хөрөнгө нь хувьд шилжсэн. Тус суманд одоо “Алтанхан цав”, “Дорнын сүрэг”, “Улз хатан ижий”, “Омог эх” зэрэг ХХК үйл ажиллагаа явуулж байна.



Хүн ам нь 1720, засаг захиргааны нэгж 3 баг (Дэлгэр, Цагаан чулуут, Галуут)-тай. Нийт малын тоо 53400 үүнээс тэмээ 40, адуу 6800, үхэр 5700, хонь 24500, ямаа 16700 толгой байна.