Дорнод - Хэрлэн сум

1994 оны 1-р сарын 26-ны өдөр хуралдсан Чойбалсан хотын ИТХ-ын ээлжит II чуулганаар, “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу Чойбалсан хотыг засаг захиргааны нэгжийн нь хувьд сум болгохоор “сум ба хотын нэрийн тухай” асуудлыг хэлэлцэж сумын нэрийг “Хэрлэн” гэж шинээр нэрлэж, хотын нэрийг “Чойбалсан” гэж батлах саналыг Засгийн газарт хүссэнээр шийдвэрлэжээ. Дараа нь Чойбалсан хот, Хэрлэн сумын ИТХ-ын 1994 оны 6-р сарын 24-ний ээлжит бус чуулганы тогтоол гарч УИХ-ын 1994 оны 33-р тогтоолоор Чойбалсан хотын засаг захиргааны нэгжийг Хэрлэн сум болгон зохион байгуулсан. Ийнхүү Чойбалсан хот нь төрийн захиргааны нэгж байснаа больж, Хэрлэн сумын төв буюу аймгийн төв гэж нэрлэгдэх болсон. 1994 оны 10-р сарын 5-нд Хэрлэн сумын ИТХ-ын анхны даргаар С.Чимэдрэгзэнг, нарийн бичгийн даргаар Л.Лхамжавыг сонгож, сумын засаг дарга бөгөөд хотын захирагчаар Ц.Баттөмөрийг сонгох санал дэвшүүлснийг аймгийн Засаг дарга батламжилжээ.



Хэрлэн сум нь 65000 хавтгай дөрвөлжин км нутагтай, Хэрлэн голын хоёр талд Матад, Булган, Баянтүмэн, Чойбалсан сумтай хиллэдэг. Засаг захиргааны үндсэн нэгж 10 багтай, 43000 хүн амтай, 12400 өрхтэй, 120000 толгой малтай. Үүнээс тэмээ 330, адуу 16000, үхэр 15600, хонь 54000, ямаа 34000 байна. Аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ, боловсрол соёл, эрүүл мэнд, хувийн хэвшлийн 600 гаруй аж ахуйн нэгж тус суманд үйл ажиллагаа явуулдаг. Чойбалсан хот нийслэлээс 656 км алслагдсан бөгөөд д.т.д 700м өндөрт оршдог.