Дорнод - Дашбалбар сум

Дашбалбар сумын нутагт 1922-1923 онд Далай сум (дарга нь Б.Мижид), Хөх уул сум (дарга нь Д.Гарам), Баруун Тарь сум (дарга нь Ц.Дамдинжав), Улз сум (дарга нь О.Аяга), байсан бол Улз голын хошуу байгуулагдсанаас хойш орон нутгийн засаг захиргааны өөрчлөлтүүд хэд дахин хийгдэж 1925 оны эхэн үед Эрхэт баян сум (дарга нь Б.Мижид), Дашбалбар сум (дарга Ж.Дэлэгдорж), Хөх уул сум (дарга Д.Барам), Улз сум (дарга нь О.Аяга), Баруун Тарь сум (дарга нь О.Сэжив), Далай сум (дарга нь Б.Мижид) болж Улз сум Улз голоор, Баруун Тарь сум Улз ба Дөч голын цутгал хавиар, Далай сум Дөч голын саваар, Хөх уул сум Хөх уулын ар өвөр, Ямалхын голоор тус тус нутаглаж байв. 1926 онд Улз ба Далай сум хоёр нийлж Дашбалбар сум болов. 1929 он болоход Баруун Тарь, Дашбалбар хоёр сум нийлж Дашбалбар сум (дарга нь Ж.Дэлэгдорж ), Хөх уул ба Эрхэт баян хоёр нийлж Хөх уул сум (дарга нь Ш.Раднаа ) болов. 1931 онд Дашбалбар ба Хөх уул сум хоёр нийлж Дашбалбар сум (дарга нь М.Эрдэнэ, нарийн бичгийн дарга Ц.Сэрээтэр) болжээ.


Тус суманд 1932 онд намын үүр (дарга нь Г.Дашцэрэн), анхны хоршоо (дарга нь Ч.Дуламжав), 1939 онд зуны түр сургалт, 1940 онд бага сургууль (захирал нь С.Доржханд), 1961 онд 7 жилийн сургууль (захирал нь Д.Алтангэрэл) болжээ. 1939 онд хүн эмнэлгийн сестрагийн салбар (сестра нь Б.Намсрай), 1941 онд бага эмчийн салбар (бага эмч А.Намсрай), 1963 онд их эмчийн салбар (их эмч Ц.Шагдар) болж өргөжсөн байна. 1936 онд тус суманд мал эмнэлгийн санитарын салбар (санитарч нь Т.Дорж), 1940 оноос малын бага эмчийн салбар (бага эмч Б.Бат), 1954 оноос мал эмнэлгийн тасаг (их эмч нь Д.Маналжав) тус тус байгуулагдан ажиллажээ. 1940 онд сумын сүү тосны завод (эрхлэгч нь Т.Дугар) байгуулагдан ажиллаж эхэлсэн байна.



Сумын нутаг дэвсгэр 871315 га, үүнээс бэлчээрийн газар 745264 га, хадлангийн талбай 35099 га байна. Төв нь УБ хотоос 700 км, Чойбалсан хотоос 170 км алслагдсан Цагаан дэв суурин. Нутгийн гадарга нь зүүн тийшээ налуу, өндөр газар нь Хар өндөр (1131 м), Улз голын дагуу намхан тарамсаг уул бий.



Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1-р сарын дунджаар температур -22-23с, 7-р сард +20-22С, жилд дунджаар 250-300мм тунадас унадаг. Дөч, Жараахай, Сэвсүүл зэрэг олон гол горхи Улз голд цутгадаг. Чух, Дөрөө, Шогой цагаан, Хайчийн цагаан, Давсан цагаан, Хорин цагаан, Их Бага далай зэрэг олон нууртай карбонатлаг хар, нимгэн хар шороон, нугын хар хүрэн, бор, саарал, мараалаг бор хужир, мараат намгийн цэвдэгт, голын дагуу татмын үржилт хөрстэй. Үетэн, алаг өвс, зүр өвс, хиаг, хялгана голлосон уулс, хээрийн ургамалтай. Уулсын араар навчит ойн зураа бий. Цагаан зээр, бор гөрөөс, чоно, үнэг, хярс, мануул, туулай гэх мэт ан амьтантай. Улз голд заарт харх, загас бий. Тал хээрийн болон усны шувууд элбэгтэй.


Энэ нутгийн иргэн Ю.Лэгдэн тэргүүнтэй хүмүүс 1930-аад онд Ага дацан руу явж айлтгал өргөн Ага-ын Цагаанчулуутын Улаан хад гэдэг овооноос чулуу, шороо залж авчирч Зүр хүзүү ууланд овоо босгож Дашбалбар гэж нэрлэн овоо тахилгатай болсон. Эдүгээ Дашбалбар уул сумын төвөөс баруун хойш 10 орчим км зайд оршдог. Мөн эдүгээ Эрхэт, Буурал, Жараахай, Хөх уулын овоог тахиж байна. Энэ сумын Ганжирт уулын Баянжаргалан овоог Сэргэлэн сумынхан тахидаг.


Сумын хүн ам 3250, засаг захиргааны 4 багтай. Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн нэрэмжит 10 жилийн сургуульд 800 орчим сурагч суралцдаг. 130 хүүхдийн багтаамжтай дотуур байр, 120 ортой цэцэрлэг, 300 хүний суудалтай соёлын төв, 6600 гаруй үзмэртэй орон нутаг судлах музей, 36000 номтой хоёр номын сан, аж ахуйн нэгж 6 ажиллаж байна. Сумын нийт малын тоо 182000 толгой, үүнээс тэмээ 570, адуу 18000, үхэр 14000, хонь 105000, ямаа 50000 толгой байна.