Баян-Уул сум нь анх 1922 онд “Алхана сум” (дарга нь Д.Дондог) нэртэйгээр байгуулагджээ. 1925 онд зарим буриад сумдын нэрийг хуучин хойт нутагт байсан нэрээр нэрлэж байсныг болиулж, өөрийн нутаглаж байсан газрынх нь нэрээр нэрлэх болсноор “Алхана” гэж нэрлэгдэж байсан энэ сум Баян Хан уулын сум (дарга нь Ц.Равдан) болж, эдүгээгийн тус сумын нутаг Эрдэнийн булаг, Доод Наанги, Баадай хөндий зэрэг газраар нүүдэллэн төвлөж байв. 1929 оны үед одоогийн Баяндун сумын Өвгөд уулнаас баруун тийш Улз голын дагуух суманд Бумбат, Дэлгэр уул, Баянзүрх, Паршин сумд нийлж “Тариалан сум” гэж нэрлэгдэх болсон байна. 1932 онд “Шинэ эргэлтийн бодлого”-ын заалтыг үндэслэн Тариалан сумыг дахин Баян-Уул (дарга нь Ц.Галдан, нарийн бичгийн дарга нь П.Цэвээн) гэж нэрлэж, одоогийн сумын төв Жаварт хошуунд төвлөрүүлжээ.
Энэ суманд 1923 онд Ойн аж ахуй (дарга нь Дамдин),
1924 онд Харилцан туслалцах хоршоо (дарга нь Ж.Цэрэн), 1925 онд бага сургууль (захирлыг
нь Д.Дондог хавсарч байв), 1929 онд намын үүр (дарга нь Д.Дарьжав), 1934 онд мал эмнэлгийн салбар
(эрхлэгч бага эмч нь
Чимэдрэгзэн), 1938 онд хүний бага эмчийн салбар (эрхлэгч бага эмч нь Ц.Даржаа), 1939 онд гар үйлдвэрлэлийн
артель (дарга нь Ц.Содов), 1941 онд сүү тосны завод (эрхлэгч нь А.Содномдагва),
1944 онд Эрээний тэрэгний үйлдвэр (дарга нь Д.Содномдаржаа), 1949 онд “Холбоо” нэгдэл (дарга нь Д.Сэрээтэр), 1950 онд Ононгийн сангийн аж ахуй, 1955 онд Холбооны
газар (эрхлэгч нь Я.Рэнцэн) тус тус байгуулагджээ. Тус сумын хүний бага эмчийн
салбар нь 1951 онд их эмчийн салбар (эрхлэгч их эмч нь Ц.Жалам) болж, бага
сургууль 1944 онд бүрэн бус дунд сургууль болж өргөжин хөгжжээ. 1961 онд
“Холбоо” нэгдэл татан буугдаж Ононгийн САА-тай нийлсэн байна. 1990-ээд онд САА,
зарим албан байгууллагууд хувьчлагдаж, өмч хөрөнгө, мал нь хувьд шилжжээ.
Сумын нутаг дэвсгэр нь 562278 га, бэлчээрийн газар 339145 га, хадлангийн талбай 45296 га, тариалангийн газар 16.5 га байна. Төв нь УБ хотоос 600 км, Чойбалсан хотоос 189 км алслагдсан Жаварт хошуу суурин. Сумын нутаг дэвсгэр нь Хан Хэнтийн их нурууны үргэлжлэл Эрээний нурууны төгсгөл хэсэг ойт хээр, тал хээрийн бүсийн заагт орших байгалийн бүрдлийг төлөөлөхүйц үзэсгэлэнт нутаг. Дун уул (1434 м), Онцгой уул (1425 м), Бүрэнхаан уул (1438 м), Баруун хар чулуу (1344 м), Баян хан уул (1299 м) гэх мэт 35 орчим уултай, Онон, Улз, Хархираа, Эрээн урт зэрэг гол, Холбоо, Хар нуур зэрэг том, жижиг нуур тойромтой. Ууланд нь нарс, хар мод болон хэдэн төрлийн навчит мод ургадаг. Сүүлийн хориод жилд Улз голын урд шилээр залуу нарсан ой өргөжин тэлж байна. Энд буга, хүдэр, бор гөрөөс, гахай, баавгай, хэрэм, шилүүс, дорго, илбэнх, чоно зэрэг ан амьтан элбэг бий. Ой модонд мойл, гүзээлзгэнэ, үхрийн нүд, улаагана, нэрс, долоогоно, чацаргана зэрэг жимс, жимсгэнэ, мөөг, сонгино, жууцай, мангир таана зэрэг амтлагч ногоо элбэгтэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай. 1-р сарын дундаж температур -22-24 С, 7-р сарынх +18-20 С, жилд дунджаар 300-350 мм тунадас унадаг.
Загасны газар зүйн мужлалаар Амар мөрний мужид Онон, Улз голууд ордог. Хээрийн болон усны шувуу элбэгтэй. Аймгийн нийт ойн 85.0 хувь нь энэ суманд байдаг тул түүнийг түшиглэн ойн аж ахуй, мод үржүүлгийн газар, хөрөө рам бүхий аж ахуйн нэгжүүд ажилладаг. Энэ сумын нутагт Баян-Уул, Бүрэнхаан , Лам овоо, Зүрх овоо зэрэг тахилгатай уул овоо бий.
Сумын хүн ам 4500 бөгөөд засаг захиргааны 6 багт харъяалагддаг. Малын тоо 82000 орчим толгой, үүнээс тэмээ 140 гаруй, адуу 9200, үхэр 13200, хонь 35000, ямаа 25000 толгой байна.
Баян-Уул сумын аялал жуулчлалын гол газар:
1196 онд Алтан улс 30 мянган цэрэг агсаж Татаарын Мэгүжин сүүлттэй дайтахаар ирэхэд Халхын голоор нутаглаж байсан Татарууд Улз гол өгсөн дутааж Хусуту шүтээн, Нарату шүтээн гэдэг газарт хороо бэхлэлт байгуулан хориглож байжээ. Үүнийг мэдсэн Чингис хаан Хэрэйдийн ван ханд элч илгээж “татаарууд бол өвөг дээдсийг минь хорлосон өштөн, одоо Мэгүжин сүүлт Алтан улсаас дутааж Улз гол өөд ирээд байна, тэднээс өшөө авах цаг болсон” гэж хэлүүлжээ. Тоорил хан өөрийн цэргийн хамт гурван хоногийн дараа хүчин туслахаар ирж Чингис хаантай хамтран Татаарын бэхлэлтийг эвдлэн орж Мэгүжин сүүлтийг барьж тэнд нь хороогоод Нарату шүтээнд гээгдэж орхигдсон нэгэн хүүг олж авчээ.
Орхигдсон хөвүүнийг үзтэл дөртэй алтан ээмэг зүүсэн, булгаар доторлосон торгон элгэвч /хантааз/ өмссөн байсан бөгөөд Өүлэн эхэд авчирч өгөхөд “Сайн хүний хөвүүн биз, язгуур сайт хүний ураг биз, таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё” гээд Шихихутаг хэмээх нэр хайрлаж асарсан гэдэг.
Тэмүжин Монголын олон аймгийг нэгтгэж явахдаа Мэргидийн нутгаас олж авсан Хүч, Дайдуудын басуд овогтны нутгаас Хөхч, Жүрхиний нутгаас Борхул хэмээх хүү, Татаарын бэхлэлтээс Шихихутаг гээд дөрвөн хөвүүнийг олж Өүлэн эхэд өгч асруулахад Өүлэн хатан өөрийн хөвүүдийн адил өсгөж хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэжээ. Тэдгээр хөвгүүд хожим Чингис хааны үнэнч найдвартай анд, өрлөг баатар жанжин, суут мэргэн сайд нар болсон юм.
Чингис хаан их хуралдай дээр Монгол улсын төрийг засахад хүчээ өргөсөн 9 өрлөг, 88 гавъяатан, 95 мянганы ноёдыг нэгд нэгэнгүй нэр заан шагнажээ. Түүний дотор Шихихутагт “Чи миний зургадугаар дүү биш үү, өргөмөл дүү чамд өөрийн бусад дүү нарын адилаар өмч хуваан олгоё. Бас чиний ач тусын хариуд есөн удаагийн алдал осолыг хэлтрүүлье” гэж зарлиг буулган “Мөнх тэнгэрийн ивээлээр гүр улсыг зүглүүлж бүхийд чи үзэх нүдэн, сонсох чих болж яв. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно, шийтгэсэн хэргийг “хөх дэвтэр”-т бичиж дэвтэрлэгтүн” хэмээн зариг болжээ.
Улз гол нь Халхын язгуур нутаг бөгөөд Сэцэнхан аймгийн баруун гарын зүүн хошууны газар гэж 1920-иод оны Хятадын “Богд баатар биеэр дайлсан тэмдэглэл” хэмээх зурагт тэмдэглэлд “Хусуту шүтээн”, “Нарату шүтээн” гэж дурдан үйлджээ. Нарату шүтээн нь Баян-Уул сумын төвөөс зүүн хойш 21 км, N49°9’49.06 E112°54’17.0
ХАРХИРАА - БӨӨГИЙН СОЁЛЫН ТӨВ: Монгол даяар алдартай Цэрэн зайрангийн үүсгэн байгуулсан бөө мөргөлийн сургалт шүтээний төвийг “Хархираа – бөөгийн соёлын төв” хэмээн нэрлэдэг. Цэрэн зайран Хэнтий аймгийн Батширээт суманд амьдарч байгаад 1984 онд Дорнод аймгийн Баян-Уул сумын Хархираа хэмээх уул ус тэгширсэн нутагт ирж суурьшжээ. Ийнхүү ирсэнийх нь дараа түүнийг баривчлан Дорнод аймгийн шоронд 2 жил хорьж байгаад сулласан гэдэг. Цэрэн бөө 1990 онд шашин шүтэх эрх сэргэх үед энэхүү “бөө мөргөлийн төв”-ийг байгуулсан бөгөөд эдүгээ Цэрэн зайрангийн удмыг залгасан хүү Ц.Оюунбаатар уламжлан авч бөө мөргөлийн сургалт, шүтээний төвийг хариуцан, ёс жаягийн дагуу зан үйл гүйцэтгэж байна. Эдүгээ “Бөөгийн соёлын төв” байрлах Хархираа хэмээх газар нь Баян-Уул сумын төвөөс баруун урагш 30 км зайд оршдог.
Бөөгийн соёлын төвийн урд захад Цэрэн зайрангийн байгуулсан Майдар бурханы сүм байрлана. Сүмд Тааллын таван хаан, Гомбо бурхан, Богд Зонхов зэрэг баримал дүр, “арван хангал”-ын ном судар, цан, хэнгэрэг, ганлин бүрээ, хонх дамар гэх мэт буддын шашны эдлэл хэрэглэл бий. Бөө мөргөлийн төвд гэлүгвэ урсгалын бурхан шүтээний сүмийг байгуулсан учир нь Цэрэн зайран хар язгуурын бөө мөргөл, буддын шашны шарын урсгалыг зохилдуулан шүтэлцүүлэх зорилготой байснаас үүдэлтэй ажээ. Мөн Цэрэн зайран 13 нас хүртэл бурханы номд шамдсан лам байжээ. Гэтэл 13 насандаа гэнэт ухаан самуурч бөө болох шинж тодорсноор Улзын алдарт Чимид удганы шавь болсон гэдэг. Түүнээс хойш 66 жилийн турш хэнгэрэгийн дуу таслалгүй бөөлжээ.
Тэрбээр “бөө мөргөл ба шарын шашин хоорондоо харшлах зүйлгүй, гагцхүү тэдгээрт мөргөж, сүсэглэж буй хүмүүс л хагаралдуулах гэж оролддог, угтаа мөргөл ба шашин хоёр нэг юм, уул овооны дэргэд лам нар түвд хэлээр ном уншдаг, харин бөө нар язгуур монгол хэлээрээ дуудлага хийдэг” хэмээн хэлдэг байжээ.
Хархираа – бөөгийн соёлын төвийн зүүн талд бөө мөргөлийн зан үйл үйлдэх “Тэнгэрийн хөх сүм”-ийг Цэрэн зайран амьд сэрүүндээ бариулсан ажээ. Мөн төвийн гол хэсэгт модон сүүдрэвч барьж, урд нь олон модон шонг ярайлган босгосон нь бөөгийн зан үйлийн гол хэрэглүүр юм. Бөөгийн чанар хамгаалах зан үйл дотор “бөө нар 81, эсвэл 108 ширхэг хусыг үндсээр нь сугалан авчирч мөчрийг нь өнгө өнгийн бөсөөр чимэглэн түүн дээгүүр гүйж харайх” гэх мэтээр увидас чадвараа үзүүлдэг байна. Бөө болж чанар хийж байгаа хүний тоогоор зулзаган хусыг үндэстэй нь авчрах боломжгүй тул ийнхүү модон шон зоосон ажээ. Ц.Оюунбаатар бөө чанар хийх зан үйлд зориулан ойгоос хус модыг үндэстэй нь авчрахыг болиулсан бөгөөд өөрөө “мод үржүүлгийн төв”-ийг байгуулжээ. Чанар хийж бөөгийн сорил давахаар ирсэн бөө нар, засал хийлгэж, мөргөж сүсэглэхээр ирсэн хүмүүсээс багахан хураамж авч тэр мөнгөөрөө мод үржүүлгийн газраа арчилж торддог. Хархираа - бөөгийн соёлын төвд ирсэн хүмүүс өөрсдийн сэтгэл, сүсэгийг дагаж өргөл өргөдөг бөгөөд ямар нэгэн ханш, үнийн жишиг байдаггүй юм байна.
Модон шонгуудын хойд талд өндөр модон тавцан байх агаад түүн дээр бөө удганууд онгод тэнгэртээ зориулан идээ шүүсээ дээжлэн тавьж хүндэтгэл үзүүлдэг. Тэрхүү модон тавцан нэлээд өндөр бөгөөд огцом өгсөх шаттай. Бөө удганууд тэрхүү шатаар маш хурдан авирч гарах хэрэгтэй бөгөөд үүнийг “шахаанд оруулах” гэж нэрлэдэг аж. Тавцан руу авирч байхад увидас чадал багатай бөөг онгод тэнгэрүүд нь шууд татаж унагаадаг гэнэ. Тавцангийн дээд талд гарсны дараа нөгөө талд нь байх шилний хагархай бүхий талбай руу үсэрч бууна. Өөрөөр хэлбэл, йогийн үзүүлбэр мэт чадвар ажээ. Мөн энд бөө, удганууд “ядарсан нэгнийг явгалахгүй” гэсэн тангараг тавьж, хэрвээ андгай тангарагаа зөрчвөл асар их нүгэл хойч үед минь ирнэ гэж үздэг байна.
Ц.Оюунбаатар бөөгийн хэлснээр, “чанар хийх” гэдэг нь “бөөгийн ид чадал гүйцээх” дамжаа гэж ойлгож болно. Буриад бөөгийн ёсонд 13 наснаас 51 нас хүртэл гурван жил тутамд чанар хийж, нийт 13 чанар хийдэг. Бөө мөргөл халхад 300 орчим жил тасрахад зөвхөн буриадууд бөө мөргөлийн ёс жаягийг хадгалж авчирсан гэж эрдэмтэд үздэг. Монгол даяар алдартай Минжүүр хувилгаан, Мөлхөө хөгшин, Балжир, Налжирваа, Цэрэн гээд гарын арван хуруунд багтах цөөн хэдэн хүн байсан. Эрэгтэй хүнийг бөө, эмэгтэй хүнийг удган гэнэ. Харин бөөгийн 13 чанар хийсэн бөөг “зайран” гэдэг. Чанар хийсэн тоогоор нь тольт бөө, хэцэт бөө, нөмрөгт бөө гэж нэрлэдэг байсан. Халх хүн халх бөөд, буриад хүн буриад бөөд очих ёстой гэх зүйл байж болохгүй. Энэ нь хагаралдахын үүсвэр болно, мөн эрдэмтэн судлаачид буруу үзэл ойлголтыг ард иргэдэд өгч байна. Бөө гэдэг нь тэнгэрийн улаач юм.
Өнөө үед бөө мөргөлийг гажуудуулж, бизнес шоу болгож, олз омогийн хойноос явж, хүн амьтныг айлгаж байна, үүнийг дэг журамтай байлгах хэрэгтэй хэмээн үзэж 2003 онд “Тэнгэрийн сүлдэр” холбоог байгуулсан. Холбоонд 300 орчим гишүүд нэгдсэн бөгөөд манай төвд ирж чанараа хийгээд, бөө мөргөлийн үйл ажиллагаа, тайлга тахилгад оролцдог. Хүний итгэл үнэмшил нь маш нарийн нандин зүйл учраас нэгэн насны үйлийг ганц хоёрхон өдөрт шийднэ гэж байдаггүй. Худал хуурмаг бөө, удгантай тэмцэх ганц арга бол сүсэгтэн олныг ухааруулж ойлгуулах явдал юм. Жил бүрийн 5-р сарын 22-ноос 9-р сарын 14 хүртэл тэнгэрийн үүд нээгддэг, хөхөө шувуу донгодоход ой хөвч баясдаг бөгөөд энэ хугацаанд эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд их мөргөлийг хийдэг. Миний зан үйл аав, аавын багш Чимид удган, түүний багш Дамдин зайрангаас гурван үе дамжин өвлөгдөж ирсэн зан үйл. Энэ зан үйлээ баримтлан бөө мөргөлийг гажуудуулахгүй, олз омогийн хойноос явахгүй гэж аавынхаа олон шавь нартай хамтарч энэ төвийг байгуулсан. Зун болохоор энд бид нар цуглаж зорьж ирсэн 4-5 мянган хүнд туслахыг хичээдэг.
Нарату шүтээнээс баруун урагш 40 орчим км зайд, N48°57’44.3 E112°42’11.0