Архангай - Хотонт сум

Хотонт сумын нутаг нь хуучнаар Сүжигт бэйсийн хошуу. 1931 онд Өлзийт уулын хошуунаас байгуулагдсан Өндөрсант сум 1961 онд татан буугдаж Хотонт суманд нийлсэн. Харин одоогийн Хотонт сумын тал нь хуучнаар Илдэн бэйлийн хошуу байв. 1931 онд Эрдэнэбулган уулын хошуунаас байгуулагдсан. Нутаг дэвсгэр 2417 кв.км.. Хүн ам 4324, мал сүргийн тоо толгой 107441.  Нутгийн засаг захиргааны бүтцийн хувьд Хотонт сум нь Хотонт, Улаанчулуу, Хөөвөр, Бургалтай, Орхон, Өндөрсант хэмээх багуудтай. Сумын төв нь Хотонт бөгөөд аймгийн төвөөс зүүн урагш 91 км зайтай оршдог.

Нутгийн өмнөд хэсгийг Хангай нурууны салбар Өндөрсант, Баянзүрх, Хотонт гэх мэт өндөр уулс, төв ба хойд хэсгийг Орхон, түүний цутгал голуудын хөндий эзэлдэг. Орхон түүний цутгал голууд, жижиг нуур тойрмуудтай.


Хангайн нурууны их уулсын зүүн захын шувтарга, Орхон голын хөндийд байгалийн өвөрмөц сайхан тогтоц бүхий Жарантайн голын сав газарт Архангай аймгийн Хотонт сум бий. Энэ газар шороонд тарьсан бүхэн нь ургаж, энд идээшилсэн мал түм бумаараа өсдөг хэмээн нутгийнхан бахархана. Сүрлэг уулс, уужим тал, ногоон ой төгөл, тунгалаг гол мөрнүүд нэгэн дор цогцолсон сум суурин тун ховор.

 

Сумын төвийн хамгийн өндөр барилга нь хоёр давхар сургуулийн барилга юм. Сургууль, захиргаа, эмнэлэг, дотуур байр, цагдаагийн хэлтсийн эргэн тойронд сумынхан хашаа хатгаад төвхнөжээ. Сургуулийн өмнөх талбайд төрийн нэрт зүтгэлтэн, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын намын анхны дарга С.Данзангийн хөшөөг 2000 оны эхээр босгожээ. С.Данзан бол Хотонт сумын уугуул бөгөөд 1885 онд хуучнаар Сайн Ноён хан аймгийн Сүжигт бэйс Сандаг-Очирын хошуунд мэндэлсэн байдаг.


Сумын төвийн зүүн хойхно байх ой мод бүхий уулыг Хотонт хэмээн нэрлэдэг. Сумынхан уулаа жил бүр тахина. Сурвалж бичгүүдэд тэмдэглэн үлдээснээр Хотонт уулын эртний нэршил нь Дулаан уул ажээ. Уулынхаа араар шигүү ой модтой, орой хэсэгтээ үхэр чулуу, хадат хавцалтай бол өвөр хэсэг нь эгц доош уруудсан тогтоцтой. Тухайн бүс нутагт өвөл болон хаврын эхэн сард ихэвчлэн зүүн хойноос салхитай байх тул уулын урд хэсэгт нөмөртэй дулаан байдаг аж. Тиймээс ч нутгийн ардууд Дулаан уул хэмээж нөмөрт нь олон зууны турш өнтэй өвөлжиж, хаваржсаар өнөөг хүрчээ.


Манай эриний YII зуунд Уйгарын есөн овог аймаг нэгдэж, Түрэгийн эсрэг тууштай тэмцэн, ялалт байгуулж улмаар МЭ 745 онд өөрийн хаант улсыг төвхнүүлсэн байдаг. Үүнээс 100 гаруй жилийн дараа Уйгар зэргэлдээх нүүдэлчин киргизүүдэд ялагдаж нийслэл болох Ордубалыкаа шатаалган сүйтгүүлжээ. Тус Ордубалык хотын туурь одоогийн Хотонт сумын нутаг дахь Хар балгас юм.


Уйгарын ихэнх иргэд баруун зүгт зугтсан боловч ганц хоёрхон овог аймаг киргизүүдийн харгис дарлалыг үл ажран буйраа сахиж үлдсэн гэдэг. Тэд ухаан төгс Дой хатнаар удирдуулсны хүчинд тодорхой хэмжээний алба татвар өгөхөөр киргизүүдтэй тохиролцон, мал хуйгаа хураалгаж, хүн ардаа сүйтгүүлэлгүйгээр зэрэгцэн аж төрсөн аж. Тийм ч учраас харь солгой дайсан нь Дой хатныг хүндэлж, нэгэн нуурын хөвөөн дэх орд харшид амьдруулж байжээ. Хожим тэрхүү нуурыг Дойтын цагаан нуур гэх болжээ. Хатныг тэнгэрт халихад ойр хавийн хамгийн өндөрлөг газар болох Дулаан ууланд оршуулсан гэнэ. Үүний дараагаар Дулаан уулыг Хатант хэмээх болсон аж. Цаг хугацаа хуучрах тусам Хатант уул хэмээх нэршил нь Хотонт болж өөрчлөгдсөн гэдэг. Түүнчлэн газар зүйн байршлын хувьд Хотонт уул сумынхаа төв хэсэгт байрладаг нь нөлөөлсөн гэж үздэг. Хотонт уулаас гадна Дэлгэрхайрхан, Цагаан уул, Сант уул зэрэг нутгийн олны сүслэн тахидаг уулс олон бий.


Шарын шашин Монголд ид дэлгэрч байх үед Хотонт суманд олон хутагт хувилгаан тодорч сүм хийдүүд шинээр баригдаж байжээ. Энэ нь тухайн үеийн шашин мөргөлийн гол төв болох Эрдэнэзуу хийд хаяа залган оршиж байсантай ч холбоотой. Зуугийн багш, Зуугийн гэгээнтэн нар нь хүүхэд ахуйдаа Эрдэнэзуу хийдэд шавилж, ухаан мэдлэгээрээ онцгойрон шалгарч, хожмоо Түвдийн Далай ламтай ном хаялцаж явжээ. XIX зууны үед гэдэс дотор, үе мөчний өвчинд тустай нэгэн рашааны эхэнд томоохон эргэл мөргөлийн хийд Цагаан сүмийг байгуулсан боловч их хэлмэгдүүлэлтийн үед нураагдаж, лам нарыг нь буудан хороожээ. Үүний дараа нэр нь тодорхойгүй өнөөх халуун рашааныг Цагаан сүмийн рашаан хэмээн нэрлэх болсон аж. 1980-аад онд сүмийн тууринаас цан хэц, хэнгэрэг, мөнгөн домбо, аяга, үнэт хаш чулуун хөөрөг тэргүүтэй эд өлгийн зүйлс олдсон ч ойр хавийн иргэд нь тарааж аваад дуусгасан гэдэг. Сумын төв дэх хийдийн балгасыг 1990-ээд онд хамба лам Д.Доржцэвээн сэргээн босгож Дашгэмпилийн хийд хэмээн хуучин нэрээр нь сэргээжээ.


Хотонт сумын Хүйсийн овооноос эхтэй горхи Цагаан сүмийн голтой нийлж, сумын төвийн урдуур урсана. Тус голын эрэг дагуух ногоон ширх, зүлгэ бүхий нутаг 50 гаруй км үргэлжлэх учраас зэргэлдээх сумдын мал адуу орж ирэх нь элбэг. Зун ган болсон ч энд хүмүүл, хүнхээл, зэрлэг жууцай зэрэг шим тэжээлт төрөл бүрийн ургамал ногоо өтгөн ургана. Тийм учраас нутгийн уугуул малчид Цагаан сүмийн голыг “Ногоон үелзээ” гэдэг байна. Өвөл цас их унасан ч дэрс нь халиурч, зэгс нь ногоорох Цохиот уул гэж бий. Бэлээрээ эгц өндөр хэдий ч орой хэсэгтээ ширээ мэт тэгшхэн тал бүхий энэ ууланд ой модноос гадна хад асга, эгц цохио элбэг учраас ч өвлийн их цас, тэсгим жавраас өвс ногоог нөмөрлөдөг ажээ.


Цагаан сүмийн голоос гадна Орхон, Жарантай голын их хөндий, түүний ойр орчмын ам, энгэр газарт хүнсний ногоо, үр тариа тариалахад бүрэн тохиромжтой. Тийм учраас Уйгарын үеэс тариа тарьж байсан ул мөр усалгааны далан шуудуу элбэг. XX зууны сүүл хагаст сумын хэмжээнд 5.5 га талбайд тариалалт хийж байсан нь улсын хэмжээнд дээгүүрт орох үзүүлэлт аж. 1958 оноос төвийн эрчим хүчний системд холбогдсон. Эрдэнэзуу хийдийг үзэхээр ирсэн гадаад дотоодын жуулчид цааш багахан зай туулж Хотонт сум ороод, тэндээс Төвхөн хийд, Орхоны хүрхрээ, Хоргын тогоо руу явдаг сонгодог маршрут  хэдийнэ бий болжээ.


Архангай аймаг, тэр дундаа Хотонт сум уруул чимчигнүүлж шар тос хөвсөн айргаараа алдартай. Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний ойд зориулсан даншиг наадмын үеэр зохиогдсон айрагны баярт Хотонт сумынхан түрүүлсэн. Удаах байранд Булган аймгийн Могод сумын айраг шалгарчээ. Бас жил бүрийн намар сумынхаа айрагны баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн юм.


Эмхэтгэсэн Ч.Буянбадрах