Тус суманд Мээж хайрханы үзүүрээс
нар мандаж, Булган Хангайн өврөөр гэрэлтэж, айл айлын гэрт аж байдал өрнөнө. Сумын
зүүн урдуур Мээж хайрхан сунайна. Их догшин хайрхан гэж үздэг учраас нутгынхан
хайрхандаа идээний дээж өргөж, ерөөлийн үг хэлж залбирна. Харин сумын баруун
хойно нь Булган хайрхан дүнхийж байдаг. Булган хайрханыг эрт үед Вангийн
хүрээний том аграмбууд тахидаг байсан гэж уламжлалтай. Ханагар баян энэ
хайрханы хормойд зун цагт самар, жимс нь бялхаж, нутгийн түмнээ өөдөө өөдөө
явахад нь ч өнгө алдаж явахад нь ч түшиж өргөж байдаг хэмээн хэлэлцэнэ.
Зун цагт Булган хайрханы наанаас Ачуут
голоо дагаад айлууд ярайж, мал ахуйгаа таргалуулна. Сумынхны налайсан амьдрал намар
гэнэт хурдтай өрнөж ногоогоо хураана, хадлангаа хадна, модонд явна. Ингээд
бужигнасны дараа сумын төвөө бараадаж зуссан айлууд намаржаа руугаа нүүхэд
сумын захаар бэлчиж, давхих адуу ч харагдахгүй эзэнгүй зэлүүд болох нь сонин.
Харин сумын төвийн гурван сургуулийн орчин хүүхдүүдийн хөлд нуран алдсан асар
их хөөр хөгжөөнтэй өнждөг.
Нутгийн яруу найрагч Х.Соёмбо “Сэвлэг
хатаах зөөлөн салхитай, Сэтгэл нөмөрлөсөн алсын бараатай, Удам нь түүхэндээ
босоо хийморьтой, Унаган нутаг Булган хангай мину” бичсэн нь дуу болон
мөнхөрчээ.
Вангийн хүрээний суурин: Булган сум нь хуучин Халхын таван том хүрээний нэг болох Вангийн хүрээний суурин дээр байгуулагдсан, 390 орчим жилийн түүхтэй суурин юм. Тус суманд Диваажин, Цагаан суварга, улсын анхны цэцэрлэгт хүрээлэн, Хатанбаатар Магсаржавын бунхан зэрэг түүх болоод соёлын дурсгалт газрууд бий.
Диваажин хэмээх газрыг 1905 оны орчим байгуулсан гэх бөгөөд XIII Далай лам өөрийн биеэр залран ирж сүншиглэн аравнайлж байсан ажээ. Тухайн үед XIII Далай лам Түвдэнжамцыг ирэхэд нь цагаан эсгий дэвсэн ихэс дээдсийн хэмжээнд угтан авч байсан түүхтэй аж. Далай лам буцахдаа Ханддорж вангийн хүүг дагуулсан явж Бээжинд аваачсан нэгэн гунигт түүх ч яригддаг. Энэхүү Диваажинг эзэнгүй ханхай байсныг нь сумын гандан хийдийнхэн тохижуулан авч, сэргээн засварлаж байна.
Майдарын голын Цагаан суваргыг 1870-аад оны үед Ханддорж вангийн өвөө амбан ван Цэрэндоржийн үеэс бүтээж босгосон байдаг. Халхад томоохонд тооцогдох ба байгалийн боржин чулуу засаж урласан ба 40м өндөр юм. Жанчивчойдон нэртэй энэ суваргыг хэлмэгдүүлэлтийн үед нураагаад, эдүгээ дахин сэргээх ажил хийж байна. Хувьсгалаас өмнө Майдарын голын хөндий нь буга согоотой үлгэрийн юм шиг сайхан нутаг байжээ.
Ардын хувьсгалын үед Булган суманд Ардын цэргийн баруун зүгийн байлдааны штаб байрлаж цагаан оросын цэрэгтэй тулалдах гол ажиллагааг зохион байгуулж байсан түүхэн газар юм.
Ачуутын хөвөөн дэх Булган хот: Хойшоо Бугатын Хан жаргалант хүртэл, баруун тийш Өрөмийн нуур, зүүн тийш Дундатын гол хүртэл нутагтай. Ачуут голын хөвөөг дагасан Булган хотын шинэ үеийн түүх 1930-аад оноос эхэлнэ. Тухайн үед газар тариалангийн нэг аймаг байгуулахаар болоход одоогийн Сэлэнгэ аймагт харъяалагдах болжээ. Хэсэг хугацааны дараа Булган аймаг тусдаа байгуулагдан Ачуут голын хөвөөн дэх бяцхан сууринг төвхнүүлжээ. Сумын захиргаа Тамгын толгой дээр буурилж байсан. Эдүгээ Тамгын толгойгоо тойроод айлууд хашаа татаад буусан ба тэр орчмыг “Шинэ хорооныхон” гэдэг. Шинэ хороонд хоёр толгой байдгийн нэг нь Тамгын толгой, нөгөө нь Хатанбаатар Магсаржавын дурсгалд зориулсан бунхан бүхий толгой юм.
Булган сумын цэцэрлэгт хүрээлэнд гурван мянган дан зулзаган модыг шугамдсан юм шиг нэг эгнээнд эрийтэл тарьсан цэцэрлэгт хүрээлэн сумын яг төвд орших ба 60 гаруй жилийн түүхтэй. Хангайд ургадаг бараг бүх л ургамал ус жигдэрсэн, засмал замтай, Булган сумын хүн ард чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар юм.
Чин Ван Ханддоржийн нэрэмжит “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулиас спорт, урлагийн олон авъяастнууд төрөн гарсан. Жүдо бөхийн Батхишиг, сагсны Тамир, яруу найрагч Соёмбо нарын шинэ цагийн алдартнууд байдаг бол түрүү үеийнхнээс Гавъяат барилгачин Д.Дагвасамбуу, М.Могойтар, Хөдөлмөрийн баатар Г.Сүрэн, Гавьяат жүжигчин Д.Пүрэвсүрэн, Б.Саранчимэг, Б.Баасанжав, Гавъяат тээвэрчин Ц.Ямааранз, Гавьяат багш Ш.Шийтэр, Д.Ганчимэг нарын алдарт хөдөлмөрчид тус сумаас төрөн гарсан.
Эх сурвалж: Өдрийн сонин