1924 оны Хаданхошууны Хар овооны бууц гэдэг газар “Галба” нэртэйгээр анх байгуулагджээ. Галба сум 1941 оноос нэрээ сольж Ханбогд уулынхаа нэрээр нэрлэгдсэн. Хээр таль, говь цөл хосолсон 1515.2 кв.км нутаг дэвсгэртэй. Аймгийн төвөөс 260 км зайтай. Өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг. Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг Галбын говь энэ сумын нутагт оршдог. Тус сум засаг захиргааны анхан шатны нэгж болсон 4 багтай. Сумын хэмжээнд 6 төсөвт байгууллага үйл ажиллагаа явуулж түүнд 100 гаруй төрийн албан хаагч ажилладаг.
Газрын хөрсөндөө алт зэсийн арвин баялаг
нөөцтэй, эрт галавын үеийн аварга гүрвэл, мөлхөгчдийн үлдэгдэл, чулуужсан мод
зэрэг ховор нандин олдворуудтай.Ханбогд сумаас баруун тийш 40 км зайд дэлхийд томд тооцогдох зэс, алтны уурхай болох Оюу толгой үйл ажиллагаа явуулдаг. Монгол улсын эдийн засагт үлэмж хэмжээний үр ашиг авчрах аварга том уурхайн төсөл бөгөөд 2017 оны 12-р сарын 27-нд баяжуулах үйлдвэр нь ашиглалтанд орсон.
Галбын говьд хулан адуу, хар сүүлт зэрэг талын туруутан амьтдын томоохон сүргүүд байсан боловч уул уурхайн зам тээвэр, хөл хөдөлгөөний улмаас Дорноговь аймгийн нутаг руу дайжсан. Гэвч энэ орчинд дэлхийн хэмжээнд ховорт тооцогддог Жороо тоодог – Houbara Bustard (Chlamudotis undulata) амьдардаг. Мөн Хулан жороо – Mongolian Ground Jay (Podoces hendersoni), Загийн бор шувуу – Saxaul Sparrow (Passer ammodendri) элбэг байдаг. Сүүлийн жилүүдэд Оюу толгой компаний үйлдвэрийн илүүдэл усаар бий болсон томоохон цөөрөм нь нүүдлийн усны шувуудын гол дайран өнгөрдөг цэг болсон.
Ханбогд сумынхны гол шүтээн Ханбогд ууланд аргаль, янгир
цөөнгүй бий. Ундайн гол, Хөдөлдөг цохио, Мэлхий хад, Их булаг, Бага булаг, Байшин цав, Чингисийн уурганы нүх, Гурван зээрдийн агуй, 3000 хайлааст, Сэвхүүлийн элс, Хаалганы рашаан, Галбын говь зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоц бүхий газруудтай.
Ханбогд сумаас баруун урагш 12 км зайд дуу шүлгэнд мөнхөрсөн Галбын говьд Ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан алдарт гурван хийдийн туурь, Цогзолын хийдийн туурь Алтангэрэлийн дугуй, Ловончомбын баяжуулдаг Чавгын агуй, Ходоод ба нүдний рашаан, элэг цөсний чулуу зэрэг байгаль түүхийн сонин тогтоц бүхий олон дурсгалт газруудтай. Дэмчогийн хийдийг Өмнөговийн “Ажнай” корпорациас санхүүжүүлэн сэргээн босгосон нь дотоодын аялал хөгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Дэмчогийн хийдээс баруун хойно 6 км орчимд “Дэлхийн энергийн төв” жуулчны бааз байгуулагдсан. Сумын төвд цэвэр, бохир усанд холбогдсон цөөнгүй зочид буудал, ресторанууд үйл ажиллагаа явуулдаг. Цаашид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий.
2006 оноос эхлэн жил дараалан
Галбын улаан тэмээгээрээ улсдаа тэргүүлсээр ирсэн. Гавилууд омгийн илүү
нугаламт хонь, говь гурван сайхан үүлдрийн ноолуур сайт ямаа зэрэг шилмэл
үүлдрийн мал өсгөдөг.
Байнгын үйл ажиллагаатай хилийн худалдаа
явуулдаг Гашуун сухайтын хилийн боомт ажилладаг. Оюутолгой болон Гашуунсухайтын
боомт газрыг Улаанбаатар хоттой холбосон төв засмал зам нь Өмнөговь, Дорноговь,
Говьсүмбэр аймгийн төв дөрвөн замын уулзвар дайран өнгөрдөг хөл хөдөлгөөнтэй.
“Өөш манхан – Морин толгойн цав –
Өехий – Сэвхүүл – Могойт – Хоёр өлзийт уул – Ханбогд уул – Баянгол – Амтгай –
Аргалант – Сүйхэнт – Өлгий хийд – Галбын гурван хийд” гэсэн маршрутаар Ханбогд
сум хүртэл 150км замын аялал хийх боломжтой.
Гэрэл гэгээ, барилга байгууламж ихтэй том, тохилог сайхан сум. Монголын бусад сумдыг бодвол зочид буудлууд ихтэй, зочид буудал нь тохилог. Ханбогд сумын төвөөс Дэмчогийн хийд хүртэл Оюу толгойн гэгдэх замаар нийт 40 орчим км цагаан замаар шулуухан давхидаг. Шууд очдог зам нь 12км боловч хад, чулуутай бартаатай уулын зам юм. Тэр замыг мэдэхгүй хүн Оюу толгойн замыг нь сонгож явах нь зөв болно. Зарцуулах цаг, шатахуун яг адил.
Дэлхийн энергийн төв гэгдэх Дэмчогийн хийдийг Энерги
авахаас гадна, Баяжихын агуй, Эхийн умай цаашилбал Мэлхий хадаар л ихэвчлэн
төсөөлж, сүсэглэдэг. Гэтэл тэнд хүмүүс тэр болгон сайн мэддэггүй, эсвэл очоод
байдаггүй олон сайхан газрууд байна. Яг л бүтэн нэг өдрийн аялал болно. Ембүү
хад, Хутагтын бясалгалын суудал, Чингисийн уурганы нүх, Домбон цохио, Чулууны
үйлдвэр зэрэг нь үүх түүх, домог хууч ихтэй.
Галбын гурван хийдийн 2
дахь хийд болох 300 гаруй лам хуварга хурдаг байсан Эрээтийн хийд рүү явж
болно. Нэг дэх хийд болох Дэмчогийн хийдээс хойш чиглэлд 3 км зайд байрлана.
Ерөнхийдөө Онгийн хийдийн туурийг санагдуулна. Тус туурийн зүүхэн талд нь хадан
дээрээс өөрөө тодрон гарсан Улаан Жамсран бурханы дүр байна. Мөн Эрээтийн
хийдийн зүүн урд талд нь дээшээ харан хэвтэж байгаа эмэгтэй хүний хэлбэртэй хад
байна. Тайлбар: Дэмчогийн хийд дээр байх Эрдэнэ хад (Боовон хад)-ын өөдөөс харж
байгаа гэх ба ба эрчүүд маань энд хань ижил, үрийн заяагаа хүсч, даатгаж болдог
гэнэ. Эндээс зүүн тийш 3км яваад Галбын гурав дахь хийд болох Цагаан толгойн
хийдийн туурийг үзнэ. Эдгээр 3 хийд нь пирамид хэлбэрээр байрласан нь учиртай.
Энэ нутгийн байгаль нь ус булагтай, хавцалтай үзэсгэлэнтэй байх ба түүний
хажууханд Ханбогд сумыг 1924 онд Галба нэртэйгээр байгуулж байсны гэрч болох
тэмдэг босгосон байна.
Ханбогд сумаас зүүн урагш Цогзолын хийдийн туурь болон сонин өвөрмөц тогтоц бүхий Хөдөлдөг цохиог үзэж болно. Мөн улаан ямаа унасан хүүгийн дүртэй Хутагтын бүтээсэн муу бүхнээс авран хамгаалагч Юлха бурханы дүр бий. Зам зуурт хар сүүлт, хулан зэрэг ан амьтад таарч замын онгод хийморийг хөглөнө.