Аймгийн төв Улаангом хот Улаанбаатар хотоос 1425 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 69.6 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 73328, малын тоо толгой 1619300. Увс аймаг нь Монголын баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино.
Хамгийн өндөр уул нь 4116 метр өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ. Чулуун нүүрс, барилгын материалын баялагтай. Мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино.
Хар тэрмэсийн, Хавцал боомын, Бургастайн зэрэг рашаан устай. Увс аймаг нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төвдөө барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ руу гарах 2 хилийн боомт байдаг бөгөөд нэг нь Давст сумын нутагт Боршоогийн боомт, нөгөө нь Тэс сумын нутагт Тэсийн боомт гэж бий.
1686 онд Ойрд Монголын их хаан Галдан бошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлснээр суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом хотын анхны суурь болжээ. 1871 онд Чандмань уулын орчимд Лүйжин дацан байгуулагдаж, улмаар Цогчин дуган баригдан лам хуврагууд олноор шавилан сууснаар Улаангомын хүрээ нь Баянчандмань уулын хошуу болж өргөжих үндэс суурь болжээ. 1915 оны үед Улаангомын хүрээнд 1500 гаруй лам хувраг шавилан сууж, Дөрвөдийн Зоригт далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин, улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. Ийнхүү Увс аймаг нь 1925-1931 онуудад Чандмань уулын аймаг, 1931-1932 онд Дөрвөдийн аймаг, 1933 оноос Увс аймаг гэж тус тус нэрлэгджээ.
1957 онд барилгын III ангийг тус суманд байгуулснаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотжих төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирчээ. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны IY хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээжээ. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь нь оршин сууж байна.
Увс аймгийн 9 гайхамшигаар Увс нуур, Хяргас нуур ба Хэцүү хад, Алтан элсний дархан цаазат газар, Ханхөхий уулс, Чандмань уулын дурсгал, Гоожуурын хүрхрээ, Мөнгөт цахир уул, Дэглий цагаан уул, Зураагийн улаан хадны зураг зэрэг газрууд тодорчээ.