Сэлэнгэ аймаг

Нутаг дэвсгэрийн хэмжээ 43 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 97584, малын тоо толгой 1265600. Засаг захиргааны нэгжийн хувьд 17 сум, 49 багтай. Өнөөгийн Сэлэнгэ аймаг 1931 онд Тариалангийн аймаг нэртэйгээр байгуулагдаж төв нь Алтанбулаг хот байсан ба хөдөлмөрчдийн хүсэлтээр 1934 онд Сэлэнгэ аймаг гэж нэрлэгдсэн байна.

Орхон, Сэлэнгэ,  Хараа, Ерөө  голуудын үзэсгэлэнт сав, ойт хээрийн бүсэд оршдог. Хойд талаараа ОХУ, баруун талаараа Булган, Орхон аймаг, өмнө талаараа Төв аймаг, зүүн талаараа Хэнтий аймагтай хил залгаж дундаа Дархан-Уул аймгийг агуулдаг. Бүх нутгийн 42 хувийг ой мод эзэлдэг.

Тус аймаг нь эртний Монголын их хаад Амбагай, Хотол, Хабул, Есүхэй хаадын унаган нутаг. 1921 онд Ардын хувьсгалын анхны ялалт Сэлэнгэ аймагт болж, Шивээ хиагт, Шаамарын шар тохой, Улаанбургас, Ханын хөндийн тулалдаанууд түүхэнд тэмдэглэгдэн үлдэж, ардын журамт цэргийн байрлаж, бүтэц зохион байгуулалтаа шийдвэрлэж байсан Ханын хөндий, Номт, Эрээн арал, Алтан зэрэг газрууд түүх соёлын дурсгалт газар болон үлджээ. Сэлэнгэ аймаг бол газар тариалангийн гол бүс бөгөөд Монгол орны үр тариа, хүнсний ногооны хэрэгцээг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.  

Сэлэнгэ аймгийн 7 гайхамшигаар Амарбаясгалант хийд, Соронзон хад, Хувьсгалын өлгий Алтанбулаг, Халуун рашаан, Тужийн нарс, Дуут хад, Сайханы хөтөл зэрэг газрууд тодорчээ.