Сүхбаатар аймаг

Аймгийн төв Баруун-Урт хот нь Улаанбаатар хотоос 560 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.3 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 51334, малын тоо толгой 1979800. Тус аймаг нь урд талаараа БНХАУ-тай 485 километр, баруун талаараа Дорноговь аймагтай 165 километр, хойт талаараа Хэнтий аймагтай, зүүн хойт талаараа Дорнод аймагтай тус тус хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл бөгөөд тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн төвшнөөс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул. 

 

Сүхбаатар нь ус зүйн мужлалаар ус багатай бүсэд багтах бөгөөд гадаргийн ус ховортой, тогтмол урсгалтай гол мөрөн байхгүй боловч 20 гаруй жижиг нуур, 200-гаад булаг шанд, гол горхи байдаг. Талбулаг, Арын нуур, Рашаант, Эрээн толгой, Далай булаг, Гашуун, Цавчир, Өвдөг, Модонгийн худаг, Цагаан булаг зэрэг рашаан ус олонтой. Байгалийн сонин тогтоц бүхий газар нутаг элбэгтэй.

 

Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуй, Лог, Будар, Зараа, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл бүхий Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн тал гэх мэт байгаль түүхийн дурсгалт газрууд бий. Ховор нандин өвс ургамал бүхий байгалийн гоёмсог баян бүрдээс гадна цагаан зээр давхилдсан их талын орон билээ.

 

Сүхбаатар аймаг нь “Жаахан шарга” уртын дуу, Дарьганга мөнгөн урлал, удамт хурдан хүлэг, байгалийн үзэмж төгс Алтан-Овоо, Шилийн богд уул, Ганга нуур, эртний үеийн түүхийг хүүрнэсэн хүн чулуугаараа алдартай.

 

1921 оноос өмнө Халхын Сэцэн хан аймгийн Чин вангийн хошуу, Далай вангийн хошуу, Ёст бэйсийн хошуу, Эрх гүн хошуу, Хурц засаг хошуу, Егүзэр хутагтын шавь хошуу гэсэн 6 хошууны нутаг байжээ. 1931 онд Халхын 4 аймгийг 13 аймаг болгон өөрчлөхөд Хэнтий, Дорнод аймагт харъяалагдаж байжээ. 1942 онд засаг захиргааны өөрчлөлтөөр Жавхлант шарга аймаг шинээр байгуулагдаж Дорнод аймгаас 10 сум, Хэнтий аймгаас 4 сумдыг нэгтгэн Мандалын хийдийн сууринд төвлөрчээ. 1943 онд их жанжин Сүхбаатарын нэрэмжит болгож Сүхбаатар аймаг гэж нэрлэх болсон юм. Мөн ондоо аймгийн төвийг Баруун-Урт голын хөндийд шилжүүлэн суурьшуулж “Баруун-Урт” гэж нэрлэсэн байна.

 

Сүхбаатар аймгийн 7 гайхамшигаар Алтан-Овоо, Шилийн богд, Монголын хүн чулууд, Таван толгойн археологийн цогцолбор, Ганга нуур ба Оргихын булаг, Хунгийн чуулган, Егүзэрийн хийд зэрэг газрууд тодорчээ.

 

Хунгийн чуулган: Усны шувууд дэлхийн бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг. Энэ урагш чиглэсэн нүүдэл нь Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэээр нисэх боломж бараг байдаггүй байна. Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж их үргэлжилж нуур цөөрөм байхгүйтэй холбоотой. Монголын нутаг дээгүүр шувууны гурван их зам гардгийн нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр гарах бөгөөд тэнд байх олон нуур цөөрмүүд ажээ. Түүний нэг нь Ганга нуур юм.  10 дугаар сард Сүхбаатар аймаг руу ирэх дотоодын аялагч нарын тоо эрс нэмэгддэг. Жуулчдын үзэх дуртай зүйлүүдийн нэг болоод байгаа үзэсгэлэнт хун шувуудын чуулганыг харах арга хэмжээг сүүлийн үед нэгдсэн зохион байгуулалттай болгохоор тус аймгийн Байгаль Орчин Аялал Жуулчлалын хэлтэс, Дарьганга сумын захиргаа зорьж байгаа ажээ. Жил бүрийн 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд энэхүү арга хэмжээ нь болох гэнэ. Буцаж буй шувуудын хойноос сүү сааль өргөдөг заншил Монголд огт байгаагүй байна. Шувуудын араас нулимс унагах, харж гиюүрэх зэрэг нь муу ёр гэж үзсээр иржээ. Явж байгаа амьтан үлдэж байгаа бүхний хамаг сайн сайхныг хаман оддог хэмээн үзэж хаалга үүдээ хүртэл хааж түгждэг заншилтай.

 

СҮХБААТАРЫН АДУУ ХУРДАН: 1940 онд Ардын хувьсгалын 19 жилийн ойн баяр наадамд 30 айраг, түрүүний 10 нь дангаараа МӨНХХААН сумын уяачдын хүлгүүд хүртэж, нутаг орон, адууныхаа чансаагаар Монгол даяар алдар нэрээ дуурсгасан. 1943 оны 22 жилийн ойн наадамд Сүхбаатар аймгийн 10 хурдан хүлэг түрүү магнай, айргийн тавд хурдалж, өмнөх амжилтаа дахин бататгасан. 1944 онд 1 хүлэг нь айрагдсан бол 1947 онд Ардын хувьсгалын 26 жилийн ойн төрийн наадамд 4 хүлэг айрагдсан ба 4-үүлээ ДАРХАНХААН сумын хурдан хүлгүүд байсан нь сонирхолтой. 1948 онд Сүхбаатарын 3 адуу айрагдсан бол 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор 5 хүлэг нь айрагджээ.  1953 онд 2 адуу нь айрагдаж, нэг адуу жороо морины уралдаанд айрагдсанаар нийт 36 удаа цулбуур өргүүлж, уяач, унаач, уугуул нутгийнхаа магнайг тэнийлгэж байсан гайхамшигт түүхтэй юм.

Ийнхүү 1940 – 1953 онд тус аймгийн 6 НАСНЫ 36 ХҮЛЭГ төрийн наадамд цулбуур өргүүлэн “Түмэн эх”-ийг дуудуулсан нь Монгол орон даяар гайхагдсан түүх юм. Түүний 6 нь түрүүлж, 14 нь аман хүзүүдэж, 7 нь айргийн гуравт, 6 нь айргийн дөрөвт, 3 нь айргийн тавд давхиж ирсэн нь ямар ч аймгийн түүхэнд байхгүй амжилт ажээ.

“Сүхбаатарын адуу хурдан” гэх энэ яриа яагаад үүсэв. Дундад зууны сүүл хагаст газар газраас цугласан адуун сүрэг Монголын зүүн бүсийн хялганат тал хээрт идэшлэж улмаар Сүхбаатар аймгийн унаган агт морьд болсон түүхтэй. Адуугаа хурааж айраг цагаа исгээд байдаггүй, унага нь эхийн сүүгээр бойждог онцлог нь Сүхбаатарын адуу хурдан байхад нөлөөлсөн гэдэг. Дарьгангын жижиг зээрд, орлой, тожингууд, Ширээтийн цагаан адуу зэрэг нь танигдсан угшил юм. Өвгөн ноён Хардэл жанжин бэйс Пүрэвжаваас улбаалж ирсэн адуугаа Сүхбаатарчууд үргэлж сайжруулж иржээ.

Алдарт зандан хүрэн азарганаас эхлээд өнөө цагийн Нийгмийн хонгор, Медальт улаан, Холхоон зээрд, Гарьд халтар гэх мэт домог түүхт хүлгүүдийг алдаршуулан хөшөө бүхий цогцолборыг Дархан хаан уулын энгэрт байгуулсан. Нийгмийн хонгор нь нэгдэл нийгмийн нэр дээр аймаг, сумын наадамд 18 удаа хол тасархай түрүүлсэн байдаг. 

Сүхбаатар аймаг нь хурдан хүлгүүдээрээ өнгөрсөнд ч, өнөө цагт ч гайхалтай түүх бүтээсэн хэрнээ энэ бүгдийг хүүрнэн өгүүлэх МУЗЕЙ, ямар нэгэн ҮЗҮҮЛЛЭГ байхгүй байна. Тийм учраас “Дарьганга – аялал жуулчлалын цогцолбор бүс”-д Сүхбаатар аймгийн хурдан хүлгүүд, адууны өв соёлыг сурталчлан таниулах АДУУНЫ ӨВ СОЁЛ – МУЗЕЙ-г байгуулах нь зөв юм.