Өмнөговь аймаг

Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн төвшнөөс дээш 1406 метр өндөрт оршдог. Амйгийн төв Даланзадгад хот Улаанбаатараас 553 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 165.4 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 61314,  малын тоо толгой 1014300. Тэмээний тоогоор улсад тэргүүлдэг бөгөөд 83800 тэмээтэй. Өмнөговь аймаг 1931 онд байгуулагджээ.

Алдарт Говь гурван сайхан уул, Борзон, Галба, Зээмэг, Заг, Сүүж гэх мэт олон зуун километр өргөн их говиудтай. Хамгийн дулаан бүсүүдийн нэг, мөн Монгол орны хамгийн их салхилдаг газар. Өмнөговь аймаг нүүрс, зэс, алтны том ордуудтай. 250 гаруй төрлийн говийн ургамал ургадаг.

Социализмын үед 60 гаруй сүм хийдтэй байв. Монгол орны өмнөд хил хязгаар болох бүс нутаг учраас 40-60 морьтой 130 гаруй өртөөтэй байжээ. 1954 он хүртэл 8-10 мянган тэмээгээр жин тээж хойд хилийн “Цагаан эрэг”-ийн бааз хүртэл 2000 километр замыг олон хоног сар явж улсын бэлтгэлийн ноос, түүхий эд, малын тэжээл, өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн зөөдөг байжээ. 1954 онд 57 машинтай Өмнөговийн авто бааз байгуулагдаж тэмээн жинг халсан. 1957 онд анх Улаанбаатараас Даланзадгадад анхны нисэх онгоц бууж, 1966 оноос хойш байнгын нислэг үйлдэх болжээ. Социализмын бүтээн байгуулалтаар тус аймаг шалгарч 1943 онд “Алтан гадас” одонгоор шагнагдсан.

Өмнөговь аймгийн 9 гайхамшигаар Говь гурван сайхан уул, Баянзаг, Нэмэгт уул ба Хэрмэн цав, Галбын говь, Ноён богд ба Толь хад, Алгуй улаан цав, Хонгорын элс, Сангийн далай, Галбын гурван хийд зэрэг газрууд тодорчээ.

Өмнөговь аймагт Хүннүгийн үеэс XIII, XIY зууны үед хамаарах 10 гаруй хот балгас, 20 орчим цэргийн хамгаалалтын байрууд, 300 гаруй будш хиргисүүрийн дурсгал бий.  Гурвантэс сумын Хавтын бунхан гэхэд 10м урт, 4м өргөн, 2.5м гүнзгий ухсан байдаг. Сэврэй сумын нутаг дахь Түрэгийн хөшөөний эртний руни бичгийн дээрээс “Баян хааны 3-р он. Манжийн цэргүүдтэй хийсэн 8 дахь тулаан энд болов” гэж бичсэн байснаас үзэхэд хөл хөдөлгөөн ихтэй, олон хөлийн газар байсныг гэрчилнэ.


Төслийн нэр: Өмнөговь аймгийн аялал жуулчлалын Мастер төлөвлөгөө

Хугацаа: 2011 оны 3 дугаар сараас 2011 оны 7 дугаар сар (4 сар)
Санхүүжилт: Мерси Корпс ОУБ, Өмнөговь Аймгийн ЗДТГ
Төслийн хамтрагчид: Өмнөговь аймгийн БОАЖГ, Гайхамшигт Говь АЖ-ын Холбоо
Танилцуулга: Өмнөговь аймгийн эдийн засаг ирэх арван жилд уул уурхай болон бусад холбогдох дэд бүтцээс хамаарч өөрчлөгдөн хувьсах төлөвтэй байна.

Энэхүү аялал жуулчлалын мастер төлөвлөгөө нь хөрөнгө оруулалтын боломжуудыг тодорхойлж, аялал жуулчлал хэрхэн байгаль орчинг хамгаалж орон нутгийн эдийн засгийг дэмжих асуудлуудад заавар зөвлөмж өгөх мөн аялал жуулчлалын тогтвортой, өрсөлдөөн бүхий үйлдвэрлэлийг бий болгохын тулд ямар алхмуудыг хэрэгжүүлэх хэрэгтэйг зөвлөх юм.

Төлөвлөгөө нь 2011-2020 оны хооронд хэрэгжих ба энэ хугацаанд Өмнөговь аймгийн эдийн засаг хурдацтай хөгжих төлөвтэй байгаа учир 2020 он гэхэд аялал жуулчлал ямар хэмжээнд хөгжихийг урьдчилсан таамаглах боломж хязгаарлагдмал байна.

Зорилго: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аялал жуулчлалын үйлдвэрлэлийг бий болгоход Говийн хосгүй байгалийг түшиглэн байгаль орчныг хамгаалах нутгийн иргэдийн эдийн засгийн таатай байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулах явдал юм. Мөн Өмнөговь аймгийг Монгол орны голлох аялал жуулчлалын бүс нутаг болгохын тулд тогтвортой, хариуцлагатай, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг бий болгоход зааварлан чиглүүлэх

Төслийн үндсэн зорилтууд:

  • Хил орчмын аялал жуулчлалын өмнөх болон шинээр бий болох зах зээл хоёрын хоорондох тэнцвэрт байдлыг хангах
  • Жуулчдад үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулж, олон улсын стандартад нийцүүлэх
  • Жуулчин хүлээн авах боломжтой аяллын зорих газруудын тоог нэмэгдүүлэх
  • Байгаль орчны хамгаалалт, хяналтыг сайжруулах, чангатгах
  • Орон нутгийн нөхөрлөлүүдийн амьжиргааг дэмжих
  • Монгол орны түүх соёлыг сурталчлан, хадгалж хамгаалах ажлыг эрчимжүүлэх
  • Орон нутгийн захиргааны байгууллагын санаачлага дэмжлэгийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын хөгжилд санхүүжилт хийх

Төслийн үндсэн үйл явц: 2007-2015 оны мастер төлөвлөгөөн дээр суурилан боловсруулсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар, Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Газар, Гайхамшигт Говь аялал жуулчлалын холбоотой хамтран бүрдсэн комиссын гишүүд судалгааны ажил дээр хамтран ажилласан болно.

Аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан олон улсын зарчим, зөвлөмжүүдийн дагуу боловсруулсан.

Мастер төлөвлөгөөг бичихэд холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж санал, зөвлөгөө авах нь нэн чухал хэсэг бөгөөд энэ үеэр гарсан саналуудыг хэрэгжүүлэхэд түлхэц болох үүрэгтэй юм. Тус зөвлөлгөөнд БОАЖЯ, сумдын захиргааны байгууллагын албан тушаалтнууд, Аялал Жуулчлалын Үндэсний Төв, Монголын Аялал Жуулчлалын төрийн болон ТББ-ууд, тур операторууд, жуулчны баазуудын төлөөлөлүүд болон уул уурхайн компаниуд оролцсон. Монголын аялал жуулчлалын салбарынхны зөвлөлдөх уулзалт 2011 оны 4-р сард Даланзадгад хотод зохион байгуулагдсан.

Монгол улсын засгийн газар, Өмнөговь аймгийн болон сумдын ЗДТГ-уудаас гаргасан бодлогын бичиг баримтууд, байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн талаарх тайлан мэдээ, судалгааны материалуудыг тоймлон үзэж ашигласнаас гадна БОАЖЯ-ны санал зөвлөмжүүдийг багтаасан. Ашигласан ном, материалуудын жагсаалтыг төлөвлөгөөний төгсгөлд хавсаргасан болно.

Төслийн хүрэх үр дүн: Говийн брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах, сурталчилгааны вэб сайтыг хийлгэн аялагчдыг мэдээллээр хангаснаар аялал жуулчлалын зах зээлийг өргөжүүлж хөгжүүлэх боломжтой. Хил орчмын аялал жуулчлалыг амжилттайгаар хөгжүүлэхийн тулд Монгол, БНХАУ-ын холбогдох удирдлагуудтай хамтран ажиллах, хилээр нэвтрэх нөхцлийг сайжруулах

Өмнөговь аймгийг өрсөлдөх чадвар бүхий зорих газар болгон хөгжүүлэхийн тулд тус салбарын үйлчилгээний стандартуудыг сайжруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүний тулд гадаад дотоодын их сургуулиудтай хамтарсан аялал жуулчлалын институт байгуулах шаардлага гарч ирж байна. Гарын авлага заавар зөвлөмжийг мөрдөх, орон нутагт стандартын хэм хэмжээг тогтоох, жил бүр шилдгийг шагнаж урамшуулах нь үйлчилгээний чанарыг дээшлүүлж эдийн засаг ба хүрээлэн буй орчны хамгаалалд эерэг нөлөө үзүүлэх

Аялал жуулчлалын салбар нь бизнес эрхлэгчид, засгийн газар, аймаг, сумдын захиргаа, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны нөлөөгөөр хөгжих ёстой. Хөрш аймгуудтай хамтарсан аялал жуулчлалын чуулган, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын салбарынхны чуулга уулзалт, аймгийн аялал жуулчлалын менежментийг дахин хэлэлцэх зэргийг жил бүр зохион байгуулах. 


Өмнөговь аймагт хийгдсэн археологийн дурсгал буюу булш оршуулга, хот суурины тухай
Тус аймгийн нутагт одоогоор хүрэл, хүннү, монголын үед холбогдох булш оршуулгын дурсгал бүртгэгдсэн байна. Булш оршуулгын дурсгалын тархалт бусад бүс нутгийг бодвол сийрэг тааруу боловч хуурай сайр, уул нурууг  даган ганц нэгээрээ эсвэл хэдэн арваараа бүлэглэн оршдогонцлоглогтой. Булш оршуулгын дурсгалыг дотор нь дараах байдлаар ангилах боломжтой. Үүнд:

  • Хүрлийн үе (шоргоолжин булш, хиргисүүр, дөрвөлжин булш)
  • Хүннүгийн үе (чулуун дарааст жижиг булш)
  • Монголын үе ( Чулуун овоолгот булш, хадны оршуулга)

Шоргоолжин булш нь манай улсын зүүн урд хэсгээс баруун урд хэсэгт илүүтэй тархсан өвөрмөц хэлбэрийн оршуулгын зан үйл бүхий дурсгал юм. Энэ дурсгалын ерөнхий хэлбэр төрх нь дотогшоо хотойсон дөрвөн талт босоо хашлага юм. Хашлаганы дотор гонзгой урт зууван хэлбэрийн нүх байх ба хүнээ зүүн болон зүүн хойш нь хандуулан ихэнх тохиолдолд түрүүлгээр нь харуулан оршуулсан байдаг. Он цагийн хувьд хүрлийн дунд үе буюу НТӨ II  мянганы эхний хагасаас сүүлийн хагаст холбогдоно. Энэ төрлийн булшийг Ханбогд, Цогтцэций, Баян-Овоо, Номгон, Гурвантэс зэрэг сумдын нутгаас 50 орчмыг илрүүлэн олж, Ханбогд сумын Ундайн гол, Цогтцэций сумын Барууннаран, Ухаа худаг зэрэг газарт 20 орчмыг малтан шинжилжээ.

Тус аймгийн нутагт байгаа дөрвөлжин булшнууд нь тухайн дурсгалын тархацын хамгийн өмнөд зах хэмээн үзэж болно. Дөрвөлжин булш нь Хэнтий, Хангайн нуруунд төвлөрөн тархаж урагш болон баруун тийш тархалт нь сийрэг болдог.. Гаднах хэлбэрийн хувьд умард болон төв хэсгийн дөрвөлжин булшийг бодвол хашлага намхан, хэмжээний хувьд ч жижиг байна. Энэ төрлийн дурсгал Ханбогд, Цогтцэций, Номгон, Гурвантэс сумын нутагт тэмдэглэгдсэн ба Ханбогд сумын Ундайн голд цөөн тоотойг малтан шинжлээд байна. Он цагийн хувьд хүрлийн төгсгөл үе буюу НТӨ II мянганы төгсгөлөөс НТӨ I дэх мянганы эхний хагаст холбогдоно.

Тус аймгийн нутагт Хүннүгийн үед холбогдох булш оршуулгын дурсгал Мандал-Овоо, Цогтцэций, Цогт-Овоо сумдын нутагт тэмдэглэгдсэн бөгөөд эдгээрээс Цогтцэций сумын Ухаа худагт нэг хүннү булш малтан шинжилсэн байна. Уг булш нь 380x480 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн дараастай. 100 см орчим гүнээс ирмэгийг дагуулан чулуу өрж, зүүн хойш хандуулан тавьсан 45-50 орчим насны эрэгтэй хүний оршуулга гарсан байна. Булшинд ясан зэв, нумын наалт, ясан цорго, ясаар хийсэн явуу зэрэг тухайн үед холбогдох эд өлгийн зүйлс дагалдуулсан байжээ. Уг булшны хүний ясанд хийсэн С14 радиокарбоны шинжилгээгээр НТӨ 400-353 он хэмээн гарсан нь он цагийн хувьд нилээд эрт цагт холбогдох дурсгал болохыг харуулдаг.

Тус аймгийн нутагт Монголын үед холбогдох чулуун дарааст булш оршуулгын дурсгал олон тоотой тэмдэглэгдсэн бөгөөд эдгээрээс сүүлийн жилүүдэд цөөнгүйг малтан шинжлээд байна. Одоогоор Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумын нутагт 30 орчим булш малтжээ. Эдгээр булшнууд нь дугуй болон зууван дугуй чулуун дараастай, хүнээ дунджаар нэг метр гаруй гүнд хойд болон баруун хойд зүгт хандуулан дээш харуулан тэнэгэр байдалтай оршуулж хүндээ зэр зэвсгийн зүйлс, гоёл чимэглэл, аж ахуй, багаж хэрэгслийн зүйлсийг дагалдуулан тавьсан байжээ.

Хадны оршуулгын хувьд Ханбогд сумын Гурван зээрдийн агуй, Оюу толгой орчим, Ноён сумын Цагаан ханан зэрэг цөөн хэдэн газарт тэмдэглэгдсэн хэдий ч үлдэж хоцорсон олдвор хэрэглэгдэхүүний хувьд тухайн үеийн эдийн болон оюуны соёлыг тодорхойлоход чухал ач холбогдолтой хосгүй зүйлс хэмээн үнэлэгдэж байна.

Хот суурин: Говь нутаг эртний нүүдэлчин овог аймаг, улс гүрнүүдийн хувьд үеийн үед өмнө зүгийн байгалийн болон улс төрийн хил болон оршсоор иржээ. Үүнийг гэрчлэх хилийн далан шуудуу, хот балгадын үлдэгдэл энэ нутагт олон тоотой бий. Монголчуудын дунд “Чингисийн далан” хэмээн нэрлэгдсэн шороон далан Өмнөговь аймгийн нутгаар 300 гаруй км үргэлжилнэ. Энэхүү дурсгалтай он цагийн хувьд нэг үед холбогдох хотын туурь 10 гаруй байдаг. Сүүлийн жилүүдэд судлаачид энэхүү шороон далан, хотын туурийг X-XI зууны үед буюу Тангуд нарт  холбогдуулан авч үзэж байна.

Үүнээс гадна Хүннү гүрний түүхэнд холбогдох Номгон сумын Баянбулагийн туурь, Ханбогд сумын Мангасын хүрээ, Баян-Овоо сумын Сайрын балгас гэсэн гурван хотын туурийг илрүүлэн олоод байна. Эдгээр хотуудыг судлаачид Хүннү гүрний хил хязгаарыг сахих хот байсан хэмээн үздэг. Номгон сумын Баянбулагийн туурийг 1950-иад оны үед Х.Пэрлээ анх судлан шинжилж Хүннүгийн үед холбогдоно хэмээн үзсэн ба түүнээс хойш олон хээрийн шинжилгээний анги тэнд ажиллаж байжээ. Уг туурь нь бороо салхи болон малын хөлөөр талхлагдан эвдэрч эдүгээ хэрмийн хойд талын хана харьцангуй бүтэн үлдэж баруун талын хананы үлэмж хэсэг, мөн зүүн тал нь огт мэдэгдэхгүй болсон байна.

Хэрмийг шороо дагтаршуулан хийсэн бөгөөд хойд тал нь 180м, баруун тал 110м урттай юм. Хойд талын хоёр овгор нь нэлээд өндөр, ойролцоогоор хоёр метр орчим ажээ. Уг тууринд хийсэн малтлагаар түүхий тоосгоор өрсөн барилгын үлдэгдэл мэдэгдсэн бөгөөд хүрэл толины хагархай, хүрэл тамга, хүрэл зоос, холхивч нумын эд анги, хүрэл зэв зэрэг олдворууд илэрсэн байна.

Ханбогд сумын нутаг дахь Мангасын хүрээ хэмээх гадуураа дугуй далантай, төв хэсэгтээ дөрвөлжин хэрэм бүхий хот нь гадаад хэлбэрийн хувьд бусад хотуудаас ялгагдах онцлог шинжтэй боловч түүвэр байдлаар цуглуулсан олдворууд нь Баянбулагийн туурийн хэрэглэгдэхүүнтэй ижил тул нэг он цагт хамааруулан авч үздэг. Түүнээс холгүй орших Сайрын балгас ч мөн адил Хүннүгийн үед холбогдоно. Сүүлийн үед хийсэн он цаг тогтоох радиокарбоны шинжилгээгээр эдгээр хотууд нь НТӨ I зууны үед холбогдох нь баттай тогтоогдсон юм.

Дундад зууны үеийн хот суурин нь дээр дурдсан “Чингисийн далан”-гаас гадна Цогтцэций сумын нутагт орших Хээрийн булаг, Цогт-Овоо сумын Дугшихын балгас, Ханхонгор сумын Годил балгас, Ханбогд сумын Дөшийн дөрвөлжин зэрэг хэдэн дурсгалт газрууд бий.