Завхан аймаг

Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, Увс, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мянган хавтгай дөрвөлжин километр. 2010 оны байдлаар хүн амын тоо 65481, малын тоо толгой 1717700. Завхан аймаг нь 24 сум 113 багтай. 1923 онд байгуулагдсан таван аймгийн нэг юм. Улаанбаатар хотоос 984 километр зайтай оршдог. Тус аймагт байгалийн бүх бүслүүр оршдог.


Отгонтэнгэр, Улаанхаалга, Баянзүрх, Зарт, Хожуул, Улаан эрэг зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудад хадны сүг зураг, буган чулуу, хүн чулуун хөшөө дурсгалууд, XYIII зууны үеийн цэргийн цайз, худалдаа, наймааны хот, хүрээ, хийд дуган сүмийн туурь, газар тариалангийн ул мөр бүхий 100 шахам түүх дурсгалын өв улс болон аймаг сумын хамгаалалтанд байна. Аймгийн тєв Улиастай хот нь зүүн талдаа хангайн нурууны гол оргил Отгонтэнгэр (4021метр), түүний салбар Тарвагатай, Хуримт, Түдэвтэй, Гурван Халтар, Гялгар, Булнайн нуруу, хойд хилийн дагуу Тагнын нурууны салбар уулс бүхий уулархаг нутагтай бөгөөд баруун хэсэг нь гүвээ толгод, гол хөндий зонхилсон хээр тал юм. Уулсын хооронд Идэр, Завхан, Тэс, Богдын гол, Хүнгийн голын өргөн хөндийтэй. Баруун, баруун урд хэсэгт Монгол элс, Борхярын элсэн манханууд 100-200 километр үргэлжилдэг.


Тус аймаг нь говь хангай хосолсон нутаг дэвсгэртэй ба Завхан, Идэр, Тэс, Мухар, Хүнгий зэрэг 189 гол горхи, Тэлмэн, Бүст, Бадархундага, Ойгон, Холбоо, Хөх нуур зэрэг 91 нуур, төрөл бүрийн халуун хүйтэн рашаан бүхий 40 гаруй байгалийн үзэсгэлэнт газартай. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Даян зэрэг амралт сувиллын газруудтай. Төмрийн хүдэр, цагаан тугалга, алт, зэс, алмаз, молебдений хүдэр, үнэт чулуу, хайлуур жонш, фосфорид, химийн болон барилгын түүхий эдийн баялагтай. Майхан уулын ам, Донойн хөндийд олон улсын чанартай нисэх онгоцны буудалтай.


Түүх соёлын дурсгалаар арвин, Манжийн амбан сайдын хэрэмний туурь байдаг. Улиастай хотод томоохон клиник эмнэлгүүд, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, С.Гончигсумлаагийн нэрэмжит хєгжим бүжгийн коллеж, МУИС-ийн харъяа Эдийн засгийн сургууль, Орхон их сургуулийн салбар, зохиогчдын болон урчуудын салбарууд байдаг. Мал сүргээ өсгөж, мах, ноос, улсын бэлтгэл, хадлан тэжээл, хашаа барих, бэлчээр усжуулах төлөвлөгөөг биелүүлж өндөр амжилт гаргасныг тэмдэглэж 1973 онд “Хөдөлмөрийн  гавъяаны улаан тугын одон”-гоор шагнажээ.


XYI зууны сүүлээс Засагт хан аймаг хэмээх засаг захиргааны нэгжид хуваарилагдан Гэрсэнз Жалайр Хунтайжийн хөвгүүд хан ширээг өв залгамжлан сууж байжээ. 1923 оны сүүлчээр Засагт хан аймаг нь Хантайшир уулын аймаг нэртэй болж 20 хошуу, 4 шавь нь уул усны нэрээр нэрлэгдсэн сумууд болж, зарим нь хоорондоо нэгдэж зарим нь салжээ. 1931 онд Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулсан байна.


Завхан аймгийн 9 гайхамшигаар Отгонтэнгэр хайрхан, Хар нуур, Загастайн давааны хүн чулуу, Бор хярын элсэн манхан ба Мухартын гол, Тэсийн гол Нисэхийн шугуй, Их хайрхан уул, Дааган дэлийн буган чулуун хөшөө, Идэр голын буган чулуун хөшөө зэрэг газрууд тодорчээ. 

Маршрут-1: Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр (4021м) уул,  Их Монголын элсэн манхан, тал хээрийн бүсийг багтаасан аяллын маршрут.

Аялал: 

  • Улиастай хотоос Богдын гол Мөнгөт хясаа, Богдын голын хүрхрээ, Цагаан нуур, Даян уулын үдлэх цэгт амарна. Туулах зам 50км.  
  • Даян уулаас Отгонтэнгэр уул харах, вансэмбэрүү цэцэг үзэх, Долоогийн даваа, Ширээгийн голын үдлэх цэг, Хөндлөнгийн  даваа, Отгон сум, Буянт багаар дайран Отгонтэнгэр уулын өвөрт ирнэ. 160км
  • Цагаан чулуут сумын Бурханы цогцолбор, Жавцаг баг Завхан голоор гаран Эрээн нуурт ирнэ. Нийт 150км.
  • Эрээн нуур Завхан голын Далтын гарам, Ханийн худагийн хясаа, Ямаан усны үдэх цэг, Алдархаан сум, Улиастай хотод ирнэ. 140км.

Нийт туулах зам: 650км

Нэмэлт маршрут: 

  • Отгонтэнгэрээс Отгон сум, Шилүүстэйн дааган дэлийн буган чулуун хөшөөт цогцолборын үдлэх цэг, Шилүүстэй сумын төв. Нийт 140км.
  • Шилүүстэй сум, Мандалт нуур, Нарбанчин хийдийн туурь, Гэгээн нуур, Завхан голын усан цахилгаан станц. Нийт 80км.
  • Тайшир сум, Харандаа хад Хүнхэрийн амралт. Нийт 50км
  • Хүнхэрийн амралт Жаргалан сум, Эрээн нуур жуулчны бааз. Нийт 80км.

 

Маршрут-2 Байгалийн өвөрмөц тогтоц бүхийн Хангай, Говь хосолсон тусгай сонирхлын аялалыг багтаасан маршрут.

Аялал:

  • Завхан аймгийн Улиастай хотоос эхэлнэ.
  • Улиастай сумаас Их Монгол жуулчны бааз, Хатавчийн амны хүн чулуун хөшөө, Загастайн даваа, Идэр сумын төв Ногоон нуур дахь Маргад ембүү жуулчны бааз. Туулах зам 95 км.
  • Ногоон нуураас Идэр сумын төв, Тун, Жаргалангийн гол, Бөхөн шарын даваа Тэгшийн голын үдлэх цэг. Туулах зам 50км.
  • Тэгшийн голоос Баяжихын даваа, Хангайн нурууны Марз уул, Хажуулын рашаан сувиллын газар ирнэ. Туулах зам 80км.
  • Хажуулын голоо уруудан байгалийн үзэсгэлэнт газраар аялан Тосонцэнгэл сумын Skyline зочид буудалд ирнэ. Туулах зам 80 км.
  • Тосонцэнгэл сумаас Мэргэний давааны үдлэх цэг дээр буун цааш Долоон товгор Элсэн манхан Ангирт нуурын хөвөөнд орших Замбага жуулчны баазад хүрнэ. Туулах зам 80км.
  • Замбага жуулчны баазаас Нарийны даваа, Дахтын даваа, Тээлийн гол уруудан Хар нуур жуулчны баазад ирнэ. Мөн Улаагчны голын үдлэх цэг, Гол мод, Тээлийн гол уруудан Хар нуурт ирж болно. Туулах зам 120км.
  • Хар нуураас Сэнжит цохио, Их, Бага Хатавчийн ам, Мухартын үдлэх цэгт очно. Туулах зам 50км
  • Мухартаас Сээрийн дөрөлжөөр давж, Донойн хөндий, Яруугийн хүрээг үзэн Улиастайд ирнэ. Туулах зам 110км.

Нийт туулах зам: 665км


Маршрут-3:  Тал хээр, говийн бүс нутгийн өвөрмөц, тогтоцтой нутгаар аялах

Аялал:

  • Улиастай хотоос Яруугийн хүрээ, Алагийн даваа, Ханын худаг, Их хайрхан үдлэх цэгт амарна. 80км
  • Их хайрханаас Эрдэнэ- Хайрхан сум мухартын элсэн манхан үдлэх цэгт амарна. 100км
  • Мухартаас Сэнжит хадны үдлэх цэг, Бургастайгаар даван Хар нуур жуулчны баазад ирнэ. 50км (Хар нуурын орчмын аялалын маршрутаар аялаж болно)
  • Хар нуураас Тээлийн гол, Намын давааны үдлэх цэг Дэнхэн чулуугаар дайран Улиастай хотод ирнэ. 120км

Нийт туулах зам: 350 км