Булган сумын нутаг нь хуучнаар Зая бандида хутагтын шавь, Сэцэн чин вангийн хошуу. 1931 онд Цэцэрлэгмандал аймгийн Эрдэнэбулган уулын хошуунаас байгуулсан. Нутаг дэвсгэр 3207 кв.км, 2436 хүн амтай, 57158 тоо толгой малтай. Нутгийн засаг захиргааны бүтцийн хувьд Тусгалт, Зуунмод, Тамир, Баянбулаг хэмээх багуудтай. Нутгийн өмнөд ба төв хэсгээр Хангайн нурууны Ангархай, Суварга хайрхан, Хойд, Урд Тамир, Хануй голуудын усан хагалбарын уул нурууд, нутгийн төв, хойд хэсгийг Урд Тамирын хөндий эзэлдэг. Сумын төв нь Булгийн дэнж хэмээх газар бөгөөд аймгийн төвөөс баруун урагш 36 км зайтай оршдог.