1586 онд Булган уулын өвөр “Чонотын хөндий” хэмээх газарт
Заяын хүрээний шавыг тавьж, анхны дуганыг барьсан хэмээн “Итгэл шаштир” судрын 9
дүгээр дэвтэрт тэмдэглэсэн байна. Харин 1631 оны цагаагчин хонин жил өргөтгөн тэлж
Заяын хүрээний анхны томоохон дуган, сүмүүдийг барьж эхэлсэн. Автай сайн ханы
дүү Түмэнхэн Хөндлөн Сайн ноёны хоёрдугаар хүү Бэгтэсжав буюу Данзан лам өвөг
эцгийн тусламжаар Далай ламтай холбоо тогтоон шашны үйлсэд шамдаж нэр хүндийг
олжээ. Хожим нь II Зая гэгээн Лувсанпэрэнлэй 1679 онд Цаст Түвдийн орноос
нутагтаа морилоод хүрээний суурин дээр дөрвөн их дацан байгуулж, орон хүрээгээ
бий болгосон нь “Заяын хүрээ” гэгдэн хуврагуудын их аймаг болсон аж.
Хожим Заяын хүрээний суурин дээр Архангай аймгийн төв
Эрдэнэбулган сум үүсэж хөгжсөн. Хангайн нурууны ой мод, гол мөрөн, ан амьтан
арвинтай, төрөл бүрийн ургамал, цэцэг, жимс дэлгэрсэн байгалийн гоо үзэсгэлэн
бүрдмэл өндөр, сүрлэг дархан цаазат Булган уулын өвөрт, Хойд ба Урд Тамир голын
дунд далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөрт оршино.
Агаарын халуун, хүйтний хэмжээ зуны улиралд нэмэх 38 хэм хүртэл халах бөгөөд өвлийн улиралд хүйтний хэмжээ нь хасах 47 хэм хүрч жилд дунджаар 385 мм тунадас унадаг. Нийслэл Улаанбаатар хотоос 480 км алсад байрладаг. Хувьсгалаас өмнө Заяын хүрээнд 2500 гаруй лам нар шавилан сууж байжээ. 1922 онд Сайн ноён ханы аймгийн чуулган даргын захиргаа нүүдэллэн ирж суурьших болсон тэр үеэс оршин суугчдын тоо өсч, хөл хөдөлгөөн ихэссэн. 1922 онд хийгдсэн засаг захиргааны хувиараар аймгийн чуулган даргын захиргааг Цэцэрлэгмандал аймгийн яам болгож, Заяын шавийг Эрдэнэбулган уулын хошуу болгон өөрчилж Цэцэрлэгмандалыг аймгийн төв болгожээ.
Эл зохион байгуулалтаар Заяын хүрээ хавийн ард иргэдийг ойролцоо байгуулагдсан Бумбат, Бүхт гэдэг хоёр суманд харъяалуулж байсан боловч удалгүй 1923-1924 оны үед дээрх хоёр сумыг нэгтгэн Булган сумыг байгуулж Заяын хүрээнд төвлөрүүлжээ. 1952 онд Булган сумын 7, 10, 11, 12 дугаар багийг нэгтгэн аймгийн хороо, захиргаа буюу аймгийн төв, 1961 онд Цэцэрлэг хот, 1992 онд Эрдэнэбулган сум болгон өөрчилжээ. Тус сум нь 22000 кв.км газар нутагтай, газар тариалангийн эргэлтийн талбай 36000 га газартай, 17896 хүн амтай, нийт 99979 тоо толгой малтай. Эрдэнэбулган сум нь Урд Тамир ба Хойд Тамир голын дунд түүхэн дурсгалт Булган уул, түүний салбар уулсын орчинд оршдог. Булган, Их тамир, Батцэнгэл, Цэнхэр сумдуудтай хиллэдэг. 10 гаруй гол горхи, Хүрээ нутаг, Ганц мод, Жамган, Шивэрт зэрэг рашаан устай.