Аймгийн төвөөс баруун хойш 216 км зайд оршдог. Газар
нутгийн 90 хувь нь Монгол улсын Тусгай хамгаалалтанд орсон. Өмнөговь
аймгийн есөн гайхамшигийн хоёр нь болох Хонгорын элсний орчин, Ноён Сэврэйн мөнгөн хийц энэ суманд байдаг. Сэврэй гэдэг нь эсрэгээр нь
уншвал Ирвэс гэсэн үг болдог бөгөөд түүний гол нутгийн нэг. Баян бор нуруу, Зөөлөнгийн нуруу, Гялааны хөндий, Удганы хөндий, Аялдайн ам,
Чоно шургуул, Харайхын задгай, Талын цүнхэг, Хун нуурын шал, Алмасын довон
зэрэг өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газруудтай.
Загийн бор шувуу, хулан жороо зэрэг говийн унаган шувууд дайран
өнгөрдөг газрын нэг учир заримдаа тэндээс санаанд оромгүй ховор, усны шувуудыг
харах нь бий. Сэврэйн хадны зураг,
Салхитын хөндийн зураг нь өвөрмөц дүрслэл зохиомжтой, эртгний хүмүүсийн амьдарч
байсан томоохон дурсгал юм. Сэврэй хадны зураг нь Монгол улсын түүх, соёлын
дурсгалт зүйлд албан ёсоор бүртгэгдсэн ба морь унаж нум сум барьсан хүн тэмээн
сүргийг хөөн харваж байгаа сонирхолтой зураг байдаг. Харин Салхитын хөндийн
хадны сүг зураг нь харьцангуй сүүл үед бүтээгдсэн, хүмүүсийн ахуй амьдрал, аж байдлыг харуулсан зургуудтай. Энэ хөндийд олон
жил хүн суурьшин амьдарч ирсэн ул мөр бүхий түүхийн олон дурсгалт зүйлс
хадгалагдан үлдсэн байх магадлалтай.
Хонгорын элсний жуулчны баазууд нь Монголын аялал жуулчлалын салбарын томоохон түшиц газрын нэг болсон. Зөвхөн энэ орчинд “Жуулчин –Хонгор”, “Говь Дисковери “ , “Говь Эрдэнэ” , “Говийн анар” нэртэй 4 жуулчны бааз ажиллаж байна. Мөн энэ орчны бараг бүх малчин айлууд нь 4-5 гэр буудлуудыг ажиллуулдаг. Жуулчны баазууд нь харьцангуй сайн тохижсон, үйлчилгээ сайтай байдаг.